| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ********** оны ******дүгээр сарын ********-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, **** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, аймгийн ******* сумын************ дугаар баг “******* *******” гэх газар оршин суух хаягтай,
урьд аймгийн сум дундын шүүхийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
аймгийн сум дундын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлсэн,
******* овогт ******* ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд аймгийн ******* сум 1 дүгээр багийн ******* боомтод иргэн гэрт А.тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний ар нуруу хэсэгт хайч шидэж эрүүл мэндэд нь “ зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр маргалдаад намайг болон аав ээжийг минь доромжлоод байхаар нь гарах гээд арагшаа хараад явж байхаар нь би хайч аваад шидчихсэн. Оносон байхаа, намайг зөнөсөн өвгөн хайч шидээд хатгачихлаа. Шорондоо байвал таарна гээд байсан. Жижиг үйлийн хайч байсан. Би уучлалт гуйх гэсэн боловч утсаа аваагүй, надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй...гэв.
Эрүүгийн 2340000030020 дугаартай хэргээс:
-Яллагдагч *******ын яллагдагчаар өгсөн: над руу “чамд хамаагүй, танай аав хулгайч нэртэй биз дээ, энэ хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарч байна, та нар хэзээ ах дүүгээ мэддэг болчихов, чи шоронгийн хадаас биз дээ” гэж хэлэхээр нь би уурлаад ыг гарах гээд цааш явахад нь ширээн дээр нь байсан хайчийг аваад араас нь шидчихсэн юм. Гэтэл ын ар нуруу хэсэгт нь оночихсон, нуруунаас нь цус гарч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
Хохирогч “...2024 оны 03 дугаар сарны 25-ны өглөө 10 цагийн үед тухайн айлд хоол цай идчихээд дэлгүүр яваад ирэхэд тэр айлд ******* гэх хүн ирсэн байсан. Би “ ахыг явах уу” гэхэд ******* нь ийг “ чи баячуулын зарц хийлээ, одоо ингэж амьдрахаа болиоч” гэхэд ах “ миний мал байгаа шүү дээ, танд ямар хамаатай юм бэ” гэхэд ******* нь “ чи дандаа хуцаж байх юм” гэхээр нь би хажуугаас нь “энэ хүний юу хийх танд ямар хамаатай юм бэ” гэхэд “чи битгий хуцаад бай” гэхээр нь би гэрээс гарах гээд хаалгаар тонгойх үед миний ард нэг юм оносон. Би эргээд харахад том шар бариултай үйлийн хайч газар унасан. Тэгэхээр нь “яаж байгаа юм бэ” гэхэд гэрт нь байсан тэр айлын эзэн нь “та яаж байгаа юм бэ, хүн рүү хайч зоочихлоо ш дээ” гэж байсан. Би гэрээс гараад мотоциклынхоо хажууд очиход миний нуруу халуун оргиод явсан. Хөдлөх гэсэн чинь хөндүүртэй байхаар нь би гэрийн эзнийг дуудаад “ чи энийг хардаа яасан байна” гэхэд Анхаа нь “ахаа аймар болсон байна, цус тогтохгүй байна” гэж байсан. Тэгээд гэр лүү нь ороод хувцсаа тайлаад Анхаагаар цэвэрлүүлсэн. Би тэндээсээ хүн гуйгаад машинаар сумын төв рүү хүргүүлж эмнэлэгт үзүүлж цэвэрлүүлээд оёдол тавина гэхээр нь би тавиулаагүй. Миний биеийн ар талд хоёр далны хооронд хайчаар шидэж гэмтээсэн. Би тухайн үед их цус алдсан. Эмчид үзүүлэхэд 2 см орчим гүн зоогдсон байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/
Гэрч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өглөө А. малчинтайгаа явна гээд хувцсаа өмсөж байхад ******* нь манай гэрт орж ирсэн. ******* нь Шинээ гэх Я.ын малчин руу хандаж “чи айлын зарц хийлээ, баян айлд боол хийж байна” гээд загнаад байсан. Тэгэхэд А. нь *******т хандаж “та нар хэзээ ах дүү нараа мэддэг болчхов, наад хүн чинь өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарч байгаа, чамд хамаагүй” гээд тэр хоёр маргалдсан. гэрээс гарах гэж байхад ******* нь манай ширээн дээр байсан улаан алаг бариултай үйлийн хайчийг аваад Я. руу чулуудахад ар нуруун дээр оносон. А. нь гэрийн гадаа гараад ёо ёо гээд үглээд байсан. Тэгэхэд өмсөж явсан хувцаснаас цус шүүрээд байхаар нь гэрийнх гадаа хувцсыг нь тайлаад үзэхэд нурууных ар тал шарх болсон, цус нь нуруугаа дагаад урсаж байсан. Тэгээд би гэр лүү оруулж ирээд цусыг нь цэвэрлээд нойлын цаасаар бөглөхөд А. нь машин дуудаад ******* сум руу явж эмнэлэгт үзүүлнэ гээд явсан.Тухайн үед ар нуруунд нь нэлээн гүнзгий шарх үүссэн байсан. Тухайн шархнаас их хэмжээний цус гарж байсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
Гэрч “ 2024 оны 03 дугаар сарын 25-ны өглөө А. нь малчинтайгаа явна гээд хувцсаа өмсөж байхад ******* нь манайд орж ирсэн. ******* нь Шинээ гэх Я.ын малчин руу хандаж “чи айлын зарц хийлээ, баян айлд боол хийж байна” гээд загнаад байсан. А. нь ******* луу “чи хэзээ ах дүү нараа мэддэг болчхов, наад хүн чинь өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарч байгаа, чамд хамаагүй” гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд нь гэрээс гарах гэж байхад ******* нь манай ширээн дээр байсан улаан алаг бариултай үйлийн хайчийг аваад Я. руу чулуудахад ар нуруун дээр оносон. А. нь гэрийн гадаа гараад ёо ёо гээд үглээд байсан. Тэгэхэд өмсөж явсан хувцаснаас цус шүүрээд байхаар нь гэрийнх гадаа хувцсыг нь тайлаад үзэхэд нурууных ар тал шарх болсон цус нь нуруугаа дагаад урсаж байсан. Тэгээд гэр лүү оруулаад манай эхнэр Мөнгөнтуул цусыг нь цэвэрлээд боолт хийж өгөөд ******* сум руу явж эмнэлэгт үзүүлнэ гээд явсан.Тухайн үед ар нуруунд нь нэлээн гүнзгий шарх үүссэн байсан. Тухайн шархнаас их хэмжээний цус гарж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №129 дугаартай " 1. биед зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 21-22-р хуудас/
-Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 61-р хуудас/
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-40-р хуудас/
- аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.04.22-ны өдрийн 21/80 дугаартай албан бичиг /хэргийн 53 дугаар хуудас/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 55-59-р хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд аймгийн ******* сум 1 дүгээр багийн нутаг ******* боомтод байх иргэн гэрт А.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний ар нуруу хэсэгт хайч шидэж эрүүл мэндэд нь “зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ над руу “чамд хамаагүй, танай аав хулгайч нэртэй биз дээ, энэ хүн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарч байна, та нар хэзээ ах дүүгээ мэддэг болчхов, чи шоронгийн хадаас биз дээ” гэж хэлэхээр нь би уурлаад ыг гарах гээд цааш явахад нь би ширээн дээр нь байсан хайчийг аваад араас нь шидчихсэн юм. Гэтэл ын ар нуруу хэсэгт нь оночихсон тэгтэл нуруунаас нь цус гарч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх,
хохирогч “.2024 оны 03 дугаар сарны 25-ны өглөө 10 цагийн үед дэлгүүр ороод ирэхэд тэр айлд ******* гэх хүн ирсэн байсан. Би “ ахыг би явах” уу гэхэд ******* нь ийг “чи баячуулын зарц хийлээ, одоо ингэж амьдрахаа болиоч” гэхэд ах “ миний мал байгаа ш дээ танд ямар хамаатай юм бэ” гэхэд ******* нь “чи дандаа хуцаж байх юм” гэхээр нь би хажуугаас нь “энэ хүний юу хийх танд ямар хамаатай юм бэ” гэхэд “чи битгий хуцаад бай” гэхээр нь би гэрээс гарах гээд хаалгаар тонгойх үед миний ард нэг юм оносон. Эргээд харахад том шар бариултай үйлийн хайч газар унасан. “ яаж байгаа юм бэ” гэхэд гэрт нь байсан тэр айлын эзэн нь “та яаж байгаа юм бэ, хүнд хайч зоочихлоо ш дээ” гэж байсан. Гэрээс гарахад миний нуруу халуун оргиод явсан. Хөдлөх гэсэн чинь хөндүүртэй байхаар нь би гэрийн эзнийг дуудаад “чи энийг хардаа яасан байна” гэхэд Анхаа нь “ахаа аймар болсон байна, цус тогтохгүй байна” гэж байсан. Тэгээд гэр лүү нь ороод хувцсаа тайлаад цэвэрлүүлсэн. Тэгээд тэндээсээ хүн гуйгаад машинаар сумын төв рүү хүргүүлж эмнэлэгт үзүүлж цэвэрлүүлээд оёдол тавина гэхээр нь би тавиулаагүй. Миний биеийн ар талд хоёр далны хооронд хайчаар шидэж гэмтээсэн. Би тухайн үед их цус алдсан. Эмчид үзүүлэхэд 2 см орчим гүн зоогдсон байна гэж байсан ” гэх,
гэрч А.Мөнгөнтуул, гэрч нарын “...******* нь Шинээ гэх Я.ын малчин руу хандаж “чи айлын зарц хийлээ, баян айлд боол хийж байна” гээд загнаад байсан. А. нь *******т хандаж “та нар чинь хэзээ ах дүү нараа мэддэг болчхов, наад хүн чинь өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарч байгаа, чамд хамаагүй” гээд тэр хоёр маргалдсан. нь гэрээс гарах гэж байхад ******* нь манай ширээн дээр байсан улаан алаг бариултай үйлийн хайчийг аваад Я. руу чулуудахад ар нуруун дээр оносон. А. нь гэрийн гадаа гараад ёо ёо гээд үглээд байсан. Өмсөж явсан хувцаснаас цус шүүрээд байхаар нь гэрийнх гадаа хувцсыг нь тайлаад үзэхэд нурууных ар тал шарх болсон цус нь нуруугаа дагаад урсаж байсан. Би гэр лүү оруулж цусыг нь цэвэрлээд нойлын цаасаар бөглөхөд А. нь машин дуудаад ******* сум руу явж эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. ар нуруунд нь нэлээн гүнзгий шарх үүссэн, шархнаас их хэмжээний цус гарж байсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 129 дугаартай “...1. биед зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч А.т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 129 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч А. руу хайч шидэж нуруунд нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд аймгийн ******* сум 1 дүгээр баг ******* боомт дээр А.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний ар нуруу хэсэгт хайч шидэж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А., гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ тогтоолоор *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү” гэж,
шүүгдэгч *******аас “ Маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж маргаагүй байна.
5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүн рүү хайч шидэж нуруунд нь гэмтэл учруулсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүн рүү хайч шидсэнээр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн маргаанаас шалтгаалан хохирогчийн нуруунд үйлийн хайч шидэж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
7. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь өөрт хамааралгүй асуудлаар хохирогч А.тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан улмаар түүний нуруунд үйлийн хайч шидэж эрүүл мэндэд нь “ зүүн далны доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн боловч мөрдөн шалгах ажиллагаанд “ сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж бичгээр илэрхийлжээ.
Мөн хохирогч А. нь өөрт учирсан дээрх гэмтлийн улмаас эмнэлийн тусламж үйлчилгээ аваагүй болохыг аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21/80 дугаартай “ Алтангэрэлийн / ЛМ85062418/ нь аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй байна” гэх албан бичгээр тодорхойлжээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд хохирогч А. тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Тухайн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байгаа. Шүүгдэгчийг 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү, шүүгдэгч нь тэтгэвэр авдаг тул тухайн торгуулийн ялыг төлөх чадвартай ” дүгнэлт тус тус гаргав.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй,түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эхнэр хүүхдийн хамт ам бүл долуул амьдардаг, түүний насны байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч А. сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН