Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 156/шш2022/00136

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00108/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, Ц.М, 

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багт оршин суух, Б.Б,  

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Ц.М,

Хариуцагч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Довчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б-тай 2003 онд танилцан, улмаар дотносон хайр сэтгэлийн холбоотой болж, 2004 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2004 онд хүү Ч, 2008 онд охин У нар төрсөн. Бид 2004 оноос 2016 он хүртэл 12 жил орчим хамт амьдарсан. Бид хоёр хоёулаа уурхайд ажиллаж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хэвийн сайхан амьдарч байсан. Гэтэл сүүлдээ Б-ын зан ааш нь өөрчлөгдөж, согтууруулах ундаа ихээр хэрэглэх болсноос гадна агсан согтуу тавьж, хүүхдүүдийнхээ хажууд намайг зодож нүддэг болсон. Мөн хоёр хүүхдээ хүртэл гөлөг, нохойгоор нь дуудаж хэл амаар доромжилж, бид түүний хүчирхийлэлд амьдардаг болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн. Хамт амьдрах хугацааны сүүлийн жилүүдэд хааяа ирээд 5-7 хоног архи ууж байгаад яваад өгдөг байсан. Мөн хүүхдүүдтэйгээ сүүлийн 5 жил холбоо барьж, яаж ийж байна гэж санаа тавьдаггүй, эдийн засгийн болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй, хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд ч сууж байгаагүй. Миний бие сүүлийн 5 жил хамт амьдраагүй бөгөөд одоо бид тус тусын амьдралтай болсон эргэн хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй.. гэв. 

 

2. Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид нар 2003 онд танилцсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. 2007 оноос хойш маргалдаж эхэлсэн. Надад гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй. Миний нэр дээр байдаг 2 өрөө байрыг би хоёр хүүхэд болон М-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд хэрэгцээт мөнгийг би төлнө, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдээ ээжтэй нь байлгахад татгалзах. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.... гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

3.1  Нэхэмжлэгч Ц.М-ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас)

3.2 Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт (хх-ийн 09 хуудас)

3.3 Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт (хх-ийн 10 хуудас)

3.4 Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт (хх-ийн 11 хуудас)

3.5 нэхэмжлэгч, хариуцагч нарын 0202054 дугаартай гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 12 хуудас)

3.6 Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 13-14 хуудас)

 

4. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. бид тусдаа амьдраад 5 жил болсон, одоо бидний дундаас төрсөн хүү маань 18 настай, охин маань 14 настай.. цаашид эвлэрч амьдрах боломжгүй, би хамтран амьдрагчтай болсон учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэжээ.

Хариуцагч тайлбартаа .. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... хэмээн тайлбарласан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.Б нар нь 2003 онд танилцан, 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас хүү Б.Ч, охин Б.У нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос эхлэн тусдаа амьдрах болсон, тусдаа амьдраад 5 жил болсон, тус тусдаа гэр бүлтэй хэмээн талбарлаж байгаа бөгөөд хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй байна.

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос эхлэн одоог хүртэл 5 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа, 2022 оны 02 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч өөр хүнтэй гэр бүл болохоор хамтран амьдарч байгаа, цаашид зохигчид гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэн аль нь илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэрлэгчдийн хэн аль Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах эрхтэй ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна гэсэнтэй хариуцагч маргаагүй тул охин ээжтэйгээ амьдарч байгаа, эхтэйгээ ээнэгшин дассан байдлыг мөн хүүхдийн саналыг харгалзан охин Б.Уг эх Ц.М-ийн асрамжид үлдээж, хүү Б.Ч 18 насанд хүрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эхийн хэн аль нь хүүхдийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулсан, зохигчдын хүүхдийн өмнө хүлээх үүрэг хэвээр байх бөгөөд хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй болохыг зохигчдод тайлбарлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба нэхэмжлэгч Ц.М нь охин Б.У-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй хэмээн уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хүү Б.Ч нь 18 насанд хүрсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлээгүй болно.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б, Ц.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.У-г эх Ц.М-ийн асрамжид үлдээж, хүү Б.Ч-ыг 18 насанд хүрсэн болохыг дурдсугай.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарласугай.

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА