| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00290/И |
| Дугаар | 104/ШШ2021/00308 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2021/00308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******од оршин суугч ******* овогт *******ийн ******* /РД:/
Хариуцагч: , , тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэг, түүнээс учирсан хохирол 1,910,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Б.тэй 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, тоот 3 өрөө байрыг жилийн хугацаатай, сарын 300,000 төгрөгөөр түрээслэсэн. Түрээсийн гэрээг сунгаж, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс сарын 600,000 төгрөг буюу өдрийн 20,000 төгрөгөөр тохирсон. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны 260,000 төгрөгийг төлөөгүй. Байрыг маш их засварлаж, өрөөний хаалга үүд эвдэрсэн байсан. Иймд хариуцагч Б.өөс засвар хийсэн материалын зардал 623,500 төгрөг, СӨХ-ны төлбөр 170,000 төгрөг, тогны 57,420 төгрөг, засварын хөлс 800,000 төгрөг нийт 1,910,920 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа: Өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Б.д 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс нэг жилийн хугацаатай сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг сунгаж 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Байрыг чөлөөлж өгөөгүй учраас сарын 600,000 төгрөгөөр буюу өдрийн 20,000 төгрөгөөр хөлс авна гэж хэлсэн. Б. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байрыг хүлээлгэж өгсөн учраас суусан хугацааны хөлс 260,000 төгрөг төлөх ёстой. Гэхдээ би энэ мөнгийг авахгүй ч байсан болно. Б. суусан хугацааны СӨХ-ийн төлбөр 170,000 төгрөг, цахилгааны төлбөр 57,420 төгрөг төлөөгүй байсныг би төлсөн учраас авна. Мөн суусан хугацаандаа жижиг өрөөний хаалга эвдсэн, мөн дараагийн айлыг оруулахын тулд засвар хийсэн. Иймд засварын зардал ажлын хөлс 1.423.500 төгрөг, нийт 1,910,920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.*******гийн нэхэмжилсэн 1,910,920 төгрөгөөс тогны 57,420 төгрөг, хаалганы мөнгө 300,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 170.000 төгрөг, нийт 527,420 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх 1,383,300 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Манайхыг ороход засвар хийх шаардлагатай байсан. Гэрэл зургийг баримтаар хавсаргаж өгөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.өөс орон сууц хөлслөх гэрээний үүрэг 487,420 төгрөг, түүнээс учирсан хохирол 1,423,500 нийт 1,910,920 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Н.******* өөрийн өмчлөлийн , тоот хаягт байрлах, 48,36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.д 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд бичгээр гэрээ байгуулан хөлслүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Хөлслөгч Б. уг орон сууцыг хөлслөх хугацаандаа урсгал зардал буюу СӨХ-ний төлбөр 170,000 төгрөг, эрчим хүчний төлбөр 57,420 төгрөг төлөөгүй талаар маргаагүй. Мөн өрөө хоорондын хаалга эвдэж гэмтээсэн үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэлийн үнээс 527,420 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
Шүүх маргаангүй үйл баримт, хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.
Харин хариуцагчийн маргаж байгаа орон сууц хөлслөх гэрээний үүрэг 260,000 төгрөгийг, засварын зардал 623,500, ажлын хөлс 800,000 төгрөгт холбогдох хэсэгт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар ...хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээнэ. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааы хөлс 260,000 төгрөг гаргуулахыг шаардсан. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч хөлслөгч байраа хүлээлгэж өгөөгүйгүйгээс хөлсийг 2 дахин буюу 600,000 төгрөгөөр тооцож авах тухай хөлслөгчид амаар хэлж байснаас бичгээр байгуулсан гэрээ байхгүй байна. Өөрөөр хэлбэл талууд дээрх хугацааны хөлсийг хэлэлцэн тохиролцоогүй учраас хөлслөгч Б. 260,000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй.
Харин нэхэмжлэгч хөлслөгч Б.ийг орон сууцыг чөлөөлж өгснөөс хойш 1,423,500 төгрөгийн зардал гаргаж байрыг сэргээн засварласан болох нь бараа худалдан авсан баримт, ажлын хөлсийг шилжүүлсэн банкны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч уг зардлыг төлөх үндэслэлгүй гэж маргах боловч тайлбарыг нотлосон, нэхэмжлэгчийн гаргасан баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох зохицуулалт нэгэн адил хамаарах учраас энэ хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д зааснаар хөлслөгч Б. гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгч буюу Н.*******д бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хөлслөгч хэрэгжүүлээгүй бол Н.******* Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны хөлс төлөх үүрэг 260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, орон сууц хөлслөх гэрээний дагуу урсгал зардлыг хөлслөгч хариуцан төлөх хууль зүйн үндэслэлтэй учраас СӨХ-ийн зардал 170,000 төгрөг, эрчим хүчний төлбөр 57,420 төгрөг, орон сууцыг засварласан материалын зардал, ажлын хөлс 1,423,500 төгрөг нийт 1,650,920 төгрөгийг хариуцагч Б.өөс гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118.,119., 120, 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.1.2, 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч Б.өөс 1,650,920 /Нэг сая зургаан зуун тавин мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260,000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,525 /дөчин таван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгож, хариуцагч Б.өөс 41,365 /дөчин нэгэн мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4. 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хариуцагч Б.д шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацааны дотор гардуулахыг шүүгчийн туслах А.Сонинцэцэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ