Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2022/00291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/01130/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 3 дугаар гудамжны 29Б тоотод оршин суух, Хотгойд Дэлгэрдалайн Н,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 3 дугаар гудамжны 29Б тоотод оршин суух, Хар хөмсөгт Ш Энхбаяр,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Н,

Хариуцагч: Ш.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Нэхэмжлэгч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2006 онд ажил хийнэ гээд гэрээсээ явсан. Түүнээс хойш гэртээ ирээд хэд хонож байгаад яваад өгнө, бид нарт ямар нэгэн тусламж дэмжлэг байдаггүй. Албан ёсны эхнэр, нөхөр боловч хамт амьдраагүй 10 гаруй жил болж байна гэж тодорхойллоо.

Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд Дэлгэрмөрөн ӨЭМТ-ийн тодорхойлолт, Хвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14/64 дүгээр тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 6701000221 дүгээр Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч Ш.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбарыг гарган өгч нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг, 1996 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 23 дугаарт бүртгэсэн болох нь Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрлэгчдийн дундаас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хар хөмсөгт Э А төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн Төрсний гэрчилгээ, Дэлгэрмөрөн ӨЭМТ-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14/64 дүгээр: Энхбаяр А /РЮ16231424/ нь ам бүл 5, аав Ш.Энхбаяр, ээж Д.Н 2 ахын хамт Мөрөн сумын 12 дугаар багийн 3-29Б тоотод оршин суудаг нь үнэн болно. гэсэн бичвэр бүхий тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Дээрхи баримтуудаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...харилцан тохиролцож болно. гэж заасан ба нэхэмжлэгч Д.Н нь охин Э.Анудрийг өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Ш.Энхбаяр эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн насны байдал, хүйс зэргийг харгалзан охин Э.А эх Д.Нийн асрамжид үлдээлээ.

Охин Э.А эх Д.Нийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эх Д.Н, эцэг Ш.Энхбаяр нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 38 дугаар зүйлийн 38.1-д: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 10 дугаар зүйлийн 10.3-т: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., 26 дугаар зүйлийн 26.2.2-т: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул охин Э.Ад сар бүр эцэг Ш.Энхбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д:Шүүхийн зардлыг...,нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Энхбаяраас 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нт олгов.

Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ш.Энхбаяр нарт эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч гэрлэгчид эвлэрээгүй тул хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар Хотгойд Дэлгэрдалайн Н, Хар хөмсөгт Шгийн Энхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, охин Хар хөмсөгт Э А эх Д.Нийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, охин Хар хөмсөгт Э А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Энхбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Энхбаяраас 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нт олгосугай.

6.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

7.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА