Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 156/шш2022/00093

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00054/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, Э.Т, 

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, Н.М 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Э.Т,

Хариуцагч: Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.Т миний бие 2008 онд Н.М-той танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд охин М.А, охин М.Ц нар төрсөн. Н.М нь 2019 оноос хойш удаа дараа байнга зодож гэмтээж байсан. 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаад, 2020 оны 10 дугаар сараас эхлэн Б.Б гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа.

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 01-02:30 цагийн үед охин М.Ц, М.А болон намайг ална гэж заналхийлж, айлган сүрдүүлж зодсон. Иймд бид тусдаа амьдраад 2 жил болсон, таарамжгүй харилцаатай байдаг, цаашид хамтран амьдрах боломжгүй, байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд амьдарч байгаа тул гэрлэлтийг маань цуцалж, хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна, цаашид эвлэрэх боломжгүй, дахиж зодуулахаас айж байна, хэзээ ирээд зодох бол гэсэн айдастай байдаг, хайр сэтгэлийн харилцаа хөрсөн тул гэрлэлтийг маань цуцалж өгнө үү... гэв. 

2. Хариуцагч Н.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Э.Т-тай 2010 намар танилцаж, 2011 онд том охин, 2013 онд бага охин төрсөн. 2021 оны 02 дугаар сард Э.Т хүүхдийн мөнгөө аваад ирье гэж яваад 2 сар гаран холбоо бариагүй байж байгаад би чамаас сална гэж ярьсан. Би 2 сар хүүхдүүдтэйгээ хамт байсан. Э.Т-ын аав нэгэнт ирэхгүй хүнийг хүлээгээд яахав дээ амьдарлаа бод гэж хэлсэн. Би одоо өөр хүнтэй болсон. Түүнтэй цаашид хамт амьдарна гэж бодож байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлгийг улиралдаа төлөх боломжтой. Гэхдээ хүүхдийн тэтгэлгийг төлмөөргүй байна. Учир нь би Т-д хамаг малаа өгсөн. Ах эгчийг нь гэр оронтой болгож өгсөн. Би барилгын ажил хийж ийш тийшээ явдаг учраас хүүхдүүд ээж дээрээ байсан нь дээр гэж бодож байна, .... би Т-ыг зодож байсан нь үнэн, одоо энэ хүнтэй цаашид эвлэрээд амьдрах боломжгүй, би өөр хүнтэй гэр бүл болж байгаа... гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Н.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Т хариуцагч Н.М нар нь 2008 онд танилцан, 2015 онд гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2011 онд охин М.А, 2013 онд охин М.Ц нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваалгах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсны улмаас 2019 оноос эхлэн тусдаа амьдрах болсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зоддогоос айж байна, хүүхдүүдийнхээ хажууд зоддог, мөн хариуцагч Н.М нь тусдаа гэр бүлтэй болсон хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй, тусдаа гэр бүлтэй болсон тухайгаа тайлбарлаж байна.

 

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оноос эхлэн одоог хүртэл 3 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч маргааны байр суурь илэрхийлээгүй, цаашид зохигчид гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэн аль нь илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчимд үндэслэдэг бөгөөд хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн хариуцагчид зодуулсан гэх фото зураг, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг цохиж зоддог, хамт амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай байдаг, хайр сэтгэлийн холбоогүй болсон, хариуцагч тусдаа гэр бүлтэй болохоор өөр хүнтэй хамтран амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй бол шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэдэг.

Гэрлэгчдийн хэн аль Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах эрхтэй ба нэхэмжлэгчид шүүхэд гаргасан тайлбартаа хүүхдээ өөрийн асрамжид үлдээхээр илэрхийлсэнтэй хариуцагч маргаагүй, тэднийг 2019 оноос хойш тусдаа амьдрах болсон үеэс охин М.А, М.Ц нар нь ээж Э.Т-тай цуг амьдарч байгаа, хүүхдүүд өөрийн асрамжийн талаар илэрхийлэх насанд хүрсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдүүдийн саналыг асуухад охин М.А, М.Ц нар нь ээжтэйгээ хамт амьдрахаа илэрхийлсэн, хүүхдүүд ээжтэйгээ ээнэгшин дассан байдал, эцгийн зүгээс хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхэд маргааны байх суурь илэрхийлээгүй, эхийн хувьд хүүхдүүдийг түүний асрамжинд үлдээн шийдвэрлэхэд зан байдал, ёс суртахууны хувьд харшлах зүйл тогтоогдоогүй зэргийг харгалзан охин М.А, охин М.Ц нарыг эх Э.Т-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч эцэг эхийн хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэххүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоххүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг
эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг зохигчдод тайлбарлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан ба нэхэмжлэгч Э.Т нь охин М.А, М.Ц нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Н.М-оор хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин М.А, М.Ц нарыг эцэг Н.М-оор тэжээн тэтгүүлж, гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болно.

Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Т-д даалгаж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан ба эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч охин М.А, М.Ц нар эцэгтэйгээ байнгын харилцаатай байх, эцэг эхийн хэнтэй нь амьдрах үзэл бодол саналаа илэрхийлэх эрхтэй болно.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-оос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.М, Э.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 онд төрсөн охин М.А, 2013 онд төрсөн охин М.Ц нарыг эх Э.Т-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.А, М.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас
суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.М-оор тэжээн
тэтгүүлж, тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Т-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлөвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг дурдсугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавд даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА