| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2019/0089/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 27
Ц.Ц, М.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Догмиддорж,
Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Ц, М.Б нарт холбогдох, эрүүгийн 1903006740427 дугаартай, 4 хавтас, 877 хуудас бүхий хэргийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн прокурор М.Очбадрахын эсэргүүцэл, хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн прокурор М.Очбадрахаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” ХХК-ийн 52 дугаар шатахуун түгээх станцын хойд талын замаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг 48-12 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 453 дугаар вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа Монгол орны ховор ургамлын жагсаалтанд орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан түүхийг хориглосон ховор ургамлыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1150000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээтэй ховор ургамал болох 23 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хурааж улсын орлого болгохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийн шаардлага ховор ургамлын нөхөн төлбөр 1150000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Ц.Ц, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор М.Очбадрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийг “гэмт хэргийн субъектив талын шинжийг агуулаагүй, түүж бэлтгэхийг хориглосон ургамал гэдгийг мэдсэн байж, зориуд санаатай тээвэрлэх санаа сэдлийг агуулсан байх ёстой, гэтэл шүүгдэгч нь ямар бараа тээвэрлэж байгаа гэдгээ мэдээгүй байна” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.Ц нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг БНХАУ-ын Өвөрмонгол эмэгтэй Чимгээ гэх хүнээс авсан, очиж авахдаа асуухад тан, хувцас хунар байгаа, өөр зүйл байхгүй гэж хэлсэн, тухайн эд зүйлийг задалж үзээгүй, Чимгээ нь хаана амьдардаг болох, ямар дугаар ашигладаг зэргийг мэдэхгүй гэх мэдүүлэг өгдөг. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Юнител группийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 05-01/4516 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн албан бичигт дурдсан дугааруудын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, Юнител группийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/5467 дугаартай албан бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Чимгээ гэдэг хүн үнэхээр байдаг эсэх, шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр чимгээ гэх хүнтэй утсаар холбоо барьсан, уулзсан гэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогддоггүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Ц.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах, эсхүл дуугүй байх зэрэг эрх гэж үзэх ёстой. Харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилтод нийцнэ. Иймд 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар нь давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийн шаардлага ховор ургамлын нөхөн төлбөр 1150000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаалаар тус ургамлыг устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 он хүртэл түр хориглосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.”, 49.2.4-т “ургамалд учруулсан хохирол”, 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заасан. Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.” гэж заасан байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг болон гадаадад гаргахыг хориглосон байтал түүж бэлтгэн гадаадад гаргахыг завдсан байхад байгаль орчин тэр дундаа ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх шүүгдэгчдийг төлбөр төлөхгүй гэж зөвхөн шүүгдэгч нарт хамааруулж дүгнэлт гаргасан бөгөөд ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсны шалтгаант холбоог, улмаар гэм буруутай этгээдийг тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түүж бэлтгэхийг хориглосон нэн ховор ургамлыг Ц.Ц нь мэдсээр байж тээвэрлэсэн болох нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн байдаг. Бодит байдал дээр Ц.Ц нь Чимгээ гэдэг хүний гуйлтаар тухайн 2 хайрцагтай зүйлийг авч явсан байдаг. Энэ байдлаас харахад Ц.Ц нь дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамал байсныг мэдэх боломжгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Зулбадрах, Энхтуяа болон бусад бичгийн нотлох баримтаар энэ үйл баримт нь нотлогдож байгаа. Тиймээс шүүх Ц.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. Хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын давж заалдах гомдлын хувьд анхан шатны шүүхээс нэн ховор ургамлыг тухайн буруутай этгээд өөрөө түүж бэлтгэсэн, түүнээс гэм хор учруулсан байх ёстой гэж үзсэн. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл, учруулсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхгүй учраас энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийг “гэмт хэргийн субъектив талын шинжийг агуулаагүй, түүж бэлтгэхийг хориглосон ургамал гэдгийг мэдсэн байж, зориуд санаатай тээвэрлэх санаа сэдлийг агуулсан байх ёстой, гэтэл шүүгдэгч нь ямар бараа тээвэрлэж байгаа гэдгээ мэдээгүй байна” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.Ц нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон 22 боодол, 23 килограмм Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг БНХАУ-ын Өвөрмонгол эмэгтэй Чимгээ гэх хүнээс авсан, очиж авахдаа асуухад тан, хувцас хунар байгаа, өөр зүйл байхгүй гэж хэлсэн, тухайн эд зүйлийг задалж үзээгүй, Чимгээ нь хаана амьдардаг болох, ямар дугаар ашигладаг зэргийг мэдэхгүй гэх мэдүүлэг өгдөг. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Юнител группийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 05-01/4516 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн албан бичигт дурдсан дугааруудын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, Юнител группийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/5467 дугаартай албан бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Чимгээ гэдэг хүн үнэхээр байдаг эсэх, шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Чимгээ гэх хүнтэй утсаар холбоо барьсан, уулзсан гэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогддоггүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Ц.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах, эсхүл дуугүй байх зэрэг эрх гэж үзэх ёстой. Харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилтод нийцнэ. Иймд 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/51 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь: Нийслэлийн прокурорын газрын прокурор М.Очбадрахын бичсэн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудалд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгч нараас гэмт хэргийн талаар гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “… өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийг нь танилцуулсны үндсэн дээр авсан яллагдагчийн мэдүүлгүүдийг шинжлэн судлахад:
М.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “… 88997070 дугаарын утаснаас залгаж Эрээн өртөөн дээр Арзаак гэдэг хүн авна, 600 юань өгч авна гэсэн. 2017 оны 05-р сард Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үйлчлэгчээр явдаг байхад Арзаак гэх эрэгтэй вагоны голоор будаа, ундаа, жимс зэрэг эд зүйл зарж явдаг байсан, би тэрнээс хааяа жимс авч байсан болохоор зүс мэднэ. 2019 оны 5-р сарын сүүлээр байх үед … Арзаак гэх эрэгтэйтэй Эрээний вокзалын өмнө таарсан, тэр үед 6 ширхэг 500 граммтай зөгийн бал байна, дугаараа өгчих гэхээр нь би өөрийн 89192113 дугаарын утсаа өгсөн, тэрнээс хойш яриагүй, сая 88997070 дугаарын утаснаас залгаж Арзаакт тан өгнө гэхээр нь авсан” /1-р хх-ийн 103-106/ гэж,
яллагдагч Ц.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “ … Чимгээ гэх эмч мэргэжилтэй БНХАУ-ын өвөр монгол эмэгтэй утсаар яриад “ би Булганаас ирж байна, Драгоны урд талын буудал дээр би хүлээж байя, энд хүрээд ир гэсэн, тэгээд би хүргэн Зулбадрал, охин Эрдэнэтуяаг аваад хүргэний автомашинаар хамт хүний юмыг хүргээд өгье гээд явсан, Чимгээг ярьсны дараа вагоны проводник эмэгтэй миний 88997070 дугаарын утас руу залгаад “хүн юм өгч явуулна гэсэн, та яасан бэ” гэхээр би авах гээд явж байна гэж хэлсэн” /1-р хх-ийн 111-112/ гэж тус тус мэдүүлсэн.
Шүүгдэгч Ц.Ц БНХАУ-ын иргэн Чимгээ гэх хүний гуйлтаар М.Бт барааг хүргэж өгсөн гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлогдсон зүйлгүй байна.
Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Цг шүүгдэгч М.Бтэй хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаагүй нь нотлох баримтыг мөрдөгч, прокурор тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй ба хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Цг хамаатуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болсон байна.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал,
мөн хуулийн, зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг тус тус шалгаж тогтоогоогүй нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэл болох ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд болно.
Иймээс прокуророос шүүгдэгч Ц.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй болсон байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон тул хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраас гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, прокурор М.Очбадрахын эсэргүүцэл, хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Ц, М.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС