Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхжаргалын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00664 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамгарав багийн 2-6 тоотод оршин суух, эрэгтэй, Ээмдээ овогт Баттөмөрийн Энхжаргалын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

   Хүсэлтийн агуулга: Би 1964 онд төрсөн, 1972 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд сурч байгаад 6 дугаар ангиасаа гараад мал дээр гарч мал малласан. 1983-1986 оны хооронд цэргийн алба хааж ирээд эцэг, эхийнхээ хамт мал малласан.

Би 1988 онд гэр бүлтэй болсон. Би сургуулиас гарснаасаа хойш тасралтгүй одоог хүртэл мал маллаж байна. Улсаас 11 жилийг нөхөн тооцуулсан тул 1989 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгоно. Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан учир тэтгэврээ тогтоолгохоор шүүхэд хандсан.Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00664 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ээмдээ овогт Баттөмөрийн Энхжаргалын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Миний бие бага балчираасаа эхлэн өдий хүртэл нэгдлийн мал маллачихаад эцэст нь тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй, ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй байдалд хүрч, улс миний ажиллаж байсаныг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Манай сумын архив шатсан, баримт материал олдохгүй байгаа нь малчин миний буруу биш байх гэж бодож байна.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг  хангаагүй байна.

 Б.Энхжаргал  нь 1979-1989 оныг   дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Б.Энхжаргалын 1983 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1983 оны  5 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989  оны 12 дугаар сарын дуустал тус тус Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдлийн 4 дүгээр бригдад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын  31-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-нийг дуустал Мянгад  сумын  “Давшилт” нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

Хүсэлт гаргагч Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлохоор Баттөмөр, Дарьсүрэн, Цэндхүү болон өөрийнхөө ажиллаж байсан байдлын талаарх архивын  лавлагааг  шүүхэд гаргаж өгч, улмаар  хамт ажиллаж байсан гэх Л.Баттөмөр,Т.Хишигт нарын  гэрчүүдийг шүүхэд дуудаж гэрчээр асуулгажээ. 

Мөн хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт”  нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай тайлбарыг гаргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хүсэлт гаргагчийн дээрх хүсэлтийн үндэслэлийг тодруулаагүй байна. Тодруулбал, хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Мянгад  сумын  “Давшилт” нэгдлийн 4 дүгээр бригадад 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямар маллаж байсан, 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мөн ямар мал маллаж байсан талаар тодруулаагүй байна. Шүүх хүсэлт гаргагчаас дээрх  хүсэлтийн үндэслэл бүрийг тодруулах  байжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “Б.Энхжаргал нь 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал,1986 оны 6 дугаар сарын 25-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  тус тус малчнаар ажиллаж байсан  талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэжээ.  

Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдлийн 4 дүгээр бригадад ажиллаж байсан байдлын талаарх зарим нотлох баримт нь өөрт нь  байхгүй, архиваас олдохгүй байгаа учраас гэрч асуулгаж, хамт ажиллаж байсан болон өөрийн эцгийн ажиллаж байсан байдлын талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгч улмаар 2 гэрчийг асуулгасан байна. Шүүх шаардлагатай бол дээрх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүд болон бусад нотлох баримтуудыг харьцуулан судлах замаар бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг хэрэгжүүлэх боломжтойг анхаараагүй байна.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ гэрчийг асуулгах болон нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчийн хүсэлт байх шаардлагагүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг харгалзан шүүх санаачилгаараа нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх боломжтой байсан.

 Шүүх  хэрэгт  авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг түүнд буцааж олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00664 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Энхжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА