| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2021/00300/и |
| Дугаар | 133/ШШ2022/00065 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2022/00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.П-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Д.Пүрэв/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Миний бие Б.С 1993 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Нөхөр болох Д.П 2012 онд танилцаж, 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдөр охин П.С төрсөн. Эхний жилд гэр бүл маань сайхан амьдарч байсан боловч 2014 оноос эхлэн Д.П нь архи ихээр уух болж, гэр орондоо ирэхгүй хэд хоногоор гадуур явах нь олширсон. Гэртээ агсам согтуу тавьж, намайг хүүхдийн дэргэд зодож, хүчирхийлэх болсон. Энэ бүх хугацаанд би хүүхдээ бодож тэсдэг байсан боловч үсдэн зоддог байсан. Би өөрөө удаа дараа цагдаад барьж өгөөд эрүүлжүүлэхэд өгөхөөр өглөө нь хүнээ ирж гаргаж ав гэдэг байсан. Одоо миний бие өвдөж, сэтгэл санааны гүн дарамттай байгаа тул хүүхдийг минь 2020 оны 04 дүгээр сард эцэг, эхрүүгээ явуулаад намайг зодохоор нь би барьж өгөөд 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр тэсэхийн аргагүй Улаанбаатар хотруу зугтсан. Одоо хүртэл хүүхэдтэй яриулдаггүй. Үүнээс Д.Пүрэвтэй амьдрах бодолгүй байгаа тул гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин П.С-г эх миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн тайлбарын агуулга: 2020 оны 08 дугаар сард нэг хүн дагаад охин бид хоёрыг хаяад явсан. Би араас нь утасдаад хүрээд ирээ гэж олон удаа гуйсан боловч ирээгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй. Ганц охиноо өнчрүүлмээргүй байна. Гэрлэлт цуцалбал охиноо эхийнх нь асрамжид өгөхгүй, өөртөө авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй.
Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл”,
- Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 234 дугаар тодорхойлолт
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б.С , Д.П нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн охин П.Сайнжаргалын төрсний бүртгэлийн лавлагаа,
Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн П.С-с санал асуусан 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл,
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаагийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материал,
- Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.П-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин П.С-г өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, охин П.С-г тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.П нь нэхэмжлэгч Б.С гаас гэрлэлтээ цуцлуулахыг эс зөвшөөрч, хэрэв шүүхээс гэрлэлт цуцалсан тохиолдолд охин П.С-г өөрийн асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нар нь гэрлэлтээ Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8231000003 дугаар бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 10 хуудас/-аар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүсчээ.
Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Пүрэвт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах тухай өргөдлийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаад гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 90 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл/хавтаст хэргийн 5 хуудас/-ээс үзэхэд талууд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа боловч өргөдөл гаргагч эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн өөрийн асрамжинд авахаар шүүхэд хандана гэсэн тайлбарыг гаргаснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.
Улмаар нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.П-т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, охин П.С-г өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нарыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн холбогдолтой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахаас татгалзах үндэслэл болохгүй гэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт тус тус заажээ.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШЗ2021/01260 дугаар шүүгчийн захирамж/хавтаст хэргийн 41-44 хуудас/-аар Б.С гийн нэхэмжлэлтэй Д.П-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасан.
Уг шүүгчийн захирамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаагаас гэрчлэгчдийг эвлэрүүлэн арга хэмжээ авч, гэрлэгчидтэй хамтын уулзалт, ярилцлагыг 1 удаа, хийсэн боловч үр дүнд хүрээгүй, нэхэмжлэгч Б.С нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож, гэрлэлтээ цуцлуулах санал гаргажээ.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр Б.С гийн өргөдөлтэй Д.П-т холбогдох эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаар тэмдэглэл/хавтаст хэргийн 62 хуудас/-ээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт “Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэгт зохигч цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүйг хэлдэг. Үүнд эхнэр, нөхрийн хэн нэг нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан зэргийг хамааруулж үздэг болно.
Нэхэмжлэгч Б.С нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “Хариуцагч Д.П нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, агсам согтуу тавьдаг, хэрүүл маргаан үүсгэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2020 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа” гэж тодорхойлсон.
Хариуцагч Д.П нь татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч Б.С нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа үүсгэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” гэж тодорхойлжээ.
Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигчийн цуглуулж, гарган өгсөн эсхүл хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт хийдэг.
Зохигчийн дээрх тайлбарыг батлах нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь санал зөрөлдөөн, үл ойлголцол, маргааны улмаас гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх санаачилга гаргалгүйгээр 2020 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгааг харилцан зөвшөөрч, уг үйл баримтын талаар маргасангүй.
Хэдийгээр хариуцагч Д.П нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч Б.С нь гэрлэлтээ цуцлуулна, эвлэрэх боломжгүй гэсэн тайлбарыг удаа дараагийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргасан.
Нэхэмжлэгч Б.С нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 9-240б тоотод Д.И-той хамтран амьдарч байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нарын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8231000003 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцлах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болдог. Гэрлэлт дуусгавар болсноор хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг үүсгэдэг.
Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нарын дундаас 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин П.С төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 11 хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд шүүхээс гэрлэлт цуцалсан тохиолдолд зохигч нь хүүхдээ өөр өөрсдийн асрамжид авах шаардлагыг гаргажээ.
Үүнээс үзэхэд зохигч нь гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохироогүй байна.
Энэ тохиолдолд шүүхээс зохигчийн тайлбар, хүүхдийн санал, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан охин П.С-ын асрамжийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Охин П.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 2 дугаар ангид суралцдаг, өвөг эцэг О.Т, эмэг эх М.Д, авга эгч Т.Д нарын асрамжид байгаа талаар зохигч маргасангүй.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн санал асуусан тэмдэглэл/хавтаст хэргийн 22 хуудас/-д “Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг Д.П-тэй хамт амьдарна” гэжээ.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 81-92 хуудас/-д “...ээждээ дасан зохицохуйн төвшин бага төвшинд харин аавдаа дасан зохицохуйн төвшин өндөр төвшинд байгаа нь аавдаа илүү ээнэгшилтэй байна, П.С нь цаашид аавтайгаа амьдрах хүсэлтэйгээ байгаагаа ярилцлагын явцад илэрхийлсэн” гэж тусгагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “....хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хүүхдийн санал болон түүний одоогийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавар үүсч болзошгүйг харгалзан үзэж, охин П.С-г эцэг Д.П-н асрамжид үлдээх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.С гийн шүүх хуралдаанд гаргасан “охин П.С-г авга эгч Т.Д нь хүчирхийлдэг” гэх агуулга бүхий тайлбар нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй болно.
Хариуцагч Д.П нь нэхэмжлэгч Б.С гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эх Б.С г охин П.С-г тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх эрх зүйн үндэслэл болохгүй.
Иймд эцэг Д.П нь эх Б.С гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар эцэг,эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй.
Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу охин П.С-г эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэй.
Энэхүү үүргээ биелүүлэхэд нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу зохигч нь харилцан бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэйг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгайлан зааж, зохигчид үүрэг болгох шаардлагатай гэж шүүх дүгнэв.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШЗ2021/01740 дүгээр шүүгчийн захирамжаар охин П.С-н асрамжийг асуудлаар Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаал/хавтаст хэргийн 120 хуудас/-аар шинжээчийн багийг хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Т, хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч Н.Ц, сэтгэлзүйч Б.М нарын бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг зохигчоор нөхөн төлүүлэхээр, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт “шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр” тооцохоор заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд шинжээчийн ажлын хөлс улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр тооцохоор байна.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, нягтлан бодогч нарын гарын үсгээр албажсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн хүсэлтэд шинжээчийн томилолтод 893,000 төгрөгийг зарцуулсан талаар тусгажээ. /хавтаст хэргийн 124 хуудас/
Иймд шинжээчийн ажлын хөлс болох томилолтын зардал 893,000 төгрөгийг зохигчид хувь тэнцүүлэн хариуцуулж, нэхэмжлэгч Б.С гаас 446,500 төгрөгийг, хариуцагч Д.П-с 446,500 төгрөгийг тус тус гаргуулж, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгох эрх зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Д.П-с гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нарын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8231000003 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ДП13282920 регистрийн дугаартай, охин П.С-г эцэг Д.П-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин П.С-н ашиг сонирхол харшлахааргүй бол эцэг, эх нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.С болон хариуцагч Д.П нарт даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хишигжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,564/нэг зуун далан таван мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчийн ажлын хөлс 893,000/найман зуун ерөн гурван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж, нэхэмжлэгч Б.С гаас 446,500/дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөгийг, хариуцагч Д.П-с 446,500/дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ