Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2022/00701

 

 

 

 

 

 

 

     2022           03             02

                                 184/ШШ2022/00701

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Д-гийн Б- /рд:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, -, өөрийн байр хаягт байрлах, “Н-ар”-т холбогдох

  

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар надаас 17,515,000 төгрөг гаргуулан “Ф-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.Б- надад 2021 оны 11 сарын 12-ны өдрөөр огноолсон 4-176/21886 тоот мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн - тоот хаягт байрлах, Y--, Г-- дугаартай, 153 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 63,704,651 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье гэжээ. Харин төлбөр төлөгчийн зүгээс “Д-” ХХК-ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэрэглээгүй. Зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланг харахад шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал хэрэглэсэн юм шиг маш олон өгүүлбэр бичжээ. Тухайлбал зах зээлийн, орлогын, өртгийн гэх мэт үнэлгээний хандлагыг ашигласан, хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэсэн, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлсэн гэх мэтээр бичсэн байдаг. Харин бодит байдал дээрээ үнэгүй.мн сайтаас 2 зар оруулаад дундаж үнээр нь тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, миний орон сууц болон газрыг үнэгүйдүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/08642 дугаар захирамжаар Д.Б-гаас 17.500.000 төгрөгийг гаргуулж “Ф-” ХХК-д олгохоор, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох СХД-ийн -тоот хаягт байрлах Ү-- дугаарт бүртгэлтэй 700 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г-- бүртгэлийн дугаартай 153 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу уг шүүхээс 2020 оны 11 сарын 04-ний өдөр 184/ГХ2020/01458 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн тус газарт ирүүлсэн. Дээрх гүйцэтгэх хуудсыг 2020 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 21390039 дугаарын тогтоолоор үүсгэж гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч Д.Б-гийн өмчлөлийн СХД-ийн -тоот хаягт байрлах Ү-- дугаарт бүртгэлтэй 700 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г-- бүртгэлийн дугаартай 153 м.кв талбайтай хувийн сууцыг 2021 оны 9 сарын 14-ний өдөр 21390039/б дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 сарын 14-ний өдөр 21390039/7 дугаартай тогтоолоор хураан авч Д.Б-гийн хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Хураасан барьцаа хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож 2021 оны 10 сарын 18-ны өдрийн дотор тус газарт ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд талууд хөрөнгийн зах зээлийн үнийг харилцан тохиролцон тогтоож чадаагүй бөгөөд талууд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт тус газарт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээчээр “Д-” ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийг 2021 оны 10 сарын 22-ны  өдөр шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 63,704,651 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч төлбөр авагч  “Ф-” ХХК-д 2021 оны 11 сарын 12-ны өдөр 4-176/21885, төлбөр төлөгч Д.Б-д 2021 оны 11-р сарын 12-ны өдөр 4-176/21886 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон лавлагааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгч Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчээс- Сонгинохайрхан дүүргийн татварын  хэлтсийн  тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүчгийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 184/ШЗ2020/08642 дугаар “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж,  Н-рын  2021 оны 11 сарын 12-ны өдрийн 4-176/21886 дугаар мэдэгдэл, “Д-” ХХК-ийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн №Ш21-20 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, тайланд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

 хариуцагчаас- Н-рын  итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэлийн 21390039 дугаартай хувийн хэрэг, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 184/ШЗ2020/14306 дугаар “шүүгчийн захирамжийн албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, “Ф-” ХХК-ийн итгэмжлэл, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, Д.Б-гийн иргэний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, төрийн байгууллагуудын лавлагааны системээс авсан лавлагаа, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, Н-раас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоот, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож буй хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, Н-рын Д 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 4-1761/19401 тоот мэдэгдэл, 2021 оны 10 сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.Б-гийн хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт, шийдвэр гүйцэтгэгч Э.Ц-д гаргасан Д.Б-гийн хүсэлт, “Ф-” ХХК-ийн Н-арт хүргүүлсэн тооцооны үлдэгдлийн баримт, Н-рын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлэх баримт, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хүснэгтээр/, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК-ийн тайлан, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н-рын 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 4-176/21886 тоот албан бичиг, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- нь Н-ар /цаашид “НШШГГ” гэх/-т холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК-ийн үнэлсэн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн Ш21-20 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 184/ШЗ2020/08642 дугаар захирамжаар уригдсан тал болох Д.Б-гаас  17,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт гаргуулан өргөдөл гаргагч “Ф-” ХХК-д олгож, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй, шинжлэх ухааны  үндэслэл бүхий аргачлал хэрэглэсэн юм шиг маш олон өгүүлбэр бичсэн, бодит байдал дээрээ үнэгүй.мн сайтаас 2 зар оруулаад дундаж үнээр нь тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, миний орон сууц болон газрыг үнэгүйдүүлсэн...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “НШШГГ” нь “Д-” ХХК нь хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 184/ШЗ2020/14306 дугаар захирамж, мөн өдрийн 01458 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “НШШГГ” нь  2020 оны 12 сарын 21-ний өдөр 21390039 дугаар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус үүсгэн явуулж эхэлжээ.

 

“НШШГГ” нь төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг гаргуулан, эд хөрөнгийн лавлагаа авч Сонгинохайрхан дүүргийн - тоот хаягт байрлах, Y-- улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууц, Г-- дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар нь Д.Б-гийн өмчлөлд бүртгэлтэй талаар тогтоожээ.

 

“НШШГГ”-ын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 21390039/6 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 21390039/7 дугаар тогтоолоор хураасан байна.

 

Хураагдсан эд хөрөнгөнд Д.Б-гаас 100,000,000 төгрөгийн үнийн санал гаргаж, төлбөр авагч нь дээрх үнэлгээтэй санал нийлэхгүй гэж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан байх ба талууд хэн аль нь үнийн санал гаргаагүй, тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоох талаар “НШШГГ” нь албан бичгээр талуудад мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

 

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул “НШШГГ” 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 10/283 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Д-” ХХК-ийг томилжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “НШШГГ”-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, харин зах зээлийн үнээс хэт багаар үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн тул уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч “...зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, үнэгүйдүүлсэн...” нь хууль зөрчсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж харьцуулан үзэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б-гийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н-арт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Д-” ХХК-ийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн №Ш21-20 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.УРАНЗУЛ