Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Уранзаяа |
Хэргийн индекс | 156/2022/00064/И |
Дугаар | 156/шш2022/00127 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 156/шш2022/00127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00064/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, Н.Э,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух, Ж.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.617.826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Иргэдийн төлөөлөгч А.Ариунтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг руу Саригийн голын баруун эргээр хүүхдүүдийн хамт өөрийн эзэмшлийн Toyota pruis маркын машинтай явж байхад миний зүүн гар талаас портер маркийн машин зөрөг замаас мөргөж осол гаргасан. Тухайн үед цагдаад мэдэгдэх гэхэд утасны сүлжээ байхгүй байсан учир гар утсаараа зураг авч аймагт исрэн ба эвдрэл гарсныг Вендо компаниар үнэлгээ хийлгэхэд 1.451.900 төгрөгний эвдрэл гарсан юм. Эд ангийг Улаанбаатар хотоос авчирч засуулахад ажлын хөлс 850.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 8000 төгрөг, сэлбэг авчруулахад 150.000 төгрөг, Н-той уулзахаар Өмнөдэлгэр сум очиж ирэхэд бензиний үнэ 80.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 55.926 төгрөг, нийт 2.617.826 төгрөгийг Ж.Н-с гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ж.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэхүү асуудалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ..Ж.Н нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөдэлгэр сум руу Сариг голын баруун биед судаг өгсөөд 2 дугаар араагаар хөндлөн зам дээр явж байхад нь Приус маркийн машин баруун гар талаас нь маш хурдтайгаар дугуй руу орж ирсний улмаас мөргөлдөж авто тээврийн осол гарсан. Тухайн үед хоорондоо ярилцаад цагдаа дуудах гэсэн боловч сүлжээгүй байсан учраас цагдаа дуудаж чадаагүй. Хэнтий аймаг руу оръё гээд нэхэмжлэгчийн зүгээс утсан дээр тооцоо бодоод эвдрэл гэмтлийн 4.000.000 төгрөг, хот явах зардал гээд 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Ж.Н зөвшөөрөөгүй, цагдаагаар шийдвэрлүүлье гээд цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас бид нар биеэрээ очоогүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд аль аль нь даатгуулсан байсан. Даатгалаараа шийдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ж.Н нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, өөрийн буруутай үйлдлээс осол гараагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Иргэдийн төлөөлөгч А.А дүгнэлтдээ: ...Хурлын явцад хоёр талын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зөв гэж үзэж байна... гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 4 хуудас), Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэсэн 8000 төгрөгийн баримт (хх-ийн 5 хуудас), Приус-30 маркийн 4 автомашины зураг (хх-ийн 06 хуудас), С.Т гэх хүний автомашиныг 850.000 төгрөгөөр засварласан нь үнэн гэх тодорхойлолт (хх-ийн 7 хуудас), Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ (хх-ийн 8-14 хуудас), Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ (хх-ийн 17 хуудас), Ард даатгал ХХК-ийн даатгалын баталгааны хуудас, даатгуулагчийн мэдүүлгийн маягт (хх-ийн 18-19 хуудас), Авто тээврийн төвийн машины өмчлөгчдийн мэдээлэл (хх-ийн 20 хуудас), автомашины осол гарсан гэх үеийн фото зураг (хх-ийн 51-54 хуудас), гэрч Д.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 55 хуудас), иргэн Р.А-ын 150.000 төгрөг авсан нь үнэн гэх тодорхойлолт (хх-ийн 56 хуудас), Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3339 дүгээр дүгнэлт (хх-ийн 58-60 хуудас), нэхэмжлэгч хариуцагч нарын яриаг хуулсан плаш диск (хх-ийн 62 хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 63 хуудас), зээл төлж дууссан тухай төрийн банкны хуулга (хх-ийн 75 хуудас) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.617.826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд: ...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг руу Саригийн голын баруун эргээр өөрийн эзэмшлийн Toyota pruis маркийн машинтай явж байхад хариуцагч Ж.Н нь миний зүүн гар талаас портер маркийн авто машинтай гарч ирж мөргөж осол гаргасан. Машинд учруулсан хохирол үнэлгээ хийлгэхэд 1.451.900 төгрөг, машины эд ангийг Улаанбаатар хотоос авчирч засуулахад ажлын хөлс 850.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 80.000 төгрөг, сэлбэг авчруулахад 150.000 төгрөг, Н-той уулзахаар Өмнөдэлгэр сум очиж ирэхэд бензиний үнэ 80.000 төгрөг гарсан гэж тайлбарлаж,
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ .. уг осол гарахад миний буруу байхгүй, намайг жалганаас гарч ирснийг нэхэмжлэгч харсаар байж маш хурдтай орж ирсэн, даатгалын компаниас хохирлоо гаргуулах боломжтой байсан хэмээн маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг явах замд буюу Сариг голын баруун эргээр нэхэмжлэгч Н.Э нь Toyoto приус-30 маркийн авто машинтай, хариуцагч Ж.Н нь Портер маркийн авто машинтай явж байгаад зам тээврийн осол гаргаж, тухайн үед утасны сүлжээ байхгүйн улмаас зохигчид цагдаагийн байгууллагад осол гарсан тухай мэдэгдэж чадаагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг фото зургаар баталгаажуулж хэрэгт хавсарган өгчээ.
Аливаа этгээд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд өөрийн эд хөрөнгөд хохирол учирсан хэмээн үзэж Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар хариуцагч С.Н-д холбогдуулан мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу учруулсан хохирлыг шаардан нэхэмжлэл гаргажээ.
Уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн Төрийн банк ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 239 дүгээр зээлийн гэрээнд барьцаа хөрөнгөөр бүртгэгдэгдэн зээлийн барьцаанд байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч зээлийг хаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зээлийн дансны харилцагчийн хуулга, Ард даатгалын ХХК-ийн даатгалын баталгааны хуудас, мэдүүлгийн маягтад уг тээврийн хэрэгслийн даатгуулагчаар Н.Э бүртгэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8-14, 18-19, 75 дугаар тал/
Осол гаргасан тээврийн хэрэгслүүдийг Н.Э, Ж.Н нар барьж замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол зөрчил гаргасан, нэхэмжлэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн тал мөргүүлсэн байдалтай байгаа талаар зохигчид маргаагүй, тухайн осол зөрчилд хэн аль нь буруутай, даатгалын компаниас хохирлоо шаардан авах ёстой хэмээн хариуцагч тайлбарлаж байгаа боловч зам тээврийн осол гарсныг замын цагдаагийн байгууллагад тэмдэглүүлээгүй тул даатгалын компаниас төлбөрийг шаардах боломжгүй хэмээн нэхэмжлэгч үгүйсгэн маргаж байна.
Уг иргэний хэргийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр тээврийн хэрэгслийн осол гарахад зохигчдын хэн
буруутай талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийг шинжээчээр томилоход 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3339 дүгээр дүгнэлтээр хэрэгт зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн материал нь шинжилгээний обьектын шаардлага хангаагүй, шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг ирүүлснийг нэхэмжлэгч хэргээс хуулбарлан хавсарган өгчээ.
Зам тээврийн хэрэгслийн осол гарсан тухай нөхцөл байдлыг тайлбарлахдаа:
Хариуцагч Ж.Н .. судаг өгсөөд 2 дугаар араагаар хөндлөн зам дээр явж байхад приус маркийн автомашин баруун гар талаас маш хурдтайгаар орж ирсний улмаас осол гарсан,би дүрэм зөрчөөгүй...
Нэхэмжлэгч Н.Э ... Би тээврийн хэрэгсэлтэй шулуун замаар явж байхад хариуцагч жалганаас гарч ирж зүүн талаас мөргөсөн.. хэмээн зохигчдын хэн аль нь бие биедээ зам тавьж өгөх ёстой, хөдөө хээр учраас төв зам гэж байхгүй хэмээн тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан хэргийн газарт авсан фото зураг (хх-ийн 51-54 хуудас)-т нэхэмжлэгчийн унаж авсан тээврийн хэрэгслийн зүүн талын хаалга мөргүүлсэн байдалтай, хариуцагч зүүн гар талын жалганаас гарч ирсэн, хариуцагчийн баруун гар талд нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д замын хөдөлгөөнд оролцогч Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлд Уулзвар нэвтрэх талаар зохицуулсан байх ба 15.8-д Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж зохицуулжээ.
Мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.16. зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хийхийг ойлгох бөгөөд зохигчид замын хөдөлгөөнд оролцож байгаагийн хувьд замын хөдөлгөөнийг дүрэмд заасны дагуу баруун гар талаас ирж байсан тээврийн хэрэгслийн жолоочид .... ХЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй байсан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн баруун гар талаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шаардаж байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан байдаг.
Уг хуульд заасан хууль бус үйлдэл хууль тогтоомж зөрчсөн, санаатай, болгоомжгүй гэм буруугийн хэлбэртэй байх ба аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу гэм хор учруулсэн этгээд хохирлыг арилгах нь үүрэг нь хуульд зааснаар үүсэх юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Иргэний хуулийн 8.1.5-д зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг шаардаж байх ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Вендо ХХК-ийн гаргасан машинд учирсан бодит хохирол болох 1.451.900 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөг нийт 1.531.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Ж.Н нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар уг зам тээврийн ослыг түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөх боловч өөрийгөө буруугүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас С.Т гэх хүнээр машиндаа 850.000 төгрөгийн засвар хийсэн, Р.А гэх хүнээс 150.000 төгрөгийн сэлбэг Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ачиж авчруулсан хэмээн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан, 80.000 төгрөгийн шатахууны зардал гаргаж хариуцагчтай очиж уулзсан хэмээн нэхэмжилж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, мөн үлдэх 5926 төгрөгийг ямар учраас нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар уг нэхэмжлэлийн шаардлага нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй тул үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 1085926 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ : ...шүүх хурлын явцад нэхэмжлэгчийн зөв гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.531.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнд ногдох 39.460 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Н-ос 1.531.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-т олгож, үлдэх 1085926 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ