| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2019/0132/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 26
2020 05 27 2020/ДШМ/26
О.Рд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Мөнгөнтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Рд холбогдох, эрүүгийн 2019000090017 дугаартай, 1 хавтас, 153 хуудас бүхий хэргийг прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Р-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч О.Р 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг “Энгэрийн худаг” гэх газраас хохирогч Д.Эрдэнэ-Очирын 2 тооны үхрийг хулгайлж 2600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Балжинням овогт Очирбатын Рэнчинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Рд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч О.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, хар зүсмийн үхрийн 7 ширхэг шийр, хар зүсмийн үхрийн сүүл 1 ширхэг, хар зүсмийн эр үхрийн арьс 1 ширхэг, хар бөөр алаг зүсмийн эр үхрийн арьс 1 ширхэг, хар зүсмийн үхрийн толгой 1 ширхэг, хар бөөр алаг зүсмийн эр үхрийн толгой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Эрдэнэ-Очир нь зардлын 300 000 төгрөгийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогчид шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.” гэж зааснаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй болж, тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах ял, эрх зүйн байдлын хувьд хүндэрсэн байна. Шүүгдэгч О:Рэнчинд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Иймд 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан...” гэснийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч О.Р 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг “Энгэрийн худаг” гэх газраас хохирогч Д.Эрдэнэ-Очирын 2 тооны үхрийг хулгайлж, 2600000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байна.
Мөн шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, гэрч нараас шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөгчөөс хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч О.Рг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасныг Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчилсөн буюу “нийтэд тустай ажил хийлгэх” шийтгэлийг хасаж, өөрчлөлт оруулжээ.
Өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэх үндэслэлийг Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байна.
Шүүгдэгч О.Ргийн холбогдсон эрүүгийн хэргийн тухайд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж үзэх нөхцөл байдалгүйн учир хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй юм.
Түүнчлэн шүүгдэгч О.Р нь 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр бусдын малыг хулгайлсан байх ба энэ үед Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулна гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байсны гадна гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох учир шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг баримтлах шаардлагагүй болно.
Тиймээс дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА