| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 113/2016/0011/з |
| Дугаар | 221/МА2017/0202 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0202
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1948050 төгрөг, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулан Ц.Хүрэлбаатарт олгож, мөн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж, “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн миний бие 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан болно.
Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг тус тус гарган нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.
1. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Прокурорын тогтоолоор сумын Засаг даргыг үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлээд эгүүлээд сэргээсэн тохиолдолд буцааж томилох тухай заалт байдаггүй.
Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Бaг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга томилдог.
Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээд Ц.Хүрэлбаатарыг томилох эсхүл чөлөөлөх тухай тогтоол аймгийн Засаг даргад ирээгүй байна.
Тус шийдвэрийн Тогтоох хэсэгт “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Өөрөөр хэлбэл Засаг даргын тус эс үйлдэхүй нь хууль бус гэдгийг тогтоогоогүй байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тэтгэмжийг Ц.Хүрэлбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилдөж байна гэж үзэж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-т “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/20 дугаар тогтоолоор эрүүгийн 20141000289 дугаартай хэргээс Ц.Хүрэлбаатарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн байна.
Өөрөөр хэлбэл аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/20 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудын баримтлан шийдвэр гаргасан байх бөгөөд тус хуульд дээрх заалтууд байхгүй тул тус шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн алдаатай шийдвэр гэж үзэж байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч анх “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар түр томилох тухай” Б/46 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, Ц.Хүрэлбаатарыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад эгүүлэн томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаагч, комиссар Ж.Мөнхжаргалын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Ц.Хүрэлбаатарын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлжээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг албан байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг 3 хоногийн дотор хэрэгжүүлж, энэ тухай хариу мэдэгдэнэ” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамж гаргасан байна. Өөрөөр хэлбэл энэхүү захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь заалтыг хэрэгжүүлж гарсан захирамж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1.948.050 төгрөг, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулан Ц.Хүрэлбаатарт олгож, мөн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичгээр “...Ц.Хүрэлбаатарт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Хүрэлбаатарын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “... сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж заасан байх бөгөөд Говьсүмбэр аймгийн Прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоол гарах үед нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байжээ. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга түүнийг албан үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангалгүй явсаар 2016 оны орон нутгийн сонгууль болж, Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Д.Мөнх-Эрдэнийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар Д.Мөнх-Эрдэнэ Баянтал сумын Засаг даргаар томилогдсон байна.
Ийнхүү нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар Баянтал сумын Засаг даргаар ажиллах боломжгүй болсныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн албан тушаалын 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүхийн “Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч албан үүргийг нь түр түдгэлзүүлсэн үндэслэлд маргаагүй тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байх хугацааны цалинг олгох боломжгүй юм” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Тодруулбал Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт “Иргэнийг хууль бусаар ... албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, ...-ний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасны дагуу тэрээр албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байх хугацааны цалинг нэхэмжлэх /хохирлоо арилгуулах/ эрхтэй юм. Гэхдээ энэ үндэслэлээр Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх шаардлагагүй, хойшид хэрэг маргааныг шийдвэрлэхдээ анхаарвал зохихыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Прокурорын тогтоолоор сумын Засаг даргыг үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлээд эгүүлээд сэргээсэн тохиолдолд буцааж томилох тухай заалт байдаггүй” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь Ц.Хүрэлбаатарыг Баянтал сумын Засаг даргаас огцруулсан, чөлөөлсөн ямар нэгэн захирамж, шийдвэр огт гараагүй, зөвхөн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн болно. Гэтэл хариуцагч “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тухай Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг даргыг огцруулсан, чөлөөлснөөс үүсэх үр дагавартай адилтгасан нь буруу юм.
Түүнчлэн “Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1-д Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг баримтлан шийдвэр гаргасан байх бөгөөд тус хуульд дээрх заалтууд байхгүй тул уг шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн алдаатай шийдвэр гэж үзэж байна” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь анхан шатны шүүх өөрийн гаргасан алдааг зөвтгөсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 113/ШШ2017/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР