Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/хт2026/00030

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04119 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01663 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“МД” ХХК, Ц.У, Б.А нарт холбогдох,

82,148,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, хариуцагч Ц.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “МД” ХХК, Ц.У, Б.А нарт холбогдуулан 82,148,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04119 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч “МД” ХХК, Ц.У, Б.А нарт холбогдох цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.У-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,043 төгрөгөөс 638,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 82,153 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01663 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04119 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК-аас 82,148,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 82,148,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Агийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансартны зориулалттай эд хөрөнгө, хариуцагч Ц.У-ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай орон сууц зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...олгосугай.” гэснийг “...олгож, хариуцагч “МД” ХХК-аас 568,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.01-ний өдрийн 210/МА2025/01663 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн:

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “МД” ХХК, Б.А, Ц.У нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо:

а/ Анх шүүхэд 2024.01.15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: 2018.07.04-ний өдрийн “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 82,148,700 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гэж тодорхойлсон.

б/ Ажиллагааны явцад 2025.04.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан тул “Үндэслэлгүйгээр эд юмс олж авч, эзэмшсэн” гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцуулж 82,148,000 төгрөг гаргуулна гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон юм. Гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн сүүлд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй буюу орхигдуулж, нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, маргааны агуулгыг нэг мөр ойлгоогүй алдаа гаргасан.

4.2. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн:

а/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн хэмээн дүгнэж, гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд: Талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, 10 жилээр хөөн хэлэлцэх хугацааг тоолж шийдвэрлэх боломжгүй юм гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн юм.

б/ Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлагад дүгнэлт өгөөгүй бөгөөд зөвхөн анхны шүүхэд гаргасан “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 82,148,700 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан энгийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа, хэрэгт авагдсан он, сар, өдрийг нарийн заасан нотлох баримтуудыг хугацааны хувьд үнэлж үзэлгүй, дутуу үнэлж, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзээд 82,148,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, хууль хэрэглээний алдаа гаргасан.

4.3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу шалгаж, он сар хугацааг буруу тооцоолж хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг буруу дүгнэж шийдвэрлэсэн: Уг маргааны гол асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудал бөгөөд талуудын хооронд энгийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаан үүссэн, эсвэл “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж хуулиар зохицуулсан байдаг. Уг хугацааг давж заалдах шатны шүүх тооцохдоо:

а/ Хавтаст хэргийн 76-77-р хуудаст авагдсан “2020.03.04-ний өдрийн 181/Ш32020/03201 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж,

б/ Хавтаст хэргийн 78-80-р хуудаст авагдсан “2023.11.23-ны өдрийн 181/Ш32023/19810 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж,

Давж заалдах шатны шүүх дээрх 2 удаагийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “Тогтоосон журмаар нэхэмжлэл” гаргаж, мөн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй тул хугацааг дахин шинээр тоолбол, хуулиар тогтоосон 3 жилийн хугацаа өнгөрөөгүй гэж буруу дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч өмнө 2 удаа шүүхэд хандахдаа:

Нэгдүгээрт: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “Тогтоосон журмаар нэхэмжлэл” гаргаагүй гэдэг нь дээрх 2 захирамжийн үндэслэлээр нотлогдож байгаа юм. Тогтоосон журмыг зөрчиж нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгосон, нөгөө нь “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” тул хүлээн авахаас татгалзсан тул хуулиар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд улмаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тооцох боломжгүй юм.

Хоёрдугаарт: Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс дээрх 2 удаагийн шүүхэд хандсан нөхцөл байдлыг тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан хэмээн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн ч уг 2 удаагийн шүүхэд хандсан хугацаа болох 2020.03.04-ний өдрөөс дараагийн хандсан 2023.11.23-ны өдрийн хооронд 3 жил 8 сарын хугацаа аль хэдийнээ өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт дууссан хөөн хэлэлцэх хугацааг шинээр дахин тоолох боломжгүй бөгөөд хуулиар тийм эрх хэнд ч олгогдоогүй байтал, өмнөх шүүхэд хандсанаас хойш, дараа дахин шүүхэд хандах үед З жил 8 сарын хугацаа өнгөрсөн байхад, дахин шинээр хугацааг тоолж, шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаандаа гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, нотлох баримт дээрх он, сар, өдрийг хооронд нь нарийн нягталж тоолж, дүгнэлт хийгээгүй байдал нь улмаар хуулийг мөн адил буруу тайлбарлаж хэрэглэхэд хүргэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хэтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, дүгнээгүй, анзаараагүйгээр барахгүй анхны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг дүгнэсэн байдаг. Иймд хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, бодит нөхцөл байдлыг буруугаар ойлгож шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.01-ний өдрийн 210/MA2025/01663 тоот магадлалыг хүчингүй болгож, уг хэргийг үнэн зөвөөр, бодит нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.15-ны өдрийн 192/ШШ2025/04119 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.19-ний өдрийн 001/ШХТ2025/01289 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “МД” ХХК, Ц.У, Б.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 82,148,700 төгрөг, алданги 16,429,740 төгрөг, нийт 98,578,440 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, цементийн үлдэгдэл төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, үндэслэлээ “... “М” ХХК болон “МД” ХХК-ийн хооронд 2018.07.04-ний өдөр “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан ОРС-42,5 маркийн 111,804,000 төгрөгийн үнэ бүхий цементийг худалдах, худалдан авахаар тохиролцсон. Талууд ууттай 528 тонн цементийг 1 тонныг 168,000 төгрөгөөр, задгай 140 тонн цементийг 1 тонныг 165,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд “МД” ХХК нь төлбөрийг тухайн оны 8 сард 27,951,000 төгрөг, 9 сард 27,951,000 төгрөг, 10 сард 27,951,000 төгрөг, 11 сард 27,951,000 төгрөгийг тус тус 4 хуваан төлөхөөр тохиролцсон. Улмаар 2018.07.27-ны өдөр 744,800 төгрөг, 2018.09.04-ний өдөр 8 сард төлөх 27,951,000 төгрөг, нийт 28,695,800 төгрөг төлж, бусад хуваарьт төлбөрийг төлөөгүй. Ийнхүү талуудын санхүүгийн албанаас 2019.08.08-ны байдлаар 82,148,700 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг “Тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулж, “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.26-ны өдрийн 120 дугаартай гарын үсэг, компанийн тамга бүхий албан бичгээр 2019.09.15-нд 25,000,000 төгрөг, 2019.10.15-нд 25,000,000 төгрөг, 2019.11.15-нд 32,148,700 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Улмаар манай байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь Монгол Улсын хилээр гарч явсан тул бид шүүхэд гэрээний үүргээ биелүүлэх шаардлага гаргаж чадахгүй хугацаа алдсан бөгөөд хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч бодит үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд ... хэлцэл байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч ... “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших” харилцаа үргэлжилсээр байна. Иймд ... хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил ... өнгөрөөгүй тул шаардах эрхийн хугацаа дуусаагүй, ...  цемент бус ... төлбөрийг нэхэмжилж байна. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “МД” ХХК, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…2018.07.04-ний өдөр гэрээ байгуулагдаж, ... 2018.12.15-ны өдөр шаардах эрх үүссэн. “М” ХХК шүүхэд анх 2019.11.23-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч бүрдүүлбэр хангаагүй байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дараа нь 2020.03.04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байна гэх үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ... Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй ба тооцоолол зөрүүтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...” гэж маргажээ.

9. Хариуцагч Ц.У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...би хэргийн хариуцагч биш. *** тоотод байрлах 166 м.кв талбайтай 5 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь бичиг баримтын хувьд Ц.У-ийн нэр дээр байгаа боловч “МД” ХХК-ийн өмч хөрөнгө бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэг ч төгрөг авч захиран зарцуулаагүй, огт мэдэхгүй, гэрээний талуудтай холбоогүй. ...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

10.1 Нэхэмжлэгч “М” ХХК нь “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний 2.1, 2.2-т зааснаар үнэ бүхий цементийг “МД” ХХК-д шилжүүлэн өгсөн, талууд 2019.08.08-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн байх ба хариуцагч цементийн үнэ нийт 108,693,750 төгрөг төлөхөөс 28,695,800 төгрөгийг төлж, үлдэх 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,750 төгрөг нийт 82,148,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Мөн зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. ... Зохигчийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүссэн байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

10.2. Талууд “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний хугацааг 2018.12.15-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон, хариуцагчаас 2019.11.15-ны өдрийн дотор гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг илэрхийлэн нэмэлт хугацаа тогтоосон байх ба эдгээр хугацаа дууссан, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, төлбөр төлөх хугацаа сунгах хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсон гэж үзлээ. ... Хариуцагчаас ... төлбөр төлөх хугацаа 2019.11.15-ны өдөр дуусч, энэхүү хугацаанаас нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн ба 2022.11.15-ны өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

10.3. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.04-ний өдрийн 181/ШЗ2020/03201 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.23-ны өдрийн 181/ШЗ2023/19810 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлээ тогтоосон журмын дагуу биш нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу зөрчлийг гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй юм.

10.4. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018.07.04-ний өдрийн МБМ2018Б/078/01, МБМ2018Б/078/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа үндсэн үүргийн хамт дууссан болох нь тогтоогдож байна. ...” гэжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд магадлалд:

“11.1 ... Талууд гэрээгээр төлбөр төлөх журмыг тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчийн хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ тэдгээрийг төлөх хугацаа, нэмж төлөгдөх төлбөр, хураамж, хүү төлөх зэрэг нөхцөлийг тусгахаар заасан. Талуудын гэрээнд дээрх нөхцөл тусгагдаагүй тул тэдгээрийн хооронд ердийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг дээрх дүгнэлтээр залруулна. Зохигчид гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгад маргаангүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан талуудын тооцоо нийлсэн акт, “МД” ХХК-ийн албан бичиг зэрэг баримтуудаар хариуцагч “МД” ХХК нь гэрээний үүргээс 82,148,700 төгрөг төлөөгүй буюу үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээний үүрэгт 82,148,000 төгрөг хариуцагч “МД ХХК-аас нэхэмжилсэн тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

11.2 ... Талуудын гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. ...Хариуцагч компаниас 2019.08.26-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн гэрээний үүргийн үлдэгдэл ... төлбөр төлөх хуваарийн дагуу ... нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2019.11.15-ны өдрөөс үүссэн гэж үзнэ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.04-ний өдрийн 03201 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МД” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн шүүхийн шүүгчийн 2023.11.23-ны өдрийн 19810 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч тал дахин 2024.01.15-ны өдөр шүүхэд хандан, нэхэмжлэлээ гаргасан нь ... шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй тул хугацааг дахин шинээр эхлэн тоолбол, хуулиар тогтоосон 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсээгүй учир хариуцагч “МД” ХХК гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.

11.3 Хариуцагч “МД” ХХК худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.” гэсэн дүгнэлт хийжээ. 

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж, маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг зөрүүтэй дүгнэж, ялгаатай шийдэл гаргасан бөгөөд энэ талаарх хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

13. Хэргийн баримтаар нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч “МД” ХХК-ийн хооронд 2018.07.04-ний өдөр “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээгээр хариуцагч нь ОРС-42,5 маркийн ууттай цемент 528 тонн, задгай цемент 140 тонныг нийлүүлэх, нэхэмжлэгч цементийн үнэд нийт 111,804,000 төгрөгийг 2018.12.15-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон, энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018.07.04-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Ц.У-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгчээс гэрээнд заасан хэмжээ бүхий цементийг хариуцагчид нийлүүлсэн боловч хариуцагч 28,695,800 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй, талууд 2019.08.08-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг 2019.11.15-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон,  хариуцагчийг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.04-ний өдрийн 181/ШЗ2020/03201 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.23-ны өдрийн 181/ШЗ2023/19810 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдсон.

14. Зохигчийн маргааны зүйл нь тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааны гэрээний үүрэг эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүссэн үүрэг гэж үзэх, улмаар баримтлах хөөн хэлэлцэх хугацаа, уг хугацаа тасалдаж шинээр тоологдох, эсхүл өнгөрсөн эсэх асуудал болжээ.

15. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа бус гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь оновчтой болоогүй, давж заалдах шатны шүүх ердийн худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн.

16. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэрэг нөхцөлийг заавал тусгана.” гэж тус тус заасан.

Зохигч гэрээг “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэж, гэрээний үнийг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон хэдий ч зөвхөн энэ үндэслэлээр гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь дээрх хуульд нийцэхгүй бөгөөд талууд уг гэрээнд заавал тусгавал зохих бусад нөхцөлийн талаар буюу тухайлбал төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тохиролцоогүй тул тэдний хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”

Нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч “МД” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь ОРС-42,5 маркийн ууттай, задгай цемент нийлүүлэх, нэхэмжлэгч цементийн үнэд нийт 111,804,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь дээрх хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний шинжид нийцсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардсан нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамаарна.

17. Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний хугацаа дуусч, цаашид хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардлагаа үндэслэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д нийцээгүй.

Нэхэмжлэгч шаардлагаа хэрхэн тодорхойлж шаардах нь түүний эрхийн асуудал боловч худалдах-худалдан авах гэрээний хугацаа дууссан нь хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

Тодруулбал, энэхүү хуульд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.

Маргаан бүхий тохиолдолд дээр дурдсан аль ч үндэслэл бий болоогүй бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нөхцөл байдлыг уг гэрээний үүрэгт төлөгдөх төлбөрийн хэмжээгээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

18. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд нэхэмжлэгч энэ хугацааг хэтрүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч “МД” ХХК нь гэрээнд заасны дагуу 2018 оны 8 сард 27,951,000 төгрөг, 9 сард 27,951,000 төгрөг, 10 сард 27,951,000 төгрөг, 11 сард 27,951,000 төгрөгийг тус тус 4 хуваан төлөхөөр тохиролцсон боловч 2019.08.08-ны байдлаар нийт 82,148,700 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд “Тооцоо нийлсэн акт” гэх баримтаар баталгаажуулж, хариуцагч нь 2019.09.15-нд 25,000,000 төгрөг, 2019.10.15-нд 25,000,000 төгрөг, 2019.11.15-нд 32,148,700 төгрөгийг тус тус төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч татгалзаагүй тул гэрээний үүргийг шаардах эрх үүссэн үеийг 2019.11.15-ны өдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч өмнө нь 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.04-ний өдрийн 03201 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МД” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч дахин шүүхэд хандсан буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.23-ны өдрийн 181/ШЗ2023/19810 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан болохыг анхаараагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсээгүй гэж үзсэн нь буруу тул магадлалыг хүчингүй болгоно.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд дээрх 2019.11.15-ны өдрөөс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацааг тоолбол 2022.11.15-ны өдөр дуусна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд хуулийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, хугацааг дахин шинээр тоолох ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.04-ний өдрийн 181/ШЗ2020/03201 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул энэ үеэс хугацааг дахин тоолоход 2023.03.04-ний өдөр дууссан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хугацаа тасалдсан үндэслэлд хамаарах нөхцөлийн нэг болох тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн үндэслэл хамаарахаар дүгнэсэн нь  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д нийцээгүй тул залруулна.

Учир нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий шаардлагын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх нь хангалттай бөгөөд шүүхээс түүнийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан эсэхийг дүгнэх үндэслэл болохгүй.

Улмаар нэхэмжлэгч гэрээний үнэ буюу худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардсан нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамаарах болон хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй талаар дээр дүгнэсэн тул зохигчийн маргаанд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарахгүй болно.

19. Иймээс нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01663 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04119 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч “МД” ХХК, Ц.У, Б.А нарт холбогдох “цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.У-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “МД” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.12-ны өдөр төлсөн 638,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Э.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАТЧИМЭГ

                                                                                            Д.ЦОЛМОН