| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2021/00510/и |
| Дугаар | 133/ШШ2022/00066 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2022/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГАА ПГ нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Г холбогдох
Гэм хорын хохирол 3,570,572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Ц.С, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э-г Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг шийдвэрийг Д.Э эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Д.Э-т ажилгүй байсан хугацааны цалин болох 3,570,572 төгрөг олгож, төрийн сангаар дамжуулан түүний данс руу шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А прокурорт гаргасан хүсэлтэд “... Тухайн үеийн Засаг дарга С.Гансэлэмийн буруутай үйлдлийн улмаас Д.Э-т учирсан хохирлыг төрөөс төлсөн байх тул хохирлыг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулж өгнө үү” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар С.Г-с шүүхийн шийдвэрийн дагуу Д.Э-т олгосон нөхөн олговрыг гаргуулж, улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар С.Г нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Д.Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан С.Г-с шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 3,570,572 /гурван сая таван зуун далан мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү.
Хариуцагчийн татгалзал, үндэслэл: Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Д.Э-г 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч хамт олонтойгоо хамтран ажиллаж чадахгүй, удирдан жолоодох чадваргүй учир 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дараагийн захирал С.Ц-т Д.Э-г ажлын байраар хангаж ажиллахыг даалгасан. Тийм учир Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Э нь захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн талаар маргаагүй. Харин өөр ажлын байраар хангуулах талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тухайн үед захирлаар томилогдсон С.Ц нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд энэ тохиролцоогоо хэрэгжүүлээгүйн улмаас Д.Э ажилгүй байсан цалинг миний бие хариуцахгүй гэж үзэж байна.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: С.Г нь төлөх ёстой гэж үзэж байна. С.Г нь ажлаа хийж байсан хүнийг өөрийн болон тухайн үеийн сонирхлоос болж, үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд С.Г-н ашиг сонирхлоос болж, төр хохирох ёсгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаал
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2018 оны 06 дугаар сарын цалингийн цэс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан
- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/56 дугаар “Д.Э-г ажилд томилох тухай” захирамж
- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар “Д.Э-г түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” захирамж
- Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/35 дугаар албан шаардлага
- Говь-Алтай аймгийн Засаг даргын батламж
- С.Г-н 2018, 2019 оны цалингийн тодорхойлолт
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь хариуцагч С.Гансэлэмд холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргасны улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас Д.Э-т цалин хөлс олгож, төрд хохирол учруулсан үндэслэлээр 3,570,572 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл/хавтаст хэргийн 1-3 хуудас/ гаргажээ.
Хариуцагч С.Г нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Д.Э-т цалин хөлс олгох шүүхийн шийдвэрийн хариуцагч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал С.Ц тул хохирлыг хариуцахгүй”/хавтаст хэргийн 50-51 тал/ гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана”, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн үндэслэл,түүнийг нотлох баримт” нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарна, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэл шаардлага, үндэслэлээ тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх бөгөөд энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанй диспозитив зарчим юм.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч С.Г-с 3,570,572 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар 510.1” гэж тодорхойлсон болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурьдсан гэм хорын хохирлыг арилгах урьдчилсан нөхцөл нь хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.
Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар захирамж/хавтаст хэргийн 58 хуудас/-ийн 1 дэх заалтаар Д.Э-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, 3 дахь заалтаар Д.Э-г ажлын байраар хангаж, ажиллахыг тус сургуулийн захиралд даалгажээ.
Д.Э нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиралд холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар захирамжийн 3 дахь заалтын дагуу ажлын байраар хангахыг даалгуулах, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Уг нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал С.Ц нь хүлээн зөвшөөрсөн тул Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар/хавтаст хэргийн 54-55 хуудас/ хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал С.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Д.Э-г химийн багшаар томилжээ.
Улмаар захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Д.Э-т 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3,570,572 төгрөг олгогдсон нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 7 хуудас/, цалингийн цэс/хавтаст хэргийн 15 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдов.
Харин Д.Э-г ажлын байраар хангаж, ажиллахыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиралд даалгасан нь Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Г-н 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар захирамжийн 3 дахь заалт нь захиргааны актын болохын хувьд хууль бус болох нь дээрх бичмэл нотлох баримт/захиргааны хэргийн шүүхийн шийдвэр/-аар тогтоогдсонгүй.
Энэ тохиолдолд шүүхээс Д.Э-т олгогдсон цалин хөлсийг Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж болон Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн улмаас гэж тус тус ялгамжтай авч үзээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу иргэний хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны акт нь хууль бус эсэхэд дүгнэлт хийх эрх хэмжээгүй.
Энэ тохиолдолд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжийн 3 дахь заалт хууль бус болохыг баримтаар нотлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн үүрэг юм.
Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-н тайлбарт дурьдсан хариуцагч С.Г нь “Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргасан” гэх үйл баримт иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хариуцагч С.Г-с гэм хорын хохирол 3,570,572 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч С.Г нь “Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Д.Э-г үндэслэлгүйгээр ажлаас нь халсан” гэх үйл баримт буюу “бусдын эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан” нь нотлогдон тогтоогдоогүй тул “С.Г нь Д.Э-г хууль бусаар ажлаас халсан тул төрд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Т.О-н дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Мөн түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурьдсан “С.Г нь хувийн ашиг сонирхлын улмаас Д.Э-г ажлаас халсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлд хавсаргасан Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан/хавтаст хэргийн 23-31 хуудас/, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/35 дугаар албан шаардлага/хавтаст хэргийн 32 хуудас/, Говь-Алтай аймгийн Засаг даргын батламж/хавтаст хэргийн 33-34 хуудас/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь С.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Тус шүүхээс хариуцагч С.Гансэлэмд шүүх хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэхэд “Би өөрөө Улаанбаатар хотод байгаа учир оролцох боломжгүй” гэсэн хариу өгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. Мөн түүнчлэн хариуцагч нь хариу тайлбартаа шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийн эзгүйд, түүний урьд бичгээр гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г-с гэм хорын хохирол 3,570,572/гурван сая таван зуун далан мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь хариуцагч С.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ