| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/214 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/214
2024 10 07 2024/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Хохирогч К.Н, Б.Г нарын өмгөөлөгч Б.Ц
Шүүгдэгч: Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч. Т холбогдох эрүүгийн 2435000000149 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 10 дугаар сарын .......-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын ...... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138.1 дүгээр зүйлд зааснаар торгох ял, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Ч. Т /РД:................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутагт “Адаргана” гэх нэртэй газраас тус сумын иргэн К.Н, Б.Г нарын тус бүр нэг тооны тэмээ нийт 2 тооны буюу олон тооны тэмээг хулгайлж, хохирогч нарт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутагт “Адаргана” гэх нэртэй газраас тус сумын иргэн К.Н, Б.Г нарын тус бүр нэг тооны тэмээ нийт 2 тооны тэмээг нууц далд аргаар авсан болох нь:
Хэргийн газарт, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-10 дахь тал),
Хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-14 дэх тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-21 дэх тал),
Эмээл, хазаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Увс аймгийн Тариалан сумын айл боловч мал маллахын эрхээр Наранбулаг сумын шилийн ард хаваржиж байсан бөгөөд манайх 8 тооны тэмээтэй бөгөөд 2024 оны 04 дүгээр сард Адаргана, нуурын хөвөө чиглэлд бэлчээрлүүлсэн. Уг тэмээгээ хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр явж харахад манай тэмээ адарганы уулынд Н гэх хүний тэмээтэй хамт бэлчиж байсан бөгөөд түүний маргааш тэмээ нядлагдсан сураг дуулдаад дахин Н гэх хүний гэрт очиход тухайн хүн хоёр тэмээгээ алдсан бөгөөд нэг тэмээний толгой, шийр, арьс, дотор нь уулын жалганд байхыг үзлээ гэхээр нь хамт очиж үзэхэд миний нас гүйцсэн цагаан тэмээний толгой болон арьс, шийр нь байхыг би өөрийн тэмээний зүс болон цагаан тэмээний толгойны буруу хацартаа буруу матаасан дэгрээ тамгатай байсан тул тамга болон зүсээр нь бүрэн таньсан. Тэгээд өөрийн тэмээ хулгайд алдагдаж, нядлагдсан байхыг мэдсэн. Түүнээс хойш мал бөөгнүүлэх зэрэг ар гэрийн ажил их байсан тул одоо л цагдаагийн байгууллага дээр ирж байна. Тухайн Н нь манай сумын хүн бөгөөд хавар, зун, намарт байнга айл хоршоо буудаг тул тэмээний хувьд байнга ойролцоо хамт бэлчдэг. Миний хувьд хамгийн сүүлд тэмээгээ уг тэмээнийхээ толгой олохоос 1-2 хоногийн өмнө адаргана гэх газарт Н гэх хүний тэмээтэй хамт бэлчихийг харсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),
Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2019 оноос хойш Улаангом сумын 8 дугаар баг шатат гэх газарт үхэр, адуу гэсэн бод мал маллаж амьдарч байгаа. 2024 оны 05 дугаар сарын эхээр Улаангом сумын иргэн Батжаргал гэх хүнээс портер машиныг 16 сая төгрөгийн үнэтэй машиныг бэлэн 8 сая төгрөг үлдэгдэл мөнгийг нь дараа өгөхөөр тохиролцоод авсан. Мөн манайх монгол ясан эмээлийг тоноглож 2.5 сая төгрөгөөр зардаг бөгөөд энэ өвөл Өлгий сумын Б гэх хүн эмээлээ зээлээр зарсан гэдэг зүйлийг манай нөхөр яриад өртгийг нь ноос ноолуурын үеэр өгнө гэж хэлэхээр нь би саяхнаас эмээлийн өртөг яагаад өгөхгүй байгаа талаар асуухад удахгүй өгнө, авахаар болсон гэх зүйлийг яриад явж эмээлийн өртөг асуугаад ирье гэж хэлж явчхаад согтуу ирдэг мөн ажил бүтээн гэж хэлж гарч явчхаад ойрын 7-8 хоног архи ууж байгаа. 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн өөрийн хээр зүсмийн эр морь унаад хүнтэй уулзаж ажил бүтээчхээд ирнэ гэж хэлчхээд орой 21 цагийн үед миний үздэг солонгос кино эхлэх гэж байх үеэр манай нөхөр гэрт орж ирээд эмээлийн өртөгт хоёр тэмээ авч ирлээ гэж хэлсэн. Энэ тэмээг нядалж махыг зарна гэхээр нь миний бие өвдөж байгаа учраас би хамт нядалж чадахгүй гэхэд манай нөхөр тэгвэл би Улаангом ороод хүн олоод ирье гэж хэлчхээд өөрийн мотоциклоор аймгийн төв яваад буцаж 20-30 минутын дараа ирэхдээ өөрийн төрсөн ахынхаа залуу болох Б авч ирээд хамт нядалсан. Тухайн үед би кино үзэж дуусчхаад, сүүгээ чаначхаад унтаад өгсөн. Тухайн үед гэрээс ихээр гараагүй учраас ямар тэмээ авч ирснийг нь хараагүй. Маргааш өглөө 06 цагийн үед манай нөхөр болон Б хоёр манай эзэмшлийн суудлын машиныг тайраад тэвштэй болгочихсон машин дээрээ мах, толгой, шийр, дотрыг нь ачаад явсан. Тухайн хоёр хүнийг явсны дараа босоход хашааны зүүн талд уг хоёр тэмээг нядалсан байсан бөгөөд уг газарт ямар нэгэн сэвс, дотор, цус зэрэг зүйл үлдээгээгүй байсан. Манай нөхөр буцаад 8 цагийн өөрийн машинтай ганцаараа ирээд аймгийн төв ороод цайны газарт өгчихлөө гэж хэлсэн бөгөөд гэртээ ирэхдээ янз бүрийн мөнгө авч ирээгүй. Тэгэхээр нь би тэмээгээ хаана нядалсан талаар асуухад хашааны цаад талд гэдгээс өөр хэлээгүй учир их зүйл асуугаад байхаар нь чамд ямар хамаатай юм, хэрэг дурлалаа гэж уурлаж хэрүүл гарахаар нь чамтай хэрэлдэж байхаар гарч явлаа гэж хэлээд архи уугаад явчихдаг учраас ямар нэгэн зүйл асуугаагүй. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед цайны газрын тэмээ худалдаж авсан хүн гарал үүслийн бичгээ авч ир гэж байна аймаг орлоо гэхээр нь би бас хамт оръё усанд орох болон нөхөрт хордлого тайлах шингэн хийлгэе гэж хэлээд хамт аймгийн төв орж ирээд хүргэн ах Б гэх айлд очиж шингэн хийлгэж байхад уг цайны газрын хүн дахин залгаад гарал үүслийн бичиг яасан бэ хүрээд ир гэхээр нь нөхрийн хамт очиход Улаангом сумын зах дээр байх Дөрвөн Эрдэнэ гэх цайны газар байсан бөгөөд орж суугаад шүүс ууж байхад манай нөхрийг хоёр залуу дуудаж уулзчихаад цагдаа оръё гэж байна гэхээр нь би ажлаа амжуулж байя гэж хэлээд гадуур ажил амжуулж явж байхад нөхөр утсаар яриад “Цас тогтох” дээр хүрээд ир гэсэн боловч миний бие өвдөөд байхаар нь залгасан дугаар луу нь залгахад цагдаа байсан тул бие өвдөөд байна гэж хэлэхэд намайг ирж аваад цагдаа дээр очиход манай нөхөр хоёр цагдаатай хамт согтуу ирээд хамт машинд суугаад ярилцахад уг хоёр тэмээг эмээлийн өртөгт биш хулгайлж авч ирсэн гэдгийг ойлгосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүргэн ах “Н” 2 тооны тэмээ хайгаад олохгүй байна. Хамт яваад хайлцаад өгөөч гэхээр нь хамт Улаангом сумын ойролцоо явж байгаад тэмээний гэдэс, толгой байхыг олж харсан. Бид хоёр тэмээний гэдэс толгой олоод хартал нэг тэмээ нь Н айлын хайж байсан тэмээ мөн байсан тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),
Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг хүнийг зүс таньдаг бөгөөд тухайн хүнтэй найз, нөхөд ах дүүгийн холбоо байхгүй. 2023 оны өвөл Т адуу манай ойролцоо өвөлжсөн учраас манайхаар орж гардаг байсан. Миний хувьд тухайн хүнээс эмээл огт худалдаж авч байгаагүй бөгөөд тэмээ ч зарж борлуулсан зүйл байхгүй. Харин Т гэх хүн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 27 минутад ......................... гэсэн дугаарын утсаар над руу залгаад тэмээний гарал үүслийн бичиг хийж өгөх үү гэхээр нь ямар учиртай тэмээ юм гэж асуухад хүнээс тэмээ авсан чинь эзэн нь ирэхгүй, хөдөө мал хайгаад явчихсан байна та нэг аргалаад өөрийнхөө тэмээ зарсан гээд гарал үүслийн бичиг аваад өгөх үү гэхээр нь би хулгайн тэмээ биш биз дээ манай эндээс бас тэмээ алга болоод байгаа гэхэд тийм зүйл байхгүй найдвартай гэхээр нь тийм бол би аваад өгье гэж хэлээд малын эмчтэй ярихад хот явсан байна гэхээр нь авч өгч чадаагүй. Т нь намайг тэмээтэй гэдгийг мэддэг учраас л гарал үүсэл бичүүлэх гэж ярьсан байх өөр бид хоёрын дунд холбоо байхгүй. Түүнээс хойш 05 дугаар сарын 25, 27, 28, 29-ний өдөр хэд хэдэн удаа над руу залгасан бөгөөд би өөрөө бол яриагүй бөгөөд манай гэрийн хүн болон хүүхдүүд авч яриад аав байхгүй байна л гэж хэлсэн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2023 оноос хойш Улаангом сумын зах дээр үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн-Эрдэнэ цайны газрыг эхнэр болон дөрвөн ажилтны хамт ажиллуулж амьдарч байгаа. Улаангом сумын хөдөө оршин суудаг малчин Т гэдэг хүн нь манай цайны газарт байнга орж ирж хоол унд иддэг учраас таньж мэддэг болсон. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын дундуур 1 тооны тэмээний махыг гарал үүслийн бичиг болон малын кодтой авч ирэхээр нь тухайн үеийн ханшаар худалдаж аваад мөнгийг бэлнээр өгсөн. Дахин 2024 оны 05 дугаар сарын 16, 17-ны өдөр өөрийн эзэмшлийн ....... УВА улсын дугаартай портер машиныг 16 сая төгрөгөөр худалдан авч тухайн өдрөө бэлнээр 8 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг мал таргалахаар мал, мах, мөн мөнгийг чинь өгнө гэж хэлээд аваад явсан. Тээврийн хэрэгслийн шилжүүлгийг албан ёсоор хийгээгүй байгаа. Түүнээс хойш 2024 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн үед Тэгшээ нь миний утас руу ....................гэсэн дугаараас яриад танайх руу очиж явна гараад ир гэж хэлсэн. Хашааны гадна гарахад хоёр тэмээний мах аваад ирлээ зармаар байна авах уу гэхээр нь машины өртгөөс хасна, надад мөнгө байхгүй гэхэд тэгье гэж зөвшөөрөөд манай гэрт буюу Улаангом сумын 10 дугаар баг ........ тоотод надаас худалдаж авсан портер машинтай ирээд тэвш дээрээ цоохор цаасан дээр хоёр тэмээний мах ачаад дээгүүр нь цоохор цаасаар бүрхчихсэн зүс танихгүй хоёр залуугийн хамт ирсэн. Уг хүмүүсийн нэг нь 20 гаруй насны бор царайтай залуу байсан бөгөөд тухайн үед хувцас хунарыг нь анзаарч хараагүй. Мөн тухайн үед нэр усаа хэлээгүй, харвал бараг танихгүй. Нөгөө нэг нь 40 гаруй насны бор царайтай туранхай байрын эрэгтэй байсан мөн зүс царайг тогтоогүй. Тухайн гурван хүний хамт машиныг хашаанд оруулж байгаад махыг буулгаж хиллэж үзээд мөнгөн дүн бодоход 3,112,500 төгрөг болохоор 112,500 төгрөгийг ..................... гэсэн дугаартай Ц гэсэн хүн рүү шилжүүлсэн. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг машины өртгөөс хасаад одоо 5.000.000 төгрөг авах ёстой. Тухайн үед Т гэдэг хүнээс гарал үүслийн бичгийг нь асуухад малын эмч тарилгад явсан учраас дараа авч ирж өгнө гэж хэлээд явсан. 05 дугаар сарын 24-ний өдрөөс махаа цайны газарт хүргэж хоол хийж зарж борлуулсан. Дахин Т гэдэг хүн рүү 05 дугаар сарын 24-ний өдөр залгахад утас нь холбогдохгүй байхаар нь 25-ны өдөр залгаж яриад махны гарал үүслийн бичгийг асуухад за удахгүй авч өгнө, малын эмчийн утас холбогдохгүй, тарилгад явсан ирээгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дахин үдээс хойш утсаар яриад гарал үүсэл юу болсон бэ гэхэд утсаа авахгүй байна гэхээр нь цайны газар дээр хүрээд ир гэхэд, хүрээд ирсний дараа цагдаа нар уулзсан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Цас тогтох” дээр хальт таарч гарал үүслийн бичиг яасан бэ юун цагдаа болоод байгаа бэ гэхэд удахгүй бичгийг авч өгнө гэж хэлээд түүнээс хойш дахин тухайн хүнтэй уулзаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Ч.Т ах манайд мотоциклтой ирээд хүнээс эмээлийн өртөгт 2 тооны тэмээ авсан тул тухайн тэмээг нядлах гэж байгаа учир хамт яваад өг гэхээр нь зөвшөөрч хамт явсан. Ч.Т ах бид хоёр шөнө тэр тэмээг нядалсан. Тэмээгээ нядалж байхдаа махыг нь портер, машин ачсан, дотор гэдсийг өөр жижиг машин дээр ачсан. Ч.Т ах аймгийн төв ороод утсаар яриад нэг хүнтэй махаа өгөхөөр болсон учир аймаг дотор явж байтал захын ойролцоо миний зүс таньдаг байнга архи уудаг байдалтай 50 орчим насны хүн таарахаар нь мар өргөлцөөд өг гэж хэлээд машинд суугаад явсан. Тэгээд уг айлын гадна очиж махаа буулгаж өгчхөөд гэртээ харьсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),
Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 5 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр тэмээний зах зээлийн үнэлгээ 2.000.000 төгрөг болохыг тогтоов” дүгнэлт (хавтаст хэргийн 85 дахь тал),
Шүүгдэгч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ хээр зүсмийн 8 настай эр морийг унаад үдээс хойш гарахдаа эхнэртээ айлд очиж өртөг аваад ирье гэж хэлээд гараад хөдөөгөөр явж байгаад наран орох үеэр Адарганы нургаар тонгойгоод хөх сай гэх газарт олон тооны тэмээ байхаар нь тарга хүч сайтай улаан, цагаан зүсмийн хоёр тэмээг салгаж туугаад гэр дээр авч ирээд хашааны ар талд байх данхар луу орж хоёр тэмээг барьж авчхаад гэртээ ороод эхнэртээ эмээлийн өртөгт хоёр тэмээ авч ирлээ гэж хэлчхээд орой болсон аймгийн төв рүү мотоциклоор орж өөрийн төрсөн ахын хүүхэд болох Б гэрт очиж хоёр тэмээ нядалж зарах гэж байгаа юм хамт гаргаад өг гэж хэлээ авч ирж, хашааны ард талд хоёр тэмээгээ нядлаад махыг нь портер дээр ачиж, дотор, гэдэс, шийр, арьсыг нь өөрийн хуучин тэвшийг нь тайрсан машин дээр аччихаад гэртээ хоносны дараа өглөө нь портер машинтай махаа аваад аймгийн төв ороод 06 цагийн үед Б гэх залуу руу утсаар яриад машины өртөгт 2 тооны тэмээ нядлаад ирлээ гэхэд надаас гарал үүслийн бичиг байгаа юу гэж асуухад би дараа нь аваад ирье гэж хэлэхэд зөвшөөрч тухайн айлын таньдаггүй хүн байхаар нь мах буулгаад өг гэж хэлээд хамт дагуулж яваад Б гэрийн гадна очиж махыг нь тохирч өгөөд 3.1 сая төгрөг болохоор 3 сая төгрөгийг машины өртгөөс хасуулж, үлдэгдэл 100.000 төгрөгийг эхнэрийн данс руу шилжүүлсэн. Миний хувьд тухайн хэргийг ганцаараа үйлдсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал)-үүдээр шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “Адаргана” гэх нэртэй газраас тус сумын иргэн К.Н, Б.Г нарын тус бүр нэг тооны тэмээ нийт 2 тооны тэмээ буюу олон тооны малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ч.Т нь хохирогч К.Н, Б.Г нарын тус бүр нэг тооны тэмээ нийт 2 тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур, бэлчээрээс авч, нядалсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 2 тооны тэмээг нь олон тооны мал гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 5 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр тэмээний зах зээлийн үнэлгээ 2.000.000 төгрөг болохыг тогтоов” дүгнэлт (хавтаст хэргийн 85 дахь тал)-ээр хохирогч К.Н, Б.Г нарын хулгайд алдсан 2 тооны тэмээний нийт үнэлгээ 4’000’000 /дөрвөн сая/ төгрөг болох нь тогтоогдож байна.
Хохирогч К.Н , Х.Г нар “Хохирогч К.Н , Х.Г бид хоёр, 2 тэмээний үнэ тус тус 2,000,000 төгрөг учирсан хохиролд нийт 6,000,000 төгрөг хүлээн авлаа. Бид хоёрт цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 174 дэх тал)-г үнэлээд шүүгдэгч Ч.Т шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ч.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Тэгшээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Т урьд нь Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138.1 дүгээр зүйлд зааснаар торгох ял, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 113, 114-116 дахь тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Ц өгсөн: “Гэр бүл болсноос хойш 2016 он хүртэл аймгийн төвд амьдарч эмээл хийж зарж байгаад хөдөө гарч үхэр, адуу мал маллан амьдардаг. Одоогийн байдлаар 200 гаруй үхэр, адуутай. Эд хөрөнгийн хувьд гэр болон портер, суудлын машин, мотоцикл, миний нэр дээр Улаангом суманд хашаа байдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, хөдөө амьдардаг тул ажил хөдөлмөрт сайн, эмээл бүрж зардаг учраас хүмүүс сайн таньж мэддэг. Архи согтууруулах ундааны зүйлийг 2023 оны 12 дугаар сараас хойш хааяа, хааяа хэрэглэдэг болсон бөгөөд хэрэглэсэн үедээ үргэлжлүүлэн уудаг боловч гэр орондоо агсам согтуу тавьдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал) авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Т гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн өмчлөлийн 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 8 настай морийг хураан авч, улсын орлогод оруулж, энэ ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэж олсон 2 тооны тэмээ нь 4,000,000 төгрөгийн үнэтэй боловч, шүүгдэгч тухайн 2 тооны тэмээний махыг худалдан борлуулж 3,112,500 төгрөг олсон байх тул 3,112,500 (гурван сая нэг зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Т хуучин эмээл, хуучин суран хазаар нь хуучирч муудсан улсын орлогод оруулах боломжгүй эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Т 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт шүүгдэгч Ч.Т гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн өмчлөлийн 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 8 настай морийг хураан авч, улсын орлогод оруулж, энэ ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,
- Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3,112,500 (гурван сая нэг зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод тус тус оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Т хуучин эмээл, хуучин суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ