| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00135/И |
| Дугаар | 156/шш2022/00103 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 156/шш2022/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00135/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, Г.Г,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Д.Х,
Нэхэмжлэлийн шаардлага: эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н,
Хариуцагч: Д.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Г миний бие 2008 онд Д.Х-тэй үерхэж байгаад бид дундаасаа Г.М төрсөн. Охин Г.М-ыг төрөх үед эцэг Д.Х нь өөр эмэгтэйтэй үерхэж байгаад гэр бүл болсон. Иймд охин Г.М-ын эцэг Д.Х мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Г.М-ыг миний асрамжид үлдээж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. хүүхдийн асрамжийн хувьд маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө... гэв.
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Х-т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .. охин Г.М нь миний охин болох нь шинжилгээний хариугаар батлагдсан тул хүүхдэдээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, хүүхэдтэйгээ холбоотой байж тус дэм болж байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Х-тэй 2008 онд танилцан, охин Г.М-ыг төрүүлсэн, гэрлэлтээ батлуулаагүй, охин эх Г.Г-ээр овоглодог болох нь хэрэгт авагдсан охин Г.Мын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ..хариуцагч Д.Х-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас гадна охин Г.М-ыг Г.Г-ийн асрамжид үлдээнэ.. гэж, хариуцагч Д.Х нь ...охин Г.М-ыг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй байна.. хэмээн тайлбар гаргасан ба Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Х-өөс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Х нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч эцэг Д.Х хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу шүүхээс охин Г.М-ын саналыг өмгөөлөгч байлцуулан асуухад ..ээжтэйгээ хамт амьдарна.. гэсэн, мөн хариуцагч Д.Х нь охин Г.М-ыг ээж Г.Г-ийг асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч Г.Г-ийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлуудыг харгалзан шүүхээс охин Г.М-ыг эх Г.Г-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иймд охин Г.М-ыг эх Г.Г-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Д.Х-өөр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан охин Г.М-ын эцэг Д.Х мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар охин Г.М-н эх Г.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Г.М-ыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Х-өөр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Г-т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлөвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА