Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/215

 

2024       10            07                                            2024/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Я.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Я. Х холбогдох эрүүгийн 2435000000215 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20...... оны 02 дугаар сарын .....-нд Ховд аймгийн ............. суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Увс аймгийн ....... сумын ...... дүгээр баг оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Я. овгийн Я. Х /РД:..................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үл ялиг зүйлээр шалтаглан С.А зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Я.Х хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Я.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үл ялиг зүйлээр шалтаглан С.А зодсон болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 3-6 дахь тал),

Хохирогч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөдөөнөөс эхнэр хүүхдийн хамтаар сумын төв орчхоод орой ах Жгийн хамт хүнд бензин дөхүүлж өгчхөөд буцаад сумын төв явж байтал сумын төвийн цагаан хаалганы хажууд Я.Х, Т  нар машинтай намайг дуудахаар нь зогссон чинь машинаас бууж ирээд Я.Х  нь юу байна гэж хэлээд шууд намайг зодоод эхэлсэн юм. Тэгсэн ах Ж, Т  нар салгах гэж оролдсон чинь та хоёр холд гэж байгаад намайг зодоод байсан юм. Тэгсэн миний баруун талын гар өвдөөд даахгүй болоод ирсэн юм. Тэгсэн Я.Х  машиндаа суугаад яваад өгсөн юм. Тэгээд би сумын төв ороод цагдаад мэдэгдэж эмнэлэгт очсон юм. Я.Х нь миний толгой хэсэгт 3 удаа гараараа цохиж намайг 1 удаа өвдөглөсөн дахиад өвдөглөх гэхээр нь баруун гараараа хаасан чинь миний баруун гарны шуу хэсэгт цохигдсон юм. Тэгэхэд Ж ах, Т  нар харж байсан юм. Уг хэргийн улмаас миний сэтгэцэд хохирол учраагүй. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Я.Х  нь надад учирсан хохиролд 2,500,000 төгрөг нөхөн төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 36 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.А  мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ авч 42,357 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр амбулаторын үзлэгт хамрагдаж 73,128 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэс засалд орж 1,898,769 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 02, 03, 05, 06-ны өдрүүдэд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторын хяналтын үзлэг хамрагдаж тус бүр 26,628 төгрөг буюу 4 удаагийн 106,512 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Уг төлбөрийг нөхөн төлсөн зүйл одоогоор байхгүй. Уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тушаах ёстой. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

Гэрч Г.Ж  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би дүү С.А  хамт 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүнд бензин хүргэж өгчхөөд буцаад сумын төв явж байтал сумын төвийн цагаан хаалганы дэргэд Я.Х, Т  нар машинтай зогсож байтал араас гүйцэж ирээд урдуур орж зогсоосон юм. Тэгсэн машинаас Я.Х  бууж ирээд дүү С.А  мэнд мэдээд зогсож байтал Я.Х нь шууд С.А цохиод эхэлсэн юм. Тэгээд салгах гэсэн чинь намайг зайл хойшоо зогс гэж хэлээд С.А  цохиод байсан юм. Тэгээд хэсэг цохиж байгаад Я.Х  зогсож би дүү С.А аваад сумын төв орж араас Я.Х  машинтай дагаад манай гэрийн гадаа ирсэн чинь С.А  миний гар өвдөөд байна гэхээр нь Я.Х  үзүүлсэн чинь С.А  баруун гарны шуу хавдчихсан байсан. Тэгээд Я.Х  машинд суучих эмчид үзүүлээд бариулъя гээд явсан чинь эмч А  ээлжийн амралтаа аваад явчихсан байна гэж хэлэхээр нь буцаад манай гэрт буулгаад яваад өгсөн юм. С.А зүгээр зогсож байтал Я.Х  нь шууд цохиод эхэлсэн би салгах гэсэн боловч чадаагүй. С.А  өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж зодолдоогүй цохиулаад байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

Гэрч Э.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ж.Д  таарч Я.Х  машин эвдэрчихлээ гэхээр нь очиж засаж янзлаад би машиныг нь бариад гадуур хэсэг явж байгаад сумын төвийн цагаан хаалганы урд зогсож байтал С.А, Ж  хоёр мотоцикльтой явж байтал Я.Х  дуудаад зогсоож машинаас бууж очоод Я.Х  С.А юм ярьж байгаад шууд өшиглөөд цохиод эхэлсэн. Тэгсэн Я.Х өвдөглөсөн чинь С.А гараараа хаасан чинь гар дээр нь өвдөглөчих шиг болсон гар эвгүй болчихлоо хавдчихлаа гэхээр нь боль гээд Д, Ж хоёр салгасан. Тэгээд С.А, Ж хоёр яваад өгсөн бид нар араас нь дагаад Ш. гэх айлын гадна очоод С.А гар хавдчихлаа гэхээр нь машинд суулгаж бариачид үзүүлэх гэсэн боловч байхгүй байсан юм. Тэгээд бид нар С.А буулгачхаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

Гэрч Ж.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал өглөө 05 цагийн үед Я.Х  манай гэрт ирсэн. Тэгээд хамт Ерөөл нэртэй 0,75 граммын шилтэй архи хувааж уучхаад Т замдаа таарч бид нар Хяргас нуур орж усанд орчхоод буцаад сумын төвийн цагаан хаалганы хажууд зогсож байтал. С.А, Ж хоёр мотоцикльтой явж байтал Я.Х дуудаж зогсоогоод машинаас бууж очоод юм ярьж байгаад С.А цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан юм. Тэгээд С.А , Ж  хоёр яваад өгсөн бид нар араас нь явж очоод Ш ахын хашааны гадна ирсэн чинь С.А баруун талын гар хавдчихлаа гэхээр нь Я.Х  машинд суучих бариачид үзүүлье гээд аваад явсан юм. Би бууж үлдээд гэртээ харьсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 369 дугаартай “С.А  биед баруун шууны богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун шууны богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул ”Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Шүүгдэгч Я.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Наранбулаг сумын төвд хуурай ах Д  гэх хүнтэй уулзаж 4ш 2.4 литрийн Сэрүүн нэртэй пиво уусан. Бид нар Наранбулаг сумын төв урагш гардаг цагаан хаалганы орчимд машинтай зогсож байтал замаар А гэх залуу мотоциклтой ирснийг Т-д зогсоогоод уулзсан. Би тухайн үед согтуу байсан тул тэр залуутай маргалдсан санагдаж байна. Нэг мэдэхэд би тэр хүнийг цохиж байсан бөгөөд түүний толгой руу 2-3 удаа цохиод өвдөглөхөд тэр залуу гараараа хаасан бололтой гар өвдөж байна гэж хэлсэн. Дундуур хүмүүс орж ирээд салгасан. Тэр залуугийн гар шуу орчмоор хавсан байсан тул сумын төв оруулж эмнэлэгт авч очиход эмч байгаагүй, бариач дээр очход байгаагүй тул би гэртээ хоцорсон. Тэгтэл удалгүй сумын цагдаа ирсэн. Зодоонд өөр хүн оролцоогүй. Би ганцаараа А зодсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал)-үүдээр шүүгдэгч Я.Х  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үл ялиг зүйлээр шалтаглан С.А  зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 369 дугаартай “С.А  биед баруун шууны богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун шууны богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул ”Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал)-ээр хохирогч С.А  биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Х нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд халуун ус цацаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч С.Аын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Я.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол хор уршиг

Хохирогч С.А  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.А би учирсан хохирлоо Х төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 104 дэх тал)-г үнэлээд шүүгдэгч Я.Х  хохирогч С.А  гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.А  мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ авч 42,357 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр амбулаторын үзлэгт хамрагдаж 73,128 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэс засалд орж 1,898,769 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 02, 03, 05, 06-ны өдрүүдэд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторын хяналтын үзлэг хамрагдаж тус бүр 26,628 төгрөг буюу 4 удаагийн 106,512 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Уг төлбөрийг нөхөн төлсөн зүйл одоогоор байхгүй. Уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тушаах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) авагдсан байна.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т  “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Х үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.А  эрүүл мэндэд учирсан гэмтлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 02, 03, 05, 06-ны өдрүүдэд эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,120,766 (хоёр сая нэг зуун хорин мянга долоон зуун жаран зургаа) төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Х  2,120,766 (хоёр сая нэг зуун хорин мянга долоон зуун жаран зургаа) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газар /Эрүүл мэндийн даатгалын сан/-т олгохоор шийдвэрлэв.

         Шүүгдэгч Я.Х  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Я.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Я.Х  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Я.Х урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75, 78-83, 84-96, 97-99 дэх тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Я.Х хувийн зан байдлын талаар гэрч Ж.Н  өгсөн: “Я.Х нь дуу цөөн дотогшоо залуу боловч хүнд тусархуу цайлган гэнэн итгэмтгий зан төлөвтэй. Одоогоор хүнтэй суугаагүй. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал), Гэрч Ц.Л өгсөн: “Я.Х нь хүнд тусархуу, хөдөлмөрч төлөв даруу, нутгийн ах нарын дунд нэр хүнд сайн, элдэв муу зуршилгүй, надад тус хүргэж явдаг. Ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Х  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Я. овогт Я. Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хуягбаатарт  450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Шүүгдэгч Я.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Я.Х  2,120,766 (хоёр сая нэг зуун хорин мянга долоон зуун жаран зургаа) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Х  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ