| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00624/И |
| Дугаар | 156/шш2022/00066 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 156/шш2022/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00624/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Б.М
Хариуцагч: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багт оршин суух, Б.Ү
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.М,
Хариуцагч: Б.Ү /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Ү-тай 2003 онд танилцаж, дотносон 2005 онд гэр бүл болж хүү Б-ийг төрүүлсэн. Одоо хүү маань 17 настай, аавыгаа танихгүй. Хамтран амьдрах хугацаанд Б.Ү-тай таарч нийлэхгүйн улмаас 2007 онд тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Би өөр хүнтэй гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Одоо бага хүүхэд маань 02 настай. Сүүлд гэр бүл болсон хүнтэй сууснаас хойш 3 хүүхэдтэй болсон хүүхдүүдээ эцгээр нь овоглох гэтэл өмнөх гэрлэлт бүртгэлтэй тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. ******* бид нарын дунд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Иймд гэрлэлт цуцалж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Б.Ү нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн болон хүү Ү.Б-ийн асрамжтай холбоотой маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж өгнө үү. Би мөн гэр бүлтэй болж 4 хүүхэдтэй болсон. Одоо би хүү Б-тэй огт холбоогүй байдаг... гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. бид тусдаа амьдраад 15 жил болсон, одоо бидний дундаас төрсөн хүү маань 17 настай, .. бид тус тусдаа гэр бүлтэй болсон учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэжээ.
Хариуцагч тайлбартаа .. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, ..би тусдаа гэр бүлтэй болсон, одоо 4 хүүхэдтэй.. хэмээн тайлбарласан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Б.Ү нар нь 2003 онд танилцан, 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас Ү.Б төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас 2007 оноос эхлэн тусдаа амьдрах болсон, тусдаа амьдраад 15 жил болсон, тус тусдаа гэр бүлтэй хэмээн талбарлаж байгаа бөгөөд хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй байна.
Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2007 оноос эхлэн одоог хүртэл 15 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа, 2020 оны 12 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч, хариуцагч тус тусдаа гэр бүлтэй болж дундаасаа хүүхэдтэй болсон, цаашид зохигчид гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэн аль нь илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Гэрлэгчдийн хэн аль Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах эрхтэй ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй тул хүү Ү.Б эх Б.М-ийн асрамжид хэвээр үлдэж, хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй болно.
Хэдийгээр зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эхийн хэн аль нь хүүхдийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулсан, зохигчдын хүүхдийн өмнө хүлээх үүрэг хэвээр байх бөгөөд хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй болохыг зохигчдод тайлбарлах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.М нь хүү Ү.Б-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.М нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Б.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэгчийн бага насны хүүхэдтэйн улмаас хариуцагчийн байгаа газарт очиход бэрхшээлтэй гэх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар нэхэмжлэлийг тус шүүхэд хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Ү, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасны дагуу шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд хүлээн авч хянан шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарласугай.
6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА