Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2022/00287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

155/2022/00036

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух Олхонууд Цийн С -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 6.501.494 (зургаан сая таван зуун нэгэн мянга дөрвөн зуун ерэн дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин 6.501.494 (зургаан сая таван зуун нэгэн мянга дөрвөн зуун ерэн дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав

Нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Миний бие 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ажилд эгүүлэн тогтоогдсон.

Иймд ажилгүй байсан хугацааны буюу 7 сар 16 хоногийн цалин болох 6.501.494 төгрөгийг Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс гаргуулна гэж тодорхойллоо.

Хариуцагч байгууллагын түр орлон гүйцэтгэгч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа...Миний бие М.С нь нэхэмжлэгч Ц.Сээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Б/15 дугаар захирамжаар Ахмад настны асрамж үйлчилгээний төв-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Ц.С нь нэхэмжлэлдээ миний албан тушаалын ангилал, зэрэглэл, шатлал ТҮ(Бусад)-5-5 үндсэн цалин 663,419 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 10 хувь, 66,342 төгрөг, ур чадварын нэмэгдэл 15 хувь, 99,513 төгрөг. нийт тооцсон нэг сарын цалин 829,274 төгрөг байдаг. 2021 оны 06 дугаар сар нь ажлын 20 хоногтой үүнээс 4 хоног ажиллаж тооцсон цалин 132,648 төгрөг байсан. Нийгмийн даатгалын шимтгэл 16,586 төгрөг, гарт олгох цалин 116,098 төгрөг авсан. 16 хоногийн цалин 696,890 төгрөг авна. 2021 оны 7 сард 829,274 төгрөг, 8 сард 829,274 төгрөг, 9 сард 829,274 төгрөг, 10 сард 829,274 төгрөг, 11 сард 829,274 төгрөгийн цалинг тус тус авна. 2021 оны 12 дугаар сар нь ажлын 22 өдөр ажиллабал зохих цаг нь 176 цаг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 565,410 төгрөгийн цалин нийт 5,408,367 төгрөгийн цалинг нэхэмжилсэн. Ц.Сийн архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа гаргасан алдаа, зөрчлийн талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн тасгийн, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Батхолбоо холбогдох шалгалтыг хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 213800171 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Иймд тухайн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж Эрүүгийн журмаар шалгагдаж дуусах хүртэл нэхэмжлэгчийн шаардсан 5,408,367 төгрөгийг манай байгууллагын зүгээс гаргаж өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эх хувь 03 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14/180 дугаартай ...Ц овогтой Саранчмэг /РУ85062208/ Мөрөн сумын 14 дүгээр багийн 44-3 тоотод ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн... гэх тодорхойлолт 01 хуудас, Олхонууд Цсүрэнгийн Сийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хувь 3 хуудас, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №33 дугаартай Ц.Сийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар хувь 01 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/00949 дугаар шийдвэрийн хуулбар хувь 6 хуудас, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай Ц.Сийг ажилд томилох тухай тушаалын хуулбар хувь 01 хуудас, Нягтлан бодогч Д.Орхоны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд архив, бичиг хэргийн ажилтан ажилтай Ц овогтой С нь үндсэн 663,419 төгрөгийн цалинтай нь үнэн... гэх цалингийн тодорхойлолт 01 хуудас, Архив, бичиг хэргийн ажлыг Ц.Ст хүлээлгэн өгсөн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Илтгэх хуудас 2 хуудас, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүргэл 13 хуудас, Ахмад настны асрамж үйлчилгээний төв 70 жил хадгалах хадгамжийн нэгжийн бүртгэл 4 хуудас, Ахмад настны асрамж үйлчилгээний төв Байгууллагын архивт байнга хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл 2 хуудас, Ахмад настны асрамж үйлчилгээний төв Байнга хадгалах хадгаламжийн нэгжийн үргэлжилсэн бүртгэл 4 хуудас, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай Б.Хонгорзулыг ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай тушаал 01 хуудас, хариуцагчаас Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар хувь 01 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг эх хувь 1 хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5,408,367(таван сая дөрвөн зуун найман мянга гурван зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 6.501.494 (зургаан сая таван зуун нэгэн мянга дөрвөн зуун ерэн дөрөв) төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/00949 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, энэ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно хэмээн хуульчилсан.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн архив, бичиг хэргийн ажилтнаас 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн ба ажилгүй байсан нийт 7 сар 16 хоногийн цалин 6,501,494 төгрөг болж байгаа хэмээн тайлбарласан.

Түүний 000281018 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт 2021 оны 3 дугаар сард 829,2744 дүгээр сард 829,2745 дугаар сард 829,274 төгрөгний цалин тус тус бичигдсэн байх ба сүүлийн 3 сарын цалин нь 2,487,822 төгрөг, нэг сард 829,274 төгрөг, үүнийг ажлын 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 38,570 төгрөг, ажилгүй байсан хугацаа нийт 156 хоног, ажилгүй байсан хугацааны цалин 6,016,920 төгрөг болж байна.

Мөн Ц.С нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тушаал гарсан боловч тухайн хугацаанаас хэвийн ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй тул 2022 оны 01 дүгээр сард 9 өдрийн цалин 355,401 төгрөг гаргуулна гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шаардлагаа нотолж чадаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,016,920 (зургаан сая арван зургаан мянга есөн зуун хорь) төгрөгийг хангаж, үлдэх 484,574 (дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун далан дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сийн ...Эрүүгийн журмаар шалгагдаж дуусах хүртэл нэхэмжлэгчийн шаардсан ажилгүй байсан хугацааны цалинг манай байгууллагын зүгээс гаргаж өгөх боломжгүй...гэх тайлбарын тухайд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох олговор юм.

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбишид 2022 оны 02 дугаар сарын

23-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,051 (нэг зуун гучин таван мянга тавин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 123,739 (нэг зуун хорин гурван мянга долоон зуун гучин ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар  Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний 6,016,920 (зургаан сая арван зургаан мянга есөн зуун хорьтөгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 484,574 (дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун далан дөрөв) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,051 (нэг зуун гучин таван мянга тавин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 123,739 (нэг зуун хорин гурван мянга долоон зуун гучин ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Ц.Ст олгох дээрх олговроос хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.ДАВААХҮҮ