Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2022/00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35Б-11 тоот хаягт байрлах, Стандартформ ХХК /РД:5709873/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, сайхны саравч 1-13 тоотод оршин суух, Чулуут Нэргүйн Баясгалан /РД:УД90022515/-д холбогдох

 

Хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1,557,140 төгрөг, эвдэрсэн, алдагдсан эд хөрөнгийн үнэ 665,150 төгрөг, алданги 1,111,145 төгрөг, нийт 3,333,435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхцэцэг,

Хариуцагч Н.Баясгалан,

Гуравдагч этгээд Эс ти эс ХХК-ийн төлөөлөгч Г.Санжмятав,

Нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Стандартформ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Баясгалантай 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгө түрээслэх гэрээг 10 хоногийн хугацаатай, байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.

2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зарлагын баримтаар гэрээнд заасан нэр бүхий 392 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгсөн.

Хариуцагч Н.Баясгалан түрээсийн төлбөрт 700,000 төгрөг төлсөн. Мөн 154,000 төгрөгийн бараа худалдаж авсан. Харин хариуцагч Н.Баясгалангаас гэрээнд заасан 500,000 төгрөгийн барьцааг аваагүй.

Хариуцагч Н.Баясгалан гэрээний хугацаа дууссаны дараа шаардуулж байж түрээсэлсэн эд хөрөнгөөс 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэв хашмал 40:120 хэмжээтэй, 10 ширхэг, хэв хашмал 60:120 хэмжээтэй, 42 ширхэг, гадна булан 120 хэмжээтэй, 4 ширхэг, труба 6 хэмжээтэй, 20 ширхэг, труба 2 хэмжээтэй, 16 ширхэг, дэгээ богино 141 ширхэг, 5 дугаар сарын 18-ны өдөр хэв хашмал 60:120 хэмжээтэй, 110 ширхэг, дотор булан 10:20 хэмжээтэй, 8 ширхгийг өгсөн. Харин хэв хашмал 50:120 хэмжээтэй, 12 ширхэг, богино дэгээнээс 29 ширхгийг хүлээлгэж өгөөгүй. Иймд гэрээний 1.3.-т Энэхүү гэрээг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдана. Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж, буцааж хүлээлгэн өгсөн өдрөөр түрээсийн хугацаа дуусгавар болно гэж заасны дагуу гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдсан.

Хариуцагч Н.Баясгалангаас түрээсэлсэн эд хөрөнгөө шаардаж, тооцоо нийлэхээр дуудсан боловч ирээгүй. Гэтэл шүүх хуралдаан дээр аваагүй, эсхүл буцааж өгсөн гэж янз бүрээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн манай компани түрээсэлсэн эд хөрөнгийг тээвэрлэн хүлээлгэж өгөх, очиж авах үүрэг хүлээдэггүй.

Хариуцагч Н.Баясгалан эд хөрөнгийг тээвэрлэн хүлээлгэж өгөх асуудлаа өөрөө хариуцах ёстой. Иймд манай компанид ажилладаггүй, огт мэдэхгүй жолооч н.Дарьсүрэн гэх хүнд хөлсөлсөн эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн гэж худал мэдүүлж байна.

Хариуцагч Н.Баясгалан 50:120 хэмжээтэй, 12 ширэг хэв хашмал, 29 ширхэг богино дэгээг хугацаандаа өгсөн бол бусдад түрээслэн орлого олж байх байсан тул хуульд заасан аль ч нөхцөлд манай байгууллагыг хохиролгүй болгох ёстой.

Иймд хариуцагч Н.Баясгалангаас 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэв хашмал 40:120 хэмжээтэй, 10 ширхэг, хэв хашмал 60:120 хэмжээтэй, 42 ширхэг, гадна булан 120 хэмжээтэй, 4 ширхэг, труба 6 хэмжээтэй, 20 ширхэг, труба 2 хэмжээтэй, 16 ширхэг, дэгээ богино 141 ширхэг, 5 дугаар сарын 18-ны өдөр хэв хашмал 60:120 хэмжээтэй, 110 ширхэг, дотор булан 10:20 хэмжээтэй, 8 ширхгийг өгсөн эд хөрөнгийн түрээсийн төлбөр 227,880 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хэв хашмал 50:120 хэмжээтэй, 12 ширхгийн түрээсийн төлбөр, богино дэгээ 29 ширхгийн түрээсийн төлбөр 1,329,260 төгрөг, түрээсэлсэн эд хөрөнгийг буцааж өгөөгүй дутаасан тул 652,150 төгрөг, эвдэрсэн 6 ширхэг бараанд тавьсан актын үнэ 13,000 төгрөг, алданги 1,111,145 төгрөг, нийт 3.333.435 төгрөг гаргуулахаар шаардсан.

Харин хэрэг хэлэлцэх шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс алданги 1,111,145 төгрөгөөс татгалзаж, 2.222,290 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Баясгалан шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би барилгын мэргэжилтэй Г.Санжмятаваар барилга бариулах зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч Стандартформ ХХК-аас барилгын хэрэгсэл түрээсэлж авсан. Түрээсийн төлбөрт нийт 854,000 төгрөг төлсөн.

Тухайн үед би гэрээ хийж байсан болохоор ямар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаар мэдэхгүй. Нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн зарлагын баримтан дээр гарын үсэг зурж эд зүйл хүлээж авсан хүнийг танихгүй. Гэхдээ би түрээсэлж авсан эд хөрөнгийг буцааж өгсөн. Хугацаа хэтрүүлсэн хоногийн хувьд 3-4 хоногийн түрээсийн төлбөр 227,880 төгрөгийг төлж болно.

Харин хэв хашмал 50:120 хэмжээтэй, 12 ширхгийн түрээсийн төлбөр, богино дэгээ 29 ширхгийн түрээсийн төлбөрийг төлөхгүй. Учир нь:

Би тооцоо хийх гэж нэхэмжлэгч компани дээр очсон. Гэтэл нярав нь байхгүй байна гээд буцаасан. Дахин дуудахад нь очоогүй нь үнэн.

Би аваагүй болон баримтаар буцааж өгсөн зүйлийн түрээсийн төлбөр, дутаасан гэх хохирлыг төлөхгүй. Уг эд хөрөнгийг нэхэмжлэгч компанийн ажилтан Дарьсүрэнд хүлээлгэж өгсөн гэв.

 

Гуравдагч этгээд Эс ти эс ХХК-ийн төлөөлөгч Г.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Баясгалангийн захиалгаар байшин барьж өгсөн. Барилга барихад хэрэгтэй эд зүйлийг түрээслэх шаардлага гарсан. Ингээд Н.Баясгалан нэхэмжлэгч Стандартформ ХХК-тэй түрээсийн гэрээ хийж, төлбөрт 854,000 төгрөг төлж байсан. Зарим эд зүйлийг худалдаж авсан. Тухайн үед би хамт байсан. Нэхэмжлэлд дурьдсан эд зүйлээс 50:120 хэмжээтэй, 12 ширхэг хэв хашмалыг байхгүй гэхээр нь арай өөр хэмжээтэй авсан. Мөн богино дэгээ арай бага тоотой авсан. Тоог нь сайн санахгүй байна. Ер нь түрээсэлж авсан эд хөрөнгийг удаан хугацаанд ашиглах шаардлагагүй. Барилгын суурь тавихад хэрэглэсэн. Иймд буцаан өгсөн байх.

Би нэхэмжлэгч талаас байнга эд хөрөнгө түрээсэлж аваад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн ч ямар нэг шалтгаанаар тоо нь дутсан гэж мөнгө аваад сурчихсан газар гэв.

 

Нэхэмжлэгч Стандартформ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Стандартформ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн t195 дугаартай Түрээсийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх Бараа материалын тооцооны баримт, 95 түрээсийн гэрээний 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх Авлага, өглөгийн товчоо, t95 түрээсийн гэрээний 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх Алданги болон нийт түрээсийн тооцооны баримт, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримт, 2020 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрийн Орлогын баримт, хариуцагч Н.Баясгалангийн иргэний үнэмлэхийн хуулбарыг баримтаар өгсөн.

 

Хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 854,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгө хүлээлгэж өгсөн орлогын баримтыг өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн нэхэмжлэлээс 1,673,320 төгрөгийг хангаж, 1,660,115 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Н.Баясгалан 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан t195 дугаар хөлслөх гэрээний үүрэг, хохирол нийт 2,222,290 төгрөг, алданги 1,111,145 төгрөг, бүгд 3,333,435 төгрөг шаардсан.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 2,222,290 төгрөг болгон багасгаж, алданги 1,111,145 төгрөгөөс татгалзсан.

 

Хариуцагч Н.Баясгалан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь гэрээнд заасан эд зүйлээс барилгын суурь тавихад ашиглах хэв хашмал 50:120 хэмжээтэй, 12 ширхэг, богино дэгээ 29 ширхгийг өгөөгүй тул олох ёстой байсан орлого болон эд зүйл дутаасны хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтаар үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр t195 дугаартай Эд хөрөнгө түрээслэх нэртэй гэрээ 10 хоногийн хугацаатай байгуулагдсан.

 

Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь энэ гэрээний 2.1-д Түрээслүүлэгч нь энэхүү гэрээ болон хавсралтад заагдсан нэр төрөл, тоо хэмжээ бүхий эд хөрөнгийг түрээслэгчийн захиалгыг үндэслэн түр хугацаагаар түрээсээр ашиглуулахаар түрээслэгчид баримт үйлдэж шилжүүлэн өгнө гэж зааснаар хариуцагч Н.Баясгалангийн эзэмшил, ашиглалтад хэв хашмал 40:120 хэмжээтэй 10 ширхэг, 50:120 хэмжээтэй 12 ширхэг, 60:120 хэмжээтэй 152 ширхэг, дотор булан 10:20 хэмжээтэй 8 ширхэг, гадна булан 120 хэмжээтэй 4 ширхэг, труба 6 хэмжээтэй 20 ширхэг, 2 хэмжээтэй 16 ширхэг, богино дэгээ 170 ширхэг эд зүйлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зарлагын баримт үйлдэж хүлээлгэн өгсөн.

 

Хариуцагч Н.Баясгалан дээрх нэр бүхий эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны хөлс 700,000 төгрөг, худалдан авсан эд зүйлийн үнэ /түгжээ 1000 ширхгийг 100,000 төгрөг, тай 200 ширхгийг 54,000 төгрөг/ 154,000 төгрөг, нийт 854,000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 60:120=110 ширхэг, 10:20=8 ширхэг эд хөрөнгийг буцаан өгсөн 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орлогын баримт байна.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан өөрөөсөө үр шим, ашиг бий болгохгүй, ахуйн хэрэгцээнд ашиглагдах, хариу төлбөртэй эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацааг 1.3-т Энэхүү гэрээг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдана. Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж, буцааж хүлээлгэн өгсөн өдрөөр түрээсийн хугацаа дуусгавар болно гэж заажээ.

 

Харин эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөх эд хөрөнгийг үргэжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцохоор Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д заасан байна.

 

Нэхэмжлэгч Стандартформ ХХК гэрээний хугацаа дуусмагц хөлсөлсөн эд хөрөнгөө шаардсан, хариуцагч Н.Баясгалан байшингийн суурь тавихад ашиглагдах эд хөрөнгөөс 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэв хашмал 40:120 хэмжээтэй, 10 ширхэг, хэв хашмал 60:120 хэмжээтэй, 42 ширхэг, гадна булан 120 хэмжээтэй, 4 ширхэг, труба 6 хэмжээтэй, 20 ширхэг, труба 2 хэмжээтэй, 16 ширхэг, дэгээ богино 141 ширхэг, энэ оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэв хашмал 60:120 хэмжээтэй, 110 ширхэг, дотор булан 10:20 хэмжээтэй, 8 ширхгийг хүлээлгэн өгсөн тул гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх боломжгүй.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдөр дуусгавар болсон байна. Гэхдээ хариуцагч Н.Баясгалан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх, гэрээний 3.7-д Гэрээний харилцаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслүүлэгчид хугацаанд нь чанар байдлын доголдолгүй бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Баримт үйлдэж хүлээлцэнэ гэж заасан үүргийг бүрэн биелүүлэх ёстой.

 

Хариуцагч Н.Баясгалан хууль буюу гэрээнд заасан уг үүргийг бүрэн биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Стандартформ ХХК нь эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл болон өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 295 дугаар зүйлийн 295.4.-т зааснаар үүснэ.

 

Хариуцагч Н.Баясгалан нэхэмжлэлийн шаардлагаас хэв хашмал 40:120 хэмжээтэй, 10 ширхэг, хэв хашмал 60:120 хэмжээтэй, 42 ширхэг, гадна булан 120 хэмжээтэй, 4 ширхэг, труба 6 хэмжээтэй, 20 ширхэг, труба 2 хэмжээтэй, 16 ширхэг, дэгээ богино 141 ширхэг, хэв хашмал 60:120 хэмжээтэй, 110 ширхэг, дотор булан 10:20 хэмжээтэй, 8 ширхэг эд хөрөнгө буцаан өгөх хугацааг хэтрүүсэний төлбөрт 227,880 төгрөг төлөх талаар маргалгүй зөвшөөрсөн.

Харин хэв хашмал 50:120 хэмжээтэй, 12 ширхэг, богино дэгээ 29 ширхгийг аваагүй, эсхүл буцаан өгсөн гэж маргасан тайлбараа баримтаар нотолж няцаагаагүй. Үүнээс гадна бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эс ти эс ХХК-ийн төлөөлөгч Г.Санжмятав шүүх хуралдааны шатанд ...барилга барихад зайлшгүй хэрэглэгдэх тул 50:120 хэмжээтэй 12 ширхэг хэв хашмалаас бусдыг хүлээж авсан. Гэхдээ 50:120 хэмжээтэй 12 ширхэг хэв хашмалыг орлуулан өөр хэмжээтэй эд зүйлийг авсан... гэж тайлбарласан.

 

Иймээс хариуцагч Н.Баясгаланг гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Стандартформ ХХК-нд хохирол үүссэн байна гэж үзэж хохирлын хэмжээ, хугацааг тогтоохдоо барилга барихад ашиглах эд хөрөнгийг бусдад хөлслүүлэх хугацааг харгалзан /хүйтний 4 сар буюу 120 хоногийг хасч/ 907,740 төгрөг, эд хөрөнгийн алдагдал /хэв хашмал 50:120 хэмжээтэй 12 ширхгийн нэг бүрийн үнийг хуучин эд зүйлийн үнэлгээ 43,000 төгрөг, богино дэгээ 29 ширхгийн нэг бүрийн үнийг хуучин эд зүйлийн үнэлгээ 300 төгрөгөөр тооцож/ 524,700 төгрөг, маргалгүй зөвшөөрсөн 227,880 төгрөг, /хэв хашмал 60:120 хэмжээтэй 6 ширхэг/ эвдрэлд тавигдсан акт 13,000 төгрөг, нийт 1,673,320 төгрөг гэж тооцов.

 

Харин нэхэмжлэлээс нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн татгалзсан алданги 1.111.145 төгрөг, үндэслэлгүй шаардсан хохирол 548,970 төгрөг, нийт 1,660,115 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Баясгалангаас 41,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Стандартформ ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 232 дугаар зүйлийн 232.6., 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4.-т заасныг баримтлан хариуцагч Чулуут Нэргүйн Баясгалангаас 1,673,320 /нэг сая зургаан зуун далан гурван мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Стандартформ ХХК олгож, нэхэмжлэлээс 1,660,115 /нэг сая зургаан зуун жаран мянга нэг зуун арван тав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,300 /жаран найман мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Баясгалангаас 41,723 /дөчин нэгэн мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Стандартформ ХХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС