| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/1012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1069 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1069
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: С.Батгэрэл /томилолтоор/,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Б.********** /ҮД:0968/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, **********од холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********* овогт ********* ********** /Регистрийн дугаар: **********/
Монгол улсын иргэн, *********-ны өдөр **** аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ********** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод үл ялих шалтгааны улмаас хохирогч **********г татаж унагаан толгой руу нь 1 удаа цохиж тархи доргилт гэмтэл, мөн хохирогч **********гийн толгой тус газар архины шилээр 2-3 удаа цохисны улмаас зүүн чих, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********** тоот гэрийн хашаандаа гэр бүлийн асуудлаас болж, өөрийн хадам ээж болох хохирогч **********г хашаан дотор унагааж, заамдаж толгой хэсэгт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн тэр цаг хугацаанд хадам эцэг **********г архины шилээр толгой хэсэгт нь гурван удаа цохиж, түүний биед “зүүн чих, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус хэргийн үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-хохирогч **********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би нөхөр **********гийн хамт гэртээ унтаж амраад байж байсан. Тэгтэл 22 цагийн үед манай хүргэн хүү болох ********** гэрийн гаднаас шал согтуу орилоод байсан ба бид хоёр руу "та хоёр гараад ир хоёуланг чинь алнаа" гээд орилоод байсан ба нөхөр бид хоёр гэртээ байж байгаад би эхлээд гэрээс гарсан юм. Тэгтэл ********** намайг барьж аваад хашаан дотор унагаагаад заамдаж аваад миний толгой руу 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Түүний дараа ********** манай нөхөр **********г барьж аваад архины шилээр толгой руу нь цохисон ба бие рүү нь өшиглөсөн. Тэгтэл нөхөр ********** ухаан алдаад унасан ба төд удалгүй манай нөхөр буцаж сэргээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч эмч ******* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай:
“...1. **********гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
-хохирогч **********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 сарын 12-ний орой Сонгинохайрхан дүүргийн ********** тоот гэртэй эхнэр **********гийн хамт унтаж амарч байхад шөнийн 22 цагийн үед байх хүргэн ********** нь согтуу хашаан дотор ороод ирсэн орилж чарлаад хар авгай хар ********** та хоёрыг ална гэж хэлсэн нь байшин дотор сонсогдоод байсан тэгсэн эхнэр ********** гэрээс гарсан би удалгүй ардаас нь гарсан чинь хүргэн ********** нь эхнэр **********г газар унагаад сууж байсан тэгсэн ********** нь би очсон чинь ********** намайг барьж аваад татаж газар унагаасан тэгээд за миний толгой өвдөж байна гээд орилж байхаар хажуудаа байсан архины шилийг аваад миний толгой руу ухаан алдаад унасан байсан нэг сэрсэн чинь ********** нь архины шилээ бариад энэ хагараагүй байна гэж хэлж байсан тэгээд би гуйвж хашааны хаалгаар гараад 3 удаа цохисон тэгээд би Цагдаа дуудсан... миний толгой руу Хараа гэх бичигтэй архины шилээр 3 удаа цохисон. би тэр хүнд ямар ч гэм хийгээгүй би тэр хүнтэй юм яриад байдаггүй архи уусан үедээ өмнө нь хэд хэдэн удаа агсан согтуу тавьж байсан болохоор би чимээгүй байдаг... 2024 он агсан байсан тухайн үеийн сарыг санахгүй байна. Тэр үед миний гэдэс элэг рүү rapaapaa тухайн үед бид хоёрыг харсан хүн байгааг хэсэг руу 1 удаа цохиж байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,
-гэрч ***********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 сарын 12-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **********тоот гэртээ унтах гээд 2 хүүхдийн хамт хэвтэж байсан. Тэгсэн ********** гаднаас согтуу тал шилтэй архи барьчихсан орж ирээд хашаанд байсан нохойгоо сул тавина гээд байхаар нь би болиулсан чинь ********** нь би хойшоо хадам аав, ээж рүү орно хар авгай минь гараад ир гээд ээжийг дуудаад орилоод байсан. Ээж гарч ирсэн чинь ********** нь чи намайг хашаанаасаа хөөдөг, би авгай хүүхдээ аваад явна гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхэд ээж чи явж чадахгүй байж гэж маргаан болсон. ********** нь ээжийн цамцны ардаас нь татаад газар унагаагаад ээжийн урд өвдөглөж сууж байгаад “та намайг хэрүүл хийгээд байж байтал гэрээсээ хашаанаасаа хөөдөг биз дээ” гээд аав гэрээсээ гарч ирсэн чинь ********** нь аавыг муухай өмхий санаатай өвгөн гэж хэлсэн аав тоохгүй хажуугаар нь өнгөрсөн чинь ********** гарт нь байсан архины шилээр аавыг толгойн зүүн тал руу 2 удаа цохисон тэгсэн аав хашааны хаалгаар гарч яваад цагдаа дуудсан... Эрүүл саруул үедээ бол зүгээр энгийн байдаг. Архи уусан үедээ ч зүгээр байдаг. Бид хоёр аавын хашаанд гэр барьж амьдардаг юм тэгсэн ээж бид нарыг хөөгөөд янз бүрээр хэлээд байдаг болохоор тухайн өдөр архи ууж орж ирээд агсам тавьсан гэж бодож байна. Бид хоёрыг байнга янз бүрээр хэлнэ **********ыг гуйлгачин минь гэж хэлээд байдаг бид хоёр шөнө орондоо орж унтахдаа хоёр чих амардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч эмч ******** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********* дугаартай:
“...1. **********гийн биед зүүн чих, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ********** нь 264,260 төгрөгийн зардал, хохирогч ********** нь 124,762 төгрөгийн зардал гарсан тул яллагдагчаас гаргуулан өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч **********ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 12-ын өдөр гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой 22 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод ирсэн. Түүний дараа би хашаан дотроо орж ирээд хадам аав ээж хоёрыг гараад ир гээд согтуу орилсон ба хадам ээж ********** гэрээсээ гараад ирсэн. Тэгээд би хадам ээж **********тай маргалдсан ба толгой руу нь 1 удаа цохисон. Түүний дараа хадам аав ********** гэрээсээ гараад ирсэн бөгөөд надтай маргалдсан би бас юу болсон талаар санахгүй байна. Би нэлээд согтолттой байсан бөгөөд хадам аав **********гийн толгой руу архины шилээр цохисон. Цаашаагаа юу болсон талаар сайн санахгүй байна. Төд удалгүй цагдаа нар гэрт ирсэн ба намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэж /хавтаст хэргийн 76-77 дахь тал/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34/, хувийн байдлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 62-65/...” зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч эмч ***** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай дүгнэлтээр хохирогч **********гийн биед тархи доргилт,
Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч эмч ******* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай дүгнэлт **********гийн биед зүүн чих, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч ********** нь хохирогч **********гийн толгой хэсэгт нэг удаа цохиж, хохирогч **********г архины шилээр 3 удаа цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан байгаа нь хохирогч нарын Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул “гэм буруугийн санаатай” хэлбэртэй байна.
Мөн түүнчлэн шүүгдэгч нь хоёр хохирогчид хөнгөн хохирол учруулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасантай, мөн нэг хашаанд хамт амьдардаг хадам эцэг, эхийнхээ биед халдаж байгаа нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэнтэй тус тус тохирч байх бөгөөд энэ нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан дээрх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд дээрх зүйл ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч **********, ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин эрүүл мэндийн даатгалын санд 389,022 төгрөгийн хохирол төлбөр учирсан /хавтаст хэргийн 82-83 дахь тал/.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн гэж баримтыг шүүхэд гаргаж өгсөн ч хэнээс хэний дансанд шилжүүлсэн эсэх тодорхойгүй тул хохирол төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно гэж тусгасан.
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт: “...гуравдугаар зэрэглэлд тогтоов...” гэжээ.
Хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хөдөлмөрийн чадвар алдсан талаар мэдүүлж буй мэдүүлэг, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, цаашид шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 4-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж, тус тус 3,300,000 төгрөгийг хохирогч **********, ********** нарт сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж тус тус зааснаар шүүгдэгч **********оос 6,600,000 төгрөг гаргуулан хохирогч **********д 3,300,000 төгрөг, хохирогч **********д 3,300,000 төгрөг тус тус олгуулж, мөн 389,022 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод үл ялих шалтгааны улмаас хохирогч **********г татаж унагаан толгой руу нь 1 удаа цохиж тархи доргилт гэмтэл, мөн хохирогч **********гийн толгой тус газар архины шилээр 2-3 удаа цохисны улмаас зүүн чих, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 389,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 6,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгуулах сагалтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмшиж байгаа, хохирол төлбөрийг 500,000 төгрөгийг хохирогч нарт төлсөн. Цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Зүйлчлэл дээр маргах зүйлгүй гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч **********ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч **********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгох ял оногдуулах саналыг гаргасан хэдий ч дээрх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд: хохирол төлбөртэй байгаа болон хэргийн нөхцөл байдал /2 хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ зэргийг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч **********од сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч **********оос 6,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч **********д 3,300,000 төгрөг, хохирогч **********д 3,300,000 төгрөг, мөн 389,022 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА