| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01349/И |
| Дугаар | 155/ШШ2022/00284 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2022/00284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28 дугаар гудамжны 13 тоотод оршин суух М Мын Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багт оршин суух А Бгийн -т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 9,300,000 (есөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Б,
Хариуцагч: Б.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Түвшинтөгс,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батдорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Сувд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 9,300,000 (есөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие нөхөр болох Б.Нтай танилцан үерхэж байгаад 2021 оны 01 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Н.Л төрсөн. Нөхөр маань 2021 оны 4 дүгээр сард миний төрсөн дүүг хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн. Хэдийгээр миний дүүг санаатайгаар амь насыг нь хохироосон талаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа боловч үүнээс үл хамаарч би гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухай шүүхэд гаргасан шаардлагаасаа татгалзаж байна. Би цаашид Б.Нтай хамт амьдарч чадахгүй, айж байна. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй. Эвлэрэх бодол надад байгаагүй тул уулзаагүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тодорхойллоо.
Хариуцагч Б.Н би гэрлэлтээ цуцлууллаа гэхэд ял авч байгаагаас ялгаагүй байна. Сэтгэл санааны хувьд хүндрэлтэй байна. Тухайн үед хоёулаа амьдралын төлөө зүтгэдэг байсан. Нэг л өдөр ийм зүйл болсон. Тэр асуудалд миний болон эхнэрийн буруу бас байгаа. Би нэг алдсан, эхнэрийнхээ дүүг тэгнэ гэж бодоогүй. Би энэ охины төлөө л гэж явдаг байсан. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хуагцаанд бид уулзаагүй, учир нь надад шүүхээс хохирогч тал буюу эхнэртэйгээ уулзахыг хязгаарласан захирамж гарсан. Үүнээс болоод би уулзаж чадаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, (хх-ийн 1-2 дугаар тал)
2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хх-ийн 3-4 дугаар тал)
Татварын хэлтсийн улсын байцаагчийн тодорхойлолт, хүсэлт, (хх-ийн 5-6 дугаар тал)
Далайн элбэрэлт ӨЭМТ-ийн их эмч Х.Ичинхорлоогийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ...Эрүүл бойжиж байгаа нь үнэн... гэх тодорхойлолт, (хх-ийн 7 дугаар тал)
иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 8 дугаар тал)
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримт, (хх-ийн 9-13 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон РД: РЭ19290478, овог: А, эцэг/эх-ийн нэр: Н, нэр: Л, хүү, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрснийг 2019 оны 9 дүгээр сарын 149-ний өдөр бүртгэсэн гэх төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 14 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон РД: РЮ99082931, овог: А, эцэг/эх-ийн нэр Б, нэр: Н, РД: РЮ02281703, овог: М эцэг/эх-ийн нэр: М, нэр: Б нарын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 6701000021 дугаарт бүртгэсэн Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 15 дугаар тал)
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ...Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ийн эх хувь баримт (хх-ийн 16 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14/03 дугаартай ...М Б (РЮ02281703) нь 8, ээж, ах, дүү, хүү нарын хамт эрчим 13 дугаар багийн 28-13 тоотод оршин суудаг нь үнэн... тодорхойлолт, (хх-ийн 42 дугаар хуудас)
Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн сургалын менежер Ж.Баттогтохын ...М овогтой Б /РЮ02281703/ нь 2021-2022 оны хичээлийн жилд Хөвсгө аймаг дахь ПТК-ийн бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжлийн 1Б ангид 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй суралцаж байгаа нь үнэн... гэх тодорхойлолт, (хх-ийн 43 дугаар тал)
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/420 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн эх хувь (хх-ийн 44-49 дүгээр тал)
Хариуцагчаас ХААН банкны 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №20224704858 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээ (хх-ийн 91 дүгээр тал)
ХААН банкны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №202247335398 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээ (хх-ийн 92, 93 дугаар тал)
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар баримт (хх-ийн 94, 95 дугаар тал)
Хөвсгөл аймгйн Мөрөн сумын Үерт багийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14/20 дугаартай ...А овгтйн Бгийн Н /РЮ99082931/ нь ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар Мөрөн сумын 9 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор Б.Нын нэр дээр мал тоологдоогүй болно гэх тодорхойлолт, (хх-ийн 96 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 14/23 дугаартай ...А овгийн Бгийн Н (РЮ99082931) нь ам бүл 6, 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 8, үхэр 3, хонь 40, ямаа 60, бүгд 111 толгой мал тоолуулсан... гэх тодорхойлолт, (хх-ийн 97 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай...Түнэл сумын 4 дүгээр багийн иргэн Б овогтой Н /РЮ99082931/ ам бүл 3, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой малгүй өрх мөн... гэх тодорхойлолт, (хх-ийн 97 дугаар тал) зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.Нт нэхэмжлэлийг гардуулах, хариу тайлбар авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг ажиллагааг хийж баримтуудыг (хх-ийн 18-19, 21-28, 15, 24-29 дугаар тал) шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Нямбарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 9,300,000 (есөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь хэргийг хянан шийдэрлэх шүүх хуралдаанд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 9,300,000 (есөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, маргаж байна.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Гэрлэгчид нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №670100021 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн дундаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү Н.Л төрсөн болох нь Ихүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14-5 дугаар тал/
Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Б.Н нар нь М.Бн төрсөн дүүгийн амь насыг Б.Н хохироосон гэх шалтгаанаас болоод 2021 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгсөн боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй болно.
Иймд шүүх нэхэмжлэгч М.Б, хариуцагч Б.Н нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Н.Л төрсөн ба зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Нэхэмжлэгч М.Б нь хүү Н.Лхагвсүрэнг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй тул хүү Н.Лхагвсүрэнг төрсөн эх М.Бн асрамжид үлдээж, эцэг Б.Наас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэв.
Түүнчлэн хүү Н.Лхагвсүрэнг эх М.Бн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Н, эх М.Б нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 9,300,000 (есөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 163,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн хүү Н.Лг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Н төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Н сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.442,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38, 028 төгрөг байна.
Иймд хариуцагч Б.Наас 105,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2,691 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А Бгийн Н , М Мын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн хүү Н.Лг төрсөн эх М.Бгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн хүү Н.Лг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Наас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Н, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Б нарт тус тус даалгасугай.
5.Нэхэмжлэгч М.Б нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 9,300,000(есөн сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзсаныг баталж, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 163,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 105,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2,691 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ