Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/хт2026/00021

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04692 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/01577 дугаар магадлалтай,

С.О-ийн нэхэмжлэлтэй,

“Х” УТҮГ-т холбогдох,

2024.07.17-ны өдрийн Б/267 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “Х” УТҮГ-т холбогдуулан 2024.07.17-ны өдрийн Б/267 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04692 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” УТҮГ-т холбогдох Х-ийн Ерөнхий захирлын 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын С.О-т холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.О-ийн гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн *** тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/01577 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04692 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” УТҮГ-т холбогдох тус төвийн ерөнхий захирлын 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.17-ны өдрийн 210/MA2025/01577 дугаар бүхий магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан 2024.06 сарын 18 болон 19-ний өдрийн Х-ийн захирлын зөвлөлийн хурлын 32, 33-р тэмдэглэлээр /х-76-88/ нэхэмжлэгч С.О-ийн хариуцан ажиллаж байгаа эм зүйн албаны ажилчид эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр солих зөрчлүүдийг гаргаж, түүнд Х-ийн дарга 2024.06.19-ний өдрийн Б/225 тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдсон бөгөөд тус зөрчлийг үргэлжлүүлэн шалгасан болох нь 2024.07.02 болон 16-ны өдрүүдийн 37, 41-р захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс тогтоогдож байна. Нэгэнт 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаалын үндэслэх хэсэгт эд хөрөнгө дутаасантай холбоотой асуудлыг мэдсээр байж, түүнийг таслан зогсоогоогүй, холбогдох хууль, дүрэм, журмаар тогтоосон хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөөгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан тул 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар дахин холбогдох хууль, дүрэм, журмаар тогтоосон хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас санхүүгийн хагас жилийн тооллогоор зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан “сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх 2024.06.19-ний өдрийн Б/225 болон 2024.07.17-ны өдрийн Б/267 тушаалууд өөр өөр үндэслэл дурдаж сахилгын шийтгэл оногдуулсан гэж дүгнэснээс болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дутуу үнэлж, хуулийн буруу тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан.

Учир нь 2024.06 сарын 18 болон 19-ний өдрийн Х-ийн захирлын зөвлөлийн хурлын 32, 33-р тэмдэглэл, 2024.07 сарын 2 болон 16-ны өдрүүдийн 37, 41-р захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс харахад бүхэлдээ эмнэл зүйн нэр бүхий ажилчид албан үүрэгтэй хайхрамжгүй хандаж, эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр солих зөрчлүүдийг гаргасантай холбогдуулан хяналт шалгалт явуулсан байх бөгөөд түүнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж тус албаны дарга С.О-ийг буруутгасан байдаг. Гэтэл тус үйлдэлтэй нь холбогдуулаад нэгэнт 2024.06.19-ний өдрийн Б/225 сануулах арга хэмжээ авчихсан атлаа үргэлжлүүлэн шалгасан ижил үйлдэлд нь дахин өөр сахилгын шийтгэлийн төрлийг давхардуулан ногдуулсныг өөр, өөр үндэслэл дурдсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тус сахилгын зөрчил ногдуулаад үндэслэл нь өөр боловч зөрчил нь ижил болохыг давж заалдах шатнаас буруу дүгнэсэн.

4.2. Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэхдээ С.О-ийн оролцсон 2024.07.02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, гараар бичсэн тайлбар зэргийг үндэслэсэн байдаг. Гэтэл маргаан бүхий 2024.07.17-ны өдрийн Б/267 тушаалд 2024.07.16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байх бөгөөд тэр үед С.О ээлжийн амралттай тус хуралдаанд ороогүй болох нь баримтаар тогтоогддог. Мөн гараар бичиж өгсөн гэм буруугаа хүлээсэн баримтыг үндэслэдэг. Гэтэл тэр нь 2024 оны 6 сард гарсан зөрчилтэй холбогдуулан маргахгүйгээр гэм буруугаа хүлээсэн баримтыг 7 сарын ямар ч огноогүй байхад өөрөөс нь тайлбар авсан байна, нэхэмжлэгч нь гэм буруугаа хүлээсэн байна гэдэг байдлаар нотлох баримтыг гуйвуулан, буруу үнэлсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөв бодитой дүгнэх үүргээ биелүүлээгүй процессын ноцтой зөрчлийг гаргасан. Мөн дээрээс нь нэхэмжлэгчийн зүгээс эм зүйн албаны ажилтан албан хаагчдынхаа гаргаад байгаа зөрчлийн талаар байгууллагын удирдлагуудад удаа дараа мэдэгдэж байхад түүнийг шийдвэрлээгүй үйл баримтын талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан атал, шүүхээс зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй нь шүүх хэт нэг талыг баримталж шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэл бүрийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.26-ны өдрийн 191/ШШ2025/04692 дугаар бүхий шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.12-ны өдрийн 001/ШХТ2025/01263 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдолыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “Х” УТҮГ-т холбогдуулан 2024.07.17-ны өдрийн Б/267 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Би 2024.07.09-ний өдрөөс 8 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд энэ хугацаанд Ерөнхий захирлын Б/267 тоот тушаалаар надад 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болохыг 2024.08.06-ны өдөр мэдсэн. Энэхүү сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн сахилгын шийтгэлд дурдсан сахилгын зөрчлийн талаар надаас ямар нэг тайлбар мэдүүлэг авалгүйгээр, ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 болон 123.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. ... Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулахгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2024.06.19-ний өдрийн Б/225 тоот тушаал болон 2024.07.17-ны өдрийн Б/267 тоот тушаалын агуулга ижилхэн. Энэ нөхцөл байдал нь тухайн эм зүйн албаны ажилтан, албан хаагчид нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал гаргасан. Түүнтэй нь холбогдуулаад С.О нь тодорхой албан тушаалтнууд дээр өдөр тутмын удирдан зохион байгуулах, чиглэл өгөх зэрэг чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг байдлаар 2024.06.19-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Энэ хяналт шалгалтын үйл ажиллагаа ... үргэлжлээд явж байхад ... давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Х” УТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Эм зүйн албыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, эцсийн хариуцлагыг нь хүлээх эрх бүхий албан тушаалтан бол Эм зүйн албаны дарга С.О бөгөөд ... хариуцсан албаны эм зүйч нар нь 800 ширхэг 09%-ийн натри хлоридын уусмал дутаан энэ тухайгаа захиргаа болон санхүүд мэдээлээгүй нуун дарагдуулж байгааг мэдсээр байж ажилтнуудтайгаа үгсэн хуйвалдсан зөрчил гаргасан тул 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл урьд гаргасан зөрчил дутагдлаа засахын оронд дахин зөрчил гаргасан буюу албан тушаалын тодорхойлолтын дагуу Төвийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, эм зүйч, эм найруулагч нарын анхан шатны маягт бүртгэл, хуудасны хөтлөлт, нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг хангахад хяналт тавьж ажиллаагүйгээс эм зүйн албанд алдаа дутагдал гарч их хэмжээний төлбөрийн асуудал гарсан нь ... дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. 2024.07.17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу С.О-т мэдэгдэж, тайлбар бичгээр авч, Удирдлагын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцсэн болно.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар С.О-ийн хариуцан ажиллаж байгаа эм зүйн албаны ажилчид ... эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр солих зөрчлүүдийг гаргасан, С.О нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу албаны эм зүйч, бусад ажилтан алдаа зөрчил гаргахгүй ажиллахад анхаарч ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэж хаалттай сануулах арга хэмжээг авсан нь С.О-ийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.1-д нийцсэн. Х-ийн Эм зүйн албаны ажилчдын эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр сольсон зөрчлүүдийг үргэлжлүүлэн шалгаж, 2024.07.02, 2024.07.16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар С.О-т үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу мэдэгдээгүй, тайлбар аваагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй ба ээлжийн амралттай байх хугацаанд арга хэмжээ авсан гэх тайлбар нь үндэслэлгүй. ... С.О-ийн хувьд эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр сольсон зэрэг зөрчлийг гаргасан болохыг нягтлан бодогч, аудитор гэх мэт санхүүгийн мэргэжилтнүүд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгалт явуулж, акт гараагүй байхад санхүүгийн хагас жилийн тооллогоор зөрчил гарсан ... гэж үзсэн нь үндэслэлгүй, ... Б/267 тоот тушаалын үндэслэлд дурдсан хариуцсан албаны эм зүйч нарын үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журмаар тогтоосон хяналт тавиагүй гэсэн зөрчлийг С.О нь 2024.06.19-ний өдрөөс хойш гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан ...С.О-т байгууллагад төлөх төлбөр гараагүй... гэх тайлбар зэргээс С.О-т дахин сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ... Хийн Ерөнхий захирлын 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэр бүхий 5 ажилтанд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байх тул Б/267 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд ... уг тушаалын С.О-т холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. Тодруулбал, Хийн захирлын зөвлөлийн хурлын 2024.07.02-ны өдрийн 37 дугаар тэмдэглэлд ... Эм зүйн албаны доголдолтой үйл ажиллагааны талаар яригдсан байх ба уг хуралдаанд нэхэмжлэгч С.О оролцож хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн, ...  2024.07.16-ны өдрийн хурлын 41 дүгээр тэмдэглэлд Эм зүйн албаны бүх ажилтан, албан хаагчид өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бичгийн тайлбар өгсөн, үүнд мөн албаны дарга С.О-ийн өөрийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар авагдсаныг тэмдэглэж, ... маргаан бүхий 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар Эм зүйн албаны нийт 6 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Харин, Х-ийн ерөнхий захирлын 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаал болон тус төвийн Захирлын зөвлөлийн 2024.06.18-ны өдрийн 32 дугаар, 2024.06.19-ний өдрийн 33 дугаар тэмдэглэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч С.О-т Эм зүйн албаны даргын хувьд өөрийн хариуцсан албаны эм зүйч нар 800 ширхэг 0,9 хувийн натри хлорид уусмал дутагдуулсныг Захиргаа болон санхүүд мэдээлээгүй, нуун дарагдуулсан, мэдсээр байж уг зөрчлийг таслан зогсоогоогүй, ... хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул уг тушаалд заасан зөрчлийг гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тус төвийн Ерөнхий захирлын 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаал болон 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалуудад өөр өөр үндэслэл дурдаж сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцээгүй байна. ...Нэхэмжлэгч С.О-т урьдчилан мэдэгдэж, түүнээс бичгийн тайлбар авсан нь ... тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийн талаар түүний ээлжийн амралт эхлэхээс өмнө буюу 2024.07.02-ны өдөр мэдэгдэж, өөрөөс нь амаар тайлбар авсан байх тул ээлжийн амралттай байх хугацаанд нь ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчоос ажилтанд сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан эсэх үйл баримтыг зөрүүтэй тогтоож, өөр шийдэл гаргасан ба давж заалдах шатны шүүх маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.

12. Нэхэмжлэгч С.О нь “Х” УТҮГ-т эм зүйн албаны даргаар ажилладаг бөгөөд түүнд Хийн Ерөнхий захирлын 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар “...өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах ...” 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар “... үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувь бууруулах ...” сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

13. Нэхэмжлэгч С.О нь хариуцагчийн 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдол, шаардлага гаргаж, үндэслэлээ “... ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар аваагүй, ээлжийн амралтын үед сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан ...” гэж тодорхойлсон.

14. Хоёр шатны шүүхийн ажилтанд ээлжийн амралттай үед сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч С.О нь 2024.07.01-2024.08.20-ны өдөр хүртэл нийт 27 хоног ээлжийн амралт эдэлж эхлэх байсан боловч өөрийн хүсэлтээр 2024.04.10-2024.04.15 хүртэл 4 хоног, 2024.07.08-2024.07.31 хүртэл 14 хоног, 2024.08.26-2024.09.05 хүртэл 9 хоног буюу ээлжийн амралтыг хэсэгчилж эдэлсэн байх ба түүнд сахилгын шийтгэл ногдуулах үед ээлжийн амралттай байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар ажилтан ... ээлжийн амралттай байсан нь сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудалд хамааралтай болно.

15. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Х-ийн захирлын зөвлөлийн 2024.07.02-ны өдрийн хуралд нэхэмжлэгч оролцож гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, 2024.07.16-ны өдрийн хуралд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбарыг үндэслэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнд мэдэгдэж, тайлбар авах, улмаар сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь Х-ийн захирлын зөвлөлийн 2024.07.02-ны өдрийн хуралд оролцсон боловч уг хурлаар тус байгууллагын эм зүйн албанаас эм, эмнэлгийн хэрэгсэл дутсан асуудлын талаар хэлэлцэж, эм зүйн албаны дарга С.О, эм зүйч ... нараас бусад байгууллагад эм тариа шилжүүлсэн шалтгаан нөхцөлийн талаар бичгээр тайлбар авахаар шийдвэрлэсэн, 2024.07.08-ны өдрийн хурлаар мөн эм тариа эмнэлгийн хэрэгслийн нөөцөд гарсан асуудалд дотоод аудитын хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, дахин шалгалтын ажиллагаа явуулах, уг асуудалтай холбоотой зарим зүйлийг тодруулахаар шийдвэрлэсэн зэргээс үзэхэд эдгээр хурлаар хариуцагчид сахилгын шийтгэл ногдуулах талаар хэлэлцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн байгууллагын эм зүйн албаны албан хаагчид зөрчил гаргасан эсэх, түүний шалтгаан нөхцөлийг хэлэлцсэн гэж үзэхээр байна.

Харин хариуцагч 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гаргахдаа 2024.07.16-ны өдөр Хийн захирлын зөвлөлийн хурал хийж, уг хурлаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг хуралд нэхэмжлэгч С.О оролцоогүй тул түүнд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авсан гэж үзэх үндэслэлгүй.

16. Улмаар зохигч сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан эсэх асуудлаар маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.” гэж, 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.” гэж тус тус заасан.

Хариуцагч буюу ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт сахилгын зөрчлийн талаар 2024.06.19-ны өдрийн Б/225 дугаар тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2, 10.2.2.7, Хөдөлмөрийн гэрээний 3.3-т заасныг үндэслэн “... хариуцсан албаны эм зүйч нар нь 800 ширхэг 0,9%-ийн натри хлоридын уусмал дутаан, энэ тухайгаа захиргаа болон санхүүд мэдээлээгүй нуун дарагдуулж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй, холбогдох хууль, дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөөгүй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ...” гэж заасан бол 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.4, Хөдөлмөрийн гэрээний 3.3.4-т заасныг тус тус үндэслэн “...хариуцсан албаны эм зүйч нарын үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журмаар тогтоосон хяналт тавихгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас санхүүгийн хагас жилийн тооллогоор зөрчил гаргасан ...” гэжээ.

Энэ нь хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан “стандарт зөрчих, мэргэжлийн алдаа гаргах” гэсэн сахилгын зөрчилд хамаарч байна.  

Анхан шатны шүүх “Х” УТҮГ-ын эм зүйн албаны ажилчдын гаргасан зөрчил буюу эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр сольсон зэрэгт нэхэмжлэгч С.О нь албаны даргын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, ажил олгогчоос 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаалаар хаалттай сануулах арга хэмжээг авч, уг зөрчлийг үргэлжлүүлэн шалгасан атлаа 2024.07.16-ны өдрийн хуралдаанаас нэхэмжлэгчид дахин сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Х” УТҮГ-ын захирлын зөвлөлийн 2024.06.18-ны өдрийн хурлаар эм зүйн албанд эм тариа дутсан буюу 800 ширхэг натри хлоридын уусмал дутсан эсэх асуудлыг хэлэлцээд дотоод хяналт шалгалтаар бүх гүйлгээг шалгах шаардлагатай гэж үзсэн, 2024.06.19-ний өдрийн хурлаар 800 ширхэг натри хлоридын уусмал дутсан зөрчилд Эм зүйн албаны тодорхой нэр бүхий албан хаагч болон албаны даргад сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн боловч уг асуудалтай холбоотойгоор тус албанд эд хөрөнгийн тооллого хийж байгаа, мөн дотоод хяналт шалгалт хийх талаар дурдагдсан, улмаар 2024.07.02-ны өдрийн хурлаар дээрх 800 ширхэг натри хлоридын уусмал дутагдсан шалтгаан болон бусад гарсан зөрчил дутагдлын талаар хэлэлцэж, эм зүйн албаны дарга, албан хаагчдаас бичгээр тайлбар авахаар шийдвэрлэсэн, 2024.07.08-ны өдрийн хурлаар дотоод аудиторын болон хяналт шалгалтын дүнг хэлэлцээд албан хаагчдын гаргасан зөрчил, түүний үнийн дүнг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн, 2024.07.16-ны өдрийн хурлаар санхүүгийн хагас жилийн тооллого болон дотоод аудиторын шалгалтын дүнг албан хаагч нэг бүрчлэн хэлэлцэж, тэдгээрт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл “Х” УТҮГ-ын эм зүйн албаны ажилчид эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр сольсон, дутагдуулсан зэрэг зөрчил гаргасан эсэх асуудлыг тухайн байгууллага хэлэлцэж шийдвэрлэсэн, энэ нь анх 800 ширхэг натри хлоридын уусмал дутсан асуудлаас улбаатай өөр зөрчил дутагдал байгаа эсэхийг нягтлан шалгасан байгаагаас үзэхэд сахилгын хэд хэдэн зөрчил гэж үзэх үндэслэлгүй, гагцхүү зөрчил илэрсэн, зөрчлийг шалган тогтоох зэргээр цаг хугацааны хувьд үргэлжилсэн нөхцөл байдал байна.

Иймээс давж заалдах шатны шүүх 2024.06.19-ний өдрийн Б/225 дугаар тушаал болон 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалуудад өөр өөр үндэслэл дурдаж сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д нийцээгүй.

Мөн ажил олгогчийн шийдвэрт санхүүгийн хагас жилийн тооллогоор гарсан зөрчил гэж дурдсан боловч тооллого хийсэн болон дотоод аудиторын хяналт шалгалтын баримт хэрэгт авагдаагүйгээс 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь өмнөх сахилгын шийтгэл ногдуулсны дараа бие даасан өөр зөрчил илэрсэн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй.

17. Эдгээр үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгч С.О-т сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан нь тогтоогдсон тул Х-ийн Ерөнхий захирлын 2024.07.17-ны өдрийн Б/267 дугаар тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/01577 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                            Д.ЦОЛМОН