| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2019/0132/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 24
2020 05 27 2020/ДШМ/24
Э.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Догмиддорж /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,
Шүүгдэгч: Э.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Ат холбогдох, эрүүгийн 1920001310094 дугаартай, 2 хавтас, 407 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Э.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Капитал банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сард хоосон бичилт хийж, касснаас 20000000 /хорин сая/ төгрөгийг Б.Н-н 2006023216 дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20000000 /хорин сая/ төгрөгийн дутагдал бий болсон,
2018 оны 11 сард хоёр АТМ цэнэглэх 120000000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөс 50000000 /тавин сая/ төгрөгийг дутуу цэнэглэж уг мөнгийг хувьдаа завшсан буюу 20000000 /хорин сая/ төгрөгөөр касс дахь 20000000 /хорин сая/ төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30000000 /гучин сая/ төгрөгийн 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг Т.Гт байрны төлбөр өгч, үлдэх 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,
2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30000000 /гучин сая/ төгрөгийн хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан,
2019 оны 03 сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий гэсний дагуу 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50000000 /тавин сая/ төгрөгийг нөхөж хийх шаардлагаар тус тус хадгаламж эзэмшигч Б.Нийн нэр дээр 50000000 /тавин сая/ төгрөгийн хуурамч хадгаламж барьцаалсан зээл авч, өөрийн Голомт банкны данс руу 1000000 /нэг сая/ төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч, улмаар түүнийгээ Төв банк руу АТМ-ын мөнгө гэж зузаатгасан,
2019 оны 03 сарын 14-ний өдөр иргэн Т.Гаас худалдаж авсан байрны мөнгө болох 20000000 /хорин сая/ төгрөгийг өгөхийн тулд хадгаламж эзэмшигч Б.Б-н данснаас дахин 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж ашигласан буюу нийт 176000000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А-г 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Ааас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 46000000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Капитал банк дахь эрх хүлээн авагчид олгож,
шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох болон хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.А хохирол төлбөрөө 05 дугаар сард төлөхөөр тохирсон учраас байр барьцаалсан зээл авсан. Тэр байраараа хохирлоо барагдуулахаар ярьсан байсан. Хэрэв шүүгдэгч хохирлоо төлчихвөл торгуулийн ял аваад гэртээ байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж анхан шатны шүүх хуралдаанд орсон. Миний давж заалдах гомдлын гол үндэслэл нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзсэн. Шүүх хуралдаанд оролцоод эхний тайлбараа гаргаад, шүүгч асуулт асууж байх хооронд шүүгчээс татгалзсан. Гэтэл намайг шүүгч “дуугүй бай” гэсэн. Би дахин шүүгчид татгалзах үндэслэлээ хэлэх гэтэл намайг шүүх хуралдааны дэг зөрчлөө, дахин ийм үйлдэл гаргавал арга хэмжээ авна гэж хэлсэн. Ингээд шүүгч миний татгалзсан татгалзлыг хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байдаг. Шүүх хуралдааны явцад татгалзах боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгчээс татгалзаж болохоор зохицуулсан. Энэ заалтын дагуу шүүгчээс татгалзсан боловч хүлээж аваагүй. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл дээр энэ талаар огт тусгаагүй. Хэрвээ шүүгчээс татгалзвал ерөнхий шүүгч дангаараа шийдвэрлэж, тухайн татгалзлыг хэр үндэслэлтэй, ямар шалтгаанаар татгалзсаныг нь хянан шийдвэрлэх боломжтой учраас би татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол, мөн зүйлийн 1.9 дэх хэсэгт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан. Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэхэд нь шүүгч “Чи хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас мэдүүлэг өгөхгүй байгаа юм биш үү” гэж хэтэрхий хувийн ашиг сонирхол гаргаж харьцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй учраас тэр өдөр иргэний нэхэмжлэгч хажууд өөр шүүх хуралдаанд оролцоод явж байсан. Ингэснээрээ бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна. Ийм учраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдол дээрээ нэмээд хэлэхэд 05 дугаар сард 46000000 төгрөгийн хохирлыг барагдуулъя гэсэн. Одоо хохирол, төлбөр төлөхөд яг бэлэн болчихсон байгаа. Байраа суллачихсан, тодорхой хэмжээний мөнгийг нэмж бэлдсэн. Ингээд шүүгдэгчийн ар гэр хохирлоо бэлэн мөнгөөр, үлдсэнийг нь байраар төлж барагдуулъя гэж иргэний нэхэмжлэгч болон Монгол банкнаас томилогдсон эрх хүлээн авагчтай нь ярьж тохирсон. 05 дугаар сард хохирлыг нь барагдуулчихвал шүүгдэгчид заавал 2 жилийн хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзээд байгаа юм. Шүүгдэгч бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч ажилтай. Цар тахал гарсантай холбогдуулан эхнэр нь 14 хоног, заримдаа түүнээс цөөн хоногоор тусгаарлагдаж байгаа учраас бага насны 2 хүүхэд нь харгалзах хүнгүй болчихдог. Шүүгдэгчийн ээж нь хөгжлийн бэрхшээлтэй дүү нарыг нь хардаг учраас хүүхдүүдийг нь харж өгөх боломжгүй. Тийм учраас шүүгдэгчид 3 жилийн турш хэсэгчлэн төлөх торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзээд хохирлыг нь төлүүлэх гээд байгаа юм. Гол зорилго нь хүнийг хорих биш, хохирлыг төлүүлэх юм гэж би үзэж байгаа. Хэргийг буцаагаад, хохирлоо төлөөд дараагийн шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчтэйгээ санал нэг байна” гэв.
Хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Э.Аын үйлдсэн гэмт хэрэг нь зүйлчлэлийн хувьд хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6, 7 дугаар зүйлийг хэрэглэх гэхээр заавал хохирол нөхөн төлсөн байхыг шаарддаг. Анхан шатны шүүх хуралдаан явагдах үед шүүгдэгч хохирлоо төлж барагдуулаагүй байсан. Одоо 46000000 төгрөг төлөх дутуу. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзсанаа амаар хэлсэн нь үнэн. Гэхдээ бичгээр албан ёсны хүсэлт өгөөгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
1/ Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөв тогтоогоогүй байх ба энэ нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал шүүгдэгч Э.Аын холбогдсон эрүүгийн хэрэгт Б.Нэргүйг иргэний нэхэмжлэгч/2хх-57/-ээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчжээ.
Хуульд зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг “хохирогч”, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг “иргэний нэхэмжлэгч”, харин хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “хууль ёсны төлөөлөгч” гэж тус тус тодорхойлсон.
Гэтэл энэ хэрэгт хуулийн этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлтэй байхад Б.Нэргүйг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахын зэрэгцээ түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохыг хүссэн эрх бүхий этгээдийн хүсэлтгүйн гадна Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбишээс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1597 дугаар албан бичигт “Э.Аын тухай мэдээлэл, тайлбар өгөх эрхийг зээлийн мэргэжилтэн Б.Нэргүйд олгож байна” гээд энэхүү эрх олгосон хүчинтэй хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусна гэсэн байх тул Б.Нэргүйг “хууль ёсны төлөөлөгч”-өөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн Б.Нэргүй нь тухайн цаг хугацаанд зээлийн мэргэжилтэн гэх ажил албан тушаалыг эрхэлж байгаагүй болох нь Банкны эрх хүлээн авагч М.Адилбишийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б.Нэргүйг “Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын албанд орон нутгийн ажилтан”-аар томилсон тухай Б-267 дугаар тушаалаар тогтоогдож байна.
Түүнчлэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаал/1хх-114/-д “Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, Капитал банк дахь Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг хууль тогтоомжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилээр тогтоосугай” гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбишийг шүүгдэгч Э.Ат холбогдох эрүүгийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгаж, тодруулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг үндэслэлтэй зөв тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн шаардлагад нийцэх юм.
2/ Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байхад эрх бүхий этгээдийн шүүх хуралдаанд оролцох эрхийг прокурор болон шүүгчээс хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй гэж үзнэ.
3/ Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаан даргалагчаас “Шүүгчийг татгалзан гаргах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулаагүй болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын тайлбар мөн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгах байтал тусгаагүй нь мөн хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг хуульд заасан үндэслэлээр татгалзвал шүүгчээс шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг эрх бүхий этгээдэд танилцуулж шийдвэрлүүлэх байтал шийдвэрлүүлээгүй нь тус тус хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан болсон өдрийг “...24 өдөр” гэж, шийтгэх тогтоолд бичигдсэнээс өөрөөр бичсэн байгааг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.А нь 36 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА