Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1043

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Хулан, 

улсын яллагч: Ж.Сувданчимэг,

шүүгдэгч ************ /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ************ холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********** /регистрийн дугаар: ЕД*******/,

Монгол Улсын иргэн, ************-ны өдөр ****** аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Дүүхээ дэлгүүрт ачигч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт ********* тоотод түр оршин суух хаягтай, урьд:

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ************ тоотод хардалтын улмаас хохирогч ************ гараар цохиж, хөлөөр өшиглөж, эрүүл мэндэд нь "хоёр нүдний зовхи, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, нуруу, хоёр гуянд цус хуралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ************ тоотод ************тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдан хардалтын улмаас хохирогчийг гараараа цохиж, хөлөөр өшиглөж, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь "хоёр нүдний зовхи, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, нуруу, хоёр гуянд цус хуралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоодож байна.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

-Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай 10 жилийн ангийн уулзалт болоод ******* байрлах паб-д 02-ны өдөр сууж найзуудтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ************ тоот гэртээ такси бариад ганцаараа ирсэн. Гэртээ байж байхдаа би найз ************ руу залгаад хүрээд ирээч гэж дуудаад замдаа нэг шил архи авчихаарай гэж хэлж байсан. Удалгүй манай найз ************ ирээд бид хоёр манай гэрт хувааж уусан. Тухайн үед ************ миний гар утсан дээр зургуудыг үзээд 10 жилийн найзуудтай хардаж уурлаад миний хацар орчим гараараа 1 удаа цохиж, гуя орчим 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гэрээсээ зугтаж гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаад дуудлага, мэдээлэл өгснөөс хойш уулзаж учирдаг байсан юм. Тухайн өдөр 10 жилийн уулзалтын дараа ************тай уулзтал миний утсан дээр байсан зургуудыг үзээд ангийн найзуудтай хардаж уурлаад миний хацар орчим гараараа 1 удаа цохиж, гуя орчим 1 удаа өшиглөсөн. Тухайн үед манай гэрт ************ бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өдөр миний зүүн нүд болон хацар орчим гараараа 1 удаа цохиж, гуя орчим хөхөрсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор миний биед өөр гэмтэл шарх сорви байхгүй байна. Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч эмч ******** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай:

“...1. ************ийн биед хоёр нүдний зовхи, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, нуруу, хоёр гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч ************гийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би Улаанбаатар хот ******* байрлах ээжийнхээ гэрт ганцаараа амарч байтал орой манай найз ************ над руу залгаад уулзъя, манай гэрт 1 шил архи аваад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би за гээд Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүрээс архи аваад хувааж уусан. Бид хоёр хааяа уулздаг найзууд бөгөөд ************ нөхөргүй юм. Тухайн үед бид хоёр бие биеэ хардаж маргаан болтол миний дээр суугаад нүүр орчим алгадахаар нь болиулах гэж түлхэж унагаахдаа санаандгүй нэг удаа нүүр орчим нь цохичих шиг болсон. Дараа нь ************ миний урдаас агсраад дайраад байхаар нь би сандал ширээ, ор болон хана руу 5-6 удаа түлхэж газар унагаасан. Тэгэхэд нүд орчим нь улайж хавдаад гэрээсээ гараад цагдаа дуудахаар нь би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/,  байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 27-47 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ************ нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч эмч ********* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8936 дугаартай дүгнэлтээр хохирогч ************ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ************ нь хохирогч ************ өшиглөж, түлхэх, цохиж байгаа үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ************г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ************г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч ************ нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ************ тоотод хардалтын улмаас хохирогч ************ гараар цохиж, хөлөөр өшиглөж, эрүүл мэндэд нь "хоёр нүдний зовхи, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, нуруу, хоёр гуянд цус хуралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ************гийн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ************ нь гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ажил эрхлэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************г 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ************гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч *********** ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ************д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА