Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 156/шш2022/00119

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2022/00079/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, С.Х

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар багт оршин суух М.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн хөлд оруулагч, приус-20 маркийн автомашины аккумлятор болон 2.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж

Хариуцагч: М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М.Д-гаас Приус-11 маркийн машиныг хувь лизингээр худалдаж авсан. 2021 оны 12 дугаар сарын 28-нд 1.350.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-нд 50.000 төгрөг дансаар шилжүүлж нийт 1.800.000 төгрөг өгсөн. Мөн хонь 200.000 төгрөг, адууны мах 10 кг 80.000 төгрөг, аккумлятор 150.000 төгрөг, хүүхдийн хөлд оруулагч, хоолны ширээ сандал, бүүвэйлэгч зэргийг 70.000 төгрөгт тооцож өгсөн. Энэ машиныг анх утсаар ярихдаа 4.000.000 төгрөг гээд уулзаад машинаа харахад хаанаас нь ч харсан бүх юм нь эвдэрхий засвар хийх шаардлагатай машин байхаар нь болилоо гэхэд шууд 2.000.000 төгрөгт авчих засварын мөнгөө хасаад өгье гэхээр нь зөвшөөрсөн. Нотариатаар батлуулна гэхэд би хүүхдээ орхичхоод явж байна яараад байна би чамд итгэж байна чи бол миний машиныг авчихсан хүн яах вэ дээ юунаас айх вэ гэж хэлэхэд нь би итгэсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 29-нд Д нь ажлын гадаа байсан машиныг хулгайлж авч явсан дотор нь хүүхдийн маань лизингээр аваад сар ч болоогүй байсан хөлд оруулагч байсан. Машины илүү
түлхүүртэй байсан юм байна лээ. Бүр төлөвлөчихсөн байсан. Машин авч явсан шалтгаан нь 200.000 төгрөг өгөөгүй гэсэн. Машиныг нэр дээр болгож өгөхгүй Заг капитал-д 600.000 төгрөгөөр тавьчихсан машин гэсэн. Тэгээд байнга хоолны юмгүй гэж намайг шаналгана хонь авчхаад мөнгөндөө оруулахгүй гэсэн. Иймд М.Д-гаас 2.300.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх хуралдаан дээр хүүхдийн хөлд оруулагч аккумляторыг буцааж өгнө гэсэн тул уг эд зүйлийг биетээр авч харин үлдэх 2080000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2.080.000 төгрөг нь машины үнэ гээд шилжүүлсэн 1.800.000 төгрөг, махы үнэ 80.000 төгрөг, хонины мөнгө 200.000 төгрөг нийт 2.080.000 төгрөг болж байгаа юм гэв.

 

2. Хариуцагч М.Д нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк дээр автомашин зарна гэсэн зар тавьсан ба энэ зарын дагуу над руу Х ярьсан. Би 2021 оны 12 дугаар сарын 29-нд ажлаасаа буугаад Х-тэй уулзсан. Уулзаад гадаад үзэмж нь муухай байгаа ч дотор тал бол асуудалгүй гээд 4.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Х 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд, 2.000.000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сард цалингийн зээл аваад өгнө гэж ярьсан. Би эвтийн нотариат дээр 2 цагт очоод 3 цаг хүртэл Х-г хүлээсэн. Тэгээд ирээгүй ба бид 2 захиргааны хойд талын нотариат дээр уулзахад хүн ихтэй байсан. Тухайн үед Х-гийн дүү, мөн манай нөхөр бид 4 байсан. Нотариатаар батлуулах гэтэл материал бүрдүүлэх шаардлагатай байсан ба хүн ихтэй болохоор нь бид болиод явцгаасан. Тэр өдөр Х надад 1.350.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш уулзалдахгүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн. Би 3 өдөр хоол хийх адууны мах авсан нь үнэн, гэхдээ 10кг мах байгаагүй. Хүүхдийн эд зүйлийг миний хүүхдийг өхөөрдөөд хөлд оруулагч, бүүвэйлэгч өгсөн. Тэр зүйлүүд манайд хэвээрээ байгаа. Буцаан авч болно. 2022 оны 01 дүгээр сарын эхний өдөр надад мөнгө өгсөн. Би Х-тэй 200.000 төгрөг өгөхгүй 1 сар гаран болж байгаа юм чинь 2.000.000 төгрөг өгнө гэдэг худлаа юм байна гээд нэлээн маргалдсан. Надад машины хугархай илүү түлхүүр байсан. Илүү түлхүүрээрээ би машинаа аваад явсан. Тэрнээс хойш уг машинаа өөрөө хэрэглэж байгаа. Машиныг Х-с авахад машин маш их доголдолтой, пивоны сав хогоор дүүрэн байсан. Дорнод ороод ирэхэд дугуйгаа хагалсан гээд 3 дугуйтай байсан. Цагаан сар болох гээд байна хонь авъя гэж хэлсэн, гэхдээ хонь огт аваагүй. Анхнаасаа эвээр ярилцаад итгэсэн байсан болохоор 2.300.000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа. Хүүхэд хөлд оруулагч, аккумлятор 2 тэр хэвээрээ манайд байгаа энэ хоёрыг буцаагаад өгч болно. Х манай машиныг нэг сар гаран унасан, маш их эвдрэл гэмтэлтэй болгосон тул би уг эвдрэл гэмтэл надад шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг тооцож буцаан өгөх боломжгүй гэж үзэж байна. Иймд би нэг ч төгрөг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

3.1  С.Х-гийн гэх Хаан банкны дансны хуулга (хх-ийн 06-08 хуудас)

3.2  Фэйр валюшн ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. Үүнд Шүдлэн эр хоно 150.000 төгрөг, Адууны мах 1 килограмм нь 8500 гэж үнэлсэн байна. (хх-ийн 28-31 хуудас)

3.3  Утасаар харьцсан мессэж чатны хуулга (хх-ийн 32 хуудас)

3.4  Зарлагын баримт, тамга тэмдэггүй. Эвт өргөтгөл гэх (хх-ийн 33 хуудас)

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

4.1 Нэхэмжлэгч С.Х-тэй утсаар бичсэн мэссэж чатны фото зураг (хх-ийн 19-23 хуудас)

4.2 Авто машины дотор талын фото зураг (хх-ийн 24 хуудас)

4.3 Нотариат дээр гэрээ хийхээр тохирсон баримт (хх-ийн18 хуудас)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч М.Д-д холбогдуулан 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 70.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн хөлд оруулагч, 150.000 төгрөгийн үнэтэй автомашины аккумляторыг биетээр гаргуулж, үлдэх 2.080.000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн байна.

2. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс дүгнэвэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан машины үнэд төлсөн төлбөрийг шаардан нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: .. миний бие Д-тай приус-11 маркийн автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон. Анх Д нь зар дээр 4.000.000 төгрөгөөр зарна гэсэн байсан боловч уулзаж машиныг үзэхэд сэв зураас ихтэй, эвдрэлтэй байсан тул бид ярилцаад 2.000.000 төгрөгийг засварт тооцоод, машиныг 2.000.000 төгрөгт авахаар болсон юм. Би дансаар машины үнэ гээд 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн, хонь 200.000 төгрөгөөр тооцож өгсөн. Д нь машин зарсныхаа дараа надруу утасдаад байнга мөнгө нэхээд байдаг байсан тул би түүнд 80.000 төгрөгийн үнэтэй 10 килограмм адууны мах, 70.000 төгрөгийн үнэтэй хүүхэд хөлд оруулагчийг өгсөн. Д машиныг манай ажлын гаднаас өөрөө буцаагаад аваад явахдаа машинд тавьсан байсан 150.000 төгрөгийн үнэтэй аккумляторыг авсан. Иймд Хүүхдийн хөлд оруулагч, автомашины аккумлятор зэргийг биетээр нь буцааж авна, үлдэх шилжүүлсэн 1800.000 төгрөг болон хонины үнэ 200.000 төгрөг, адууны махны үнэ 80.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийг гаргуулна гэсэн байна.

5. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ..Би машинаа 2.000.000 төгрөгөөр зарна гэж хэлээгүй. Нийт 4.000.000 төгрөгөөр зарна гэж бид тохиролцож, нотариат дээр гэрээ хийх гэтэл нэхэмжлэгч ирээгүй. Ингээд надад дансаар машины мөнгө гэж 1.800.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Машины үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаагаад элдвийн шалтаг тоочоод байхаар нь би өөрт байсан түлхүүрээрээ машиныг онгойлгоод аваад явсан. Одоо машин надад байгаа. Хүүхэд хөлд оруулагч болон машины аккумлятор нь тэр хэвээрээ байгаа тул үүнийг буцааж
өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний машиныг худалдаж авна гээд сар гаран унаж
хэрэглэсэн, машинд зөндөө их эвдрэл гэмтэл учруулсан болохоор би өөрт учирсан хохиролдоо 1.800.000 төгрөгийг тооцно, 200.000 төгрөгийн хонь аваагүй, 10 кг мах аваагүй... хэмээн тайлбарлан маргаж байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Х, хариуцагч М.Д нар нь 2021 оны 12 дугаар сард Приус-11 маркийн 05-21 ХЭҮ улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч С.Х Хаан банк дахь өөрийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.350.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг нийт 1.800.000 төгрөгийг хариуцагч М.Д-гийн Хаан банк дахь дансруу шилжүүлсэн, машины төлбөрийг нэхэмжлэгч С.Х бүрэн төлөхгүй байсан тул хариуцагч М.Д машинаа буцаан авсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

Хариуцагч М.Д нь ...би машинаа 4.000.000 төгрөгөөр зарна гэж нэхэмжлэгчтэй тохиролцсон, машины үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан учраас машиныг буцаан авсан, нэхэмжлэгч С.Х машиныг 1 сар гаран унаж хэрэглэсэн, унах хугацаандаа эвдрэл гэмтэл гаргасан учир 1.800.000 төгрөгийг төлөхгүй,

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 150.000 төгрөгийн үнэтэй автомашины аккумлятор болон 70.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн хөлд оруулагчийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, 200.000 төгрөгийн үнэтэй хонь болон 80.000 төгрөгийн үнэтэй адууны мах Х-ээс аваагүй учраас төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байна.

Хариуцагч М.Д нь Приус-11 маркийн 05-21 ХЭҮ улсын дугаартай автомашиныг худалдахаар зарж тавьж, нэхэмжлэгч С.Х худалдан авахаар тохиролцон нэхэмжлэгч машины төлбөрт 1.800.000 төгрөгийг шилжүүлэн өгч, хариуцагч машиныг нэхэмжлэгчид шилжүүлснээс үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба машин худалдаж, худалдан авахаар тохиролцсоны дагуу гэрээний зорилгодоо хүрэхийн тулд М.Д машиныг хүлээлгэн өгөх, С.Х машины үнийг төлөх үүргийг хэн алинхаа өмнө хүлээсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, худалдагч тал эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээдэг ба зохигчдын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид машиныг өгсөн, машины үнэ 1.800.000 төгрөг авсан тухай үйл баримтад маргаагүй, харин машины үнэ 4.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг хэмээн маргаж, хариуцагч М.Д нэхэмжлэгч С.Х-г гэрээний үүргээ биелүүлэхгүй, машины төлбөрийг бүрэн төлөөгүй удсан хэмээн машинаа буцаан авсан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч М.Д гэрээнээс буюу машин худалдах худалдан авах харилцаанаас
татгалзсанаа илэрхийлэн нэхэмжлэгчээс машиныг буцаан авсан байх тул нэхэмжлэгчийн төлбөрт шилжүүлсэн 1.800.000 төгрөгийг харилцан буцаан өгөх хариу үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсанаар уг харилцаа нь харилцан буцаан өгөх харилцаа болох ба хариуцагч гэрээнээс татгалзаж машинаа буцаан авсан, үүргийн гүйцэтгэл мөнгөн хэлбэртэй байсан тул мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч М.Д нь 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч ... нэхэмжлэгч 1 сар манай машиныг унаж хэрэглэхдээ эвдрэл гэмтэл, элэгдэл гаргаж надад хохирол учруулсан, 1.800.000 төгрөгийг машинд учруулсан хохиролд тооцно хэмээн маргаж байгаа боловч хариуцагч нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдлийн улмаас өөрийн машинд хэдий хэмжээний хохирол төлбөр учирсан талаар нотлоогүй, энэ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчаас 1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн аккумлятор худалдан авсан гэх баримт (хх-33 хуудаснотлох баримтыг шаардлага хангаагүй хэдий ч хариуцагч нь 150.000 төгрөгийн үнэтэй приус-11 маркийн автомашины аккумлятор болон 70.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн хөлд оруулагчийг биет байдлаар буцаан нэхэмжлэгчид өгөхөө илэрхийлэн маргаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Харин 200.000 төгрөгийн хонь болон 10 килограмм адууны махны үнэ 80,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, хонь өгснийг нотлуулахаар Х.М-ыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгасан боловч С.Д-д хонь өгсөн гэдгийг хангалттай нотлоогүй, нэхэмжлэгч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нийт 280.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч М.Д-гаас 70.000 төгрөгийн үнэтэй хүүхэд хөлд оруулагч, 150.000 төгрөгийн үнэтэй приус-11 маркийн автомашины аккумлятор, 1.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Д-гаас 1.800.000 төгрөг болон 70.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн хөлд оруулагч, 150.000 төгрөгийн үнэтэй Приус-11
маркийн автомашины аккумляторыг гаргуулж нэхэмжлэгч С.Х-д олгож, үлдэх 280.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 47.270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА