Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 57

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0060/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                               Н.Энхзул,

Улсын яллагч                                               Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                   Э.Хүрэл-Эрдэнэ нарыг оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хүрэл-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201723000080 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг, Улаан-Өндөр гэх газарт оршин суух,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Адууч овогт Энххуягийн Хүрэл-Эрдэнэ /СЕ91100211/

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Э.Хүрэл-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны орой Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд оршин суух иргэн Ц.Баяржаргалын гэрт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн У.Амарзаяаг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, шаптаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хамрын ясыг хугалж мурийлган хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                  Хохирогч У.Амарзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд 16 цаг өнгөрч байхад би гэртээ галаа түлэх гээд сууж байсан. Тэгтэл манайд Хүрэл-Эрдэнэ, Цэрэн-Очир нар орж ирээд аймаг хүргээд өг гэж гуйхаар нь  гэрээс гарч гурвуулаа машинтай хойшоо явсан. Баянхутаг сумын төвд цэцэрлэгийн тэндээс Батзориг. Чупуучдаш хоёр миний автомашинд суусан. Аймагт “Ханбүргэд” дэлгүүрийн гадаа зогсоод та хэд үлдэх юмуу гэсэн чинь үлдэхгүй эргээд буцна гэсэн тэгтэл Батзориг автомашинаас буугаад АТМ-ээс мөнгө авсан дэлгүүр ороод 3 шил 0,75 литрийн ерөөл архи аваад машинд суугаад эргээд Баянхутаг сумруу буцсан. Аймгаас нэлээн урагш Баянхутаг сумруу явах замдаа уулын ар талд зогсоод 2 шил архийг Батзориг, Чулуундаш. Хүрэл-Эрдэнэ, Цэрэн-Очир нар уусан. ... архи аваад Хүрэл-Эрдэнэ Бажгаа ахынх руу хүргээд өгчих гэхээр нь тийшээ хүргэж өгчихөөд явах гэтэл Хүрэл-Эрдэнэ та ор л доо гэхээр нь хамт орсон. Гэрийн эзэн нь байхгүй эхнэр нь хүүхдүүдтэйгээ байж байсан . Бажгаа шүүнд яваад ирлээ гээд орж ирсэн нөгөө архиа гурвуулаа хувааж уусан Бажгаа архи ууж байхдаа бид хоёрт нэг нэг тамхи өгөхөөр нь би аваад бариад сууж байтал Хүрэл-Эрдэнэ гар дээр цохиод тамхийг маань унагаасан, тонгойгоод унагасан тамхийг аваад дээшээ босох үед миний хамран тус газар Хүрэл-Эрдэнэ гараараа нэг удаа цохисон. Энэ үед би ухаан алдаж унасан тэгээд маргааш өглөө нь 04 цагийн үед Бажгаагийн гэрт сэрсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 8- 10 тал/,

Гэрч Ц.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... гэртээ ирэхэд Амарзаяа Хүрэл-Эрдэнэ хоёр дундаа нэг шил архи тавьчихсан дөнгөж задлаад дээрээс нь жаахан уусан байсан надад Хурэл-Эрдэнэ архи хийж өгөхөд нэг татчихаад Хүрэл-Эрдэнэ тамхи асуухаар нь тэр хоёрт нэг нэг ширхэг тамхи өгчихөөд гадагшаа бие засах гээд гарсан гэртээ орж иртэл Хүрэл-Эрдэнэ Амарзаяагийн тамхийг цохиж унагаасан тэр үед би Хүрэл-Эрдэнэд чихэндээ хавчуулсан тамхиа татаач гэсэн. Тэгээд би гоожуурт гараа угааж байгаад эргээд хартал Хүрэл-Эрдэнэ Амарзаяагийн нүүрэн тус газар цохисон хамраас нь цус гарч байсан Амарзаяагийн дээд талын уруул бага зэрэг хавантай байсан энэ үед би Амарзаяаг зүүн орон дээрээ хэвтүүлээд түргэний эмч дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Гэрч Б.Шинэсаруулын мөрдөн байцаалтанд өгсөн:: “2016 оны 12 сарын 07-ны орой 20 цагийн үед гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал гаднаас Амарзаяа ах Хүрэл-Эрдэнэтэй хамт халамцуу орж ирсэн. Тэр үед манай нөхөр шүүнд явчихсан гэртээ байхгүй байсан. Орж ирэхдээ манай нөхрийг асууж ирсэн, орж ирэхдээ 1 шил архитай ирсэн. Тэгээд манай нөхрийг хүлээх зуураа энэ архиа хуваагаад ууя гэхээр нь би тэг тэг гээд тэр 2-т архи уух аяга авч өгсөн. Амарзаяа, Хүрэл-Эрдэнэ нар архиа задлаад манай гэрийн баруугаар суугаад архи уусан, удалгүй манай нөхөр ирсэн. Манай нөхөр ирээд тэр 2-той нийлээд архинаас бас ганц хоёр татсан. Манай нөхөр бие засахаар гарч ирчихээд орж ирээд байж байтал нөгөө 2 нь манай нөхрөөс тамхи асууж байсан, би энэ үед нь хоолоо хийж байсан болохоор сайн анзаараагүй, тэгтэл Хүрэл-Эрдэнэ Амарзаяа ахыг алгадаад авах шиг болсон. тэгээд хартал сандал дээр суучихсан хамраас нь цус гарч байсан, тэгээд ердөө төд удалгүй амьсгаа нь давхцаад бие нь сонин болоод ирсэн, тэгэхээр нь би гэрийн зүүгээр гудсан дээр хэвтүүлсэн, нэг харсан чинь Хүрэл-Эрдэнэ гараад явчихсан байсан. Тэгээд би Амарзаяа ахын эхнэрт нь хэл хүргэх гэсэн утасных нь дугаарыг мэдэхгүй байсан болохоор эгч Хэрлэнчимэгт нь утсаар хэлж мэдэгдсэн. Удалгүй Амарзаяа ахын эхнэр Болортунгалаг орж ирсэн, Болортунгалагыг ирэхээс өмнө манай нөхөр сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн байсан. мөн хамраас нь цус гараад тогтохгүй болохоор нь гэрийнхээ гар нүүрийн алчуураар цусыг нь арчиж тогтоосон байсан. Болортунгалагыг манайд ирсний дараахан сумын эрүүл мэндийн төвийн эмч Хэрлэнтуяа ирж үзээд анхны тусламж үзүүлээд явсан. Тэгээд эмч тэр үед биеийн байдлыг нь ажиглаад хоноорой, болохгүй бол эргэж мэдэгдээрэй гэж хэлсэн. ... Манай гэрт хэрэлдэж маргалдаж муудалцсан зуйл огт болоогүй. ... маргааш нь орой цэцэрлэгээс хүүхдээ авахаар очихдоо Болортунгалагт “Хүрэл- Эрдэнэ Амарзаяа ахыг алгадаад авах шиг болсон, тэгсэн харин нүүр лүү нь цохисон байна лээ” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,

Гэрч Г.Болортунгалагын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 21 цагийн үед манай эгч Хэрлэнчимэг эгч надад утсаар “Амарзаяа Баяржаргалын гэрт ухаангүй байна бие нь өвдөөд байна гэнэ, надад сая Баяржаргалын эхнэр нь утсаар хэллээ оч гэж хэлсэн. Тэгээд би Баяржаргалынх руу яваад очтол манай нөхөр гэрийнх нь зүүн орон дээр ухаангүй хэвтэж байсан, гэрт нь Баяржаргал болон эхнэр Саруул нар байсан, тэр 2 надад хэлэхдээ хамраас нь их цус гарсан гэж хэлсэн, манай нөхрийн хамар болон дээд уруул нь хавдсан байсан. Би тэр хоёроос түргэн дуудсан уу гэж асуухад түргэн дуудсан байгаа гээд өөрийнхөө утсаар сумын эмнэлэг рүу залгаж байсан. Хэсэг хугацаэны дараа сумын эрүүл мэндийн төвийн Хэрлэнтуяа эмч ирж манай нөхрийг үзээд анхны тусламж үзүүлсэн. Эмч надаас гадны нөлөө байгаа юм уу гэхэд нь би тэр үед болсон асуудлын талаар мэдэхгүй байсан болохоор тэгсэн ингэсэн гэж би хариулаагүй, Баяржаргал болон Саруул нар ч надад ямар нэг зүйл яриагүй. Эмч хэсэг биеийн байдлыг нь харж сууж байгаад тариандаа тайвшраад унтчихлаа гээд явсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21-22 тал/,

Шинжээчийн 2017.04.24-ний №141: Дүгнэлт 1. У.Амарзаяагийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь түс бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ  /хх 35 тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 50 тал),

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын төвд оршин суух иргэн Ц.Баяржаргалын гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, шалтаг шалтгаангүйгээр иргэн У. Амарзаяагийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хамрын ясыг хугалж, мурийлган бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Амарзаяа нь танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч У.Амарзаяа эмчилгээний зардал 1.150.000 төгрөгийг шүүгдэгчээс авса, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул /х-ийн 75 тал/ шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Адууч овогт Энххуягийн Хүрэл-Эрдэнийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнийг 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнэд оногдуулсан 02 жил, 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй ба бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнэд оногдуулсан 02 жил, 01 сарын хорих ялыг тэнсэж,  01 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Хүрэл-Эрдэнэд хяналт тавихыг Хэнтий аймгийн  Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн болох хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА