Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1021

 

 

 

 

 

 

2024         09         23                                         2024/ШЦТ/1021

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Э.Мөнх-Оргил,

Хохирогч, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Мэргэн /ҮД:2553/,

Хохирогч, шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Н.Жамьян /ҮД:0572/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Цийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 02192 3224 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19.... оны 0.... дугаар сарын .....-ны өдөр .......... аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, ............ аймаг, ..........сумын ........ дүгээр байрны ............ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Гийн М /РД: /.

2. Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын 25-ны өдөр ............. аймаг ............ хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, .............. эмнэлэгт лабораторийн эмч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ............ дүүргийн ...........дугаар хороо, ............ хотхоны .......... дугаар байрны ............ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Эийн Ц /РД:/.

Хэргийн товч агуулга:

Г.М нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаад “машин шахаж орсон” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, хохирогч Э.Цийн биед халдаж, эрүүл мэндэд тархи доргилт зүүн чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт хамар цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Э.Ц нь бусадтай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож, байгаад машин шахаж орсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч Г.Мын биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М өгсөн мэдүүлэгтээ: “Эмэгтэй хүмүүс хоорондоо зууралдсан нь ийм гэмтэл учруулах хэмжээний байгаагүй байх. Цийн нөхөр Н намайг үсдэж байх үед үсний халзралт үүссэн байх гэж бодож байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц өгсөн мэдүүлэгтээ: “Миний зүгээс Ммаад би гэмтэл учруулаагүй. Би санал нэгдэхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Надад учирсан гэмтлийг Ммаа учруулаагүй. Ммаагийн хамт явж байсан нөхөр нь салгах гээд санамсаргүй түлхэхэд унаад гэмтсэн байх гэж үзэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хоёр гэр бүлээрээ машинтай зорчиж явж байгаад ийм зүйл болсон байна. Машин шахаж орж ирээд, маргалдаад хэл амаар доромжилсны дараа машинаас буугаад, тухайн үед хоёр жолооч барьцалдаж авч байсан. Тэгээд Э.Ц тэр үед бууж ирсэн байсан. Бүгд маргааныг дуусгая гэж салгах гэж байгаа үйлдлүүдээр нэгнийгээ гэмтээсэн байх. Миний санаж байгаагаар огцом хүчтэй Н намайг үсдэж байх үед ухаан орж айж, болихыг хүсэж байсан. Надад учирсан гэмтэл зулайн зулгаралт, үс халзралт, 2 өвдөг, тохой зэргээр Нд үсдүүлж байх явцад унаад, 4 хөллөж өөрийгөө тогтоох явцад гэмтэл учирсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болсон. Би машинаас маргалдаж байгаа Ммаа, түүний нөхөр, манай нөхөр гурвын маргааныг салгах гэж буусан. Тэгээд маргаан дундуур явж байгаад Д гэдэг залуу намайг түлхэхэд би газар унасан. Би тэрийг сайн санаж байгаа. Надад учирсан гэмтлийг Ммаа учруулаагүй. Одоо надад гомдол санал байхгүй. Санамсаргүйгээр Д намайг түлхэхэд би газар унасан. Одоо бол надад гомдол санал байхгүй. Тухайн үедээ эмнэлгээр яваад эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тул гомдол санал байхгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.08-09/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Мын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “... гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх эрэгтэй нь машинаасаа бууж ирээд манай нөхрийг заамдаад зогсож байсан бөгөөд тухайн эрэгтэйн эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд манай нөхрийн гарыг нуруун дээр нь өчөөд байж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод эмэгтэйн гараас нь бариад “та нөхрөө болиулаач ээ” гээд татсан чинь эргэж хараад намайг үсдэхээр нь би зөрүүлж үсэдсэн бөгөөд үсдэлцээд зогсож байхдаа би тэр эгчид “би жирэмсэн эгчээ, боль л доо” гээд гуйсан чинь тэр эгч өөдөөс “би ч гэсэн жирэмсэн, чи офицер хүнийг зодно гэнээ, чамайг зодно” гээд байсан. Тэр эгч намайг үсдээд байж байхдаа гуя руу өшиглөсөн ба би гуя руугаа өшиглүүлээд унахдаа өвдгөөрөө унасан. Яг тухайн үед манай нөхөр нөгөө эрэгтэйтэй зодолдож байсан юм шиг байсан. Тэр хоёрыг зодолдож байхад хажуугаар явж байсан таксины жолооч салгасан чинь нөхөр нь над руу гүйж ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгэхэд манай нөхөр хүрч ирээд нөхөрт нь “эхнэрээ салгаач ээ” гэж хэлэхэд Хан уулын И-март худалдааны төвийн тэнд зогсож байсан замын цагдаа ирээд бид нарыг салгасан. Тэгээд Баянзүрхээс цагдаа нар ирэх хүртэл тухайн хоёр хүн манай нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилж дээрэлхээд байсан. Тухайн үед муудалцаж байхад миний үснээс зулгааж байсан эгч нь намайг түлхээд машинд шахсан, мөн жолооч гээд байсан эрэгтэй нь манай нөхрийг “нохойн гөлөг минь, миний алтан гинжийг хай, мөлхөөд наанаасаа хай” гээд байсан боловч цагдаа ирэх үед огтхон ч гинжний асуудал яриагүй. Мөн тухайн хоёр хүн нь бид хоёрт хандаад наад батарейгаа аваад зайл гээд байсан... Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үсдэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унах үед өвдөгний цус хуралт гэмтэл учирсан, харин хуйханд учирсан цус хуралт, үс халцралт зэрэг гэмтлүүдийг Н болон Ц гэх хүмүүс нь учруулсан... Э.Цийн гэмтлүүдийг би учруулсан байх гэж бодож байна... ” гэх мэдүүлэг /хх.1.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Мын гэрчээр 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх эрэгтэй нь машинаасаа бууж ирээд манай нөхрийг заамдаад зогсож байсан бөгөөд тухайн эрэгтэйн эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд манай нөхрийн гарыг нуруун дээр нь өчөөд байж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод эмэгтэйн гараас нь бариад “та нөхрөө болиулаач ээ” гээд татсан чинь эргэж хараад намайг үсдэхээр нь би зөрүүлж үсэдсэн бөгөөд үсдэлцээд зогсож байхдаа би тэр эгчид “би жирэмсэн, эгчээ болилдоо” гээд гуйсан чинь тэр эгч өөдөөс “би ч гэсэн жирэмсэн, чи офицер хүнийг зодно гэнээ, чамайг зодно” гээд байсан. Яг тухайн үед манай нөхөр нөгөө эрэгтэйтэй зодолдож байсан юм шиг байсан. Тэр хоёрыг зодолдож байхад хажуугаар явж байсан таксины жолооч салгасан чинь нөхөр нь над руу гүйж ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгэхэд манай нөхөр хүрч ирээд нөхөрт нь “эхнэрээ салгаач ээ” гэж хэлэхэд Хан уулын и март худалдааны төвийн тэнд зогсож байсан замын цагдаа ирээд бид нарыг салгасан. Тэгээд Баянзүрхээс цагдаа нар ирэх хүртэл тухайн хоёр хүн манай нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилж дээрэлхээд байсан. Миний зүүн гарын тохой, баруун гуя, баруун өвдөг зэрэгт хөндүүртэй байна. Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үсдэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унаж суусан ба цааш унах гээд байхаар нь би зүүн гарын тохойгоор тулж унасан. Мөн тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр нийлээд миний үснээс зулгааж гэмтэл учруулсан. Тухайн үед би буруу үйлдэл хийсэн гэдгээ ухаараад тухайн эгчээс уучлалт гуйсан боловч тэр эгч ямар нэгэн зүйл ойлгохгүй над руу дайраад зодоод байсан. Би тэр эгчийн үснээс зулгаасан нь бол үнэн. Мөн тухайн эгч намайг үсдээд зулгаагаад байхаар нь би тэр эгчийг нэг удаа хөлөөрөө жийсэн хаана оносон, болохыг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.18/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Дын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “... тэр жолооч өөрөө машинаасаа буугаад ирсэн. Тухайн жолооч нь бууж ирээд намайг шууд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад зогсож байсан чинь манай эхнэр өөрийг нь хараасанд уурлаад машинд байсан усны үлдэгдлийг авч гарч ирээд жолооч залуу руу цацсан. Тэгсэн чинь нөгөө жолооч залуугийн эхнэр гэх эмэгтэй бууж ирээд орилоод байсан ба жолооч залуутай заамдалцаад байж байхад эхнэр нь ирээд миний нэг гараас бариад доошоо дарсан. Тэр үед манай эхнэр М нь бид нарыг салгах гэж дундуур орж ирсэн ба тэр үед Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслээс бууж ирсэн эмэгтэй манай эхнэртэй муудалцаад цаашаа явсан би юу болсныг хараагүй бөгөөд жолооч залууд нь “хоёр эхнэр хоорондоо муудалцаад байна салгая” гэхэд нөгөө залуу нь хариу үйлдэл байхгүй заамдсан чигээрээ байгаад байхаар нь би гараа тавиад эхнэрээ салгах гээд эхнэр дээрээ очиход нөгөө эмэгтэй нь манай эхнэрийг газарт унагаасан, үсдээд байж байсан. Гэтэл надтай муудалцаад заамдалцаад зогсож байсан залуу манай эхнэрийг газарт унасан байхад очоод шууд үснээс нь зулгаагаад цаашаа татаад явахаар нь би араас нь гүйж очоод салгах гэхэд тэр залуу намайг шууд цохих гэж оролдсон боловч оноогүй, тэгээд тэр залуу намайг цохих гэсэн болохоор нь аргагүй хамгаалалт гээд өөдөөс нь цохих гэсэн боловч мөн оноогүй. Ер нь бол бид хоёр харилцан цохилцоод би тэр залуугийн нүүр хэсэгт 1-2 удаа оносон боловч тэр залуу миний нүүр хэсэгт 3-4 удаа онож цохисон. Тэгээд муудалцаад байж байхад замд явж байсан хүмүүс бид нарыг салгаад нөгөө хүмүүст “та нар хүүхэдтэй явж байж болиоч ээ” гэсэн зүйл ярьсан. Тэр ах ирээд жолооч залуу бид хоёрыг салгах гэж байхад жолооч залуу нь намайг доош тонгойлгож байгаад боогоод байж байсан ба миний амьсгал бүтэгдээд байж байхад зам зохицуулж байсан цагдаа ирээд бид хоёрыг салгасан. Бид нар маргалдахаа болиод салаад байж байхад Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд байсан эмэгтэй нь манай эхнэр бид хоёрт наад батарейгаа зайлуул гэх мэт зүйл яриад байхаар нь “батарей гэхээр машин биш юм уу” гэхэд “биш батарей” гэхээр нь “Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл нь ямар машин юм” гэхэд энэ бол цул алт гэсэн зүйл яриад байсан... Би жолооч залуутай муудалцаж байгаад эхнэрээ салгахаар эхнэр дээрээ очиход нөгөө эмэгтэй нь манай эхнэр Мыг газарт унагаасан байсан учир өвдгөнд учирсан гэмтлийг тэр эмэгтэй учруулсан. Харин толгойн цус хуралт, үсний халцралт зэргийг ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн жолооч болон эхнэр нь хамтдаа зулгааж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... Тэгээд би машинаас буухад тухайн залуу нь намайг 2 минут орчим боосон бөгөөд намайг боож байхад тэр залуугийн эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд ууж байсан усаа цацаад байсан. Тэгэхээр нь манай эхнэр Ц нь бууж ирээд намайг боож байсан залуугийн гарыг нь тавиулах гэхэд нөгөө залуугийн эхнэр гэх эмэгтэй нь “чи салгах гэлээ” гээд манай эхнэрийг үсдээд цаашаа авч яваад толгой руу нь цохисон. Тухайн үед приүс загварын тээврийн хэрэгсэлтэй хүн машинаа зам хааж тавьсан байсан тул явган хүний замаар явж байсан хүмүүс болон түгжрэлд зогсож байсан хүмүүс тэр залууд “чи болиоч ээ, зүгээр явж байсан хүнийг яагаад машинаас буулгаж ирээд ингээд байгаа юм бэ” гээд салгахад тэр залуу миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би тухайн залууд боолгуулаад шокоос гараагүй байхад надтай муудалцсан гэх залуу манай эхнэр болон өөрийнхөө эхнэр дээр очоод манай эхнэрийг үсдүүлээд тонгойсон байхад нь цээж рүү нь өшиглөөд үснээс нь зулгаагаад байхаар нь би тэр залуу дээр очоод “чи яаж байгаа юм” гэхэд тэр залуу миний цээж болон толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууд “за одоо больё хөгшөөн, хоёулаа эхнэрүүдээ салгая” гэхэд тэр залуу “одоо чамайг алчихъя л даа” гээд машины багажаа онгойлгоод эхнэрээсээ “торцов хаана байгаа юм” гээд асуугаад байсан. Тэгээд тухайн үед би эхнэрээ салгасан хойно манай эхнэрийн толгойноос үс нь туг тугаараа салж унаад байсан. Мөн тэр залуу тээврийн хэрэгслээ замын голд тавьсан байхаар нь хүмүүс “чи наад батарейгаа холдуулаач” гэж хэлсэн чинь тэр залуу уурлаад “чи миний машиныг батарей” гэлээ гээд намайг дахин боох гэхээр нь би боолгуулахгүй гээд гарыг нь салгасан. Тэр залуу ep нь бол тухайн үед “чи том машинтай гээд дээрэлхээд байгаа юм уу, чамайг алчихъя” гэх мэт зүйл яриад над руу дайраад байхаар нь би “больё оо, эсвэл чи согтуу байгаа юм уу” гэхэд над руу дайрсан хэвээр байсан тул би тэр залуугаас зайгаа авсан ба манай эхнэр Ц нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Жолооч залуу бид хоёр хоорондоо маргалдаад байж байхад эхнэр нь гэх эмэгтэй тэр залуудаа “алчих наадхаа алчих” гэх мэт зүйл яриад байсан. Манай эхнэр бид хоёрыг салгах гэхэд нөгөө залуугийн эхнэр нь гэх эмэгтэй нь салгах гэлээ гээд эхнэрийг минь зодсон учир тэр хүмүүстэй зууралдаад хэрэггүй гээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Миний мэдэж байгаагаар Д гэх залуу нь манай эхнэрийн үснээс зулгаагаад хажуу тийшээ шувтраад цээж хэсэг рүү нь өшиглөсөн, харин тэр залуугийн эхнэр гэх М гээд байгаа эмэгтэй нь учруулсан ба М гээд байгаа эмэгтэй нь манай эхнэрийг үснээс нь зулгаагаад цохиод байсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.24-25, 2.141-142/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Цийн гэрчээр 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... нөгөө залуутай хамт явсан эмэгтэй миний нуруу хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь эргэж харахад намайг үсдэж дарахад нь ойролцоо явж байсан танихгүй хүмүүс болиулж салгахад нь эргэж харахад нөгөө залуу нөхрийн хоолойг зүүн гараар боож баруун гараар толгойн тус газарт нь 6-7 удаа цохиод байхаар нь ойролцоо явж байсан эрэгтэй хүмүүсийг гуйж болиулаад ам хэлээрээ маргалдаж байгаад машиндаа сууж замыг чөлөөлж зогсоход нөгөө хоёр хүрч ирээд дахин маргаан үүсгэх үед үсний боолтыг хайхаар буухад нөгөө залуутай хамт явсан эмэгтэй над дээр ирээд элдэв бусын зүйл хэлсэн ба өөрийн үсийг элж үзэхэд үс унахаар нь уг эмэгтэйд өөрийн үсийг харуулаад “чи яаж байгаа юм” гэж хэлээд зүүн гараар баруун шанаа хэсэгт нь хальт алгадаж авахад үсдэж авахаар нь зөрүүлж үсдэлцэхэд нөхөр болон нөгөө залуу хоёр бид хоёрыг салгахад нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудсан. Уг эмэгтэйтэй сүүлд үсдэлцэж байхад миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиж цээж хэсэг рүү өшиглөсөн. Уг маргаан болсны дараа миний толгойн зүүн хэсэгт 2 газар хавдсан байсан. Одоо бодоход сүүлд үсдэлцэж байхдаа машин мөргөсөн байх. Маргаан болж дууссаны дараа хамрын хагалгаанд орж суулгасан мөгөөрс өвдөөд байхаар нь хөхөрч хавдсан байж магадгүй гэж толинд харахад хөхөрч хавдсан зүйл сайхгүй мөртөө 1 см орчим зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.26-27/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Болороогийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5889 дугаартай:

          1. Г.Мын биед зүүн зулайн цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.1.69-70/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.1.75-77/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.82/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Болороогийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1081 дугаартай:

          “... дээрх өсөлтгүй жирэмсэн болсон нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна” гэх дүгнэлт /хх.1.179-181/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх.1.187-189/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Цийн яллагдагчаар 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Би тухайн хүмүүсийн биед гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Харин тухайн эмэгтэй нь миний үснээс зулгаагаад доош нь дарсан, би харин тэр эмэгтэйн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэр эмэгтэй бол хөл, гэдэс, нуруу, толгой хэсгүүд рүү олон удаа цохисон, мөн үснээс маань зулгаасан. Би тухайн үедээ туслаарай, намайг аллаа гэх мэтээр орилж, хашхирч байсан. Тэр үед бид хоёрыг манай нөхөр Б.Н салгах гэж ирсэн чинь тэр эмэгтэй надаас огт салж өгөхгүй байсан, тэгтэл Б.Н нь тухайн эмэгтэй бид хоёрыг салгасан юм. Тэгээд машиндаа ороод суусан чинь Б.Нн баруун гар талын хуруунуудын салаа болон зүүж байсан бөгжинд урт үснүүд наалдсан байдалтай байхаар нь “хэний үс вэ” гэж асуусан чинь Б.Н уг нь “би хувцаснаас татлаа л гэж бодсон чинь урт үстэй байсан учраас үстэй нь хамт зулгаагдсан юм шиг байна” гэж хэлж байсан. Одоо санаж байхад Б.Н нь тэр эмэгтэйг хойш татах үед тухайн эмэгтэй нь “ёооё” гэж орилсон юм. Би бол ямар нэгэн байдлаар үснээс нь зулгаасан, татсан зүйл огт байхгүй... Би маш их гомдолтой байгаа, би тухайн үед хүүхдүүдийнхээ хажууд бусдад зодуулсан, миний хүүхдүүд рүү ус цацсан, би маш их сэтгэл санаагаар унасан, одоог хүртэл тэр асуудлыг бодохоор сэтгэл тавгүйтэж, стрессддэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.208/,

Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх.1.210, хх.2.59/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх.1.223-224/,

Хохирогч Г.Мын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх.2.02/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “Г.Мын биед зүүн зулайн цус хуралт, үс халцралт гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, үснээс чангаах, зулгаах зэрэг үйлдлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн хүн тухайн гэмтэл учруулсныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр ялгах боломжгүй. Мөн аль талаас нь татахад үүссэнийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх.1.231/,

          “Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Э.Цийн биед учирсан гэмтлүүд нь биеийнхээ анатомийн байрлалын хувьд өөр өөр газар байрлаж байгаа учир тухайн хэсэг газарт хүрч үйлчлэгдэн үүсэх ба  цус хуралт нь цохигдох үед, зулгаралт нь унах, нидрэгдэх, шудрах үед, тархи доргилт нь цохигдох, хүзүү савагдах, доргих зэргийн үед үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх.2.146/,

          “Г.Мын биед тогтоогдсон зүүн зулайн цус хуралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэсэг газарт нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх.2.149/,

          Э.Цийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.232/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Цийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... Тэр үед манай нөхөр Н нь тухайн тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд машины тормоз дээрээ огцом гишгэсэн чинь машины урд сууж байсан 3 настай хүү Тэнүүнзаяат салоныг мөргөсөн. Энэ үед Тэнүүнзаяатын уруул нь сэтэрч цус гарч байсан. Тэгтэл Приус машинаас үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн машинаасаа бууж ирээд жолооч талын буюу манай нөхрийн сууж явж байсан хаалгыг онгойлгоод эрэгтэй нь нөхөр Нг хувцаснаас заамдаад чирээд буулгасан чинь хамт явж байсан эмэгтэй нь ууж байсан усаа машины дотор хэсэг болон хүүхдүүд рүү маань мөн над руу цацсан. Тэр үед Ковид-19 цар тахал өвчин гарсан байсан хэдий ч үл ойшоож ууж байсан усаа цацсан асуудал байгаа юм. Би машин дотор хүү Тэнүүнзаяатын цусыг нь арчаад байж байгаад цонхоор харсан чинь Нг нөгөө үл таних залуу нь заамдаад боочихсон, эмэгтэй нь хөл гараараа өшиглөөд цохиж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад нөгөө үл таних залууд хандан “Чи хүн аллаа шүү дээ“ гэж эвтэйгээр хэлээд манай нөхрийг боочихсон байсан гарыг нь салгах гэж байтал ардаас нөгөө үл таних эмэгтэй үснээс зулгаагаад би арагш савж унасан. Би тухайн эмэгтэйгээс салаад “Цагдаагийн байгууллагад хандана, та нар яахаараа зүгээр явж байгаа хүмүүсийг зогсоож зоддог юм” гэж хэлээд машиндаа орж суугаад Цагдаагийн байгууллагын тусгай дугаар 102 руу залгаж дуудлага өгсөн. Тэр үед миний үс маш ихээр унаж байсан учраас би машинаас буугаад нөгөө үл таних эмэгтэйд хандан “миний үсийг ийм их зулгаасан байна” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй над руу улаан галзуу дайраад байхаар нь цээж хэсэг рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад дээрээс дарсан. Тэр үед би тусламж гуйж “энийг аваач ээ, намайг аллаа” гэж хашхирсан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон, хөлөөрөө биеийн бөөр, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгсэн чинь нөгөө үл таних эрэгтэй болон манай нөхөр Н, дахиад нэг таксинд явдаг гэх ах ирж салгасан. Намайг Н аваад машинд суулгаад өөрөө бас машинд суусан. Машинд суусны дараа Нн бөгжтэй гарт бор өнгийн урт үс бөгжинд нь орооцолдсон байсан. Н нь надад “энэ юун үс вэ” гээд асуухаар нь “би мэдэхгүй” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.2.16-17/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Гийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5883 дугаартай дүгнэлт /хх.1.55-56/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Гийн нэмэлт шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 801 дугаартай:

          1. Э.Цийн биед тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх.1.62-64/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.1.78-80/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.142/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “... Надад санал, хүсэлт байна. Ураг өсөлтгүй болох шалтгаан нь гаднын нөлөөллөөс үүссэн гэж үзэж байгаа учраас “Өөжин мед” эмнэлгийн эмч ажилчдаас мэдүүлэг авхуулах шаардлагатай байна. Хэрэг болсон гэх өдрийн маргааш нь эмнэлэг дээр очиж эмнэлгийн хүлээн авах эмч нарт юу болсон талаар хэлж байсан, тухайн үед эмч нар “аймаар юмаа” гэх утгатай зүйлийг ярьж байсан. Миний бодлоор өсөлтгүй болох шалтгаан нь уг хэрэг нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Энэ хэрэг болсон өдрөөс хойш миний сэтгэл санаа айдаст автаж, тавгүй байсны улмаас миний ураг өсөлтгүй болсон байх бүрэн боломжтой юм. Тэгэхээр нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ц болон түүний нөхөр Н нар учруулсан юм. Намайг Ц түлхэж өвдгөөр газар унагаасан. Тухайн үед Цийн нөхөр Н нь хүрч ирээд маш хүчтэйгээр үснээс зулгаасан. Энэ үед би маш их айсан. Би тэр үедээ өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлсэн, уучлалт гуйж “эгчээ болиоч ээ” гэж хэлж байсан, тэр үед Ц нь “би ч гэсэн жирэмсэн” гэж тавлаж инээж ирээд үснээс зулгааж толгой руу цохиж байсан юм. Тэгэхээр Н, Ц хоёулаа бүлэглэж миний биед халдаж намайг зодсон юм. Би тухайн хүмүүсийг зодож, цохиж санаатайгаар хохироох гэсэн үйлдэл хийгээгүй, биеэ хамгаалсан, би жирэмсэн байсан юм. Манай нөхөр А.Дын биед Ц, түүний нөхөр Н нар нь мөн адил хоёулаа халдаж цохиж, зодсон юм. Би уг нь дундуур нь орж салгаж байсан ба Ц, Н нар нь хоёулаа манай нөхөр лүү дайрч байсан... Би маш их гомдолтой байна. Би жирэмсэн гэдгээ хэлсэн байхад доромжилж миний биед халдсан. Би үр суулгахад гаргасан ажилбарын хөлс, эм тарианы зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Надад яг одоо баримт байхгүй, би хайвал байж магадгүй. Харин надад учирсан гэмтлийн хувьд бол хувиараа хуйханд түрхдэг тос, түрхлэг авч хэрэглэсэн. Энэ дээр бол баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.148/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт /хх.1.195-198/,

Хохирогч Э.Цийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх.2.04-07/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх.2.38-40/,

Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх.2.53-54/,

Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх.2.60/,

          Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.87/,

Шүүгдэгч Г.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.88/,

Шүүгдэгч Г.Мын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.89-103/,

Шүүгдэгч Э.Цийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.104-111/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаад “машин шахаж орсон” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, хохирогч Э.Цийн биед халдаж, эрүүл мэндэд тархи доргилт зүүн чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт хамар цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Ц нь өөрийн нөхөр Б.Нтай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцож, байгаад машин шахаж орсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсгэж хохирогч Г Мын биед зүүн зулайн хуйхны цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Цийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Г.Мын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн зулайн цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт” гэмтэл,

Хохирогч Э.Цийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар, цээж, зүүн шуунд зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус  хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.М нь хохирогч Э.Цийн биед, Э.Ц нь бусадтай бүлэглэн хохирогч Г.Мын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

          Гэм буруугийн талаар:

Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар маргасан болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Мөнх-Оргил гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “... Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч, шүүгдэгч нар хэн хэнээсээ хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй гэж байна. Иймд шүүгдэгч нарыг төлөх хохирол төлбөргүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас Э.Цийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 153,1850 төгрөг, Г.Мын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 96,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөр төлөгдөөгүй байна. Энэ төлбөрийг буруутай этгээдүүдээс гаргуулах саналтай байна. Сэтгэл санааны хохирлын  хувьд тухайн гэмт хэрэг нь 2022 оны 04 дүгээр сард болсон. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол учрах журам нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул сэтгэл санааны хохирол тогтоох боломжгүй гэж үзэж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Мэргэн гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөх хуралдаан дээр яригдсан. Өнөөдрийн хуралдаан дээр яригдаж байгаа асуудал шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлаас, мөн гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлаас шалтгаалаад Г.Мд учирсан гэмтлийг хэн учруулав гэдэг нөхцөл байдал бол өөр өөрөөр ойлгогдохоор болоод байх шиг байна. Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр энэ нөхцөл байдлыг тогтоогоод Г.Мыг Э.Цийн биед гэмтэл учруулсан байна гэж прокурорын зүгээс үзээд байгаа боловч яг өмнөх хурал болон өнөөдрийн хурал дээр яригдаж байгаатай адилхан байдлаар Г.М яг Э.Цт гэмтэл учруулсан уу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн тогтоогдсон нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах ёстой гэж заасан. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гээд гэмт хэргийг яг хэн үйлдсэнийг эргэлзээгүй тогтоох ёстой гээд заасан байгаа. Энэ нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Э.Цийн биед учирсан гэмтлийг зэргийг тогтоохтой холбоотой нийт 3 шинжээчийн дүгнэлт гарсан. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний 5883 дугаартай дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 53 дугаартай дүгнэлтүүдэд бол “тархи доргилт” нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байгаа. Сүүлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт Э.Цт учирсан гэмтлийн зэргүүдийг тоочоод гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна гэсэн байгаа. 3 дахь хэсэгт: Э.Цийн биед учирсан “тархи доргилт” нь гэмтлийн зэрэгт хамаарна. Шинжээчийн дүгнэлт өөрөө нотолбол зохих зүйл, тал бүрээс нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгана гэсэн шаардлага хангахгүй байна. Прокурор өөрт ашигтай 2 дахь хэсгийг уншиж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс 3 дахь хэсгийг уншиж байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт хүртэл эргэлзээтэй. Гэхдээ 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт бол эхний заалтаараа өмнөх шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй байна гэчихээр өмнөх шинжээчийн дүгнэлт дээр тархи доргилтоос бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гарсан учраас тэр талыг нь барих нь зүйтэй юм шиг. Г.М нь анхны мэдүүлгээс эхлээд Э.Цтэй үсдэлцсэн, зууралдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Үсдэлцэх, зууралдах явцад зөөлөн эдийн няцрал, зулгаралт үүсэн байж болно. Тийм учраас анхны мэдүүлэгтээ Э.Цийн биед учруулсан гэмтлийг би учруулсан байх гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Яг тэр мэдүүлгийг өгч байх цаг хугацаанд эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хамаарахгүй гэж дүгнэлт гарсан байсан. Гэтэл сүүлчийн шинжээчийн дүгнэлтээр “тархи доргилт” гээд гараад ирсэн. Г.Мын хувьд Э.Цийн толгой руу цохих, унагаах үйлдэл гаргасан тухай мэдүүлэг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед ч байхгүй. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мөн яригдаагүй. Харин үсдэлцсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр үсдэлцэх төдийд тархи доргих уу гэдэг нөхцөл байдал нь эргэлзээтэй. Мөрдөгчийн хувьд Э.Цийн тархи доргих гэмтлийг хэн учруулсан гэдгийг эргэлзээгүй тогтоох шаардлагатай байсан. Өнөөдрийн яриад байгаа гэрчийн мэдүүлээд байгаагаар магадгүй Д эхнэрээ салгаж авахын тулд Э.Цийг түлхэх явцад тархи доргилт учирсан байх магадлалтай. Аль шинжээчийн дүгнэлтүүдийн алийг нь нотлох баримтын хэмжээнд авах эсэх, эсвэл бүгдийг үнэлэхгүй байх уу гэдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх асуудал. Гэхдээ магадгүй алийг нь яагаад үнэлээгүй гэдгээ шийтгэх болон цагаатгах тогтоол дээрээ дурдах байх. Өмгөөлөгчийн хувьд хэн нь үнэн мэдүүлэг өгөөд байгаа юм. Эсвэл Г.Мын өгсөн мэдүүлгийн аль нь үнэн юм гэдэгт төвлөрөхөөс илүү энэ бүх мэдүүлэг байгаа нотлох баримтуудыг бүгдийг нь шалгаад байхад эргэлзээгүй тогтоосон зүйл тогтоогдохгүй байна. Улсын Дээд Шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолд тайлбарласан тайлбарыг харсан ч тэр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг тайлбартай уялдуулаад, болсон үйл явдалтай уялдуулаад харсан ч тэр эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цийн өмгөөлөгч Н.Жамьян гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Э.Ц хохирогчийн хувьд бусдаас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Мөн хэн нэгнээс сэтгэл санааны хохирол төлбөр  нэхэмжилсэн зүйл хэрэг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд байхгүй. Шүүгдэгчийн хувьд Б.Мэргэн өмгөөлөгчтэй байр суурь ойролцоо байна. Хэргийн материалтай танилцахад өмнөх хуралдаан дээр мөн ярьж байсан. Г.Мын биед хэн гэмтэл учруулсныг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хоёр ч удаа шүүх хурал болж, хэргийн материалтай танилцахад өмгөөлөгчийн зүгээс гарсан дүгнэлт бол Г.Мын биед Э.Ц гэмтэл учруулаагүй гэж дүгнэсэн. Яагаад гэвэл гэрч болон хохирогч нарын мэдүүлгээс мөн харагдсан. Би өөрийн үйлчлүүлэгчийг зөрүүтэй мэдүүлэг өгөөд байна гэж бодохгүй байгаа. Гэмтлийг хэн учруулаад байна гэдэг асуултад Д учруулсан байх гэж хэлдэг болохоос биш энэ хоёр хүн хоорондоо зууралдсан, барьцалдсан гэдгийг хэн аль нь мэдүүлдэг. Харин Г.Мын биед хэн гэмтэл учруулаад байна гэдэг асуудал дээр зөрүүтэй байдлаар мэдүүлэх, эсвэл хэлэх зүйлээ илэрхийлж чадахгүй байна гэдэг сэтгэгдэл өмгөөлөгчид төрж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад шинжээчийн дүгнэлтэд Г.Мын биед нэг удаагийн үйлчлэлээр үсэнд зулгаралт, хуйханд халзрах ийм гэмтэл учирсан гэж гэж  дүгнээд байгаа. Гэтэл прокурор бүлэглэж үйлдсэн гэж буруутгаад байгаа. Гэтэл шинжээч энэ гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ гэдэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Яаж бүлэглээд энэ гэмтлийг хоёр хүн зэрэг үүсгэх боломжтой вэ гэдэг нь мөн эргэлзээтэй. Гэрч Н, Д нар мэдүүлдэг. Г.Мын үснээс Н зулгаасан. Э.Ц болон түүний нөхрийн мэдүүлэгт Г.Мын үсийг Н зулгаасан, Нн гарт нь үс байсан гэж мэдүүлдэг. Д өмнөх шүүх хуралдаанд “би Г.Мын үснээс зулгаахад, Г.М унасан гэж мэдүүлсэн”. Мөн сая 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг өгөхдөө мөн “Г.Мын үснээс би зулгаасан. Зулгаасны дараа миний гарт эмэгтэй хүний үс байж байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээс үзэхэд Г.Мын биед гэмтэл учруулсан хүн Э.Ц биш Д учруулсан байх боломжтой харагдаад байгаа. Тэгэхээр үүнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв тогтоогоод өгөөч гэж хэд хэдэн удаа би хүсэлт гаргаж байсан. Гэтэл өнөөдрийн хүртэл эргэлзээтэй зүйлүүд байгаа. Э.Цийн өмгөөлөгчийн хувьд эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийддэг хууль тогтоомж үеийн үед байсаар ирсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд Э.Цт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өгсөн: “... Би тухайн хүмүүсийг зодож, цохиж санаатайгаар хохироох гэсэн үйлдэл хийгээгүй, биеэ хамгаалсан...” гэх мэдүүлэг /хх.1.148/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Цийн яллагдагчаар 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Би тухайн хүмүүсийн биед гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.208/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өгсөн: “Эмэгтэй хүмүүс хоорондоо зууралдсан нь ийм гэмтэл учруулах хэмжээний байгаагүй байх. Цийн нөхөр Н намайг үсдэж байх үед үсний халзралт үүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цийн өгсөн: “Миний зүгээс Ммаад би гэмтэл учруулаагүй... Надад учирсан гэмтлийг Ммаа учруулаагүй. Ммаагийн хамт явж байсан нөхөр нь салгах гээд санамсаргүй түлхэхэд унаад гэмтсэн байх гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мын өгсөн: “... огцом хүчтэй Н намайг үсдэж байх үед ухаан орж айж, болихыг хүсэж байсан. Надад учирсан гэмтэл зулайн зулгаралт, үс халзралт, 2 өвдөг, тохой зэргээр Нд үсдүүлж байх явцад унаад, 4 хөллөж өөрийгөө тогтоох явцад гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цийн өгсөн: “... Д гэдэг залуу намайг түлхэхэд би газар унасан. Би тэрийг сайн санаж байгаа. Надад учирсан гэмтлийг Ммаа учруулаагүй... Санамсаргүйгээр Д намайг түлхэхэд би газар унасан...” гэх мэдүүлэг зэрэг нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Мын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “... намайг үсдэхээр нь би зөрүүлж үсэдсэн бөгөөд үсдэлцээд зогсож байхдаа би тэр эгчид “би жирэмсэн эгчээ, боль л доо” гээд гуйсан чинь тэр эгч өөдөөс “би ч гэсэн жирэмсэн, чи офицер хүнийг зодно гэнээ, чамайг зодно” гээд байсан. Тэр эгч намайг үсдээд байж байхдаа гуя руу өшиглөсөн ба би гуя руугаа өшиглүүлээд унахдаа өвдгөөрөө унасан... нөхөр нь над руу гүйж ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тухайн үед муудалцаж байхад миний үснээс зулгааж байсан эгч нь намайг түлхээд машинд шахсан... Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үсдэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унах үед өвдөгний цус хуралт гэмтэл учирсан, харин хуйханд учирсан цус хуралт, үс халцралт зэрэг гэмтлүүдийг Н болон Ц гэх хүмүүс нь учруулсан... Э.Цийн гэмтлүүдийг би учруулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.1.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Мын гэрчээр 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... намайг үсдэхээр нь би зөрүүлж үсэдсэн бөгөөд үсдэлцээд зогсож байхдаа би тэр эгчид “би жирэмсэн, эгчээ болилдоо” гээд гуйсан чинь тэр эгч өөдөөс “би ч гэсэн жирэмсэн, чи офицер хүнийг зодно гэнээ, чамайг зодно” гээд байсан... нөхөр нь над руу гүйж ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан... Тухайн хоёр хүний эмэгтэй нь намайг үсдэж байхдаа миний баруун гуя руу өшиглөсөн бөгөөд өвдгөөрөө газарт хүчтэй унаж суусан ба цааш унах гээд байхаар нь би зүүн гарын тохойгоор тулж унасан. Мөн тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр нийлээд миний үснээс зулгааж гэмтэл учруулсан. Тухайн үед би буруу үйлдэл хийсэн гэдгээ ухаараад тухайн эгчээс уучлалт гуйсан боловч тэр эгч ямар нэгэн зүйл ойлгохгүй, над руу дайраад зодоод байсан. Би тэр эгчийн үснээс зулгаасан нь бол үнэн. Мөн тухайн эгч намайг үсдээд зулгаагаад байхаар нь би тэр эгчийг нэг удаа хөлөөрөө жийсэн, хаана оносон болохыг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.18/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Дын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “... нөгөө эмэгтэй нь манай эхнэрийг газарт унагаасан, үсдээд байж байсан. Гэтэл надтай муудалцаад заамдалцаад зогсож байсан залуу манай эхнэрийг газарт унасан байхад очоод шууд үснээс нь зулгаагаад цаашаа татаад явахаар нь би араас нь гүйж очоод салгах гэхэд тэр залуу намайг шууд цохих гэж оролдсон боловч оноогүй... Би жолооч залуутай муудалцаж байгаад эхнэрээ салгахаар эхнэр дээрээ очиход нөгөө эмэгтэй нь манай эхнэр Мыг газарт унагаасан байсан учир өвдгөнд учирсан гэмтлийг тэр эмэгтэй учруулсан. Харин толгойн цус хуралт, үсний халцралт зэргийг ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн жолооч болон эхнэр нь хамтдаа зулгааж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... нөгөө залуугийн эхнэр гэх эмэгтэй нь “чи салгах гэлээ” гээд манай эхнэрийг үсдээд цаашаа авч яваад толгой руу нь цохисон... Миний мэдэж байгаагаар Д гэх залуу нь манай эхнэрийн үснээс зулгаагаад хажуу тийшээ шувтраад цээж хэсэг рүү нь өшиглөсөн, харин тэр залуугийн эхнэр гэх М гээд байгаа эмэгтэй нь учруулсан ба М гээд байгаа эмэгтэй нь манай эхнэрийг үснээс нь зулгаагаад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.1.24-25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Цийн гэрчээр 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... Уг эмэгтэйтэй сүүлд үсдэлцэж байхад миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиж цээж хэсэг рүү өшиглөсөн. Уг маргаан болсны дараа миний толгойн зүүн хэсэгт 2 газар хавдсан байсан. Одоо бодоход сүүлд үсдэлцэж байхдаа машин мөргөсөн байх...” гэх мэдүүлэг /хх.1.26-27/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Болороогийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5889 дугаартай:

          1. Г.Мын биед зүүн зулайн цус хуралт, үс халцралт, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.1.69-70/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх.1.187-189/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Цийн яллагдагчаар 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “... тухайн эмэгтэй нь миний үснээс зулгаагаад доош нь дарсан, би харин тэр эмэгтэйн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа алгадсан. Тэр эмэгтэй бол хөл, гэдэс, нуруу, толгой хэсгүүд рүү олон удаа цохисон, мөн үснээс маань зулгаасан... Б.Н нь тухайн эмэгтэй бид хоёрыг салгасан юм. Тэгээд машиндаа ороод суусан чинь Б.Нн баруун гар талын хуруунуудын салаа болон зүүж байсан бөгжинд урт үснүүд наалдсан байдалтай байхаар нь “хэний үс вэ” гэж асуусан чинь Б.Н уг нь “би хувцаснаас татлаа л гэж бодсон чинь урт үстэй байсан учраас үстэй нь хамт зулгаагдсан юм шиг байна” гэж хэлж байсан. Одоо санаж байхад Б.Н нь тэр эмэгтэйг хойш татах үед тухайн эмэгтэй нь “ёооё” гэж орилсон юм...” гэх мэдүүлэг /хх.1.208/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Цийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... ардаас нөгөө үл таних эмэгтэй үснээс зулгаагаад би арагш савж унасан... Тэр үед миний үс маш ихээр унаж байсан учраас би машинаас буугаад нөгөө үл таних эмэгтэйд хандан “миний үсийг ийм их зулгаасан байна” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй над руу улаан галзуу дайраад байхаар нь цээж хэсэг рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад дээрээс дарсан. Тэр үед би тусламж гуйж “энийг аваач ээ, намайг аллаа” гэж хашхирсан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон, хөлөөрөө биеийн бөөр, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгсэн чинь нөгөө үл таних эрэгтэй болон манай нөхөр Н, дахиад нэг таксинд явдаг гэх ах ирж салгасан. Намайг Н аваад машинд суулгаад өөрөө бас машинд суусан. Машинд суусны дараа Нн бөгжтэй гарт бор өнгийн урт үс бөгжинд нь орооцолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх.2.16-17/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Гийн нэмэлт шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 801 дугаартай:

          1. Э.Цийн биед тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт, хамар, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх.1.62-64/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мын яллагдагчаар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өгсөн: “... Ц болон түүний нөхөр Н нар учруулсан. Намайг Ц түлхэж өвдгөөр газар унагаасан. Тухайн үед Цийн нөхөр Н нь хүрч ирээд маш хүчтэйгээр үснээс зулгаасан. Энэ үед би маш их айсан. Би тэр үедээ өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлсэн, уучлалт гуйж “эгчээ болиоч ээ” гэж хэлж байсан, тэр үед Ц нь “би ч гэсэн жирэмсэн” гэж тавлаж инээж ирээд үснээс зулгааж толгой руу цохиж байсан юм.. Тэгэхээр Н, Ц хоёулаа бүлэглэж миний биед халдаж намайг зодсон юм...” гэх мэдүүлэг /хх.1.148/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт /хх.1.195-198/ зэрэг нотлох баримуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Г.Мын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн зулайн цус хуралт, үс халцралтын хөнгөн гэмтлийг Э.Ц өөрийн нөхөр Б.Нтай бүлэглэн учруулаагүй, харин зөвхөн түүний нөхөр Б.Н учруулсан гэх,

Э.Цийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тархи доргилтын хөнгөн гэмтлийг Г.М нь санаатай учруулаагүй, харин түүний нөхөр А.Д учруулсан гэх мэтээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мөрдөн байцаалтад анх өгсөн мэдүүлгүүдээ өөрчлөн мэдүүлж, энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дүгнэлтүүддээ тайлбарлаж байна.

Гэвч уг гэмт хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох зорилгоор хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүхээс харьцуулж шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэрэг аргаар магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхэд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээс тэдгээрийн хэрэг үйлдэгдсэний дараахан тухайн үйл баримтын талаар мөрдөн байцаалтад анх өгсөн мэдүүлгүүд нь илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц байна гэж үзлээ.

          Улмаар шүүгдэгч Г.М, Э.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, эсхүл эргэлзээтэй гэх зэрэг үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчдийн гэм буруутай эсэх талаар шүүх хуралдаанд гаргасан тэдгээрийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүд үндэслэлгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Бадрал өгсөн мэдүүлэгтээ “Г.Мын биед зүүн зулайн цус хуралт, үс халцралт гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, үснээс чангаах, зулгаах зэрэг үйлдлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн боловч “... хэдэн хүн тухайн гэмтэл учруулсныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр ялгах боломжгүй...” гэсэн нь эргэлзээтэй байх тул мөн шинжээчийн зарим мэдүүлэг /хх.1.231, 2.149/-ийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Шүүгдэгч Г.М, Э.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хохирогч Г.М, Э.Ц нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, харин хохирогч Э.Цийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 96,000 төгрөгийг шүүгдэгч Г.Маас гаргуулж, хохирогч Г.Мын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 1,531,850 төгрөгийг шүүгдэгч Э.Цээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.М, Э.Ц нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Г.М, Э.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М, Э.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээр шүүгдэгч Г.Мд торгох ялын доод хэмжээ оногдуулахыг түүний өмгөөлөгч, шүүгдэгч Э.Цийг ялаас чөлөөлөхийг түүний өмгөөлөгч тус тус хүссэн боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргээс үзэхэд тэдгээрийн өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч Г.М, Э.Ц нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Г.М, Э.Ц нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч З овогт Эийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.М, Э.Ц нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М, Э.Ц нарт тус тус сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Цээс 1,531,850 төгрөг, шүүгдэгч Г.Маас 96,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М, Э.Ц нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР