Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0061/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                                   Н.Энхзул,

Улсын яллагч                                                 Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                     Д.Гангантөгс,

Шүүгдэгч                                                        С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нарыг  оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хальвин овогт Сэрээтэрийн Баярсайхан, Боржигон овогт Жанлавын Чулуунхүү нарт холбогдох эрүүгийн 201723000023 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1966 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг, Хийдийн 21-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хальвин овогт Сэрээтэрийн Баярсайхан /РД:СЭ66032875/,

 

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1966 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 15-03 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Жанлавын Чулуунхүү /РД:СЛ66121917/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Яллагдагч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү  нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 23-02 тоотод оршин суух иргэн В.Наранбаатарын гэрээс хурган дотортой дээл 1 ширхэг, Ддиш станц 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэргийг хулгайлж 417.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

            Хохирогч В.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагт Хэнтий аймгийн Мөрөн сум руу яваад хөдөө мал дээрээ байж байгаад маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчим Хийдийн 23-2 тоот гэртээ ирэхэд гэрт хулгай орж Ддиш станц, ус буцалгагч, хурган дотортой дээл алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Чулуунхүү, Баярсайхан гэж хүмүүсийг харж байсан болохоос танихгүй хүмүүс. Хамт архи ууж байсан удаагүй. Ус буцалгагч нь хар өнгийн 20.000 төгрөг, дидишийн станц саарал өнгийн 80.000 төгрөг,  хар хүрэн өнгийн усан хуаран хурган дотортой дээл 400.000 төгрөгөөр үнэлнэ.  Хаалгаа түгжээд явсан ирэхэд цоожийг эвдээд, цүүнээс нь зүүлттэй орхисон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

            Иргэний нэхэмжлэгч Г.Батбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017.01.17-ны өдрийн үдээс хойш өөрийн машинтай таксинд явж байхад зүс таних эрэгтэй хүн гар өргөж зогсоогоод цаанаа явж байсан хүнтэй дидиш станц худалдаж авах уу манай найзынх байгаа юмаа, хулгайн зүйл биш, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм. Энэ хулгайн эд зүйл биш гэсэн. Тэгээд би замын хажуу талд байдаг мини маркет дэлгүүрээс 0,75 литрийн монгол стандарт нэртэй архи 2 шилийг авч өгөөд станцыг авсан. Би нийт 15.000 төгрөгөөр авсан  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

            Гэрч А.Мэгзэрийн мөрдөн байцаалтанд өгсөн “...би Хан хэрлэн дэлгүүрийн ойролцоо Чулуунхүү, Баярсайхан хоёртой таарсан чинь Баярсайхан Ддиш станц бариад авах хүн байна уу гээд зогсож байсан. ... би хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч  Ц.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... архи ууж дууссаны дараа дахиж нэг архи уугаад Баясгалан бид хоёр хөдөө яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Яллагдагчаар С.Баярсайханы  мөрдөн байцаалтанд өгсөн: “... хаалга онгойлгоод гэр рүү ороход харанхуй байхаар нь би Чулуунхүүг ороод ир гэж дуудаад тэр айлын авдар дотороос дээл гаргаж ирээд Чулуунхүүд өгөөд, зурагтын хажууд байсан ддишийн станц, ус буцалгагчтай аваад гэр рүү явсан. Ус буцалгагчийг хоолны шүүгээнд, ддиш станцыг ширээн дээр байсан хувцасны доор тавьсан ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 тал/,

 

Яллагдагчаар Ж.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Баярсайхан гэр дотор асаагуурын гэрэл тусгаж надад дээл өгөхөөр нь би тэр дээлийг тэврээд түрүүлээд гарч явсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-60 тал/,

Үнэлгээний комиссын тэмдэглэл /хх-ийн 27 тал/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн  17 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 тал/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 91-96 тал/,

Шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 54-60 тал/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-87 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нарыг  бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 23-02 тоотод оршин суух иргэн В.Наранбаатарын гэрээс хурган дотортой дээл 1 ширхэг, Ддиш станц 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэргийг хулгайлж бусдад нийт  417.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нар нь бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдыг эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэгүүд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн тул шүүх тэднийг эсрэг сонирхолгүй, нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хохирогч В.Наранбаатар болон иргэний нэхэмжлэгч Г.Батбилэг нарын хохирлыг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан болно.

Шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хальвин овогт Сэрээтэрийн Баярсайхан, Боржигон овогт Жанлавын Чулуунхүү нарыг бүлэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нарын  эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нарын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баярсайхан, Ж.Чулуунхүү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА