Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Баяндалайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00709 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Өндөрхангай сумын 4-р багт оршин суух, ОК67042510 регистрийн дугаартай, Чингэсэн овогт Эрдэнэ-Очирын Баяндалайгийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохирол 45.744.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Би хүүгээ хугацаат цэргийн албанд явуулж цэргийн хүн болж байна, цэргийн алба хааж байна гэж бодож байтал миний хүү амь насаа алдсан. Миний ар гэр, ах, дүү бүгд сүйрлийн байдалд орсон. Би Ховд аймагт 12 удаа ирж буцсан. Батлан хамгаалах яамнаас хэдэн төгрөг өгсөн боловч тэр нь аль хэдийн дууссан. Зэвсэгт хүчний 123-р анги маш их хариуцлагагүй байсан учраас хариуцагчаар татсан. Би сэтгэл санааны хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Би ганц хүүхдээсээ салчихаад мөнгө нэхээд ч байгаа юм шиг их сонин байна. Ярихад их хүнд байна. Хүүгийнхээ алтан амийг энэ ангид өгчихөөд үнэн худал нь мэдэгдэхгүй, хэрэг нь дарагдчихсан ч юмуу яасан нь ч мэдэгдэхгүй. Цэрэгт явуулсан хүүхдээ алдсан хэцүү байна. Нэхэмжилсэн 45,744,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд, 15,000,000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн. Хохирол 15,000,000 төгрөгийг хүүхдийн буяны ажилд зарцуулсан.

Манай сумаас Ховд аймаг руу ямар ч унаа явдаггүй. Дандаа Увс аймгаар дамжиж явдаг. Унааны зардал их гарсан. Батлан хамгаалах яамнаас тэтгэмж 24,000,000 төгрөг авсан. Зэвсэгт хүчний 123-р анги оршуулгын болон буяны зардалд бодитой өгсөн зүйл байхгүй” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гурван байлдагчийн хувьд цэргийн алба хааж байгаад бусдын амь насыг хамгаалахын тулд ус руу ороод эргэж гарч ирээгүй асуудал болсон. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Цэргийн ангийн зүгээс шаардлагатай бодит зардлуудыг тухайн үед гаргаж буяны ажилд зориулсан. Эдгээр гурван цэргийн оршуулгад Зэвсэгт хүчний 123-р ангиас 7,461,500 төгрөгийн зардал гаргаж зарцуулсан. Үүнд мөн бензин, зочид буудалд хүмүүсийг  байрлуулсаны хөлс, Онцгой байдлын газрын эрэн хайх бүлгийн зардал, цагдаагийн ажилчдыг хооллосон зардал орсон. Энэ хүмүүс Зэвсэгт хүчний 123-р ангиас ямар утгатай мөнгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд заасны дагуу 25,000,000 төгрөгийг тус тус ар гэрийнхэнд нь өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00709 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 4,503,000 /дөрвөн сая таван зуун гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Баяндалайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,241,000 /дөчин нэгэн сая хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамжид 86,998 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Баяндалайд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.Есөн-Эрдэнэ нь усанд живэх үедээ хадлан хадаж байгаагүй, биеэ угаахаар голын усанд орж байгаад хөл алдан живж осолдсон болох нь тогтоогдсон байдаг.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 4.503.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Баяндалайд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, гэм буруутайг нотлосон баримт байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Э.Баяндалай нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан эдийн болон эдийн бус гэм хор арилгуулахаар 45.744.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч зэвсэгт хүчний 123 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ”3 байлдагч амь насаа алдахад манай Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 7.461.500 төгрөг гаргаж оршуулгын зардалд зарцуулсан, мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тус бүр 24.500.000 төгрөгийн тэтгэмж өгсөн” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Есөн-Эрдэнэ нь тус ангийн захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/289 дугаар “Ангийн 2017-2018 оны хэрэгцээт хадлан бэлтгэх ажилд томилох тухай” тушаалын дагуу Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Оросын тохой” гэх нэртэй газарт ажиллаж байх үедээ 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд голын усанд живж нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаар талийгаач Б.Есөн-Эрдэнэ нь усанд живсэн нөхрөө аврах гэж байгаад амь насаа алдсан байна.

            Дээрх үйл явдалд тухайн цэргийн албан хаагчдыг удирдаж байсан офицер, ахлагч нар албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэм буруутай, эс үйлдэхүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас  4.503.000 төгрөгийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас гаргуулан, үлдэх 41.241.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд нэхэмжлэгч тал давж заалдсан гомдол гаргаагүй, хариуцагч тал давж заалдсан гомдолдоо хохирлын баримтын талаар дурдаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлын талаар талууд маргаагүй болно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00709 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР