Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1032

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Хулан, 

улсын яллагч: Н.Анхбаяр,

хохирогч: ******,

шүүгдэгч: ******, түүний өмгөөлөгч Н.Тайван /ҮД:0129/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******ад холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********** /регистрийн дугаар: УЦ:***********/,

Монгол улсын иргэн, **********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг ******** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч ****** нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******-ын гармын орчимд байрлах "******" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн ****** толгойн тус газарт нь аяга шидэж, түүнд "баруун хөхлөг сэртэнд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ****** нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *****-ын гармын орчимд байрлах "******" нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрт орж ирсэн ******тай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь аяга шидэж, биед нь "баруун хөхлөг сэртэнд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

-Хохирогч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ахынхаа гэрт 11 цагийн орчим очиж хоол унд хийж идсэн. Тэгээд манай эхнэрийн нагац ах болох ******ын хамт гэрийнхэн ойролцоо байх ****** гэх хүнсний дэлгүүр лүү ойр зуурын юм авах гээд орсон. Тэгээд дэлгүүрт ороход худалдагч гээд 19 настай залуу байсан бөгөөд манай ах тухайн хүүхдээс ээжийнхээ дугаарыг өгчих гэж хэлтэл үгүй гээд уурлах маягтай хэлсэн. Тэгэхээр нь би ахын дүү согтуу хүнтэй зүгээр ярь лдаа гэхэд урдаас босож ирээд согтуу хүнтэй яаж ярьдаг юм гээд миний нүүрний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би тухайн үедээ уурлаад өөрийн зүүж явсан жижиг цүнхээрээ нурууны ар талын хэсэгт цохиж дэлгүүр дотор маргаан үүсгэсэн. Бид хоёр маргалдаж байгаад би ахыгаа дагуулаад хаалгаар гарч байтал худалдагч гэх залуу миний араас аяга шидээд миний толгойн тус газарт цохичихсон... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжэлгээний Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ******дугаартай:

“...1. ****** баруун хөхлөг сэртэнд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар үүснэ.

З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

-Шүүгдэгч ******ын яллагдагчаар өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

Хохирогч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр сонгуулийн өдөр байсан. Эхнэр, хүүхэд нартайгаа хадам ахынд очиход хадам ах согтуу дэлгүүр ороод өг гэхээр нь орсон. Тухайн үед архи асуугаагүй, ээжийнхээ дугаарыг өгчих гэж хэлсэн. Би архи уугаагүй байсан. Энэ хүүхэд юу ч дугарахгүй суугаад байсан. Манай ах уурлаад маргаан гарсан. Настай хүнтэй зөв боловсон харьцах ёстой. Тэгэхгүй өөрөө муухай харьцаад байсан. Тэгэхээр нь настай хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлэхэд эхлээд над руу дайрсан. Би эхлээд ерөөсөө гар хүрээгүй. Намайг эхлээд шанаа хэсэг рүү цохихоор нь цүнхээрээ цохисон. Тэгээд эргээд гарах гэж байхад араас аяга шидсэн. Толгой руугаа цохиулаад биеийн байдал нилээн муу байсан. ****** гэдэг хүний аав орж ирээд нэлээн доромжилсон, эмнэлэг явах талаар хэрлэхэд цагдаа ирэх хүртэл байж бай гэсэн. Цагдаа ирэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулах талаар хэлэхэд драйгер багаж байхгүй гэсэн. Цагдаагийн байгууллагад очиж шалгуулахад би эрүүл гарсан. Дараа нь эмнэлэг ороход даралт их өндөр байсан. Энэ хэргийн дараа 2-3 сарын хугацаа болж байхад хүүхэд байж болно, эцэг эх нь хүнтэй яриад уучлалт гуйх боловсролгүй байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Сонгуулийн өдөр согтуу орж ирээд худалдагчийнхаа дугаарыг өг гээд уурлаад байсан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ************ 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *********дугаартай дүгнэлтээр хохирогч ****** биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ****** нь хохирогч ****** толгой тус газар аяга шидэж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ****** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 150,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан талаарх баримтаа шинээр гаргаж өгсөн болно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.5-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ тусгасан.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу /5-12,99 дахин/ хохирогчид учирсан гэмтэл шархны хэр хэмжээ, цаашид бий болох урхагийн хувьд чамархай тус газар нь хавдсан байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн баримтуудыг нь үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 6,600,000 төгрөгийг хохирогч ******* сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэсний дагуу хохирогч ******** сэтгэцэд учирсан нөхөн төлбөр 6,600,000 төгрөгийг шүүгдэгч ******аас гаргуулан хохирогч ******д олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба төрийг төлөөлөх прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед иргэний нэхэмжлэл гаргаагүй буюу шүүгдэгчид нэхэмжлэлтэй танилцах эрхийг эдлүүлээгүй байх тул шүүх хуралдааны шатанд нэхэмжилсэн 196,380 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 ахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж  зааснаар шүүгдэгч ******аас дээрх төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

Мөн түүнчлэн хохирогч ******д учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******ад нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ******-ын гармын орчимд байрлах "******" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн ****** толгойн тус газарт нь аяга шидэж, түүнд "баруун хөхлөг сэртэнд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 150,000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан байна. Цаашид эмчилгээ хийлгэх эрсдэлийг тооцох боломжгүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 196,380 төгрөгийн баримтыг түргэн тусламжаар авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт улсын яллагч төр, нийтийн эзэмшлийн үүднээс иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн тул эрхийн хүрээнд уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Шүүхээс шүүгдэгч ******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэрэгт хавсаргах саналтай байна....” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Сиди бичлэгийг шүүгдэгч өөрөө гаргаж өгсөн. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа. 6 дугаар сарын 28-ны өдөр бүх нийтийн сонгуулийн өдөр байсан. Бичлэгээс хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэж үзэж байна. Согтуу хүн лангууны цаана сууж байгаа ****** руу нэг зүйл авъя гэж хэлэхэд ****** үгүй гэж хариулахад нь чи хэн бэ, утсаа өг гэсэн байна. Тухайн үед цагдаагийн байгууллагаас ирж шалгасан бол цэвэр танхайн үйлдэл. Уг үйлдлийг таслан зогсоогүй учраас иргэний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Согтуу хүнийг дэвэргээд чи согтуу хүнтэй яаж харьцаж байгаа юм гэж согтуу хүн шиг ойлгогдохоор нөхцөл байдал үүсгэсэн байна. Мөн том шар цүнхээрээ цохисон байна. Гэм буруугийн асуудалд улсын яллагчтай санал нэг байна. Цаашид гарах нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэсэн саналтай нийлэхгүй байна. Хөнгөн зэргийн гэмтэл нь 21 хоногоос дээшгүй байдаг, ямар нэгэн үр дагавар гарахгүй гэмтлийг хэлдэг. Цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй. Толгойгоо бариулсан бариачийн мөнгийг төл гэж ирэх үү. Хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдэгт санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авах нь энэ хүний эрх. Зүв зүгээр дэлгүүр орж ирсэн хүнийг аягаар цохисон бол өөрөөр ярих байх гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Улсын яллагчийн хэлсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн арга хэмжээг хамгийн багаар оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ******ыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн сургуульд сурч байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол нөхөн төлөгдөөгүй, гэмт хэргийн шинж байдлын хувьд хүний тархин тус газар аяга авч шидэж буй үйлдлийн арга зэргийг нь дүгнэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч ******ад торгох ял шийтгэх нь тохиромжгүй гэж дүгнэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино. 

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ******ад анхааруулсугай.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******аас 6,600,000 төгрөг гаргуулан хохирогч ******д олгосугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******д цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон төрийг төлөөлөх прокурор гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА