Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК,

Хариуцагч: Эрчим хүчний яам,

Хариуцагч: Сангийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 дугаар гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сангийн яамны төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нар биечлэн, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, иргэдийн төлөөлөгч н.Т нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол улсын Засгийн газраас 180 тоот тогтоол гарсан байдаг. Уг тогтоолын хүрээнд Нийтдээ 6 ажлыг эрчим хүчний болоод зам тээвэр, барилга угсралтын ажлыг эхлүүлэх болоод тухайн ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлыг хариуцуулах тогтоол байгаа. Уг тогтоолын хавсралтын 5-т зааснаар Хөсүүт уурхайн энэ төслийн хүрээнд уг тогтоолыг нэгдүгээрт сангийн сайд, зам тээврийн сайд, эрчим хүчний сайд нарт санхүүжилт болон гүйцэтгэгчийг шалгаруулах асуудлыг шийдвэр гэж даалгасан байгаа. Тухайн тогтоолоор 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр холбогдох яамны саналыг үндэслээд өөрчлөлт оруулсан байдаг.

Өөрчлөлт оруулахдаа Алтай сум байсныг өөр сум болгон өөрчилсөн. Өөрчилсөн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр уг ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Уг тендерт сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч нь тендерт бичигт заасан бичиг баримтуудыг өгч оролцсон байгаа. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан эрчим хүчний яамнаас гэрээ байгуулахыг эрх олгох тухай Б/1996 тоот албан бичгийг манай байгууллагад хүргүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар танай бичиг баримт хамгийн сайн үнэлгээ авсан тул гэрээ байгуулах болсныг мэдэгдсэн агуулгатай байсан. Улмаар гэрээ байгуулах хэлэлцээрийн ажиллагаа эхэлсэн. Гэрээ нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний яамтай нэхэмжлэгч нь гарын үсэг зурсан. Уг гэрээ нь өөрийн хөрөнгөөр санхүүжих нөхцөлтэй байхаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний стандарт нөхцөл нь гэрээний драфтыг захиалагч талаас ирүүлсэн байдаг. Үүнийг зөвшөөрсөн ба уг гэрээг гарын үсэг зурагдсанаар бид гэрээ байгуулсан гэж ойлгосон. Улмаар Эрчим хүчний яам Сангийн яаманд уг төслийн санхүүтэй холбоотой асуудал явж байгаа гэдэг чиглэл өгсөн. Захиалагчийн санал болгосноор Эрчим хүчний төвтэй 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр захиалагчийн техникийн гэрээг байгуулсан. Захиалагчийн болоод Эрчим хүчний төвийн хяналтад дор барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Эхлүүлж байх явцад 2 удаагийн гүйцэтгэлийг зохих байгууллагуудаар хянуулсан байгаа. Барилга угсралтын ажил нь 70 орчим хувьтай хийж гүйцэтгэж байх явцад Монгол улсын эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн Б/2976 тоот албан бичгээр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулах гэх шалтгаанаар гэрээг цуцалж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Тэр өдрөөс хойш бүх ажил зогссон. Бид юу болсон талаар тодруулахад Эрчим хүчний яамнаас бидэнд санал болгосон гэрээний 3 дугаар зүйлийн Б хэсэгт эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор тус гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан. Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээг Сангийн яам хийх ёстой. Гэтэл Сангийн яамнаас ирүүлсэн бичгээр ийм гэрээ хийх боломжгүй болсон гэх агуулга бүхий тайлбар өгсөн.

Ийнхүү барилга угсралтын ажил зогссон байдаг. Энэ гаргасан захиргааны акт үүссэн нөхцөлт байдалтай холбоотойгоор Эрчим хүчний яам нь дараах хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг зогсоосон гэж үзэж байгаа. Нэгт:

Эрчим хүчний яам нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/2976 тоот гэрээ цуцлах гэсэн агуулга бүхий бичиг ирүүлсэн. Уг бичгээр төслүүдийн эх үүсвэр хөрөнгөжих нөхцөлтэй гэж заасан байдаг. Харин өөрийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байна. Ийм учир Сангийн яамнаас чиглэл зөвлөмж олгох боломжгүй байна гэж мэдэгдсэн гэж гол үндэслэлээ заасан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасны дагуу захиргааны байгууллага нь хувьдаа шийдвэр гаргахдаа тус хуульд заасан зарчим стандартын дагуу шийдвэр гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т зааснаар үр нөлөөтэй байх ёстой мөн шийдвэр нь хуульд үндэслэсэн байх ёстой. Эдгээр зарчимд үндэслээгүй гэж үзэж байгаа.

Бид захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслээд зогсоосон байгаа. Үр нөлөөтэй байх талаасаа нэхэмжлэгч тал нь 13 тэрбум төгрөгийн ажлыг Эрчим хүчний яамны байгуулсан гэрээг үндэслээд хийж хэрэгжүүлээд зардал гаргасан байгаа. Одоо энэ зардал хэн төлөх нь мэдэгдэхгүй, ашиггүй болж зогсоон байгаа. Зорилгодоо нийцэх, тогтсон шийдвэр гаргах, шийдвэр нь үндэслэлтэй байх ёстой гэх зарчмыг яагаад хангаагүй вэ гэхээр гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл тендерийг зохион байгуулахдаа, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах журмын тухай хуулиар зохион байгуулсан. Нэхэмжлэгч тал энэ тендерт зөвхөн оролцсон байдаг. Ингээд явж байх явцад өөрийн хөрөнгөөр хийх ёстой. Засгийн газрын 180 дугаар тогтоолоор санхүүжилтийн асуудлыг шийдэх тухай өөрсдөө шийдвэрлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл хууль биелүүлээгүй шалтгаанаар үүссэн. Нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна. Захиалагчийн хэрэгжүүлэх этгээдийг томилсон байдал зэрэг нь биднийг гүйцэтгэлд гарын үсэг зурсан зэрэг нь бидэнд энэ ажлыг хийсэн байна гэж ойлгогдсон. Гэтэл цаанаа 180 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хэрхэн яаж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар Сангийн яамтай харилцан үйл ажиллагаа зохион байгуулж чадаагүй болно.

Бидний байгуулсан гэрээ нь захиргааны гэрээ ба захиргааны гэрээг хэрхэн яаж цуцлах талаар Захиргааны ерөнхий хуульд заасан байх ба эдгээр нөхцөл байдлууд үүсээгүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, мөн хариуцлагатай байх зарчмыг баталгаажуулсан. Энэ зарчим нэгэн адил хэрэгжих ёстой. Хэмнэлттэй байх асуудал нь огт хэрэгжээгүй. Хариуцлагагүй хандсан байх тул 6.1-т заасан зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа. Засгийн газрын 180 дугаар тогтоолыг биелүүлэх үүргээ Эрчим хүчний яам нь огт биелүүлээгүй. Тендер сонгон шалгаруулалтын явцад хууль хэрэглээний алдаа гаргасан. Үүнээс болоод Дээд шүүхээр концессын хууль хэрэглэх ёстой юу Худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэрэглэх ёстой юу гэдэг эргэлзээ төрөөд үүнийг шалга гэдэг байдлаар буцаасан байдаг. Ямар хуулийг хэрэглэх зэргийг Эрчим хүчний яам нь өөрөө шийдсэн байдаг. Нэхэмжлэгч нь зарласан тендерт оролцсон ба хууль ёсны байна л гэж бодож оролцсон байдаг. Засгийн газрын 180 дугаар тогтоолыг хожим өөрчлөөд 71 дүгээр тогтоол болгож гаргасан байдаг. 71 дүгээр тогтоол өөрчлөгдөж байх явцад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх асуудал байсан боловч шийдвэрлээгүй. Гэсэн хэдий ч 180 дугаар тогтоолоор ямар хуулийг хэрэглэх, яаж шийдэх тухай үүрэг чиглэл өгөөгүй гэж одоо болтол гүрийдэг. Энэ Засгийн газарт асуудлаа оруулаад, хэлэлцэх бүрэн эрх нь байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Ийм учир дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5947 тоот албан бичигтээ хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудлыг тусгаагүй байх тул зөвшөөрөх боломжгүй гэх агуулга бүхий хариуг Эрчим хүчний яаманд ирүүлсэн. Энэ хариуг ирүүлэх болсон үндэслэл нь Эрчим хүчний яамнаас хариу өгүүлэхээр тайлбарлаж явуулсан бичиг юм. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ болоод барилгын угсралтын 70 хувь орчим явуулж байгаа талаар Эрчим хүчний яам нь зөвлөмж хүсээгүй байдаг. Гэтэл хариу ирсэн албан бичигтээ тухай төслийн тухай хариу ирүүлдэг. Хариу ирүүлэхдээ 180 дугаар тогтоолыг ойлгохгүй байна. Хэрхэн яаж санхүүжилтийн асуудлыг тусгаагүй учир ямар нэгэн зөвлөмж чиглэмж өгөхгүй гэдэг албан бичиг ирүүлсэн байгаа. Хэрэв 180 дугаар тогтоолыг харвал маш тодорхой санхүүжилтийн асуудлыг шийд гэдэг үүргийг оногдуулсан байдаг. Мөн 71 дүгээр тогтоолыг Сангийн яаманд үүрэгжүүлсэн байдаг. Яаж шийдвэрлэх нь Сангийн яам нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зохион байгуулж шийдвэрлэх ёстой. 180 дугаар тогтоол болоод 71 дүгээр тогтоол гарах Засгийн газрын хуралдаанд Сангийн яамны сайд байлцсан тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал тавьж тодорхой асуудал асуугаагүй байсан. Өөрсдөө батлах асуудалд нь оролцсон атлаа хожим нь тэр асуудал шийдэгдээгүй гэх байдлаар үндэслэлгүйгээр татгалзаж байгаа юм. Энэхүү татгалзаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан 4.2-т заасан зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Төсвийн тухай 2016-2017 болон өнөөдөр 2021 оны төсөвт хүртэл энэхүү маргаан бүхий барилгыг барих төсөв нь сууж ирсэн. Төсвийн тухай хуулиар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн байдаг. Гэтэл энэхүү шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа. Шүүхэд тайлбарлахдаа нэр өөр гэх байдлаар удаа дараа үндэслэлгүй тайлбар өгдөг. Уг ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдсэн байгаа. Үүнийг нэгэнт шийдсэн байгаа учир гэрээ байгуулах асуудал үүсэж байгаа. Иймд хариуцагч Сангийн яам нь Төсвийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа.

Тодруулбал 2021 оны төсвийн тухай хуульд Санхүүжүүлэх дүн нь суусан байдаг. Иймд Сангийн яамны дээрх үйлдэл нь хууль бус байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв

Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2016 оны Засгийн газрын 180 дугаар тогтоолоор зарлагдаад явсаар байгаад гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь тендерт шалгараад Эрчим хүчний яамны хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдаад ажил эхлээд явж байгаад Сангийн яамнаас чиглэл авах албан бичиг явуулсан байдаг. Энэ бол эргэн төлөгдөх нөхцөлийг яах талаар чиглэл авсан боловч Сангийн яамнаас хариу ирүүлэхдээ өөрийн хөрөнгөөр санхүүжих нөхцөлтэй гэж заасан харин хөрөнгө оруулалтыг буцаан төлөх асуудал тусгагдаагүй байх тул яамнаас чиглэл, зөвлөмж олгох боломжгүй байна гэснээр манайх гэрээг цуцлах мэдэгдлээ тус нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 3.б хэсэгт заасан байгаа төсөвт санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байсан. Гэвч тус нэхэмжлэгч нь Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авалгүйгээр ажлаа эхлүүлсэн гэж үзэж байгаа. гэв.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Сангийн яамны 2 албан бичиг нь захиргааны актад хамаарахгүй гэж үзэж байгаа. Энэ нь гэрээ байгуулахаас татгалзсан албан бичиг огт биш байгаа. Энэ албан бичгээр хариу хүргүүлэх тухай яам хоорондын албан бичиг байдаг. Захиргааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Мөн Засгийн газрын 180 дугаар тогтоолд буцаан төлөх асуудлыг тусгаагүй байна. Энэ Сангийн яамнаас чиглэл өгөх боломжгүй байна гэсэн байгаа. Сангийн яам нь Эрчим хүчний яаманд чиглэл өгөх хууль зүйн боломж байхгүй. Энэ албан бичиг нь дотогшоо чиглэсэн гэж үзэж байгаа. Учир нь тухайн албан бичгээр гэрээ байгуулахгүй байх ямар нэгэн чиглэл өгөөгүй. Харин Сангийн яам нь үүнийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг дурдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл Сангийн яам гадагш чиглээгүй албан бичиг байгаа. Засгийн газрын 180 дугаар тогтоолоор Эрчим хүчний яамны сайд болон Зам тээврийн хөгжлийн яамны сайд, Сангийн сайд нар тодорхой асуудлыг зохицуулж шийдсэн заалт байгаа. Энэ бол албан тушаалтнуудад чиг үүрэг болгосон заалт байдаг. Үүнд Сангийн яамны сайдад гэрээ байгуулахыг даалгасан чиглэл өгөөгүй.

2 албан бичгийг хүчингүй болгосноор ямар эрх зүйн дагавар үүсгэх нь тодорхойгүй байгаа. Албан бичгийг хүчингүй болголоо гэхэд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль хүчингүй болно гэж байхгүй. Албан бичиг нь санал байгаа. Нэхэмжлэгч нь мөн албан бичгийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байдаг. Хууль бус болохыг тогтоохын тулд ямар хуулийг албан бичиг нь зөрчсөн бэ гэдгийг тогтоох ёстой. Гэтэл үүнийг тогтоосон үндэслэл байхгүй.

Мөн нэхэмжлэгч нь Сангийн яамны сайдад гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Эхлээд Сангийн яамны сайдаас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг үүрэгжүүлсэн байх ёстой. Тендерийн хуулиар харвал Эрчим хүчний яамны сайд нь захиалагч нь байгаа. Гэрээг захиалагч байгуулах ёстой. Сангийн сайд нь тендерийн харилцаанд гэрээ байгуулах чиг үүрэг байхгүй бөгөөд гомдол гаргасан тохиолдолд гомдлыг хянах үүрэгтэй. Мөн концессын гэрээ байлаа гэж үзэх юм бол мөн адил манайх гэрээ байгуулах зохицуулалт байхгүй. Концессын гэрээ талууд гэвэл төрийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага, орон нутгийн өмчийн зүйлийн концессын гэрээний хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга, уралдаант шалгаруулалтын ялагч, шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж байгаа бол энэ хуульд заасан шууд гэрээ байгуулах шаардлага хангасан этгээд нар байдаг. Сангийн яаманд гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн үг.

Энэ гэрээг Эрчим хүчний яам болон хариуцагч байгуулах ёстой гэсэн үг. Нэхэмжлэгч нь санхүүжилтийн гэрээ байгуулсны дараа ажлаа хийх ёстой байсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр энэ гэрээ байгуулагдаагүй байхад нэхэмжлэгч нь дур мэдэн ажил гүйцэтгэсэн байдаг. Ажил гүйцэтгэсэн байхад Сангийн яам нь гэрээ байгуулахгүй байх талаар шийдвэр гаргасан гээд байдаг. Гэтэл 6/1-911 албан тоот явуулахаас өмнө 2017 онд Эрчим хүчний яам нь гэрээ цуцлах албан бичиг аль хэдийнээ явуулсан байдаг. Энэ талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд тодорхой тусгасан байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Сангийн яам нь хуулийг үндэслээгүй, мөн 180 дугаар тогтоолыг биелүүлээгүй байна гэх тайлбар хэлж байна. Гэтэл манайх хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Тухайн үед Төсвийн хуулиар хаана ч хөрөнгө оруулалт нь тусгаагүй байсан. 2017 оны албан бичигт дурдсан байдаг. 2021 оны Төсвийн тухай хууль мөнгөн дүн нь суусаар байтал яамнаас гаргаж өгөөгүй гэж байна. Гэтэл 2019 оны 2021 оны Төсвийн тухай хуульд суусан байх боловч Эрчим хүчний яамны багцад байгаа. Иймд Эрчим хүчний яам нь үүнийгээ бие даан шийдвэрлээд, төсвөө үр ашигтай хэмнэлттэйгээр зарцуулах ёстой байх тул энэ асуудал нь Сангийн яамтай хамааралгүй байна. Хэрвээ захиалагч нь хуулийн дагуу тендер болон концесс зохион байгуулаад санхүүжилт авахаар манайд албан бичиг хүргүүлсэн байхад хуулийн дагуу зохион байгуулагдсан бол санхүүжилтийг олгодог. Гэтэл ийм асуудлаар Эрчим хүчний яамнаас ийм бичиг ирүүлээгүй ба Сангийн яамнаас ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй байна. Албан бичиг нь гэрээ цуцлахыг даалгаагүй, чиглэл өгөөгүй байна. Манай хүргүүлсэн албан бичиг нь Эрчим хүчний яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу хариуг өгөхдөө санал болгон хуулийн дагуу зохион байгуулах ёстой гэх утга бүхий албан бичиг байгаа. Албан бичиг хүчингүй болголоо гэхэд хуулийн заалт хэвээр байх учир ямар эрх зүйн үр дагавар үүсэх нь сайн ойлгохгүй байна. Гэрээ байгуулах эрх нь манайд байхгүй учир ямар гэрээ байгуулахыг даалгах нь ойлгомжгүй байх тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Миний ойлгосноор тендерт ялсан байгууллага нь хувийн хөрөнгөөрөө ажил эхлүүлэх юм байна. Гэрээ байгуулагдаад 10 сард цуцлагдсан юм байна. Миний ойлгосон зөв бол хэчнээн өөрийнхөө хөрөнгийг оруулсан хэдий ч нэхэмжлэгч нь 13 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийг хүчингүй болгомоор байна. Улсын төсөвт хүндрэлтэй байх болов уу гэж үзэж байна.

Хэрэв шүүх хуралдаан хойшлох юм бол Эрчим хүчний яамны төлөөлөгчийг солих юм уу эсхүл ямар нэгэн байдлаар шүүх хуралдааныг бэлтгэлтэй байлгахгүй бол ганц хүнээс болж төрийн байгууллагын үйл ажиллагаанд доголдолд үүсэх вий гэж бодож байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Эрчим хүчний яаманд холбогдуулж тус яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 дугаар гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сангийн яаманд холбогдуулж төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаар тогтоолоор Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл гэж өөрчилжээ.

Улмаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тушаалаар тендерийн үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зарлаж, тус яамны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн в/1996 тоот албан бичгээр хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан болохыг мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгож, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, нөхцөлтэй Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгчээс гэрээ цуцлах үндэслэл байгаагүй, санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авалгүй ажлыг эхлүүлсэн, мөн гэрээний 3.1 дүгээр зүйлийн b-д заасан төсөл хэрэгжүүлэх, эргэн төлөгдөх гэрээг байгуулаагүй гэж, хариуцагч Сангийн яамнаас гэрээ хүчин төгөлдөр бус, албан бичгүүд захиргааны актын шинжийг агуулаагүй, Засгийн газрын тогтоолуудад буцаан төлөгдөх асуудлыг тусгаагүй, тус яам тендерийн үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээ байгуулах эрх хэмжээ олгогдоогүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгчээс дээр дурдсан гэрээнээс гадна 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 96/2017/22 дугаар техникийн нөхцлийг Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар батлуулсан, мөн тус яамны харьяа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 03/02-06 дугаар зураг төсөл боловсруулах гэрээ, Эрчим хүчний хөгжлийн төвтэй 2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр ЭХҮТ/83/2017 дугаар захиалагчийн техникийн хяналтын гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 284/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг батлуулсан зэргээс дүгнэхэд хариуцагч нарын зөвшөөрөл авалгүй ажлыг эхлүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гээд 52.2.3-д дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж тус тус заасан бөгөөд тухайн төсөл сонгон шалгаруулалтын талаар оролцогч нараас гомдол гаргаагүй, захиалагч, гүйцэтгэгч нараас гэрээ хүчин төгөлдөр эсэх, эсхүл гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон, эсхүл хүчингүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүй байхад дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн нарын тайлбар мөн үндэслэлгүй байна.

Харин 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, нөхцөлтэй Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний 3.1 дүгээр зүйлийн b-д төсөл хэрэгжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор уг гэрээ хүчин төгөлдөр болохоор тусгажээ.

Уг гэрээ болон хөрөнгө оруулалтыг тодруулахаар Эрчим хүчний сайдаас 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн а/1941, 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн а/2576, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9/399 тоот албан бичгүүдээр Сангийн яаманд хандсан бөгөөд Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот албан бичгээр тус яамнаас чиглэл өгөх боломжгүй, мөн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/1029 тоот албан бичгээр гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад барилга угсралтын ажлыг хууль зөрчиж эхлүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, төсөл арга хэмжээг хуульд нийцүүлэн зохион байгуулна уу гэсэн хариуг өгчээ.

Мөн нэхэмжлэгчээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/18-225, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/19-33, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/19-88 тоот албан бичгүүдээр Сангийн сайдад хандсан ба Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/911, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2058 тоот албан бичгүүдээр Эрчим хүчний яаманд тусгайлан чиглэл өгөх, хууль эрх зүйн үндэслэлгүй, захиалагч төсөл арга хэмжээг хуульд нийцүүлэн зохион байгуулах ёстой гэсэн хариуг өгч байжээ.

Түүнчлэн Эрчим хүчний яамнаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот гэрээ цуцлах тухай, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн а/2612 тоот Сангийн яамтай гэрээ байгуулах шаардлагатай, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн а/2151 тоот зөвлөмжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын арга хэмжээ авч байна гэсэн утгатай албан бичгүүдийг мөн нэхэмжлэгчид өгч байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан дээрх албан бичгүүд гэрээг цуцлах, гэрээ байгуулах боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, эрх зүйн шууд үр дагавар бий болгож, гадагш чиглэсэн захиргааны актын шинжийг агуулсан байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчээс гэрээний 3.1 дүгээр зүйлийн b-д заасан төсөл хэрэгжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулахаар тус 2 яаманд удаа дараа хандсан байх бөгөөд уг гэрээг байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд хавсралтад заасан төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх, гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нарт тухайлан үүрэг болгосон байхад тухайн гэрээг байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар бүс нутгийн 2009-2016 оны хооронд импортын цахилгааны төлбөрт нийт 6.3 тэрбум төгрөгийн төлбөрийг төлсөн, үнэ тариф өндөр байгаа талаар хэлэлцсэн, уг хуралдаанд хариуцагч нар оролцсон, тухайлсан санал гаргаагүй, тендерийн үйл ажиллагааны талаар оролцогчид болоод гүйцэтгэгч, захиалагч нараас гомдол гаргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон, эсхүл хүчингүй болгосныг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоогоогүй байхад хариуцагч нараас гэрээ хүчин төгөлдөр бус, төслийг дахин явуулах шаардлагатай гэх мэт үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзаж, улмаар Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот албан бичгээр гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ гээд 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан, 42.1.3-д энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэж заасан бөгөөд тендер сонгон шалгаруулалт болон сонгон шалгаруулалтын үр дүн, гэрээ зэрэгтэй маргавал зохих этгээдийн хэн аль маргаагүй, тухайн процессыг эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр хүчингүй болгоогүй байхад дээр дурдсан үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж гэрээ байгуулахаас татгалзаж, улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана мөн зүйлийн 8 дахь хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд Засгийн газраас тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, эдийн засгийн үр нөлөөг харгалзан зохих өөрчлөлтийг хийж, холбогдох яамдад үүрэг болгосон байхад дээрх үндэслэлүүдийг дурдаж гэрээ байгуулахаас татгалзсан нь мөн хуульд нийцэхгүй байна.

Иргэдийн төлөөлөгчөөс гэрээ байгуулагдаад 10 сарын дараа цуцлагдсан, 13 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа нь улсын төсөвт хүндрэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хариуцагч нарын гэрээг цуцалсан, гэрээ байгуулахаас татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний яам, Сангийн яаманд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 дугаар гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Сангийн яамны төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА