Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2022/00221

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2022/00221

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2022/00049/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Мсумын 5 дугаар багийн 13 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, Тогоруутан Эын А,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мсумын 4 дүгээр багийн 27 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, Цагаангэр Сэнгийн Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.А ,

Хариуцагч: С.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч С.Цт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны шатанд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Нэхэмжлэгч Э.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай нөхөр миний биед байнга гар хүрдэг болсон. Би тэр бүрт нь уучилдаг байсан ч сүүлдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ надад болон хүүхдүүддээ гар хүрч, агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон. Нөхрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирэх бүрт би болон манай хоёр хүүхэд айдаг байсан. Үүнээс болоод манай том охин хувцастайгаа унтдаг байсан. Тэгээд миний охин хувцсаа тайлаад унт гэхээр аав согтуу ирвэл дахиад нүцгэн гарч гүйх хэрэг гарна гэж хэлдэг. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Тусдаа амьдарсан хугацаанд 2 хүүхэд минь миний асрамжид байсан ба нөхөр С.Ц нь хүүхдүүдээ харж, хандаж, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлдэггүй гэж тодорхойллоо.

Хариуцагч С.Ц бид бие биедээ үнэнч байхаа больж манай эхнэр манай найзтай суух гээд намайг хаяад явсан. Тийм учраас би гэрлэлт цуцлуулж, охин Ц.Э, хүү Ц.Э нарыг эхийнх нь асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байсан. Бид 2015 оны 02 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд би эхнэр, хүүхдүүддээ тусламж дэмжлэг үзүүлээгүй нь үнэн. Цаашид хүүхдийн тэтгэлэг төлөх мөнгө байхгүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Э.А хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохоор би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч Э.А нь шүүхэд 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00010407 дугаар Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0000915036-502 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0000577390 дугаар Төрсний гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14/64 дугаар Хөвсгөл аймгийн Мсумын Уст багийн Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл зөвшөөрч байгаа талаар хариу тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй.

Шүүх өөрийн санаачилгаар хуульд заасны дагуу хүү Ц.Э, охин Ц.Э нараас санал авч нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нөхөр болох С.Цын дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Э.А, хариуцагч С.Ц нарын гэрлэлтийг цуцлав.

Гэрлэгчдийн дундаас 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр охин Цагаан гэр Цын Э, 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү Цагаан гэр Цын Э нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ДэлгэрМӨЭМТ-ийн хүүхэд эрүүл мэнд өсөн бойжиж буй тодорхойлолтууд, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14/64 дугаар Хөвсгөл аймгийн Мсумын Уст багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь хүүхдүүдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан ба нэхэмжлэгч Э.А охин Ц.Э, хүү Ц.Э нарыг өөрийнхөө асрамжид авахаар шаардсан ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа, хүүхдүүдийн насны байдал, хүүхдийн санал, хариуцагч асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан охин Ц.Э, хүү Ц.Э нарыг эх Э.Аийн асрамжид үлдээлээ.

Охин Ц.Э, хүү Ц.Э нарыг эх Э.Аийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг С.Ц, эх Э.А нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдав.

Нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д:Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч,...хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ат олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар регистрийн дугаар РЛ91071820, Тогоруутан Эын А, регистрийн дугаар РЕ89031595, Цагаан гэр Сэнгийн Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, охин Цагаан гэр Цын Э, 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Цагаан гэр Цын Э нарыг эх Э.Аийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан, зохигчид эд хөрөнгий маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ат олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА