Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ү ХХК,

Хариуцагч: Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М,

Гомдлын шаардлага: Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Ц.Ө, гэрч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдол гаргагч нь сүлжээ дэлгүүр болон түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж юм. Манай гомдол гаргагч нь Гүүдпрайс сүлжээ дэлгүүртэй ба энэхүү сүлжээ дэлгүүр нь Шангрила молл худалдааны төв, Зайсан скаур төвт байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Зах зээлд чиглэхдээ өндөр үнэтэй, чамин, тансаг бараа зардгаараа танигдсан дэлгүүр юм. Хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудсаар махыг зах зээлийн үнээс өндөр зарсан байх Өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4.7-т заасны дагуу манай компанийг 20 сая төгрөгөөр торгосон.

Тус шийтгэлийн хуудсыг манай зүгээс эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өрсөлдөөний тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байдаг. Хариуцагч нь анх торгохдоо хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн баримтыг гаргаж ирүүлсэн байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн албан бичгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж хариу өгч байсан.

...Бид махыг бүхлээр нь аваад арьс хялгастай нь зарах нэг өөр, манайх бүхлээр нь авдаг хүн гэж байхгүй. Махыг хэсэгчлээд жижиг ангилан зардаг. Ийм байдлаар нь ангилахад маш их бохирдол гаргасан тул маш их хог хаягдал гарч байгаа. Иймд задгай махны үнэтэй адилтгах боломжгүй.

Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт байгаа. Манай зүгээс ямар нэгэн байдлаар өрсөлдөөний хязгаарах үйл ажиллагаа явуулаагүй. Ямар сүлжээ дэлгүүрийн ямар өрсөлдөөнийг нь яаж хязгаарласан юм гэдэг талаар зөрчил шалган шийдвэрлэх, хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд байхад тус заалтад зааснаар торгосон нь үндэслэлгүй байна.

Бид махыг бүхлээр нь аваад арьс хялгастай нь зарах нэг өөр, манайх бүхлээр нь авдаг хүн гэж байхгүй. Махыг хэсэгчлээд жижиг ангилан зардаг. Ийм байдлаар нь ангилахад маш их бохирдол гаргасан тул маш их хог хаягдал гарч байгаа. Иймд задгай махны үнэтэй адилтгах боломжгүй.

Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт байгаа. Манай зүгээс ямар нэгэн байдлаар өрсөлдөөний хязгаарах үйл ажиллагаа явуулаагүй. Ямар сүлжээ дэлгүүрийн ямар өрсөлдөөнийг нь яаж хязгаарласан юм гэдэг талаар зөрчил шалган шийдвэрлэх, хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд байхад тус заалтад зааснаар торгосон нь үндэслэлгүй байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 02 дугаар сард Засгийн газрын 78 дугаар тогтоолоор хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт, мөн үлдэгдлийн хөдөлгөөнд хяналт тавих мөн үнийг тогтвортой байлгах үүрэг чиглэл авч ажилласан.

...Хяналт шалгалт хийснээс 12-13 дахь өдөрт гомдол гаргагчийн худалдаалж буй махны үнэ өндөр байна гэдэг мэдээллийн дагуу очиж шалгахад 16.000 төгрөгөөр худалдаалж байсан. Тухайн үед зах зээлийн дундаж ханш 12.500 төгрөг гэх дундаж үнэ. Мөн зах дээр зарж байгаа үхрийн махны дундаж үнээс баримжаалсан байдаг.

...Өрсөлдөөнийг хязгаарласан гэснээс илүүтэйгээр өндөр үнээр худалдаалсан тул шийтгэлийн хуудас оногдуулсан. Нэмэн өртөг орсон гэж байна. Үхрийн мах худалдаалахдаа яг адилхан үс хялгас ноос, зэргийг гаргаж байгаа. Тодорхой хэмжээгээр борлуулалт хийхдээ өртгөө нэмээд зардаг. Гэтэл гомдол гаргагчийн зүгээс хэт өндөр үнээр буюу бусад газрууд нь 12000 төгрөгөөр зараад болоод байхад гомдол гаргагч нь 16000 төгрөгөөр зарж байсан.

...Бид нар зөвхөн тансаг зэрэглэлийн байгууллага учир өндөр үнээр зарна гэдэг зүйл байх боломжгүй тул шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй байгаа... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сард бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа. Энгийн үед маск нь 100 төгрөг байх бол 1000-1500 төгрөг болж байгаа. Үүнтэй яг адилхан Хүчит шонхор гэх захаас худалдаж авсан махыг илүү үнэтэйгээр зарж байгаа нь бусад газар махны үнээ нэмэх сэдэл болох юм. Гомдол гаргагч нь илүү өндөр үнээр махаа зарах юм бол Хүчин шонхор захын нийлүүлж байгаа хүмүүс нь махыг өндөр үнээр нийлүүлэхийг зорино.

Энэ нь цаад агуулгаараа өрсөлдөөнийг хязгаарлаад байна. Өрсөлдөөний хуулийн зорилт гэж байгаа. Энэ хуулийн зорилт нь аж ахуй нэгжийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харшлах ямар нэгэн ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хориглох, хязгаарлах гэж байдаг.

...Корона вирус халдварт цар тахлын үед айл өрх, аж ахуй нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх тухай зарим арга хэмжээний тухай тогтоол гараад бүх аж ахуй нэгж хэрэглээний халуун дулаан ус, цахилгаан,уур хэрэглэсэн зүйлд төрөөс дэмжлэг үзүүлж байгаа. Хэцүү үед аж ахуй нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлаад тодорхой хэмжээнд үнийн бодлого барих ёстой гэж үзсэн. Тэр үндсэнд өрсөлдөөнийг хязгаарласан байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсаар махыг зах зээлээс өндөр үнээр худалдаж Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар 20.000.000 төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/21 тоот албан бичгээр хууль зүйн үндэслэлгүй, хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгчээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын хамтарсан Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлэгийн спирт, гар ариутгагч бодис, борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн шалгалтаар гомдол гаргагчийг үхрийг махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулсан зөрчил гаргасанд тооцож, ингэхдээ Хүчит шонхор захын махны 2020 оны 11 дүгээр сарын 16-23 өдрүүдийн үнийг харьцуулжээ.

Гомдол гаргагчаас махыг зорилтод бүлэгт зориулж бохирдол, судас, шөрмснөөс нь салгаж, технолгын дагуу нэр төрлөөр нь ангилж, ялгасан гэж, хариуцагчаас махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж тус тус маргажээ.

Хариуцагчаас гомдол гаргагчийн дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гээд 3 тохиолдлыг хуульчилсан байх бөгөөд гомдол гаргагчийн төлөөлөгч нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд дурьдсан, гомдолд дурьдаж буй махыг бохирдлоос салгаж, ангилан ялгалт хийсэн талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаар холбогдогчоос тайлбар мэдүүлэг аваагүй атлаа зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Зүй нь зөрчлийн хэрэг нээж, махыг технологийн дагуу бохирдлоос нь салгаж, хоолны нэр төрлөөр /бууз, стейк гэх мэт/ нь ангилан ялгалт хийж худалдаанд бэлтгэсэн эсэх, стандартын дагуу чанар, шим тэжээлийг нь алдагдуулахгүй хадгалж, савласан эсэх, эсхүл дээрх ажиллагааг огт хийхгүйгээр шууд хэсэгчлэн хувааж худалдан борлуулсан эсэхийг нотлох баримтаар бэхжүүлж, шалган тогтоосны дараа зөрчил гаргасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээр байжээ.

Хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэсэн материалд холбогдогчоос авсан тайлбар мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, фото зургууд авагдсан хэдий ч гомдол гаргагчийн гомдлын шаардлагад дурдаж буй дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсэн эсэх, эсхүл үгүйсгэсэн аль ч нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

Нөгөөтэйгүүр махны төрөлжсөн бөөний худалдааны төв /хүчит шонхор зах/, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан Скуер худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт байрлах Шангри-Ла худалдааны төвд тус тус байрлах сүлжээ дэлгүүрийн махны жижиглэнгийн үнэ ижил түвшинд байх боломжтой эсэхэд мөн дүгнэлт хийх шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Ү ХХК-ийн гомдолтой Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мт холбогдох Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0059366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ