Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/821

 

2024           9          10                                        2024/ШЦТ/821     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0167/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Чулуунчимэг,

улсын яллагч  В.Бат-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн /Г.Н, түүний өмгөөлөгч С.Тэмүүлэн,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Уянга, Д.Отгонбат, Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2002005190716 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл *, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *******, ********* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  С-ийн Б (***********)

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь "**********" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "... Би бусдад өр төлбөртэйн улмаас толгой компани болох “***********" ХХК дээр шүүхэд нэхэмжлэл ирээд байна. Та бүхэн "**********" ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд, охин компани болох “Г*******” ХХК-ийн хувьцааг шууд эзэмшчихээч..." гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт "**********" ХХК-ийн хувьцааг С.Б-д шилжүүлэх, “Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг байгуулан нотариатаар батлуулж, Улсын бүртгэлд "**********" ХХК-ийн 75 хувийн хувьцааг С Б шилжүүлэх гэрээг өгч бүртгүүлэн, “Г*******" ХХК-ийн 75 хувийг хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр "**********" ХХК, "Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааны эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 3,091,229 ам.доллар буюу их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байна. 2,500.000 ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөг байгаа. Тухайн үеийн ханшаар тооцож хохирол төлбөр төлөх бодолтой байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн /Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Б-тэй хамтарч ажиллах гээд олон удаа оролдсон. Энэ хэргээс хойш гурван удаа хуурсан. Бид маш их хэмжээгээр хохирч байна. Хохирлыг графикаар хүлээж авахгүй, нэг удаагийн төлөлтөөр хуваахгүйгээр хийлгэх хүсэлтэй байгаа. Бусад хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна. Хохирол төлбөрийг америк доллараар авах хүсэлтэй байна. Ингэхдээ Монгол банкны энэ өдрийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Хятадын “Ч******* И*****” компаниас шилжүүлсэн мөнгө дандаа америк доллараар орж ирдэг. Америк доллараар хөрөнгө оруулалт, санхүүжилт хийсэн. Дэд бүтэц хөгжүүлэх, эрчим хүч татах, үйлдвэр барих зэрэг зөндөө ажлууд хийгдсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Г.Н-ийн /мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б өөрийнхөө  100 хувь эзэмшлийн “**********” ХХК-ийн 75 хувийн хувьцааг “Ч******* И*****” компанид зарахаар гэрээ хийсэн. Б надтай болон урд компанитай уулзах үед “**********” ХХК-ийг 100 хувь нь түүний нэр дээр байсан ба энэ нөхцөл байдалд итгэн түүний 75 хувь хувьцааг худалдаж авсан. Тухайн үед Сүжигтэй ордын лиценз нь Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан ба лицензээ барьцаанд алдах гээд байна гээд “Ч******* И*****” компаниас Б яаруулж байгаад 500,000 ам.долларыг аваад Лицензээ барьцаанаас чөлөөлүүлсэн. 2019 оны 01 дүгээр сард... “**********” ХХК-ийн 75 хувийг “Ч******* И*****” компани руу шилжүүлж Б  өөрөө 25 хувийг эзэмшиж  “**********” ХХК-ийг хамтарсан компани болгосон. “**********” ХХК-ийн охин компани нь “Г*******” компани байсан... “Г*******” ХХК-ийг “**********” ХХК нь 100 хувь эзэмшдэг байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 228-232 дахь тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, БНХАУ-н иргэн Г.Н-ийн // мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...С.Б  нь “Г*******” ХХК-ийн 75 хувийг шилжүүлэн өгсний дараа компанийн гэрчилгээ, тэмдэг зэргийг авчирч өгөөд гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгэхээр нь би материалаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн ерөнхий газар очоод бичиг баримтаа “Ч******* Р*****” компанийн нэр дээр шилжүүлэх гэтэл бүх бичиг баримтуудаа шинээр гаргуулаад авчихсан байсан. Үүнийг нь би сүүлд мэдсэн бөгөөд намайг дахин залилчихсан юм...Хэрэгт авагдсан гэрээгээр бол Г******* ХХК-ийн 75 хувийн хувьцааг 2.5 сая ам.доллароор худалдан авсан байгаа...С.Б надад хэлэхдээ миний нэр дээр 100 хувь бүртгэлтэй  “**********” ХХК дээр хамтран ажиллана.Энэ компани  нь Г******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг. Уурхайн А лиценз Г******* ХХК дээр бүртгэлтэй байдаг.Тийм учраас толгой компани дээр 75 хувиа эзэмшээд явахад болно гэж хэлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сард гэрээ байгуулаад “**********” ХХК-ийн 75 хувийг нь эзэмшээд С.Б 25 хувийн хувьцаа эзэмшсэн.Харин Төв аймаг Борнуур суманд байрлах “Г*******” ХХК-ийн нэр дээр лиценз нь бүртгэлтэй байсан. Ингээд гэрээнд заасны дагуу манай зүгээс төлөх ёстой 2.5 сая ам.долларыг бүрэн шилжүүлсэн...С.Б нь “**********” ХХК дээр Б гэж хүнтэй хувьцааны маргаан гарсан. Тийм учраас “**********” ХХК-ийн 75 хувийг буцаагаад харин “Г*******” ХХК дээр гэрээ байгуулаад хамтран ажиллаад явахад болно гэж хэлээд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр очиход “**********” ХХК-ийн 75 хувийг С.Б-ийн нэр дээр шилжүүлэх тухай материалыг хүлээн аваад “Г*******” ХХК-ийн нэр дээр “Ч******* Р*****”  компани материал дутуу гэж буцаасан...дараа нь С.Б “**********” ХХК-ийг  өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авсны дараа “Г*******” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлээд тамга, тэмдэг шилжүүлээд авчихсан байсан...би гомдол гаргаад шалгуулахад...өмнөх бүртгэлийг хүчингүй болгоод...гэтэл 2020 оны 07 дугаар сард Б дахин гомдол гаргаад хууль зөрчсөн гэж... “Ч******* Р*****” компанийн бүртгэлийг хүчингүй болгоод өөрийн нэр дээр 100 хувийн бүртгэлтэй болгоод авчихсан байсан... “Ч******* Р*****” компанийн хувьд 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн хооронд 410,229,27 ам долларын санхүүжилт хийсэн байдаг...Энэ мөнгөөр Төв аймаг Борнуур суманд байрлах Сүжигтэйн орд хүртэл 18 километр цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан...Уурхайд 3 гэр, 1 тээврийн хэрэгсэл худалдан авсан...ажилчдын цалин болон бусад зардал нийлээд 3.2 сая ам.доллар гэсэн тооцоо гарч байсан...мөн үүнээс Б гэж хүн Б-ээс 25 хувийн хувьцааны 3 хувийг нь 180,000 ам.доллароор худалдан авсан...мөнгийг манай компаниас С.Б рүү шилжүүлсэн байдаг...нийт 3,091,229 ам.долларыг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (14хх-ийн 180-182 дахь тал)

 

Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г******* ХХК-г гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөх улсын бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байх үед ********** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ********** ХХК-ийн охин компани Болох Г******* ХХК-ийн хувьцааг С.Б өөртөө 100 хувь шилжүүлэх тухай өргөдөл, хувьцаа эзэмшигчийн 2020 оны 1/01 дүгээр гэрчилгээ дахин авах шийдвэр, “**********” ХХК-ийн хувьцааг С. Б шилжүүлэх тухай 2020 оны 1/01 дүгээр шийдвэр, компанийн эрх шилжүүлэх, бэлэглэх гэрээ зэрэг баримтыг тус тус бүрдүүлэн ирүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй материал ирүүлж бүртгэл хийлгэсэн байсан. Тэгэхээр нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулж оролцогч С.Б, “Ч******* И*****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нараас гаргасан гомдлын шаардлага хангагдаж байсан эсэх, өөр шаардлага байгаа эсэх талаар тайлбар саналыг 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдөр авсан. Ингээд ********** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б-ийн “Г*******” ХХК-д холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалтад нийцүүлж С.Б-ийн Г******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бүртгэлийг 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 903 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хувийн хэрэгт хийсэн.

“Г*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр “Ч******* И*****” ХХК-д өөрийн эзэмшлийн нийт хувьцааны 75 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлтэй байсан. Дээрх бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Ч******* И*****” ХХК-ийг төлөөлж Л**Ч**, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр В**Ч** нар итгэмжлэл үйлдэн ирүүлсэн байсан. Уг итгэмжлэл нь огноо дугааргүй, нотариатаар гэрчлүүлээгүй нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Энэ баримт нь Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 3.4-т заасан Өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь гадаад улсад үйлдэгдсэн бол апостиль гэрчилгээ, нотариатч эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна гэснийг, мен Г********* ХХК-ийн 75 хувийн хувьцааг Ч******* И***** ХХК-д шилжүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасан Гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт гэж заасан баримтыг ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Үүнийг тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7-416/146 дугаартай тодорхойлолтод хөрөнгө оруулагч гэх “Ч******* И*****” компанийг тодорхойлоогүй, мөн дансны хуулгад огт хамааралгүй буюу “Ч****Г****Л***” гэх гадаад улсын хуулийн этгээдээс шилжүүлсэн гүйлгээний баримтыг хавсаргасан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад заасантай нийцэхгүй байсан..." гэх мэдүүлэг (1хх-ийн 15-18 дахь тал)

 

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаадын хөрөнгө оруулалттай ********** ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч нь Б, 75 хувийн хувьцаа эзэмшигч нь Хонг Конгийн хуулийн этгээд болох Ч******* И***** ХХК байсныг 100 хувь Б шилжүүлсэн бүртгэл хийсэн. Уг Бүртгэлийг хийснээр гадаадын хөрөнгө оруулалттай ********** ХХК нь Монгол хувьцаа эзэмшигч Бийн нэр дээр 2020 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр бүртгэгдэн хэлбэр өөрчлөгдсөн. Харин ********** ХХК-ийн охин компани байсан Г******* ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Б, 75 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч******* И***** гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгож бүртгүүлэх баримт материалыг өгсөн. Материалын бүрдлийг шалгахад дутуу байсан учраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргаж материалыг буцаасан. Ингээд ********** ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь Бийн нэр дээр. Г******* ХХК нь ********** ХХК-ийн охин компани болсон тул энэ сиймхийг ашиглаад Б нь Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг ********** байсныг өөрийн нэр дээр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлснийг Хонг Конг талын компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ын гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн хяналтын улсын байцаагч Д.Ч 903 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгосон. Бүртгэлийг хүчингүй болгосон учраас манай мэдээллийн санд Г******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ********** ХХК болсон...” гэх мэдүүлэг (1хх-ийн 27-29 дэх тал)

 

Гэрч Ж.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт “Ч******* И*****” компаниар итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Н нь 2020 оны 07 дугаар сарын 24, 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд 2020 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 3651 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, “Г*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг  түдгэлзүүлэх зэрэг гомдлыг өгсөн. Уг гомдлыг Хяналт шалгалтын газрын дарга ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Б.Г-ийн цохолтын дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалт явуулахад хяналтын улсын байцаагч Д.Ч нь “Г*******” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн бүртгэлийг сэргээж, “Г*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт нь Улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн байсан. Энэ дүгнэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байсан “Г*******” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримт, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сан дахь мэдээллийг хянаж шалгасан. “Г*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31, 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн бүртгэл бол тус тусдаа. Өөрөөр хэлбэл Бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгүүд нь өөр өөр учир хувийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж гаргасан шийдвэр юм. Хяналтын улсын байцаагч нь өөрийн урьд хүчингүй болгосон бүртгэлийг авагдсан баримтыг үндэслэн буцаан сэргээх эрхтэй. Одоо энэ маргаантай талууд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтад заасан нотлох баримтыг бүрдүүлэн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийн бүртгэлийг бүртгүүлэхээр баримт бичгүүдийг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагад хандах эрх нээлттэй байгаа...” гэх мэдүүлэг (1хх-ийн 54-56 дахь тал)

Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр...Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Н надтай холбоо барьж... “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа юм. “Г*******” ХХК-г Улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл бичиг баримт дутуу байх шиг байна... “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед” компанийн хувь эзэмшлийг  “Г*******” ХХК-ийн эзэмших асуудлыг улсын бүртгэлд бүртгүүлээд өгөөч гэж хүсэлт тавьсан...Н-той уулзаад холбогдох баримтуудыг авч үзэхэд “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед” компани нь “Гүниблэг трейд” ХХК-ийн 75 хувийг эзэмших, үлдсэн 25 хувийг С.Б эзэмших тухай компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, тэмдэглэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, “Г*******”-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, улсын бүртгэгчийн татгалзсан тухай баримт бичиг зэрэг байсан...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед” компани нь Гүниблэг трейд” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмших, Б нь 25 хувийн хувьцааг эзэмших, Гадаадын хөрөнгө оруулалттай компани болгож хэлбэр өөрчлөх баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн...өгсөнөөс хойш 1-2 хоногийн дараа улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар ... “Open data.mn”сайт руу орж харахад “Г*******” ХХК-ийн 100 хувийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь С.Б гэсэн мэдээлэл гарч ирсэн.Тэгэхээр нь ямар учраас Б дээр бүртгэгдсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас асууж тодруулахад “...Б нь “**********” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байдлаа ашиглан тухайн компанийн тамга, “Г*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга зэргийг үрэгдүүлсэн гэж сонинд хуурамч зар өгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Г*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсан гэдгийг мэдсэн...2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед” компанийн төлөөлөгч Н нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан...гомдол нь Д.Ч гэдэг хяналтын улсын байцаагч  дээр хуваарилагдсан байсан...С.Б нь өөрхийнхөө хууль бус үйлдлийг  хүлээн зөвшөөрөөд...улсын байцаагч Д.Ч 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 903 тоот дүгнэлтээ...С.Бийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон... “Г*******” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед” компанийг бүртгүүлэх, 25 хувийн  хувьцааг С.Б эзэмшигчээр бүртгүүлсэн...Ингээд Д.Ч дүгнэлтээр  “Г*******” ХХК-ийн 75 хувийн хувьцаа эзэмшигчээр  бүртгэгдсэн “Чайна Интернэшнл Нью Ресурс Инвестмент Лимитед”  компанийн бүртгэлийг хүчингүй болгож С.Бийн  100 хувийн хувьцаа эзэмшигчээр  бүртгэгдсэн бүртгэлийг сэргээсэн...” гэх мэдүүлэг (6хх-ийн 47-49 дэх тал),

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0/8790 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Г*******” ХХК, “**********” ХХК-ийн хувийн хэргийн баталгаажуулсан хуулбарууд (1хх-ийн 107 – 5хх-ийн 250 дахь тал)

“Г*******” ХХК-ийн хувьцаа худалдан авах, хөрөнгө оруулах зорилгоор хийсэн төлбөрийн баримтууд (6хх-ийн 59-81 дэх тал)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (14хх-ийн 170-178 дахь тал)

Нотариатын гэрчилгээний орчуулга, эх хувь баримтууд (16хх) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч С.Б нь "Э* А* С* Ж* Э*", "Г*******" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байхдаа урьд 2018 онд бизнесийн чиглэлээр харилцаа холбоо тогтоосон БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй хуулийн этгээд болох Ч******* ХХК-тай Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших 342.91 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Сүжигтэйн алтны уурхайн төсөл дээр Хамтран ажиллах гэрээ байгуулж тус компаниас өөрийн эзэмшлийн ********** ХХК, Г************* ХХК-иудад нийтдээ 3.090.229 ам.долларыг хөрөнгө оруулалт болон санхүүжилт зэрэгт тооцон өөртөө шилжүүлж авсныхаа дараа буюу "2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "... Би бусдад өр төлбөртэйн улмаас толгой компани болох “**********" ХХК дээр шүүхэд нэхэмжлэл ирээд байна. Та бүхэн "**********" ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд, охин компани болох “Г*******” ХХК-ийн хувьцааг шууд эзэмшчихээч..." гэж хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт "**********" ХХК-ийн хувьцааг С.Бд шилжүүлэх, “Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг байгуулан нотариатаар батлуулж, Улсын бүртгэлд "**********" ХХК-ийн 75 хувийн хувьцааг С Б шилжүүлэх гэрээг өгч бүртгүүлэн, “Г*******" ХХК-ийн 75 хувийг хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр "**********" ХХК, "Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааны эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй хуулийн этгээд болох Ч******* ХХК-д 3,091,229 ам.долларын буюу их хэмжээний хохирол учруулж Залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргээс үзэхэд анх хохирогч БНХАУ-ын хуулийн этгээд болох Ч******* ХХК нь шүүгдэгч С.Бтэй түүний болон бусад этгээдийн хувь оролцоотой Г******* ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших 342.91 гектар талбай бүхий Сүжигтэйн алтны уурхайн дээрх төсөл дээр Ч******* ХХК хувьцааны 75 хувийг, С.Б хувьцааны 25 хувийг эзэмшихээр хамтран ажиллах гэрээг БНХАУ-ын Бээжин хотноо 2018.12.28-ны өдөр байгуулсан байх ба энэ гэрээ болон бусад тохиролцоогоор ********** ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах, өнгөрсөн хугацааны бүх асуудлыг бүрэн шийдэж дуусгах зорилготой гэж талууд томьёолсон /эхний шууд хөрөнгө оруулалт 2.680.000 ам.доллар, дараагийн 362.410 ам.долларын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлын санхүүжилт, 47.819 ам.долларын урсгал зардал/ хөрөнгө оруулалтаар Ч******* ХХК-иас нийт 3.090.229 /гурван сая ерэн мянга хоёр зуун хорин ес/ ам.долларын хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт ********** ХХК, Гүнбилэг теэйд ХХК, С.Бд хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "... Би бусдад өр төлбөртэйн улмаас толгой компани болох “**********" ХХК дээр шүүхэд нэхэмжлэл ирээд байна. Та бүхэн "**********" ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд, охин компани болох “Г*******” ХХК-ийн хувьцааг шууд эзэмшчих" гэж санал тавин "**********" ХХК-ийн хувьцааг С.Бд шилжүүлэх, “Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг тус тус байгуулан нотариатаар батлуулж, Улсын бүртгэлийн газарт "**********" ХХК-ийн 75 хувийн хувьцааг С.Бд шилжүүлэх гэрээг өгч бүртгүүлэн, “Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар С.Бээс үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас буюу “Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааг "Ч*******” ХХК-нд шилжүүлэн өгөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд материал дутуу шалтгааны улмаас гэрээ буцаагдсан нөхцөл байдал байх боловч, улсын бүртгэгчийн шийдвэрт гаргасан гомдол, дүгнэлтээр "Ч*******” ХХК“Г*******" ХХК-ийн 75 хувийн хувьцааг шилжүүлсэн байсан улсын бүртгэгчийн шийдвэрт С.Б нь гомдол гаргаж, тус компанийн 100 хувийн хувьцааг буюу “Г*******" ХХК-ийн бүх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байна.

Талууд хийсэн гэрээнээсээ буцах, гэрээгээ цуцлах нөхцөл бий болсон бол харилцан тохиролцож, гэрээнд зааснаар, эсхүл хуульд заасны дагуу гэрээгээ албан ёсоор цуцлах ёстой байтал С.Б нь "Ч*******” ХХК-тай байгуулсан гэрээг зөрчиж, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нтой хувийн таарамжгүй харилцааны улмаас гэрээний нөгөө талд мэдэгдэлгүйгээр, хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө буюу гэрээний үндсэн дээр " Ч******* ХХК-иас нийт 3.090.229 /гурван сая ерэн мянга хоёр зуун хорин ес/ ам.долларын хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт хийгдсэн ********** ХХК, Г************* ХХК-иудын тус бүр 75 хувийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн өгөх санаагүйгээр, өөртөө шууд шилжүүлэн авчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Г.Н нь шүүх хуралдаанд “...Яагаад "Ч*******” ХХК-аас мөнгө гарахгүй Ч****Г****Л*** ХХК-иас мөнгө гараад шилжээд байгаа юм, тэр хуулийн этгээд энэ хэрэгт орж ирэхгүй байгаа нь мөнгө угаалт явагдаж байгааг харуулж байна гэж, түүнчлэн...Бизнесийн үйл ажиллагаанаас бий болсон хохирлыг гэмт хэрэг гэж үзэхгүй...хэмээн маргах бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хохирогч "Ч*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Нийн...Ч****Г****Л***  ХХК бол манай "Ч*******” ХХК-ийн охин компани юм. Тиймээс энэ компаниас Гүн билэг трэйд ХХК, ********** ХХК ХХК-иуд руу хөрөнгө оруулалт 2 680 000 ам доллар, үйл ажиллагааны зардал 362 410 ам доллар, 47 819 ам долларын урсгал зардлын санхүүжилт,  нийт 3 090 229 ам долларыг шилжүүлсэн гэх тайлбар нь хэргийн үйл баримттай таарч тохирч байх ба гадаад улсын хуулийн этгээдээс Монгол улсын хуулийн этгээд рүү Хамтран ажиллах гэрээнд заасан үүргийн дагуу хийсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт, мөнгөн шилжүүлгийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх ямар нэг нотлох баримт хэрэгт байхгүй нөгөөтэйгүүр шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 сарын 29-ний өдөр БНХАУ-ын хуулийн этгээд болох Ч******* ХХК-тай өөрийн эзэмшлийн Г************* ХХК-ийн Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших 342.91 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Сүжигтэйн алтны уурхайн төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу Ч******* ХХК-иас хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, урсгал зардлын санхүүжилт зэрэгт тооцон өгсөн нийт 3,091,229 ам.долларыг болон ********** ХХК, Г************* ХХК-иудын тус бүр 75 хувийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн өгөх ямар нэг санаа зорилгогүйгээр, өөртөө шууд шилжүүлэн авч өөртөө хууль бус ашиг орлого бий болгон өдийг хүртэл 5-6 жил бусдад их хэмжээний хохирол учруулан чирэгдүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон тул ..бизнесийн үйл ажиллагаанаас бий болсон хохирлыг гэмт хэрэг гэж үзэхгүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал тайлбар нь дээрх үйл баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байгааг дүгнэн хэлэх нь зүйтэй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Б-ийг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хохирогчийн төлөөлөгч Г.Н хохирлоо тодорхойлохдоо 410.229,27 центийг ямар дансаар “Г*******” ХХК, “Г*  Г*” ХХК, “**********” ХХК-иудын аль ч дансаар ороогүй. Дансаар орж ирээд зарцуулалт гарсан тухай нэг ч баримт байхгүй учраас яллах дүгнэлтийн хохирлын мөнгөн дүнгээс хасах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирлыг тодорхой дурдсан. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 362,410,000 ам.доллар нь үйл ажиллагааны зардал юм. Хөрөнгө оруулалтын зардал гэж хийсэн бол С.Б хариуцаж болох байсан. Мөнгөн хөрөнгийг ямар байдлаар зарцуулсан талаар зарцуулалтын талаар тайлан гараагүй. 2,680.000 долларыг хохирогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлээд Худалдаа хөгжлийн болон Төрийн банкны харилцах дансны тухайн үеийн буюу гэмт хэрэг гарах үеийн ханшаар бодож өгсөн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бодит хохирол биш” гэж маргаж байна.

Хэргийн үйл баримтуудаас шүүх дүгнэлт хийхдээ гэмт хэргийн улмаас хохирогч "Ч*******” ХХК-д 3,090.229 ам.долларын хохирол учирсан бөгөөд хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмын хүрээнд түүнчлэн Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэх, төлбөр төлөх хэрэгслийг америк доллараар тооцохоор аль аль талаас харилцан тохиролцож гүйцэтгэлүүд хийгдсэн зэрэг байдлуудыг харгалзан хохирлын хэмжээг Ч******* ХХК-иас Гүн билэг трэйд ХХК-ийн Сүжигтэйн алтны ордын хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, урсгал зардал зэргийг бодитоор санхүүжүүлсэн 3,091,229 ам.долларыг одоогийн вапютын ханшаар бодож хохирол, хор уршигт тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч С.Б-ийн зүгээс шүүхийн үе шатанд 3,090.229 ам.доллар буюу 10,451,723,459.61 төгрөгийг хохирол төлбөрт тооцон тус шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд байршуулсан тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд хохирогч "Ч*******” ХХК нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгч С.Б-ээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С Б нь бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Б-д 30000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан байдал, мөн түүний нас, эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн шатанд 65 хоног урьдчилан цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон энэ хугацааг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэг битүүмжлэгдсэн 35,937,322,795 төгрөгийн үнэ бүхий “Г*******” ХХК-ийн нэр дээрх бүртгэлтэй, MV-021628 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Сүжигтэйн орд” ашигт малтмалын 342.91 гектар талбай бүхий уурхайн эд хөрөнгийг Төв аймгийн Борнуур сум, “Сүжигтэй” газарт битүүмжилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №06 дугаартай тогтоол; Төв аймгийн Борнуур сум, “Сүжигтэй” газарт байрлалтай, 342.91 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021628 дугаартай тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаагийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №260 дугаартай тогтоол; “Г*******” ХХК-ийн хувьцаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоосон Нийслэлийн Прокурорын газрын прокурор Г.Батбаярын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1671 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Б-г хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт С Б 25000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 000 000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 65 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 25 000 000 төгрөгийн торгох ялаас 975,000 /есөн зуун далан тав/ төгрөгийг хасаж тооцож, шүүгдэгч С.Б-ийн биечлэн эдлэх торгох ялыг 24 025 000 /хорин дөрвөн сая хорин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 24 025 000 /хорин дөрвөн сая хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч С.Б-ийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд байршуулсан 10,451,723,459.61 /арван тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая долоон зуун хорин гурюван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан, хохирогч БНХАУ-ын хуулийн этгээд болох Ч******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ид олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хохирогч БНХАУ-ын хуулийн этгээд Ч******* ХХК нь цаашид шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Монгол улсад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн

35,937,322,795 төгрөгийн үнэ бүхий “Г*******” ХХК-ийн нэр дээрх бүртгэлтэй, MV-021628 дугаартай тусгай зөвшөөрөлтэй “Сүжигтэйн орд” ашигт малтмалын 342.91 гектар талбай бүхий уурхайн эд хөрөнгийг Төв аймгийн Борнуур сум, “Сүжигтэй” газарт битүүмжилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №06 дугаартай тогтоол;

Төв аймгийн Борнуур сум, “Сүжигтэй” газарт байрлалтай, 342.91 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021628 дугаартай тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаагийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №260 дугаартай тогтоол;

“Г*******” ХХК-ийн хувьцаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоосон Нийслэлийн Прокурорын газрын прокурор Г.Батбаярын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1671 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын   биелэлтийг   түдгэлзүүлж,   тогтоол   биелэгдэх   хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд шүүхээс авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зөвшөөрснөөс бусад тодорхой газраар зорчихыг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгосугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.БОЛДБААТАР