| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2021/04208/и |
| Дугаар | 184/ШШ2022/00724 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2022/00724
| 2022 03 02 | 184/ШШ2022/00724 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Б-ийн Э- /рд:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, -тоот хаягт байрлах, Э- ХХК /рд:-/-д холбогдох,
Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү 3,029,292 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ш.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-, түүний өмгөөлөгч А.М-, гэрч Б.Н-, Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие анх 2015 оны 08 сарын 07-нд Э- ХХК-д захиалгын менежерээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж арга хэмжээнд орж байгаагүй бөгөөд 2017 онд борлуулалтын захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Гэтэл миний бие 2021 оны 7 сард ковид тусаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хойгуур миний оронд борлуулалтын албаны захирал албан тушаал дээр Б.Б- гэх хүнийг томилон ажиллуулсан байсан. Үүнийг миний бие эмнэлгээс гараад ажилдаа орох гэтэл гүйцэтгэх захирал Т.Д- утсаар ...таны оронд шинээр өөр хүн ажилд авсан, та цочирдож болохгүй шүү. Цуг нэг албан тушаал дээр ажиллах юм, борлуулалтаа өсгөхийн тулд өөр арга байсангүй гээд та зах орон нутгаа хариуцаад явна шүү гэсэн. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаал шийдвэргүй байсан. Шинээр орсон Б.Б- захирал нь надаас ажил үүрэг ч хүлээж аваагүй, дур зоргоороо ажил үүрэг гүйцэтгээд эхэлсэн байсан. Би санхүүгийн ажил албан тушаал эрхэлдэг байсан. Гэтэл ажил үүрэг хүлээж авалгүйгээр шууд ажил хийгээд эхэлсэн мөртөө миний хийх ажил ерөөсөө өөрчлөгдөөгүй өмнө хийдэг юм аа хийж байсан. Зүгээр л тэрээр сандлын бөглөөс болоод орж ирсэн. Өнөөдөр энэ байгууллагад тушаал шийдвэргүйгээр хүнийг ажилд авдаг, ажиллуулдаг, ажиллуулаад цалинг нь өгдөггүй асуудал энэ шинэ захирал гэх Т.Д- ирснээс хойш бий болсон. Энэ байдлыг тэд надад анхнаасаа маш их хэмжээний өр төлбөр гаргах гэж санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Ингээд миний бие 2021 оны 08 сарын 01-нээс ямар ч албан тушаалгүйгээр зах, орон нутаг хариуцсан менежерээр ажиллуулсан, ажиллаж байх хугацаанд зах орон нутгийн худалдааны төлөөлөгч нарын өр зээл дээр, гарын үсэг зурахыг шаардаж элдэв үгээр харааж /шоронд хатаана/ гэж сүрдүүлэх болсон захирал Т.Д-. Энэхүү хуралд Б.Б- н.Б- нар байсан. Харилцагч нартай тооцоо нийлсэн акт хийж ирэхийг шаардсан цалин мөнгөнд өөрчлөлт их орж 9 сарын цалин хааж байгаад өгсөн. Удирдлагуудын шаардлагын дагуу орон нутгийн харилцагч болон захын борлуулагч Д.Мө-тэй хамааралтай өр авлагатай газрууд руу нь утасдаж төлбөр мөнгөө хийхийг шаардаж өөрийн зүгээс байж болох бүхий л арга хэмжээнүүдээ авч ажилласан боловч үр дүн гарахгүй байсан учир гүйцэтгэх захирал Т.Д- санхүүгийн ахлах н.Б-, борлуулалтын захирал Б.Б- нарт 2 ч удаа хуулийн байгууллагад шилжүүлэн өгч шийдүүлэх тухай хүсэлт өгсөн боловч одоог хүртэл авч хэлэлцээгүй. Борлуулалтын албаны захирал гэх Б.Б- нь 10 сараас ажлаа өөр менежерт өг гэж шаардсаны дагуу хүний нөөцийн өгсөн ажил хүлээлцэх актын дагуу 2021 оны 11 сарын 08-ны өдөр худалдааны төлөөлөгч Б.Д-д ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд 1%-нь хүний нөөцөд өгсөн болно. Тэгээд би үүнийг чинь хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд өгнө гээд гарсан. Үүнээс болсон юм байлгүй 12 сараас ажлаа хий гээд дураараа ажлаа хаяж явсан гээд унасан. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Миний ажил үүргийг бүгдийг нь хүлээж авчхаад өнөөдөр болохоор өөр зүйл яриад байна гэж үзэж байна. Би ажлаа хүлээлгэж өгснөөр өөрийгөө энэ байгууллагаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байна. Энэхүү байгууллага харин өөрөө ХТХ-ын 43-т зааснаар ажлаа хүлээж авсан өдрөө тушаал шийдвэрээ гаргана гэснийг зөрчсөн.
Шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн зүгээс 2021 оны 12 сарын 30-ны өдөр намайг ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2022 оны 01 сарын 20-ны өдөр гардаж авсан. Иймд 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/360 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан Э- ХХК-ийн борлуулалтын албаны захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил хүлээлгэж өгсөн өдөр болох 2021 оны 11 сарын 08-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, 2021 оны 9,10,11 сард тушаал бууруулан зах, орон нутаг хариуцсан менежерээр ажиллуулсан цалингийн зөрүү 3,029,292 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Э- нь манай компанид борлуулалтын албаны захирал албан тушаалд 2019/046 тоот хөдөлмөрийн гэрээгээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс хойш өөрийн дураар ажлын байрыг орхиж ажил тасалсан байдалтай байна. Компанийн зүгээс тухайн ажилтныг ажлаас халах мэдэгдэл өгөөгүй, тушаал гаргаагүй, мөн тухайн ажилтан ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй хэдий ч шалтгаангүйгээр ажлын байрыг 3-аас дээш хоногоор орхиж явсан сахилгын ноцтой зөрчил гаргасан. Гэсэн хэдий ч байгууллагын зүгээс тухайн цаг хугацаанд ажилтны хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийг ажил тасалж алга болсон буюу бүтэн ажиллаагүй хоногуудыг үл харгалзан 11, 12 дугаар сарын цалинг нь бүтэн олгосон. Энэ нь компанийн улсад тушаасан нийгмийн даатгалын тайлан, цаг бүртгэлийн тайлан, хурууны хээний машины бүртгэл зэргээр нотлогдоно. Мөн ажилтны нэхэмжлэлд тусгагдсанчлан ажилтны цалин хөлсийг дутуу олгох, ажлаас халах зэрэг үйлдэл компанийн зүгээс огт гаргаагүй төдийгүй ирж ажлаа хийхийг удаа дараалан шаардсан боловч ажилтан ирээгүй. Тухайн ажилтныг удирдлагын зүгээс өөр албан тушаалд хүчээр томилсон, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, цалин хөлсийг бууруулсан зүйл огт байхгүй болно. Тухайн ажилтан нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг бүхэлд нь биелүүлэхэд мэргэжил ур чадвар хүрэлцээгүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн тухайн ажлын байранд хэт олон ажил үүргийг хуваарилсан байсан тул тухайн ажилтны ур чадварт тааруулан ажлыг хөнгөвчилж зарим ажил үүргийг ижил төвшний өөр албан тушаалтанд хуваарилж ажлыг хөнгөрүүлсэн. Энэ нь тухайн ажилтны бие даан ажиллаж байсан хугацааны компанийн борлуулалтын төлөвлөгөөний биелэлт, тухайн ажилтны өөрийн гарын үсгээр баталгаажуулан компани төлөөлөн хуурамч харилцагчидтай хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний дагуу зээлээр борлуулсан төлөгдөөгүй авлагын дүн зэргээр нотлогдоно.
Э- ХХК-ийн 2021.12.30-ны өдрийн 21/360 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулах гэжээ. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн. Ажилтан Б.Э- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021.11.17-ны өдрөөс 30 хоног ажил тасалсан нь ирцийн бүртгэл бусад нотлох баримтаар нотлогдсон. Ажил олгогч ажилдаа ирэхийг шаардаж, ажиллаагүй хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг баталгаажуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021.11.08-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй гэсэн бөгөөд 2021.12.30-ныг хүртэлх хугацааны цалинг олгож ажилтны дансанд шилжүүлж, ажилтан авсан байдаг. Цалингийн зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар хугацааны цалингийн зөрүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, ажиллаагүй хугацааны цалинд зөрүү гэж байхгүй. 2021 оны 9 сарын цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ажиллаж байх хугацаанд цалин урамшууллыг олгож байсан. Мөн ажилтныг ажиллаж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлж байгаагүй. Иймд тухайн ажилтны гаргасан ажилд эгүүлэн томилох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөж төлүүлэх шаардлагад нэхэмжлэгч нь тухайн үед ажлаас халагдаагүй нийгмийн даатгал нь тасалдаагүй байсан. 2021.12.30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ажилтанд хуулийн дагуу арга хэмжээ авсан бөгөөд цалингийн зөрүүтэй асуудал гараагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу цалин олгогдож байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, 1614899 дугаар бүхий эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хавсралт, ажил хүлээлцэх акт, авлагатай харилцагчдын жагсаалт, тайлбарын хамт, орон нутгийн харилцагчийн нэрс, утас, 2020-2021 оны 7 сарын татан авалт, авлагын товч тайлан, авлагын товчоо тайлан, Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Э-ийн цалингийн тодорхойлолт 2020 он, Худалдаа хөгжлийн банк дахь Б.Э-ийн цалингийн дансны хуулга, Э- ХХК-ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/360 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал,
Хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл болон орчуулгын хамт, компанийн дүрэм, цагийн бүртгэлийн тайлан, борлуулалтын албаны 2020-2021 онд үүссэн төлөгдөөгүй авлага, борлуулалтын албаны захирал Б.Э-ийн өөрийн хариуцаж олгосон төлөгдөөгүй борлуулалтын авлага, Э- ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 11 сарын тайлан, 2021 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Б.Э-ийн цалингийн хуудас 2021 он, 2021 оны борлуулалтын гүйцэтгэл, Э- ХХК-ийн захирлын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн Гүйцэтгэлийн урамшуулал тооцох тухай 21/043 дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Э- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Э- ХХК-ийн борлуулалтын албаны байнгын болон байнгын бус ажлын байрны албан тушаал, үндсэн цалингийн жагсаалт зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, 2021 оны 9,10,11 сарын цалингийн зөрүү 3,029,292 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Б.Э- нь Э- ХХК-тай байгуулсан 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 2019/046 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ээр тус байгууллагад Борлуулалтын албаны захирлаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдов.
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 сарын 08-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж ажлаа хүлээлгэн өгснөөр ажлаас чөлөөлөгдсөн гэж, хариуцагч нь энэ хугацаанд ажлаас чөлөөлөөгүй, харин гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлав.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2021 оны 11 сарын 08-ны өдөр Б.Э- нь Ажил хүлээлцэх акт, Авлагатай харилцагчдын жагсаалт тайлбарын хамт, Орон нутгийн харилцагч нэрс, утас, 2020-2021-07 сарын татан авалт, Авлагын товч тайлан /2021.10.01-2021.10.21/, ХОН-ийн гэрээ 2021 гэх нийт 7 хуудас бүхий баримт үйлдэн Э- ХХК-ийн борлуулалтын менежер Д.Д-д хүлээлгэн өгч, талууд хуудас бүрд гарын үсэг зурж, 7 дугаар хуудасны баримтад Асуудалтай авлагууд дууссаны дараа ажил хүлээлцэж дууссаны дараа гарын үсэг зурна. 2021.11.11-нд Б.Б- гэсэн гар бичмэл бүхий баримтууд авагджээ.
Э- ХХК-ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/360 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд гүйцэтгэх захирал Т.Д- гэх гарын үсэг бүхий тушаал хэрэгт авагдсан.
Уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай заасан ба энэ тохиолдолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ хэмээн заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Д.Д-, Б.Н- нар нь ...Б.Э-тэй ажил хүлээлцээгүй, орон нутгийн худалдан авагчдын мэдээллийг авсан, ажил хүлээлцэх актыг хүний нөөцийн менежер хүлээн аваагүй... хэмээн мэдүүлдэг. Мөн хариуцагч 2021 оны 11 сарын 08-ны өдөр Б.Э-тэй ажил хүлээлцээгүй хэмээн тайлбарладаг боловч тус байгууллагын хүний нөөцийн менежер Б.Н-той нэхэмжлэгчийн бичсэн wechat харилцан ярианд хийсэн ...чиний өгсөн энэ дравтын дагуу Д-д хүлээлгээд өгсөн энийг одоо хэнд өгөх бэ 2% үйлдээд 1 % дууяа авсан зөв үү, надад бас өгнө, ширээн дээр чинь сая оруулаад тавьчихсан шүү, ок... гэх үзлэгийн тэмдэглэл, ажил хүлээлцэх актын 1 дүгээр хуудсанд бичигдсэн 14 жагсаалт бүхий хүлээлцэх материалын жагсаалт, актад тэмдэглэсэн борлуулалтын албаны дарга Б.Б-ын тэмдэглэл зэргээс үзэхэд гэрч нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар 2021 оны 11 сарын 08-ны өдрөөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.
Ажил олгогч нь 2021 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалаар Б.Э- нь 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс хойш холбогдох албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр ажлын 30 хоног ажилдаа ирээгүй гэж үзсэн байх боловч энэхүү үндэслэл нь дээрх ажил хүлээлцсэн үйл баримтаар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр 2021 оны 12 сарын 06-ны өдөр шүүхэд хандсан, талууд шүүхийн шатанд маргаж байх үед ажилдаа ирээгүй гэж үзэн тушаалыг нөхөж гаргасан нь үндэслэлгүй байна.
Мөн тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд зааснаар Э- ХХК-ийн захирлаар Liang овогтой Tala 2015.02.12-ны өдрөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь нотлогддог. Гэтэл Б.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг гүйцэтгэх захирал Т.Д- хэмээн үйлдсэн байх ба Т.Д- нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон баримт хэрэгт авагдаагүй тул эрх бүхий албан тушаалтны үйлдсэн акт гэж үзэх боломжгүй.
Дээрхээс дүгнэхэд Б.Э-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул Э- ХХК-ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/360 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ийг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Э-ийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 11 сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 сарын 02-ны өдрөөр тооцон түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,463,946 төгрөгийг Э- ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Б.Э- нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар түүний цалин 1,000,000 төгрөг байх боловч талуудын тайлбар, хариуцагчаас ирүүлсэн цалингийн хүснэгт зэргээс үзэхэд сарын үндсэн цалин 1,310,000 төгрөг байжээ. Үндсэн цалингийн хэмжээнд, мөн 2021 оны 11, 12 сарын цалин /1,068,937+1,100,205/-г нэхэмжлэгч хүлээн авсан талаар талууд хэн аль нь маргаагүй болно. Тиймээс Б.Э-ийн 2021 оны цалингийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн 2021 оны 08 сарын цалин 2,098,317 төгрөг, 09 сарын цалин 1,406,833 төгрөг, 10 сарын цалин 1,356,607 төгрөг буюу сүүлийн 3 сарын дундаж 1,620,585 төгрөгийг ажлын 21,5 хоногт хувааж 1 өдрийн цалинг 75,376 төгрөг, ажилгүй байсан хугацааг ажлын 88 хоногоор тооцож 6,633,088 төгрөг, үүнээс 11, 12 сарын олгосон 2,169,142 төгрөгийг хасаж, ажилтныг буруу халсан үеийн олговрыг тогтоосон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул Б.Э-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагатай.
Нэхэмжлэгч нь 2021 оны 9,10,11 сард албан тушаал бууруулж, борлуулалтын менежерээр ажиллуулсан цалингийн зөрүү 3,029,292 төгрөг гаргуулахаар шаардсан ба түүний энэхүү шаардлагын тухайд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Дээр дурдсанаар Б.Э- нь 2021 оны 11 сард Борлуулалтын албаны захирал-ын үүрэгт ажлыг хүлээлцсэн байх ба түүнийг албан тушаал бууруулсан, цалинг үндэслэлгүйгээр багасгасан гэх үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүйн дээр тэрээр татвар ногдуулаагүй дүнгээр 2021 оны 09 сард 1,406,833 төгрөг, 10 сард 1,356,607 төгрөг, 11 сард 1,370,000 төгрөгийн цалин авсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдов. Борлуулалтын албаны захирлын үндсэн цалин болох 1,310,000 төгрөгөөс 2021 оны 9,10,11 сарын цалин багасаагүй байна. Тиймээс энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчид хууль тогтоомжид заасан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулах нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э- ХХК-ийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 21/360 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Борлуулалтын албаны захирал үүрэгт ажилд нь Б.Э-ийг эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Э- ХХК-иас 4,463,946 төгрөг гаргуулж Б.Э-т олгож, дээрх олговроос түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс цалингийн зөрүү 3,029,292 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Б.Э-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Э- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 86,373 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ