Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 25

 

 

 

 

      

 

 

 

 

   2020           05            27                                          2020/ДШМ/25

 

 

 

Л.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүгдэгч: Л.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Бт холбогдох, эрүүгийн 2019000170011 дугаартай, 1 хавтас, 149 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт иргэн А.П-н биед хүч хэрэглэн довтолж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Самсунг Эс-2 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 10 хоногоор тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт оногдуулсан 2 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийдвэр гарахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байсан тул уг хэргээ хамт шийдүүлэх хүсэлтэй байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Л.Б нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл ирсний дагуу шалгагдаж байгаа гэсэн учраас анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломж байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдэлд нь холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа учраас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нэг төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял оногдуулахаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал бий болох юм...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хуулинд энэ хүнийг дахин гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй. Тиймээс шүүх хуралдааныг нэгэнт зарласан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байсан учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүх хуралдаанаар түүний гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өмнө нь шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад хоёр хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлье гэсэн нь боломжгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол…” гэж заасан. Шүүгдэгч Л.Быг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шалгагдаж байгаад энэ нь гэмт хэрэг гэдэг асуудал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдоод энэ хэрэгтээ яллагдагчаар татагдсан. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу шалгагдсан асуудал нь гэмт хэрэг болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон учраас хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмаа баримтлаад ял оногдуулах боломжтой. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/32 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Урангоо нараас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Л.Б нь иргэн А.П-г харанхуй шөнө гудамжинд явж байхад нь түүнийг зодож байгаад гар утсыг нь дээрэмдэхдээ хохирогчид зүүн 12 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь гар утсыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн 02/023 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч Х.М, хохирогч А.П нарын мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Шүүгдэгчийн, хохирогчийг харанхуй гудамжинд явж байхад нь зориуд дуудаж ирүүлсний дараа шууд нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж унагаасны дараа цээжин тус газар нь өшиглөж зодож байхдаа түүний гадуур хувцасны халааснаас нь Samsung нэртэй гар утсыг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолсон бол” гэсэн шинжид, 

 

шүүгдэгчийн хохирогчийг хүч хэрэглэж зодсон үйлдлийн улмаас хохирогчид учирсан зүүн 12 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл нь эд эрхтний үйл ажиллагааг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар хямруулах буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа, хохирогчийн биеийн эрүүл мэнд болон уг журамд нийцүүлэн гаргасан 02/023 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр уг гэмтэл нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн шинжийг тус тус хангасан байна.

 

Шүүгдэгч Л.Б нь  хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн ба гэмт хэргийг санаатай буюу хүний эд хөрөнгийг биед нь хүч хэрэглэж авах нь хууль бус болохыг ухамсарлаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт үйлдлийг зориуд хүсэж үйлдсэн, улмаар хохирол, хор уршиг учруулсан гэж үзнэ.

 

Иймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан 2 жил 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд шилжүүлж 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч нь Л.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө дахин өөр гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хавсаргасан баримтгүй тул давж заалдах шатны шүүхээс уг гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журам нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах” журмын дагуу гомдол, хүсэлтээ прокурорт гаргах, прокурор уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл байж болохыг анхааруулж байна.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                         А.САЙНТӨГС