Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ММТТХХ ТББ,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Д.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54, Компьютер центр барилгын үйлчилгээний зориулалттай 4 давхрын ******* тоот 51.36 м.кв талбай бүхий ******* тоот талбайн урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн нь хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг ММТТХХ ТББ-ын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гэрч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны 06 дугаар сарын 25-ны гэрээтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр гуравдагч этгээд нар 4 давхарт болон 11 дүгээр давхарт гэрээ хийгээд орж ирсэн. Тэгэхээр 4 дүгээр давхарт ийм талбай байхгүй гэж хэлэхэд надад н.Ш******* гэдэг хүнтэй байгуулсан гэрээгээ үзүүлсэн. Гэтэл н.Ш******* нь давхардуулаад зарсан байна. Танд 2 өрөө шилжүүлж өгнө гэсэн бичиг өгсөн. Нөгөө 2 өрөөний маргаан болоод гуравдагч этгээд нар нь буцаагаад мөнгөө авах боломжгүй болсноо ойлгосон өдрөө зээлийн гэрээ 26 сая төгрөг гээд аваад ирсэн. Тэгээд н.Ш энэ мөнгөө аваад өгнө гэж хэлээд дахиж нэг ч уулзаагүй. Миний ойлгосноор авсан талбайнаас нь 20 м.кв дутсан юм шиг байгаа юм. Ингээд тухайн н.Ш авч чадаагүй зүйлээ надаас нэхээд яваад байна. Би төлбөрөө төлөөд манай талбайгаас авч болно гэдэг гэрээ хийсэн. Нэг ч төгрөг төлөөгүй 4 жил болж байгаа тул манай өмчлөлд бүртгэж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахдаа гуравдагч этгээдийн нэр дээр 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бүртгэл хийснийг хүчингүй болгож, хариуцагчид даалгах, мөн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

...Маргааны үйл баримтад маргалдахдаа маргааны үйл баримтуудыг тодорхойлж байж явах ёстой. Гэтэл бид нар барьж дуусаагүй барилгын маргаан явж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хангах нь зүйтэй байна. Урьдчилсан тэмдэглэгээ нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа л үйлдэл.

Өнөөдрийн энэ нөхцөл байдалд хөрөнгө оруулалтын олон гэрээ байгуулагдсан байна. Энэ олон гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр байгаа ба аль гэрээ нь алийгаа үгүйсгэх нь, мөн энэ гэрээнүүдийн эрх үүргийн харилцаануудын нь хоорондоо холигдоод ойлгомжгүй байна. Бид өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд иргэний хэргийн маргаан маргалдаад ямар ч үр дүнгүй. Ийм учир урьдчилсан тэмдэглэгээ хийх хуулийг зөрчсөн байна. Хуулийг зөрчсөн байхад журам зөрчсөн тухай яриад нэмэргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээдтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй анхны нөхцөл байдлын гэрээ гэж байгуулсан байдаг. Энэ гэрээнд заасны дагуу шаардлагатай санхүүжилтийг хийж үйлчилгээний 1,2,4 болон оффисын 7 дугаар давхрыг эзэмшин гэж заасан байхад гуравдагч этгээд нь үүнийг зальжин байдлаар ашиглан У ХХК-тай гэрээ байгуулсан гэдгээрээ нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайд орж ирж байгаа нь гаргах ёсгүй үйлдэл гэж харж байна.

...Харин У ХХК нь хууль бус давуу эрх эдэлж 4 давхрын өрөөг худалдан авсан тухай хүлээн зөвшөөрч түүний мөнгийг манайд ирүүлээгүй нь тодорхой байх ба энэ утгаараа гуравдагч этгээд нь үүнийг эзэмшихгүй гэж харж байна. Иймд урьдчилсан тэмдэглэгээг хүчингүйд тооцож манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд 4419 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2015 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэсэн байдаг.

...Хэрэв өөрийн өмчлөлд үлдсэн хэсгээ өөрийгөө өмчлөгч гэж үзэж байгаа бол өөрийн өмчлөлд үлдэж байгаа хэсгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Жагсаалтад гуравдагч этгээд нь төлбөрөө төлсөн гэдгээ хавсаргасан байгаа. Тэгэхээр Улсын бүртгэлд 70 хувийн гэрчилгээ аваад дууссан барилга гэж бүртгүүлээгүй. Ийм учир тэмдэглэл хийх нь үндэслэлтэй байгаа.

...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахгүй, тодорхой үйлдэл хийхгүй байхыг даалгасан байдаг. Энэ нь өмчлөлийн маргаантай байгаа гэдгийг илтгэж байгаа зүйл. Ийм байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өнө үү. гэв.

Гуравдагч этгээд Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Дуусаагүй барилга гэж их маргаад байгаа. Нэхэмжлэгч нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилга дээр гэрчилгээтэй байна. Гуравдагч этгээд нь хөрөнгө оруулагч гэдгийг сая гэрч асуухад тодорхой болсон. Иймд гэрээний үүргийн дагуу төлбөрөө бүрэн төлж дууссан. Ийм учир хөрөнгө оруулагчаар тооцохоос өөр аргагүй. Хэн ч өмчлөгч этгээд биш байх тул хамтран очиж бүртгэнэ гэсэн зүйл яригдахгүй тул тэмдэглэгээ хүчингүй болох үндэслэл байхгүй. Маргаж буй газар нь одоо болтол өмчлөлийн маргаантай байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээг Н.Б нь өөрөө хийсэн байдаг. Ийм учир хөрөнгө оруулагч буюу дуусаагүй байсан барилгад хөрөнгө оруулсан этгээд юм. Ийм учир маргаантай байгаа өмчлөлийн асуудлыг шийдэгдэж байж хэнийг бүртгэх нь шийдэгдэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54, Компьютер центр барилгын үйлчилгээний зориулалттай 4 давхрын ******* тоот 51.36 м.кв талбай бүхий ******* тоот талбайн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн нь хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг ММТТХХ ТББ-ын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 хороолол, Их тойруу 54, Компьютер центр барилгын үйлчилгээний зориулалттай 4 давхрын 51.36 м.кв талбай бүхий ******* тоот талбайг бүртгэн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3/7669 дүгээр албан бичгээр ММТТХХ ТББ-д хандан ... иргэн Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан тэмдэглэл хийлгэсэн байна. ... гомдлыг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхэд хандана уу гэж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ч.Г 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ММТТХХ ТББ-ын өмчлөх эрх бүргүүлэх тухай хүсэлтийг жагсаалтаар захиалагч нь иргэн Д.Б бүртгэлтэй байх ба 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэг, хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийсэн байх тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан талаарх мэдэгдлийг биечлэн тус тус мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс урьдчилсан тэмдэглэлийг хууль зөрчиж хийсэн гэж, хариуцагчаас бүртгэл хуульд нийцсэн гэж, гуравдагч этгээдээс маргаан бүхий талбайг худалдаж авсан, урьдчилсан тэмдэглэлээ хуульд нийцсэн гэж гэж тус тус маргажээ.

ММТТХХ ТББ нь маргаан бүхий барилгын зоорь 1, 2, 4, 7 давхарт байршилтай 4419 м.кв 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж байсан бөгөөд тухайн барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/26 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар байнгын ашиглалтад оруулжээ.

Гуравдагч этгээд Д.Бё 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Монголын мэдээлэл, технологийн техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-аас ирүүлсэн жагсаалт дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг гаргасны дагуу маргаан бүхий урьдчилсан тэмдэглэлийг хийжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно, 31.3-д Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана гэж тус тус заажээ.

Маргаан бүхий барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад оруулсан байх бөгөөд гуравдагч этгээдийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дангаар гаргасан хүсэлтийг үндэслэж дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу маргаан бүхий бүртгэлийг хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь урьдчилсан тэмдэглэлийн зорилго нь эрх зүйн түр хамгаалалт байхыг шаардах бөгөөд дуусаагүй барилгын тухайд захиалагч, хөрөнгө оруулагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар нэг талын хүсэлтээр, дууссан буюу байнгын ашиглалтад орсон барилгын тухайд талуудын оролцоог тэгш хангах үүднээс хамтарсан мэдүүлэг гаргахаар хуульчилжээ.

Гэтэл тухайн барилга нь байнгын ашиглалтад ороод 3 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байхад захиалагчийн дангаар гаргасан хүсэлтийг үндэслэж дээрх бүртгэл буюу урьдчилсан тэмдэглэл хийсэн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин тус шүүх нь үйл баримт тогтоодоггүй, аливаа хөдлөх болоод үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч мөн болохыг тогтоох эрх хэмжээгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тухайн талбайн өмчлөлийн талаарх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг ММТТХХ ТББ-ын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь талууд эхлээд тухайн талбайн өмчлөлийн асуудлаа ердийн харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд уг асуудлаар хэн аль нь эрх бүхий байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ММТТХХ ТББ-ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 54, Компьютер центр барилгын үйлчилгээний зориулалттай 4 давхрын ******* тоот 51.36 м.кв талбай бүхий ******* тоот талбайн урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох тухайн талбайн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг ММТТХХ ТББ-ын нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ