| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 150/2025/00074/И |
| Дугаар | 001/ХТ2026/00003 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00003
Г.Хын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаар шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00045 дугаар магадлалтай,
Г.Хын нэхэмжлэлтэй
“ЦШ” ХХК-д холбогдох
2024.10.17-ны өдрийн Б/822, 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 12,653,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч “ЦШ” ХХК-д холбогдуулан “ЦШ” ХХК-ийн захирлын Сахилгын шийтгэл оногдуулах тухай 2024.10.17-ны өдрийн Б/822, 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 12,653,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хыг “ЦШ” ХХК-ийн Захиргааны удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “ЦШ” ХХК-с ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 11,235,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,417,618 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ЦШ” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 264,919 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00045 дугаар магадлалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хын албан тушаалыг бууруулахдаа ажилтны биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан тохирох ажилд шилжүүлэхийг ажил олгогч “ЦШ” ХХК-д даалгаж, Г.Хын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг “ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалын цалингийн хэмжээг тодорхойлж олгохыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ЦШ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч Г.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.19-ний өдрийн 208/МА2025/00045 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг үнэн зөв дүгнэсэн.
4.1 Анхан шатны шүүх хариуцагч “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар тушаалын үндэслэлд хийсэн дүгнэлтэд “захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалаас ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/ гэх албан тушаалд бууруулахад нэхэмжлэгч Г.Х нь 5 сартай жирэмсэн байсан гэх ба энэхүү үйл баримт дээр хариуцагч байгууллагын төлөөлөгч нар маргадаггүй” гэж дурдсан бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгч болох Г.Х намайг жирэмснийг мэдсээр байж хөдөлмөрийн хүнд нөхцөл болох ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/ гэх албан тушаалд томилж, шохойн чулууг нүүрстэй холиод гаргаж байгаа угаартай, 5 килограммын хүнд хүрз, шүүр бариад, гараараа шохой бариад хүнд тоостой нөхцөлд ажиллуулахаар болсон нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр байсан. Үүнийг ч анхан шатны шүүхийн зүгээс хариуцагчийн албан тушаал бууруулсан ажлын байр болох үйлчлэгч /оператор/ албан тушаал нь ажилтны эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.
4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”, 54.1.1-т “ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн”, 54.2-т “Ажилтан энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй”, 54.3-т “Ажил олгогч энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай нь холбогдуулан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ мөн дээрх хуулийн заалтыг үндэслэл болгосон ба “ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/ ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн нөхцөлийг онцгой нөхцөл /хортой/ гэж тодорхойлсон байх бөгөөд гуравдагч этгээд буюу 5 сартай урагт хохирол учруулж болзошгүй гэх үндэслэлээр уг ажлын байран дээр ажиллахгүй талаараа ажил олгогч байгууллагын төлөөлөгчид хэлж мэдэгдэж байсан байна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ”, 5.1.2-т “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах...” гэж суурь эрхийг хуульчилсан байна. Түүнчлэн 2024.11.26-ны өдрийн “ЦШ” ХХК-ийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийн шийдвэрлэлт хэсэгт “...Г.Хын ажлын байр сольсон гүйцэтгэх захирлын тушаал нь жирэмсэн эмэгтэй хүнд хүндэдсэн байна гэж үзэж байгаа учир тушаалаа эргэн харж ажилтныхаа талд зөв шийдвэр гаргах болов уу гэж үзэж байна” гэж дүгнэсэн нь ажил олгогч ажилтны эрхийг хөндсөн шийдвэр гаргасан болохыг давхар нотолж байна гэж үзлээ” гэж дүгнэж "ЦШ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.09.06-ны Б/680 дугаар тушаалыг ажилтны суурь эрхийг зөрчсөн байх тул үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь нэхэмжлэгч буюу ажилтан Г.Х миний хөдөлмөрлөх эрх, ажлын байр буюу хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг буруутай этгээдийн хууль бус шийдвэрээс хамгаалсан юм.
4.2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2.1 Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүхээс ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж Г.Хыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох “ЦШ” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв...” гэж үзсэн болно. Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагч болох “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.09. 06-ны өдрийн Б/680 дугаар тушаалыг ажилтны суурь эрхийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1- т “ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн” гэж заасныг ноцтой зөрчиж байна гэж дүгнэсэн бөгөөд ажилтныг албан тушаал бууруулж "ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/" албан тушаалд нь ажиллуулах нь 5 сартай жирэмсэн эмэгтэйн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, түүний хэвлийд буй гуравдагч этгээд болох нярай хүүхдийн эрхийг зөрчиж, амь насанд нь аюул учрах, хүүхэд дутуу төрөх, эндэгдэх зэрэг бодитой эрсдэл үүсэх нөхцөл байдалд хүргэхээр байсан.
4.2.2 Уг хүчин зүйлд хүргэж болзошгүй маргаан бүхий 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар шийдвэр нь дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 54.1.1-т заасныг зөрчсөн бөгөөд хууль бус болохыг тогтоож, ажилтны суурь эрхийг зөрчиж байна гэж дүгнэн үзсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй буюу хэргийн бодит байдалд нийцэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй бөгөөд Г.Хыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох "ЦШ" ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.2.3 Мөн давж заалдах шатны шүүх “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлж байгаа тохиолдолд ажилтны ажлын байрыг өөрчлөхдөө ажилтны 5 сартай жирэмсэн байдлыг нь харгалзан тохирох ажлын байранд томилоогүй, түүнчлэн энэ талаар гаргасан ажилтны гомдлыг шийдвэрлэхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах гэсэн ажилтны эрхийг ажил олгогч нь зөрчсөн байна...” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий албан тушаал бууруулсан Б/680 дугаар тушаалыг гаргаж, ажлын байрыг өөрчлөхдөө ажилтан Г.Хын 5 сартай жирэмсэн байдлыг харгалзаагүй болох нь тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх үндэслэлдээ дурдсан атлаа 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэж байна. Иймд, дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэж Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/MA2025/00045 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.19-ний өдрийн 208/МА2025/00045 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Хөдөлмөрийн тухайн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хыг “ЦШ” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэг тогтоож, “ЦШ” ХХК-иас ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 11,235,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,417,618 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г 2025.07.03-ны өдөр давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.09.19-ний өдөр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүх хуралдааны танхимд шүүхийн шийдвэр уншиж сонсгохдоо нэхэмжлэгч Г.Хыг албан тушаалаас нь чөлөөлсөн асуудлыг үндэслэлгүй буруу шийдвэр гэж үзсэн, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзаж гомдол гаргах хугацаанд нь ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, иймд ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч операторч албан тушаалд томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн цалин хөлсийг хэлэлцэхгүй орхиж, цалин хөлстэй холбоотой асуудлаар холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдана гэх агуулгыг тайлбарлаж өгсөн.
Гэвч Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00045 дугаартай магадлалын тогтоох хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хын албан тушаалыг бууруулахдаа ажилтны биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан тохирох ажилд шилжүүлэхийг ажил олгогч “ЦШ” ХХК-нд даалгаж, Г.Хын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг “ШҮ”-ийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалын цалингийн хэмжээг тодорхойлж олгохыг даалгасугай гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн 2025.09.19-ний өдрийн 208/ТМ2025/00077 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн магадлалын тогтоох хэсэгт “Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025.05.28-ны өдрийн 156 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Магадлалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, үйл баримтын талаар дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж байна. Г.Хыг албан тушаалаас чөлөөлсөн асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, албан тушаалыг зэрэглэлийг бууруулж, “ЦШ” ХХК-ийн туузан дамжлагын үйлчлэгч операторчоор томилсон тушаалыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзаж гомдол гаргах хугацаанд нь ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд ажил буцаан тогтоох нь зүйтэй. Цалин хөлстэй холбоотой асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна гэв” гэж тусган бичсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл бөгөөд шүүхийн шийдвэрийн үнэн зөв байдлыг баталгаажуулах чухал баримт юм. Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нарт уншиж сонсгосон шүүхийн шийдвэр, бичгээр гарсан магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох нь хэсгийн агуулгууд өөр, хоорондоо зөрүүтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Тус шүүх хуралдааны видео бичлэг шүүхийн цахимд санд хадгалагдаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.
5.2 Албан тушаал бууруулсан Б/680 дугаар тушаалын хууль ёсны байдал. Гүйцэтгэх захирлын 2024.08.05-ны өдрийн А/202 дугаартай тушаалаар “Захиргаа удирдлагын газрын ажилтнуудын ажлыг шалгах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолд заагдсан ажил үүргийг гүйцэтгэж буй эсэхэд дүгнэлт гаргаж, танилцуулах” ажлын хэсгийн 2024.08.14-ний өдрийн дүгнэлтээр “Нарийн бичиг Г.Хыг 2024 оны 05, 06, 07, 08 дугаар сарын байдлаар 605 минут хоцорсон буюу ажлын цаг ашиглалт хангалтгүй, мөн үндсэн үүргээ хэрэгжүүлэлт хангалтгүй буюу ажлын байрны тодорхойлолд заасан хэрэгжүүлж ажиллах ёстой 18 чиг үүргээс 8 чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй, 4-ийг бүрэн хэрэгжүүлж ажиллахгүй байгаа” нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Энэ нь “ЦШ” ХХК-ийн 2022.11.16-ны өдрийн А/267 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай" журмын 4.1.5-д “Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих”, 4.2.1-т “Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг сахиж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж захирах, захирагдах ёсыг чанд баримтална”, 4.2.4-т “Албан үүргээ хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг чадварыг дайчлан ажиллах, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, шинэлэг арга техник хэрэгсэл ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана”, 8.8.2-т “Нэг сарын хугацаанд 180 минут хоцорсон тохиолдолд үндсэн цалинг нэг сарын хугацаанд 10 хувиар бууруулах”, 12.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 12.2.4-т “албан тушаал бууруулах”, 12.2.д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж тус тус заасан байдаг.
Нэхэмжлэгч Г.Хтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т “Ажлын цагийг үр бүтээлтэй, бүрэн ашиглаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өндөр бүтээмжтэй ажиллах”, 4.2.6-д “Ажил үүргээ гүйцэтгэхдээ тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, заавар, дүрэм журмын нарийвчлан судалж, удирдлагаас өгсөн удирдамж, чиглэлийг чанд мөрдөж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах”, 5.1.1-д “Ажилтан үүргээ чанартай биелүүлж байгаа эсэхэд ажлын аль ч үе шатанд танилцах, шалган зааварчлах, Хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүрэг болон өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийг ажилтнаас шаардах”, 5.1.2-т “Ажилтнуудын ажлыг цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга, хариуцлагын байдалд тогтмол хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч зөрчил, дутагдал гаргасан тухай бүрд хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах”, Долоо. “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, түдгэлзүүлэх” хэсгийн 7.2.1-д “Ажилтан хууль, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, 7.2.4-т “Ажлын цаг ашиглалтын журам зөрчих”, 7.2.5-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй тус заасан байдаг” гэж заасан ба Г.Х нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолд заагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр ажил олгогчийн зүгээс “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл” ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нийцсэн хууль ёсны шийдвэр байсан. Шүүх нэхэмжлэгчийн “үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх зорилгоор сахилгын арга хэмжээ авсан” гэх тайлбарт үндэслэн тушаалыг хууль бус гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна.
5.3.Ажлаас чөлөөлсөн Б/822 дугаар тушаалын хууль ёсны байдал.
Г.Х нь 2024. 09.10-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал буюу ажлын 23 хоног шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.
Нэхэмжлэгч Г.Хтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.3-д “Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална”, 7.3.1-д “Хүндэтгэх шалтгаангүйгээр 1 сарын хугацаанд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан”, 7.3.27-д “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол” гэж тус тус заасан байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан заалтуудыг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтуудыг тус тус зөрчсөн байх тул гүйцэтгэх захирлын 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн “жирэмсэн байсан тул хортой нөхцөлд ажиллахаас татгалзсан” гэх тайлбарт үндэслэн ажил олгогчийн Б/822 дугаар тушаалыг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч ажилдаа ирээгүй, харин жирэмсэн байсан тул хортой нөхцөлд ажиллахаас татгалзсан гэх үндэслэлээр ажил таслаагүй, тухайн үед ажил олгогчид эмнэлгийн тодорхойлолт ирүүлээгүй, өөрийн эрх зүйн байдал /жирэмсэн, хүүхэдтэй/ талаар албан ёсоор мэдэгдээгүй нь ажил олгогчийн зүгээс мэдэх боломжгүй нөхцөл байдал юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин 12,653,200 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нэгэн баримт хэргийн материалд байхгүй байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” маргаан зохицуулах байгууллагад хандах тухай заасан. Мөн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл ... шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тодорхой заасан.
Гэтэл нэхэмжлэгч Г.Х нь ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авснаас хойш 113 хоногийн дараа буюу 2025.02.24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн төдийгүй, хөдөлмөрийн маргаан зохицуулах байгууллагын дарааллыг зөрчсөн ноцтой зөрчил юм.
Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025.02.17-ны өдрийн 02/29 тоот албан бичигт “хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу ирүүлсэн нь үнэн боловч, энэ нь хэтэрсэн хугацаанд гаргасан хүсэлт бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад хандах үүргээ биелүүлээгүйг үгүйсгэхгүй.
Иймд сум дундын шүүх нь хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа болон дарааллыг зөрчсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн байх тул Г.Хын нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/680 дугаар тушаал болон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/822 дугаар тушаалуудыг хууль бус болохыг шүүхээр тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 12,653,200 төгрөг гаргуулах гэсэн шаардлагууд нь үндэслэлгүй юм.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний 208/МА2025/00045 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Хаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/01234 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч Г.Х 2024.10.17-ны өдрийн Б/822, 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар “сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 12,653,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “2022.03 дугаар сараас “ЦШн үйлдвэр”-т, 2024 оны 01 дүгээр сараас Геологи уул уурхай хэлтсийн бичиг хэргийн ажилтан, 2024 оны 12 дугаар сараас захирлын туслахаар тус тус ажиллаж байсан. 2024 оны 07 дугаар сараас намайг жирэмсэн байхад хортой нөхцөлд ШҮийн туузан дамжлагын операторч гэдэг орон тоон дээр намайг томилсон. Би тэр ажлыг хийхээс татгалзаж хөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад намайг халсан. Гүйцэтгэх захирлаас намайг албан тушаал бууруулсан болон ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байгаа. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.
8. Хариуцагч “ЦШ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэгсгийн 2024.08.14-ний өдрийн дүгнэлтээр Г.Хыг ажлын цаг ашиглалт хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7, Хөдөлмөрийн дотоод журын 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар гүйцэтгэх захирлын 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар тушаалаар ажилтанд алба тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан. 2024.09.06-ны өдрийн Б/680 дугаар тушаалаар ажил албан тушаалд хариуцлагагүй хандсаны үүднээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн сахилгын шийтгэлийг ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гээд ажил үүрэг гүйцэтгээгүй 23 хоног ажил тасалсан. Гүйцэтгэх захирлын 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8 дах хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч Г.Х нь “ЦШ” ХХК-д 2022.04.13-ны өдрөөс нарийн бичгийн ажилтнаар, 2022.09.13-ны өдрөөс Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар тус тус ажиллаж байсан. “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.08.05-ны өдрийн Б/543 дугаар тушаалаар Г.Хыг “шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүй шалтгаангүйгээр 304 минутын хоцорсон зөрчил гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах “сахилгын шийтгэл”-ийг оногдуулсан, үүнд ажилтан гомдол гаргаагүй.
2024.09.06-ны өдрийн Б/680 дугаартай тушаалаар Г.Хыг ажлын цаг ашиглалт хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, тус ажлын байранд тэнцэхгүй гэх үндэслэлээр Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн ажлаас чөлөөлж, ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалд томилсон. Энэ тушаалыг эс зөвшөөрч ажилтан хөдөлмөрийн маргаан талсах комисст гомдол гаргасан, уг комисс гомдлыг 2024.1.06+-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн, хурлын тэмдэглэлийг 2024.12.25-ны өдөр хүлээн авч уг өдрөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын тамгын газрын даргын 2025.02.17-ний өдрийн 02/29 тоот албан бичгээр "хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй гэх хариуг авснаар 2024.02.24-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.6, 154.8- д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хуульд заасан хугацаанд хамаарч байна.
Г.Хыг Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалаас ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/ гэх албан тушаалд бууруулахад тэрээр жирэмсэн байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2-т зааснаар хортой нөхцөлийн ажлын байран дээр ажиллахгүй гэж татгалзсан нь үндэслэлтэй, уг ажлын байр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хортой нөхцөлд хамаарна, ажилтны эрх зөрчигдсөн. 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаар тушаалаар Г.Хыг 2024.09.10-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Ажилтан ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч албан тушаалд томилогдсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзан уг хөдөлмөрийн эрхийн маргаанаа байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гарган шийдвэрлүүлээгүй байхад ажил тасалсан гэх үндэслэлээр, сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэн /өмнөх сахилгын шийтгэлийн талаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусаагүй байхад/ ажлаас нь халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасныг зөрчсөн. Дээрх хоёр тушаал ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул хууль бус байна” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.08.05-ны өдрийн А/202 дугаартай тушаалаар Захиргаа удирдлагын газрын ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэлийг сайжруулах, ажил үүргийг үнэлэх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж, тус тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг зохих ажлыг зохион байгуулж 2024.08.14-ний өдөр гаргасан ажлын хэсгийн дүгнэлт нарийн бичиг Г.Х нь "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын холбогдох заалтын дагуу ажлын үндсэн чиг үүрэгт хамаарах ажлыг хэрэгжүүлэн ажилладаггүй... ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүйгээс нарийн бичгийн ажлыг гүйцэтгэх чадамжгүй тус ажлын байранд тэнцэхгүй, мөн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд зохих заалтыг зөрчин хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 304 минут ажлаас хоцорсон нь тогтоогдсон гэжээ. Ажил олгогчоос сахилгын зөрчилд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4-т заасныг баримтлан Г.Хын албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, ажил олгогчоос Г.Хд албан тушаал бууруулах шийтгэл ногдуулахдаа ажилтны тухайн үеийн эрүүл мэндийн буюу жирэмсэн байдлыг харгалзан үзээгүй, ухайн ажлын байранд ажиллах боломжгүй, ажлын байрны нөхцөл нь урагт нөлөөлөх магадлалтай, “ЦШ” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс Г.Хын 2024.06.06, 2024.09.11-ний өдөр тус тус гаргасан өргөдлийг хүлээн авч, шийдвэрлээгүй байхад “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаартай тушаалаар түүнийг 2024.09.10-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл давтан гаргасан гэсэн үндэслэлээр Г.Хтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1.-д заасан хугацааны дотор гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсаныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж үзнэ. Ажил олгогчийн 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаар Г.Хтай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон шийдвэрийг хууль бус. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэг, мөн ажилтны албан тушаал бууруулсан ажлын байранд ажиллах боломжгүй талаараа хүсэлтийг шийдвэрлээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан талаар ажил олгогч мэдсэн атлаа хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүгнэлт гараагүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэр гаргасан нь ажилтны Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзнэ. Нэхэмжлэгч Г.Х нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмыг зөрчин ажилдаа хоцордог, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү зөрчилд нь ажил олгогчоос албан тушаал бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлж байгаа тохиолдолд ажилтны ажлын байрыг өөрчлөхдөө түүнийг 5 сартай жирэмсэн байдлыг нь харгалзан тохирох ажлын байранд томилоогүй, Г.Хын албан тушаалыг бууруулахдаа ажилтны биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан тохирох ажилд шилжүүлэхийг ажил олгогч "ЦШ" ХХК-д шилжүүлэхийг даалгана” гэжээ.
11. Хоёр шатны шүүх хариуцагч байгууллагын захирлын тушаалуудыг адил дүгнэсэн боловч анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байхад давж заалдах шатны шүүх албан тушаал бууруулж ажилтны эрүүл мэндийн байдлыг харгалзан тохирох ажлын байранд шилжүүлэхийг даалгаж, улмаар ажилгүй байсан хугацааны олговрыг тодорхой бус байдлаар тогтоож өөрчилсөн нь алдаатай болжээ.
12. Нэхэмжлэгч Г.Х хариуцагч "ЦШ" ХХК-д 2022.04.13-ны өдрөөс нарийн бичгийн ажилтнаар, 2022.09.13-ны өдрөөс Цементийн үйлдвэрийн бичиг хэргийн ажилтнаар, 2023.12.28-ны өдрөөс “ЦШ” ХХК-ийн Захиргаа удирдлагын газар нарийн бичгийн албан тушаалд тус тус ажиллаж байсан, хариуцагч байгууллагын захирлын 2024.08.05-ны өдөр Б/543 дугаар тушаалаар түүнд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2024.09.06-ны өдөр Б/680 дугаар тушаалаар албан тушаал бууруулж, ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалд томилсон, 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтуудыг хоёр шатны шүүх зөв тогтоожээ.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэлийн төрлийг, 123.8 дахь хэсэгт “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж тус тус заажээ.
13.1. Хариуцагч байгууллагын захирлын 2024.08.05-ны өдөр Б/543 дугаар тушаалаар ажилтан Г.Хд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд тэрээр уг тушаалд гомдол гаргаагүй.
13.2. Хариуцагч байгууллагын захирлын 2024.09.06-ны өдөр Б/680 дугаар тушаалаар ажилтан Г.Хын албан тушаалыг бууруулж, ШҮийн туузан дамжлагын үйлчлэгч /оператор/-ийн албан тушаалд томилохдоо түүнийг ажлын цаг хангалтгүй, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаггүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэх үндэслэл заасан нь баримтад тулгуурласан, ажилтны гаргасан зөрчилд тохирсон, тушаал хуульд нийцсэн боловч ийнхүү албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажил олгогч нь ажилтны эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
13.3. Ажилтан Г.Х 2024.09.06-ны өдөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үед жирэмсэн байсан ба эрүүл мэндийн байдлын талаар сонсох ажиллагаа хийхэд тэрээр ажил олгогч талд мэдэгдсэн гэж, ажил олгогч нь мэдэгдээгүй гэж зөрүүтэй тайлбар гаргасан.
Ажил олгогч тал 2024.07.17, 2024.07.18-ны өдрүүдэд ажилтанд ажлын байрны тодорхойлолт танилцуулах, ажил санал болгох уулзалт болон 2024.09.06-ны өдөр сонсгох ажиллагааг явуулсан талаарх тэмдэглэлүүдэд ажилтан Г.Хыг жирэмсэн байсан байдлыг тусгаагүй.
Гэвч хэргийн 74-75 дахь талд 2024.09.16-ны өдөр “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бд хаягласан Г.Хын эх Д.Тийн хүсэлт баримтаар авагдсан байх бөгөөд уг хүсэлтэд Г.Хыг жирэмсэн байгаа талаар дурдсан, уг хүсэлтэд хариуцагч байгууллагын Захиргаа удирдлагын газрын дарга 2024.09.20-ны өдөр 3/1188 тоот албан бичгээр хариу хүргүүлжээ. Уг албан бичигт “... эмнэлгийн магадалгаагаа ... холбогдох нэгжийн даргад, хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн зохих чөлөө зөвшөөрлийг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу авна уу” гэснээс өөрөөр арга хэмжээ аваагүй байна.
13.4. Хариуцагч байгууллагын ажлын байрны тодорхойлолтод ШҮийн туузан дамжлагчийн үйлчлэгч /оператор/ -ийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл “онцгой” гэж заахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан нэр томьёо хэрэглээгүй. Уг ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын зорилгыг “Түлш түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг ангилж ялган бункерт татаж үйлдвэрлэлтийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, стандартын шаардлагад нийцсэн шохой үйлдвэрлэх”, мэргэжилд тавигдах шаардлагад “мэргэжлийн курс дамжаанд суралцсан байх”-ыг тус тус заажээ. Энэ тохиолдолд ажил олгогч тал ажилтныг тухайн мэргэжилд тавигдах шаардлага хангасан эсэхийг шалгахаас гадна ажлын байр ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх эсэхийг тооцоолсон байх учиртай.
Иймд хоёр шатны шүүх ажилтны албан тушаал бууруулсан ажлын байр ажилтны эрүүл мэндэд харш гэж үзсэнийг буруутгахгүй юм.
13.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 “ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн” бол 54.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Ажилтан Г.Х уг эрхээ хэрэгжүүлж албан тушаал бууруулж томилсон ажлын байранд ажиллаагүйг хууль зөрчөөгүй гэж хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
14. Улмаар ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлж байхад хариуцагч “ЦШ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.10.17-ны өдрийн Б/822 дугаар тушаалаар ажил тасалсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцэхгүй юм.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор”, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
15.1. Нэхэмжлэгч Г.Х хариуцагч байгууллагын Б/680 дугаар тушаалыг эс зөвшөөрч тус компанийн маргаан таслах комисст гомдол гаргасан, уг гомдлыг хэлэлцсэн 2024.11.26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч тус сумын Засаг даргын Тамгын газрын 2025.02.17-ны өдрийн 02/29 тоот албан бичгээр “хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороог байгуулах боломжгүй” гэсэн хариуг авч 2025.02.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй юм.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол”-ын шүүх харьяалан шийдвэрлэнэ.
16.1. Ажил олгогч тал ажилтанд авсан албан тушаал бууруулах арга хэмжээг зөв аваагүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эрүүлэн тогтоосноор ажилтны хөдөлмөрлөх эрх сэргэх учиртай. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Хыг “ЦШ” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв. Харин давж заалдах шатны шүүхээс ажилтныг тохирох ажилд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн гэж дүгнэхээргүй байна. Учир нь шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай бөгөөд тохирох ажил гэдгийг хэрхэн тодорхойлох, түүнийг хэрхэн биелүүлэх нь тодорхой бус байгаагаас ажилтны эрх ашиг хөндөгдөхөөр байна.
17. Анхан шатны шүүх ажилтанд ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговрыг 11,235,582 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасантай нийцсэн, Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцсон нь зөв болжээ.
18. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208/МА2025/00045 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150/ШШ2025/00156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.23-ны өдөр 234,837 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД