| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000510148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *******-Улаан сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод” дэлгүүрийн урд талын уулзвар дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ноднин 07 дугаар сарын 03-ны өдөр эрхээ хасуулж 400,000 төгрөгөөр торгуулсан. Үүнтэй дахиж хавсарч, давхардуулж эрх хасах гээд байна” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь эрхээ хасуулчихсан. Хөдөө мал маллаж байгаа. Жоохон юм уучихаад цагдаад баригдсан гэж ярьж байсан. 40 УНИ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг Навчаа эгчээсээ худалдаж авч байсан *******ийн машин байгаа юм. Нэрээ шилжүүлээгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 18 цаг 30 минутын үед цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүрэг авч ажлаас гарсан. Олон нийтийн цагдаа Зулсарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сод дэлгүүрийн урд уулзварт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 40 УНИ улсын дугаартай цагаан өнгийн приус загварын тээврийн хэрэгслийг зогсоож баримт бичгийг нь шалгасан чинь жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд тухайн жолоочийг тандагч багаж үлээлгэн шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн дохио өгсөн учраас согтууруулах хэмжигч А1.7510 багажаар үлээлгэн шалгахад 0,88% согтолттой гарсан учир тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ******* тухайн үед ганцаараа явсан. Надад нэг лааз пиво уусан гэж хэлсэн. ...Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/,
2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №0288404 дугаартай “...*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн” хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,
40 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/
Зөрчлийн талаарх мэдээлэл, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...Алкотест багажаар шалгахад 0,88 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа. ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлий шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай "...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд “... регистрийн дугаартай Тунгалаг овогтой ******* нь жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40 УНИ улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод” дэлгүүрийн урд талын уулзвар дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -40 УНИ улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд регистрийн дугаартай ******* ******* нь жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -40 УНИ улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, 0.88 хувийн согтолттой гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрч мэдүүлэг, гэрчилгээний хуулбар, жолоочийн давлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч мэдүүлэг, шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн эрх бүхий албан тушаалтны ажиллагаагаар хуульд нийцэж шалгагдсан. Үүн дээр нотлох баримтын болоод эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн ажиллагаатай маргах, гомдол зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн. ...*******ийг гол буруутгаж байгаа буюу гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзэж байгаа зүйл нь урьд эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон зөрчил гаргасан гэж эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан. Энэ хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилж эхэлсэн. Харин ******* 2023 оны 07 дугаар сард эрхээ хасуулсан байгаа. Үүнээс эрхээ хасуулсан гэсэн тодотголыг нь авч энэ гэмт хэргийн шинжийг хангаж яллах дүгнэлт үйлдэж байгааг хууль буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Дагаж мөрдөж байсан хуулиараа *******т хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага тооцоогүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Зөрчлийн шинжтэй үйлдэл гээд эрүүгийн гэмт хэрэгт тооцоогүй байсан. Тийм учраас энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж хуулийн үйлчлэл, цаг хугацаатай нь заагаад өгчихсөн байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх заалт байгаа. Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон. Тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа бол гэм буруутай этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Тухайн эрх нь хасагдсан асуудал нь эрүүгийн гэмт хэрэг болох шинжийг хангаад байгаа нь нөгөө талаар хууль буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Энэ хуулийг хэрэглэж болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан байгаа. Шинээр гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд ялыг нь хасах хүртэл заалт байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн хууль үйлчлэх, хууль буцаан хэрэглэх заалт ноцтой зөрчигдсөн, энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. ...Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Үүн дээр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдаад явах бүрэн боломж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод” дэлгүүрийн урд талын уулзвар дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40 УНИ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч “...******* нь эрхээ хасуулчихсан. Хөдөө мал маллаж байгаа. Жоохон юм уучихаад цагдаад баригдсан гэж ярьж байсан. 40 УНИ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг Навчаа эгчээсээ худалдаж авч байсан *******ийн машин байгаа юм. Нэрээ шилжүүлээгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч “...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны ...орой 18 цаг 30 минутын үед ...олон нийтийн цагдаа Зулсарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Өвөрхангай аймгийн 5-р багийн нутаг дэвсгэр байрлах “Сод” дэлгүүрийн урд уулзварт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 40 УНИ улсын дугаартай цагаан өнгийн приус загварын тээврийн хэрэгслийг зогсоож баримт бичгийг нь шалгасан чинь жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд тухайн жолоочийг тандагч багаж үлээлгэн шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн дохио өгсөн учраас согтууруулах хэмжигч А1.7510 багажаар үлээлгэн шалгахад 0,88% согтолттой гарсан учир тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ******* тухайн үед ганцаараа явсан. Надад нэг лааз пиво уусан гэж хэлсэн. ...Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №0288404 дугаартай “...*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, Зөрчлийн талаарх мэдээлэл, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...Алкотест багажаар шалгахад 0,88 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай "...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд “... регистрийн дугаартай Тунгалаг овогтой ******* нь жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40 УНИ улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адьяатогтох нь “...Энэ хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилж эхэлсэн. Харин ******* 2023 оны 07 дугаар сард эрхээ хасуулсан байгаа. Үүнээс эрхээ хасуулсан гэсэн тодотголыг нь авч энэ гэмт хэргийн шинжийг хангаж яллах дүгнэлт үйлдэж байгааг хууль буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Дагаж мөрдөж байсан хуулиараа *******т хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага тооцоогүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. Зөрчлийн шинжтэй үйлдэл гээд эрүүгийн гэмт хэрэгт тооцоогүй байсан. Тийм учраас энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Үүн дээр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдаад явах бүрэн боломж байгаа” гэсэн агуулгатай дүгнэлт гаргажээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №0288404 дугаартай “...*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн” хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, Зөрчлийн талаарх мэдээлэл, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ...гэснээс үзэхэд зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдийн, тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч болохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл /8 жил хүртэл/, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ”. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "тохиолдолд" гэсний дараа "тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл" гэж нэмэлт оруулжээ/
Мөн зүйлийн 3 дахь хэсэгт: Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно... гэж хуульчилснаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял 12 жил хүртэл /өмнө нь 8 жил хүртэл байв/ байхаар, хорих ял дээр нэмж оногдуулсан бол хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Өмгөөлөгчийн дүгнэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд дээр дурдсан үндэслэлээр 1-8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаашлаад хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэх, зөрчлийн шийтгэл болон шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байгаа этгээдүүд энэ хугацаандаа дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн болон зөрчлийн хэргийн ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй байх, энэхүү шийтгэлийг эдэлж буй этгээдүүд дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдэхэд хууль үйлчлэхгүй мэт сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна.
Учир нь: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн талаар хуульчилсан ба эдгээр зөрчлийн хэргийн субъект нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн байх тул “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт байхгүй байна.
Монгол улсын хэмжээнд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар үйлдсэний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирч буйн улмаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор хууль тогтоох байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай анги болон Зөрчлийн тухай хуулиудад холбогдох нэмэлт өөрчлөлт оруулсныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэснийг баримтлан “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлох нь зүйтэй гэж үзэж өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн хөдөлбөргүй тогтоогдож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтыг хууль, эрх зүйн онолд тайлбарлахдаа мөрдөх байгууллага, прокурор, шүүхийн гаргасан дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрөх ойлголтыг зааж өгсөн. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэлбэр, бусдад учруулсан хохирол төлбөргүй, түүний хувийн байдал болох боловсролгүй, малчин ажилтай, мал малладаг, хөдөлмөрийн насных, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. ...Шүүгдэгчийн хувийн байдал болон мал малладаг, түүний ам бүлийн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулах нь зохимжгүй гэсэн үүднээс торгох ялын саналыг гаргасан болно” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдүүлэгтээ дурдсан. Улсын яллагчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж өрөөсгөл дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь би энэ хэргийг хийгээгүй, би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэсэн тайлбар, дүгнэлт хийгээгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг тодотгож хэлмээр байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд бичиг үсгийн боловсрол байхгүй, сургуульд суугаагүй, хувиараа мал аж ахуй эрхэлж, түүгээрээ амьдралаа залгуулдаг залуу малчин гэр бүл байгаа. Малаас олох ашиг шимээрээ амьдралаа авч явдаг. Тухайн зүйл анги нь сонгох санкцтай боловч малчин хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Мал нь нүүдлийн, байгалийн цаг уурыг дагаж бэлчээрлэж, ундаалдаг амьтан. Мал нь сүлжээгүй газар явахгүй гэсэн баталгаа байхгүй. Малынхаа араас цас шуурга, сүлжээтэй, сүлжээгүй газар өдөр шөнөгүй явдаг учраас улсын яллагчийн гаргасан энэ ялыг оногдуулах боломжгүй гэсэн саналтай нийлж байна. Энэ хуульд зааснаар торгуулийн хэмжээ нь 2,700,000 төгрөгөөс эхэлж байгаа. Иймд торгуулийн ял оногдуулах саналыг дэмжиж байгаа ч хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал *******ийн хувьд тогтоогдоогүй. Шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан доод хэмжээгээр эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР