Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2022/000128

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Э-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Н холбогдох

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

П.Э миний бие 2000 онд өөрийн нөхөр Д.Н гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлж, 21 жил амьдарсан юм. Би 2000 онд гэр бүл болсон ч албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй юм. Би хамтран амьдрах 21 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл дарамтад амьдарч ирсэн. Би 4 хүүхдийнхээ ирээдүйг бодож, өдий хүртэл тэвчиж, Д.Н зодуур бүхнийг тэсч ирсэн.

Одоо охин Н.С 15 настай, хүү Н.Б 2007 онд төрсөн 13 настай. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр өөр дээрээ авч ээжтэй нь уулзуулахгүй сэтгэл санааны дарамтад байлгаж байна.

Анх би гэр бүл болохдоо 150 толгой малтай ирж байсан. Хамтран амьдарч 4 хүүхэд төрүүлж өөрийн биеэр ганцаараа мал маллаж 900 толгой хүргэж байсан. Одоо 280 толгой мал үлдсэн. Би хамт амьдарсан 20 жилийн хугацаанд малын ашиг шим, эд хөрөнгө зарцуулах 1 ишигний мэдэлгүй, дарамтанд амьдарч ирсэн. Д.Н ноос ноолуур ашиг шимээ өөрөө л хүртдэг байсан.

Д.Н нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр оторт байхад галын хайчаар амруу цохиж, 3 шүд хугалж байнга зодуурын дарамтад байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй.

Одоо 100 тооны ямаа, 40 тооны хонь, нийт 140 тооны бог мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хүү Н.Б-г өөрийн асрамжид авах шаардлагаа дэмжихгүй, охин Н.С-г өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй.

Д.Н-с дундын эд хөрөнгө болох 3661 ГАА улсын дугаартай Prius маркийн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөг, 9670 ГАА улсын дугаартай Porter маркийн автомашины үнэлгээ 6,000,000 төгрөгийн тал хувь 3,000,000 төгрөг, 40,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин 1 ширхэгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна.  

Хариуцагчийн тайлбарын агуулга:

Намайг шүд хуга цохисон гэж байна. Би шүдийг нь хугалаагүй. Энэ хүний үүдний 4 шүд нь надтай суухдаа зөв бус ургалттай шүдтэй ирсэн. Амьдралын явцад өвчлөөд зарим нь унасан, зарим нь унах гээд байна гэхээр нь хүсэлтийн дагуу авч өгсөн. 7 дахь жилдээ үүдэн шүдгүй явж байна. Цэвэр гүжирдэж ярьж байгаад харамсаж байна. Байнга зоддог гэж байна энэ худал. Яагаад зодсон гэж байгаа талаар мэдэхгүй байна. Хүнтэй ханилна гэж суучихаад араар тавьж сэтгэл санааны хүнд дарамтад олон удаа оруулж байсан.

Их хэмжээний ноолуур, мал хулгай хийж төрсөн эгч П.А-д дамжуулж байсан. Үр хүүхдээ бод, хэдэн хүүхдийнхээ ирээдүйг бодоод бусармаг байдлаа тат гэж хэлсэн. 150 толгой малтай ирсэн гэж байна. 2000 онд айл гэр болоод 150 малтай ирсэн нь үнэн. 2001 оны хавар дамжсан зудаар хадмын нутаг дээр байж байгаад 150 малаас 1 ширхэг ч мал үлдээгүй. Тэрнээс хойш би өөрийн гэсэн хэдэн малтай үлдэж байсан. Тухайн малаа өдийг хүртэл өсгөж арвижуулаад явсан.

Приус машин, портер машин байгаа. Оёдлын машин, мөнгөн бугуйвчийг өөрийг нь ав гэсэн бэлэн байдгаараа байгаа гэв. Одоо хоёр хүүхэд үлдэж байна. Том хүүхэд 2 дугаар курсийн оюутан сард урсгал зардал гардаг. Иймээс энэ хүний нэхэмжилж байгаа малыг өгөх боломжгүй. Машины тал мөнгийг өгөх боломжтой. Гэхдээ малыг болон малын үнийг өгөх боломж байхгүй.

Миний охиныг асарна, хамгаална гэж хэлээд аваад явлаа. Миний охины эрүүл мэнд болон ямар нэгэн асуудал тулгарвал чи өөрөө хариуцлага хүлээнэ. Миний охин үрийг авч явчихаад хар багаас нь мэдлэг боловсролгүй, хүүхэдтэй болгочих вий, амьдралаар нь тоглох вий гэж их харамсаж байна. Нэг жилийн дараа л ямар нэгэн асуудал гараад миний охин үр эцэг дээрээ доголон нулимстай ирэх юм бол эргээд хариуцлага тооцно шүү гэж хэлмээр байна.

Д.Н би 3661 ГАА улсын дугаартай Prius маркийн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөг, 9670 ГАА улсын дугаартай Porter маркийн автомашины үнэлгээ 6,000,000 төгрөгийн тал хувь 3,000,000 төгрөгийг тус тус П.Э өгөхийг зөвшөөрч байна. Мөнгөн бугуйвч, оёдлын машин зэрэг нь гэрт байгаа П.Э-өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 100 тооны ямаа, 40 тооны хонь, нийт 140 тооны бог мал гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн нотлох баримт:

- П.Э-н төрсний лавлагаа

- Н.М, Н.С, Н.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр албан бичиг,

- Үндэсний архивын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03-05/5675 дугаар лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 848 дугаар албан бичиг

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1684 дүгээр албан бичиг, уг архивын лавлагааны хавсралт Д.Н 2016-2017 онуудын мал тооллогын нэгтгэл “А” данс

- Д.Н 2019-2020 онуудын мал тооллогын нэгтгэл “А” данс

- Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа

Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:           

- Охин Н.С, хүү Н.Б нараас санал асуусан тэмдэглэл,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Д.Н холбогдуулан хүү Н.Баяржавхлан, охин Н.С нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 тооны ямаа, 2,800,000 төгрөгийн үнэ бүхий 40 тооны хонь, 3661 ГАА улсын дугаартай Prius маркийн автомашины үнэлгээ 6,000,000 төгрөгийн тал хувь болох 3,000,000 төгрөг, 9670 ГАА улсын дугаартай Porter маркийн автомашины үнэлгээ 7,000,000 төгрөгийн тал хувь 3,500,000 төгрөг, 40,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин 1 ширхэгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э нь 100 тооны ямаа, 40 тооны хонь, нийт 140 тооны бог мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хүү Н.Б өөрийн асрамжид авах шаардлагаа дэмжихгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа “Охин Н.С-г өөрийн асрамжид авах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 3661 ГАА улсын дугаартай Prius маркийн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөг, 9670 ГАА улсын дугаартай Porter маркийн автомашины үнэлгээ 6,000,000 төгрөгийн тал хувь 3,000,000 төгрөг, 40,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин 1 ширхэгийг тус тус гаргуулах” гэж тодруулсан болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч П.Э дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Иймд хариуцагч Д.Н нь 40,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин 1 ширхэг, 3661 ГАА улсын дугаартай Prius маркийн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000 төгрөг, 9670 ГАА улсын дугаартай Porter маркийн автомашины үнэлгээ 6,000,000 төгрөгийн тал хувь 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч П.Э төлөхөөр хүлээн зөвшөөрснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу батлах эрх зүйн үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч П.Э болон хариуцагч Д.Н нар нь 2000 оноос хойш 21 жилийн хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарсан нь зохигчийн тайлбар, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны захирагчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр албан бичиг, Үндэсний архивын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03-05/5675 дугаар лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 848 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар зохигчийн хамтын амьдралтай байх хугацаанд 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин Н.М, 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Н.С, 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Н.Б нар тус тус төржээ.

4. Нэхэмжлэгч П.Э нь хүү Н.Б өөрийн асрамжид авах шаардлагаа дэмжихгүй, харин охин Н.С-г өөрийн асрамжид авах гэдгээ шаардлагаа дэмжиж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн.

Охин Н.С нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр санал өгөхдөө “Эцэг, хоёр тусдаа амьдарвал би эхтэйгээ хамт амьдрах хүсэлтэй” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч нарын хүүхдийн асрамжийг гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил шийдвэрлэхээр байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ”,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хүүхдийн санал болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын дагуу охин Н.С-г эх П.Э асрамжид үлдээх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар эцэг,эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй.

Нэхэмжлэгч П.Э болон хариуцагч Д.Н нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч П.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан хүүхдийн асрамж тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж (70,200+96,710)=166,910 төгрөгийг хариуцагч Д.Н-с, илүү төлсөн 178,228 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Э-олгов.

Нэхэмжлэгч П.Э нь “100 тооны ямаа, 40 тооны хонь, нийт 140 тооны бог мал гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Д.Н зөвшөөрөлгүйгээр татан авсан тул уг шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 155,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 14 дүгээр зүйлийн 14.7, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, .......................регистрийн дугаартай, охин Н.С-г эх П.Э-н асрамжид үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н нь 40,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин 1 ширхэг, 3661 ГАА улсын дугаартай Prius маркийн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгийн тал хувь болох 2,000,000/хоёр сая/ төгрөг, 9670 ГАА улсын дугаартай Porter маркийн автомашины үнэлгээ 6,000,000 төгрөгийн тал хувь 3,000,000/гурван сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч П.Э-т төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э нь “100 тооны ямаа, 40 тооны хонь, нийт 140 тооны бог мал гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,888/таван зуун есөн мянга найман зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-с 166,910/нэг зуун жаран зургаан мянга есөн зуун арав/ төгрөгийг, улсын орлогоос 177,228/нэг зуун далан долоон мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Э-т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАТ