Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Хавалханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2018/00374 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын харъяат, 1956 оны 03 сарын 25-нд төрсөн, 63 настай, эрэгтэй, Булган сумын Баянгол багт оршин суух, Шэрүүч овогт Ажхайн Хавалханы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын харъяат, 1967 оны 03 сарын 17-нд төрсөн, 52 настай, эрэгтэй, Булган сумын Баянсудал багт оршин суух, Шэрүүч овогт Бэгзээдэйн Тогтбект холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: А.Хавалхан намайг иргэн Б.Тогтбекийн 1 тооны тэмээг алж устгасан хэмээн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2017 оны 08 сарын 14-ний өдрөөс хойш цагдаагийн байгууллагын үүдийг сахиж байцаалт, мэдүүлэг өгч байсан. Гэвч уг хэргийн үнэн ялгарч би Б.Тогтбекийн 1 тооны тэмээг алж устгаагүй болох нь тогтоогдож. 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 05/10 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч болон миний ах нар 1.000.000/нэг сая/ төгрөг Б.Тогтбект өг гэж хэлээд байсан учир би хэрэг хийсэндээ өгч байгаа юм биш үү гэж хэлээд хохирол болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өгсөн. Одоо уг хэргийг намайг үйлдээгүй болохыг зохих байгууллага нь шалгаж шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон тул А.Хавалхан би өөрт учирсан хохирол 1000000 / нэг сая / төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 300000/ гурван зуун мянган/ төгрөг, нийт 1300000 / нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг Б.Тогтбекээс нэхэмжилж байна. Одоо 60 нас гарсан надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж надад сэтгэл санааны болон нэр хүндэд маш их хохирол учирсан. Эдгээр хохирлыг үнэлэлгүйгээр зөвхөн учирсан хохирол 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг Б.Тогтбекээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Манай тэмээ үхсэн газарт энэ хүнээс өөр эрэгтэй хүн байгаагүй. 2017 оны 09 сарын 15-нд намайг дуудаж байна гэхээр нь би ирсэн. Намайг ирэхэд А.Хавалхан нь шээс боогдлоо гээд эмнэлэгт хэвтэж байсан. Намайг хохиролоо ав юу авах вэ адуу авах уу? Бог мал авах уу? гэхэд нь би хууль шийдэх байх гэсэн. Тэгээд надад 1.000.000 /нэг сая/ төгрөг өгөөд гарын үсэг зурж өгсөн. Тухайн үед А.Хавалхан нь намайг болон гэр бүлийг маань хэл амаар доромжилсон. Би үхсэн тэмээний хохиролд уг мөнгийг авсан тул одоо буцааж төлж чадахгүй. Уг мөнгийг цагдаагийн хэлтэс дээр надад өгсөн гэжээ.

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 154/ШШ2018/00374 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тогтбекээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хавалханд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 35750 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Тогтбекээс улсын тэмдэгтийн хураамжид 35750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хавалханд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Нэхэмжлэгч А.Хавалхан нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, ямар эрх нь зөрчигдсөн гэж үзэж гаргаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад шүүх өөрийн санаачилгаар нэхмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь иргэний эрх зүйн харилцаанд үүсэх талуудын зарчмыг зөрчиж байна. Хариуцагч Б.Тогтбек нь бусдын хөрөнгийг хуулийн дагуу авсан. Нэхэмжлэгч А.Хавалханы өмнө үүрэг хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх гэм хор учруулсанаас үүдэн гарсан хохирол гэж үзэж шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэж үзэж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Хавалхан нь хариуцагч Б.Тогтбект холбогдуулан хохиролд тооцож өгсөн 1.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд өгсөн 300.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Б.Тогтбек нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “би А.Хавалханаас үхсэн тэмээний хохиролд тооцож 1.000.000 төгрөг авсан тул буцаан төлж чадахгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

            Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын тогтоолоор А.Хавалханд холбогдох эрүүгийн хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх нэхэмжлэгч А.Хавалханы хариуцагч Б.Тогтбект 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэг тооны тэмээний хохиролд тооцож өгсөн 1.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тогтбекээс гаргуулж, нэхэмжлэгч А.Хавалханд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч нь 1.000.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч А.Хавалханы эрүүгийн хэрэгт өөрийг нь өмгөөлж байсан өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийг хариуцагч Б.Тогтбекээс гаргуулан нэхэмжлэгч А.Хавалханд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч А.Хавалханы өөрийн өмгөөлөгчдөө өгсөн өмгөөллийн хөлс 300.000 төгрөгөөр хариуцагч Б.Тогтбек Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн өмгөөллийн хөлс 300.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин А.Хавалхан нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн авсан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогд хэвээр үлдээж, 7200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00374 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “хариуцагч Б.Тогтбекээс 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хавалханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогд хэвээр үлдээж, хариуцагч Б.Тогтбекээс нэхэмжлэл хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 28550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хавалханд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн зохих данснаас 7200 төгрөгийг гаргуулан шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Тогтбект буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                              Б.ДАМБА

 

                                                                     М.НЯМБАЯР