Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/00023

 

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01794 дүгээр магадлалтай 

Н.Э-ын нэхэмжлэлтэй,

БНСУ-ын иргэн Ж-д холбогдох

185,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч О.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч БНСУ-ын иргэн Ж-д холбогдуулан 185,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж-оос нийт 185,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,082,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 1,082,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01794 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч О.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.17-ны өдрийн 210/МА2025/01794 дүгээр магадлалыг тус тус эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх заалтуудыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэрэг маргааны үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч Н.Э нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах ажиллагаанд зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч БНСУ-ын иргэн Ж нь гадаадын хөрөнгө оруулалттай “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “П” ХХК нь Дорнод аймгийн М сумын Б нэртэй газар орших *** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшдэг байсан. 2023.12.18-ны өдөр “П” ХХК болон БНХАУ-ын иргэн В нарын хооронд дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах зорилгоор “Уул уурхайн ашиглалтын лиценз худалдан авахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан. Нэхэмжлэгч Н.Э нь зуучлалын үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд дээрх санамж бичгийн 4-т зааснаар өөрийн эзэмшлийн Тоуоtа 4Runner маркийн автомашиныг дээрх БНХАУ-ын иргэн В-ын өмнөөс урьдчилгаа төлбөрийн барьцаа болгон хариуцагч Ж-гийн нэр дээр шилжүүлсэн. Дээрх автомашин нь хариуцагч Ж-гийн нэр дээр, түүний эзэмшилд бүрэн бүтэн байгаа буюу эд хөрөнгийн доголдолгүй хэвээрээ байгаа. Хариуцагч Ж нь дээрх автомашиныг Н.Э-д буцаан шилжүүлж, автомашины элэгдэл хорогдлыг тооцож төлөх хүсэлтэй байгаа.

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: Анхан шатны шүүх нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь автомашины үнийг шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна, хариуцагч Ж нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж дүгнэж, тус хуулийн 493.2 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдэл нь хэвээрээ боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг өөр өөр дүгнэж, хууль зүйн үндэслэлийг өөр өөр тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болох 2023.12.18-ны өдөр “П” ХХК болон БНХАУ-ын иргэн В нарын хооронд байгуулагдсан “Уул уурхайн ашиглалтын лиценз худалдан авахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 4-т зааснаар уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн урьдчилгаа төлбөрийн барьцаа болгож автомашиныг шилжүүлсэн, маргаан бүхий автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай ямарваа нэгэн хүсэл зоригийн илэрхийлэл үүсээгүй, худалдаж авах талаар амаар болон бичгээр хийсэн хэлцэл байхгүй бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн автомашиныг лиценз худалдан авах ажиллагааны урьдчилгаа төлбөрийн барьцаа болгон шилжүүлэхтэй холбоотой харилцаа юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээний урьдчилсан нөхцөл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, хэлэлцэн тохирсон үнийг төлөх, эд хөрөнгийг хүлээн авах байдаг. Энэхүү маргааны хувьд дээрх урьдчилсан нөхцөлүүдээс талууд автомашины үнийг харилцан тохиролцсон гэдэг урьдчилсан нөхцөл хангагдаагүй, 185,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авна гэж тохирсон гэж үзэх үндэслэлгүй, үүнийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй байгаа нь Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь автомашины үнийг төлөхийг шаардах эрхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн буруу дүгнэлт, хууль зүйн үндэслэлийг өөрчилж, миний үйлчлүүлэгч Ж-г Иргэний хуулийн 472 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж хууль зүйн зөв дүгнэлт хийсэн атлаа тус хуулийн 473 дугаар зүйлийн 473.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэсэн хэсгийг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг өмгөөлөгч миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь маргааны зүйл болох Тоуоtа 4Runner маркийн автомашин нь чанар байдлаас шалтгаалж буцааж өгөх боломжгүй болсон зүйл огт байхгүй, нотолсон баримт ч байхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс автомашиныг энэ хугацаанд хөдөө, хол газар огт унаагүй, Тэрэлжид байрлах амралтын газрынхаа дулаан авто зогсоолд байрлуулдаг ба Н.Э-д буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, элэгдэл хорогдлыг тооцож төлөх хүсэлтэй байгаа болно. Мөн аливаа шүүх хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ хуульд заасан хуулийн зүйл, хэсэг, заалт, түүний эрэмбэ дараалал, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх энэ зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 473 дугаар зүйлийн 473.1 дэх хэсэгт “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.” гэж заасан. Энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд тухайн хөрөнгө байгаа тохиолдолд буцаан өгөх зохицуулалт бөгөөд чанар байдал нь эрс муудаж, буцааж өгөх боломжгүй болсон тохиолдолд 473 дугаар зүйлийн 473.2 дахь хэсгийг шүүх хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд маргааны зүйл болох автомашин чанар байдал эрс муудсан, буцааж өгөх боломжгүй болсон гэдгийг нотолсон баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх хийсвэрлэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 473 дугаар зүйлийн 473.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой байтал 473.2 дахь хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Э нь Иргэний хуулийн 473 дугаар зүйлийн 473.1 дэх хэсэгт зааснаар автомашинаа шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн зүгээс автомашиныг буцаан өгөхийг хүсэж байгаа буюу үүнийг хүлээн зөвшөөрч байгаа, харин нэхэмжлэгч нь автомашины үнийг төлөхийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: Монгол Улсын хувьд уул уурхайн салбар тэргүүлэх чиглэлийн салбар, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгаа бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх харилцаа, зуучлалын үйл ажиллагаа ихсэх хандлагатай байна. Зуучлалын үйл ажиллагаанд энэхүү хэрэг маргаантай ижил тохиолдлууд хойшид гарах магадлалтай бөгөөд энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.17-ны өдрийн 210/МА2025/01794 дүгээр магадлалыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.26-ны өдрийн 001/ШХТ2026/00028 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч О.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч БНСУ-ын иргэн Ж-д холбогдуулан автомашины үнэ 185,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... хариуцагчаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авахаар тохирч, улмаар гэрээний урьдчилгаа болгож 185,000,000 төгрөгөөр худалдан авсан Тоуota 4Runner маркийн автомашинаа түүний нэр дээр шилжүүлэн өгсөн боловч тусгай зөвшөөрлийн гэрээ хийгдээгүй тул машинаа эргүүлэн авах гэсэн боловч Ж нь “машиныг худалдан авсан үнээр нь авья, удахгүй мөнгийг нь шилжүүлнэ гэсэн ч төлбөрийг шилжүүлээгүй, удахгүй өгнө түр хүлээж бай” гэсээр өнөөдрийг хүргэсэн бөгөөд сүүлдээ “130,000,000 төгрөг төлнө, өөр төлбөр төлж чадахгүй эсхүл шүүхэд хандаад ав” гэх мэтээр хандах болсон” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-д нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд “... Н.Э болон БНХАУ-ын иргэн Б ашигт малтмалын ашиглалтын тусгай лицензийг БНСУ-ын иргэн Ж-оос худалдан авахаар болж нэхэмжлэгч нь өөрийн 185,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг барьцаа болгон өгсөн. Гэтэл лицензийн гэрээ байгуулагдаагүй. 185,000,000 төгрөгөөр авъя гэсэн зүйл байхгүй гэдгийг миний үйлчлүүлэгч хэлсэн. Өөрсдөө эдэлж хэрэглэж байсан учраас 130,000,000 төгрөг өгье, эсхүл машинаа буцааж өгөхөд бэлэн. Автомашиныг 185,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоогүй, бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй” гэж маргажээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... уул уурхайн ашиглалтын лиценз худалдан авахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийг “П” ХХК болон иргэн B нар үйлдсэн байх ба уг бичигт автомашиныг худалдах-худалдан авах талаар харилцан тохиролцоогүй байна. *** улсын дугаартай 2019 онд үйлдвэрлэгдсэн Toyota 4Runner тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн нэр дээр, түүний эзэмшил, ашиглалтад байгаа талаар маргаангүй. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг 185,000,000 төгрөгөөр худалдан авсан өдрөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул машинаа 185,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй. Хариуцагч нь тус тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй, өөрийн өмчлөлд байлгаж байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.5 дахь заалтад зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тул хариуцагч нь нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн үнэ 185,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

8.Давж заалдах шатны шүүх “…анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь оновчгүй, үндэслэл бүхий болж чадаагүй. Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үзэх ба худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл болон түүний үнэ байдаг. Гэтэл хэрэгт бичгийн гэрээ авагдаагүйгээс гадна талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэг гэх автомашины үнийг шаардах эрхгүй. Зохигчийн тайлбараар дээрх автомашин бодитоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь тогтоогдсон. Хариуцагч нь тухайн автомашиныг ... ямар гэрээний дагуу шилжүүлэн авсан болохоо баримтаар нотлоогүй, түүнийг тухайн автомашинаар буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Дээрх автомашин нь 2023.12.18-ны өдрөөс хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаагийн улмаас нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үнийг шаардсан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт харшлаагүй тул хариуцагчаас машины үнийг гаргуулна” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдэл нь адил боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар ялгаатай дүгнэлт хийсэн талаар хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10.Нэхэмжлэгч Н.Э нь Toyota 4Runner автомашиныг Монгол Улс руу импортолсны дараа 2023.12.13-ны өдөр иргэн А.Э-аас 185,000,000 төгрөгөөр худалдан авч, 2023.12.18-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн ба мөн өдрөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээс хойш уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан автомашиныг худалдаж авсан төлбөр болох 185,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийг зохих журмын дагуу гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн үндэслэлээр мэтгэлцээгүй, гагцхүү үнэлгээг бууруулах ёстой гэсэн тайлбар гаргасан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

11.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд талууд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон агуулгаар худалдах-худалдан авах гэрээний үүргийн хүрээнд мэтгэлцсэн, нөгөөтэйгүүр уг тээврийн хэрэгслийг  хариуцагч эзэмшиж ашигласан хэвээр байгаа, тэрээр машины төлбөрт 130,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ. Гэвч хариуцагч нь тээврийн хэрэгслийг 130,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон тухай болон энэ хэмжээгээр үнэлж байгаагаа баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч гэрээний үнийг тээврийн хэрэгслийг анх худалдаж авсан үнийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тогтоосныг буруутгах боломжгүй. Түүнчлэн уул уурхайн тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулахтай холбоотойгоор машиныг анх хүлээн авсан хэдий ч уг гэрээ байгуулагдаагүй, санамж бичгээр тохирсон үүрэг хэрэгжих боломжгүй болсны дараа машиныг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэлгүйгээр өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасаар ирсэн, улмаар 130,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзлээ.

12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хэргийн баримт, талуудын мэтгэлцээнд нийцээгүй буюу зохигчийн хооронд гэрээний бус үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс “...Иргэний хуулийн 473 дугаар зүйлийн 473.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой байтал 473.2 дахь хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Э нь Иргэний хуулийн 473 дугаар зүйлийн 473.1 дэх хэсэгт зааснаар автомашинаа шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн зүгээс автомашиныг буцаан өгөхийг хүсэж байгаа буюу үүнийг хүлээн зөвшөөрч байгаа, харин нэхэмжлэгч нь автомашины үнийг төлөхийг шаардах эрхгүй” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

13.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаагүй боловч хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01794 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2025 оны 11 сарын 20-ны өдөр төлсөн 1,082,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

           ШҮҮГЧИД                                                    Н.БАЯРМАА

                                                                                Б.УНДРАХ

                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД