Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 54

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0059/Э

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

           

              Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

               Улсын яллагч: Я.Сансар

               Хохирогч: И.Батдорж

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг

               Шүүгдэгч: Т.Давааням нарыг оролцуулан           

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг би, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Даваанямд холбогдох 201723000094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд 1959 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мужаан, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Түвдэнсамбуугийн Давааням /РД:СК59092111/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.Давааням нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэрлэн сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий гутал” ХХК-ны ажлын байрнаас эрэгтэй хүний хоромон гутал хулгайлсан болох нь:

Хохирогч И.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэрлэн сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий гутал” ХХК-ны ажлын байрны өрөөндөө ажилаа хийгээд сууж байтал хуучны танил Давааням гэгч ору ирээд мөнгөний хэрэг гараад байна ингэний хоормог зарна шүү гэж хэлчихээд шуудайтай ундааны хоосон савнууд оруулж ирж тавьчихаад гараад явсан. Би өнгөлж байсан эрэгтэй хүний хоромон гутлыг өрөөний үүдэнд тавьж орхиод цаад өрөө рүү орж гутал хийдэг төхөөрөмжөө засчихаад эргээд ороод иртэл гутал байхгүй болсон байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандахад цагдаагийн ажилтан Давааням руу утсаар ярьж байсан газар нь очиход би аваагүй гэж байгаад цагдаа руу очин байцааль авахад миний гутлыг гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-8 хуудас/

 

Гэрч З.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хэрлэн сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий гутал” ХХК-ны ажлын байрандаа ажилаа хийгээд сууж байтал нөхөр Батдорж нь итал загварын эрэгтэй хүний хороомон гуталаа алдчихлаа гэж орж ирсэн юм. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Нөхөр Батдорж цагдаа нартай хамт Даваанямын араас явж өөрийг нь олоод асуухад аваагүй гэж байгаад цагдаа дээр очиж байцаалт өгөхдөө авсан гэдгээ хэлж айлын орон доороос гутал гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-9 хуудас/

 

Гэрч Б.Урангоогийн  мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ 11:00 цаг өнгөрч байхад манай найз Нэргүйгийн ах болох Давааням нь гаднаас орж ирээд сууж байснаа манай найзын юм байгаа юмаа гээд хөх өнгийн ууттай зүйлийг хийчхээд гараад явсан. Тэгээд хоёр цаг орчимын дараа Давааням ах цагдаа нартай хат орж ирээд орон доогуур хийсэн хөх ууттай зүйлээ аваад явсан гэсэн мэдүүлэг. /хх-18,19 хуудас/

 

Сэжигтэн Т.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуучний танил Батдоржийн ажил дээр очиж хүүхдэд гутал үзэх гэж очсон юм. Тэгээд Батдоржтой уулзан хамт ярилцаж байгаад гадагшаа гарч утсаар ярьж дуусаад буцаад ороод иртэл өрөөнд нь хүн байхгүй байсан ба өрөөнийх нь үүдэнд эрэгтэй хүний арьсан гутал байхаар нь дээлийнхээ өвөрт хийгээд аваад гараад явчихсан юм. Тэгээд Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 6-11 тоотод оршин суух миний дүү Нэргүйгийн найз Урангоо гэх хүүхнийд очиж өөртөө байсан хөх өнгийн давуун торонд хийж гэрийнх баруун орных нь хөл доогуур хийчихээд буцаад гарсан. Тэндээсээ танил Ганчулууныд ирээд  байж байтал цагдаа ирээд та хүний гутал хулгайлсан байна гээд цагдаа дээр авч ирсэн гэх мэдүүлэг. /хх-11 хуудас/

 

Шүүгдэгч Т.Давааням нь бусдын эд хөрөнгийн хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлсөн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцдагаас чөлөөлөх нь гэж үзлээ.

ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Түвдэнсамбуугийн Даваанямийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Т.Даваанямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Т.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Даваанямд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНЗОРИГ