Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2022/00770

 

 

 

 

 

  

  

       2022             03             09

                                  184/ШШ2022/00770

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, - тоот хаягт оршин суух, Ш- овогт Д-ын Д- /рд:-/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ула- хот, -тоот хаягт оршин суух, Б- овогт Б-ын Г- /рд:-/,

 

Хариуцагч Ула- хот, - тоот хаягт оршин суух, Т- овогт Г-ийн О- /рд:ТЯ67083105/ нарт холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс контейнер чөлөөлүүлэх, тээврийн зардал 500,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г-, хариуцагч Г.О-, хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2021 оны 04 сарын 20-ны өдөр контейнер зарна гэсэн зарын дагуу Баянхошуунд очсон. Очиж уулзахад Г.О- гэдэг хүн хүргэнтэйгээ хамт байсан. Намхан 40 тонны контейнер байсан. Контейнер нь Б.Г-ын хашаанд байсан ба контейнерыг надад үзүүлж байхад Б.Г- эхнэрийн хамт мөн байсан. Ингээд 5,700,000 төгрөгөөр худалдаж авахаар болж тэр дор нь Г.О-ы данс руу мөнгөө хийсэн. Тэгээд энэ хашаандаа байлгаж байя хөдөөнөөс хүмүүс захисан тэр хүмүүсийг ирэхээр нь авъя гэж тохирсон. Б.Г- хурдан контейнероо аваарай, манайх хашаагаа янзална шүү гэсэн. Ах нь мөнгө цаасыг нь өгөөд удахгүй авна гээд хэлсэн. Манай найзын хүүхдүүд Увс аймгаас 3 контейнер аваад нааш нь явуулаач гэж гуйсных нь дагуу би 2 контейнерыг нь аваад явуулсан байсан. Надад 3 контейнерын мөнгө шилжүүлсэн байсан. 2021 онд ковидын хөл хорио тогтоогоод нөгөө захисан хүмүүс нь ирж авах ёстой байсан боловч чадахгүй болсон. Тэгээд би 6 сард контейнерт 2 яндангийн нүх гаргаад цоолсон байсныг нь хүн хөлсөлж 100,000 төгрөгөөр төмрийн замаск хийлгээд, шүршдэг будгаар өнгө нь халцарсан хэсгүүдийг нь шүршүүлж бүтэн болгосон. Тэр үед авах ёстой хүмүүс нь хөл хорио тогтоосноос болоод хотод ирж чадахгүй байна, тэгээд танай хашаанд тавьсных нь хөлсийг өгөөд аваад явна гэж хэлэхэд за за гэж байсан. Тэгээд 09 сард авахаар болоод очиход Б.Г- би энэ контейнероо өөрөө авахаар болсон нөгөө эзэнтэй нь ярь би мөнгийг нь шилжүүлээд авсан гэсэн. Хариуцагч Б.Г-аас Г.О-ы дугаарыг аваад утсаар ярихад одоо болтол контейнероо  аваагүй яасан сонин хүн бэ, Б.Г- манай нөхрийг жоохон архи уулгаж байгаад мөнгө шилжүүлсэн байсан гэсэн. Надтай холбоо барьж болохгүй байхаар нь Г.О- цагдаад очоод энэ хүн надаас контейнер авсан юм одоо болтол ирж авдаггүй гэж тэмдэглүүлсэн гэсэн. Тэгээд би кран машин хөлслөөд очоод авах гэсэн чинь Б.Г-ын эхнэр дээр нь гарч орилж, чарлаад өгөөгүй. Тэгээд цагдаад хандтал намайг Иргэний шүүхэд ханд гэсэн. Б.Г- би хүний юм зарсан байна, эзэн нь шоронд байж байгаад гараад ирсэн гэж Г.О-д хэлсэн байсан. Тэгээд нөгөө шоронгийнхоо хүнийг олоод ир гэсэн чинь Б.Г- Солонгост байсан хүний контейнер юм байна гэсэн. Одоо контейнероо чөлөөлж авах хүсэлттэй байна. 5,700,000 төгрөгөөр би Г.О-оос худалдаж авсан. Тиймээс хариуцагч Б.Г-ын хууль бус эзэмшлээс контейнероо чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Тээврийн зардал 500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Г.О-оос юу ч авахгүй. Г.О- бид хоёр наймаагаа хийгээд дууссан учир Г.О-оос шаардах юм байхгүй. Би контейнерыг худалдаад авсан учир Б.Г-ын эзэмшлээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Г-тай 2011 оны 11 сард ажлын байрны зарын дагуу ажлын байр түрээслэх гэж очиж уулзаж байсан. Тухайн үеийн түрээсийн ханшаар 400,000 төгрөгөөр Б.Г-ын 2 давхар байшингийн 1 давхарт нь ажлын зориулалтаар өрөө түрээсэлж 10 жил хамтран ажилласан. 2019 онд ковидын улмаас ажиллаагүй. Б.Г-тай анх уулзахад ногоон контейнер хашааных нь б-д хоосон байж байдаг байсан. Би нарийн боовны цех ажиллуулдаг ба илүү гарсан тоног төхөөрөмжөө хадгалах хэрэгтэй байна гэж харилцан тохиролцоод тухайн контейнерыг нь түрээсэлдэг байсан. 2019 онд ковидын улмаас үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Намайг ажиллаагүй 1 жилийн хугацаанд тавилгын үйлдвэрт нөгөө өрөөгөө түрээсэлсэн байсан. Би 2020 онд уулзаад нарийн боовны үйл ажиллагаагаа явуулна гэхэд тухайн тавилгын үйлдвэр ажлын байрыг суллаж өгөх боломжгүй гэсэн. 2019 оноос хойш үйлдвэрлэлээ явуулахгүй байгаа учраас Б.Г- эд зүйлээ аваад контейнерыг суллаж өг гэсэн шаардлагыг надад тавьсан. Энд олон жил хадгалсан эд хогшлыг би хаашаа аваад явах вэ дээ, тийм учраас би чиний контейнерыг 3,500,000 төгрөгөөр худалдаж авъя гээд худалдаж авахаар тохирсон. 2020 оны 3 сард Б.Г-тай ярьж байгаад 2 сая төгрөг бэлнээр байна үүнийг би чам руу шилжүүлье, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг цагаан сараар өгье гэж хэлсэн. Тэгээд 2021 онд контейнероо ав гэсэн шаардлагыг Б.Г- удаа дараа надад тавьсан. 1,500,000 төгрөгийг өгч чадахгүй байгаа учраас ажлын байр руугаа тоног төхөөрөмжөө аваачиж тавиад контейнерыг зараад Б.Г-т үлдэгдэл мөнгөө өгье гээд контейнер зарах зар 2021 оны 4 сарын 02-ны өдөр тавьсан. Тэгээд 4 сарын 02-ны өдөр Д.Д- ирж контейнерыг үзээд 5,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Д.Д- 5,700,000 төгрөгөө манай хүргэний данс руу хийгээд тэр өдрөө би Б.Г- руу үлдэгдэл 1,500,000 төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд Б.Г- бид хоёрын өр шир дууссан. Анх худалдахдаа Д.Д-ид контейнер дотор миний эд зүйл байгаа үүнийг би 3 хоногийн дотор зөөнө гэдгээ хэлсэн. Тэгээд эд хогшлоо зөөж дуусаад сулласан талаар Д.Д-ид хэлсэн. Хог шороог нь цэвэрлэж амжсангүй яараагүй бол би 2-3 хоногоос ирээд цэвэрлэж өгье гэж хэлэхэд Д.Д- сулласан бол боллоо хаалга үүдийг нь сайн цоожл- өөрөө цэвэрлэе, ойрын үед контейнероо авна гэсэн. Ингээд Б.Г-тай ч би мөнгөө өгч дуусгасан. Д.Д-ид ч контейнероо аваарай гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 6 сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явсан. Наадмын дараа 2021 оны 7 сарын 05-ны өдрийн үед манай нөхөр хөдөө байгаа айлын утас руу залгаад Б.Г- дансаа өг гээд байна. Юу болсон юм бол гэхэд контейнер шоронгийн хүнийх, нөгөө хүн нь шоронгоос гарч ирсэн гэнэ гэсэн. Би 8 сарын 28-ны өдөр Б.Г-тай ирж уулзсан. 10 жил хамт ажиллахад Б.Г- нэг ч удаа хүний контейнер гэж надад хэлж байгаагүй. 4 сард Д.Д-ид контейнер зарахад л утсаар ярьж байснаас утсыг нь хадгалж аваагүй. Буцаад 8 сард Д.Д- өөрөө ч олдохгүй болсон. Би Хаан банк дээр очоод надад ийм хүнээс мөнгө орж ирсэн юм. Энэ хүний мэдээллийг өгөөч гэхэд банк боломжгүй та цагдаад ханд гэсэн. Д.Д-ийг хайгаад олдохгүй, ковидын үеэр олон хүн нас барж байсан болохоор өвчин туссан юм болов уу ч гэж бодож үзсэн. Тэгээд Б.Г- бид хоёр маргалдаад би Сонгинохайрхан дүүргийн Цагдаа дээр очиж өргөдөл өгсөн. Ерөөсөө энэ юм нь эзэнгүй болчихлоо гээд би цагдаад хандсан. Манай нөхрийн данс руу энэ контейнерын мөнгийг буцаагаад хийгээд байна. Энэ хүн авчих юм бол би өртэй болох гээд байна гээд хүний юм зарсан бол Б.Г- намайг залилсан байна гэдэг утгатайгаар би өргөдлөө цагдаад өгсөн юм. Өргөдлөө өгчхөөд байж байтал 9 сарын 06-ны өдөр гэнэт Д.Д- над руу залгасан. Тэгээд холбогдоод энэ талаар ярьж би уйлсан. Цагдаад өргөдөл өгөөд байж байтал Б.Г- манай нөхрийн данс буюу н.Нар-ын данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Г- 3,500,000 төгрөгөө буцаагаад өгсөн юм чинь минийх гээд байх шиг байна. Б.Г- надаас мөнгө зээлээгүй. Тухайн үед миний мобайл банк 1 сая төгрөг шилжүүлэх эрхтэй байсан болохоор 800,000 төгрөгөөр 2 удаа, 400,000 төгрөгөөр 1 удаа хуваагаад явуулсан. Би гэнэдсэн байна. Мөнгө шилжүүлсэн утга дээр контейнер худалдаж авав гэж бичих ёстой байсан юм байна. Гэхдээ би өөрийнхөө эзэмшдэг данснаас Б.Г-ын данс руу шилжүүлсэн. Би Б.Г-аас 3,500,000 төгрөгөөр худалдаж аваад Д.Д-ид 5,700,000 төгрөгөөр зарсан. Б.Г- би Г.О-оос мөнгө зээлээд зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоор нь контейнерыг барьцаанд тавьсан юм шиг утгатай зүйл хэлсэн. Ийм зүйл огт байхгүй, би Б.Г-т мөнгө зээлүүлээгүй. Ажлын байрыг нь суллаж өгөхийн тулд тэр контейнерыг худалдаж авсан юм. Контейнер бол Б.Г-ын хашаанд байгаа юм. Д.Д- өөрөө цаг тухайд нь тэр контейнероо ирээд авсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан юм. Одоо цаг хугацаа өнгөрөөд контейнерын үнэ нэмэгдээд байгаа учраас л Б.Г- контейнерыг өгөхгүй гээд байх шиг байна. Ингээд шүүх цагдаа болоод байж байтал Б.Г- шүүхийн асуудал дуустал та мөнгөө дансандаа байлга, би өвчтэй зовлонтой, эмнэлгээр явж байгаа болохоор энэ 3,500,000 төгрөгийг чинь үрчихвэл аль ч үгүй болно гээд надад шилжүүлсэн. Д.Д-оос авсан 5,700,000 төгрөг, Б.Г-ын шилжүүлсэн 3,500,000 надад байгаа. Би хадгалж байгаа” гэв.

 

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.О-ы шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг Б.Г- 2021 оны 8 сарын 31, 9 сарын 01-ний өдөр хуваагаад Г.О-ы нөхрийнх нь данс руу буцаагаад шилжүүлээд өгсөн. Гэтэл Г.О-ы нөхөр нь буцаагаад Б.Г-ын данс руу шилжүүлсэн байсан. Тэр данс нь нотлох баримтаар өгсөн хэрэг дотор байгаа. 3-4 удаа мөнгийг Б.Г-, Г.О- болон түүний нөхөр бие бие рүүгээ шилжүүлсэн. Г.О-ы охин нь Б.Г-ын данс руу шилжүүлсэн, гэтэл Б.Г- буцаагаад Г.О- охиных нь данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд Г.О- өөрийнхөө данснаас Б.Г-ын данс руу шилжүүлэхэд нь буцаагаад Г.О-ы данс руу шилжүүлсэн. Б.Г- энэ хүмүүст ямар нэгэн өр төлбөргүй. Эцсийн байдлаар Г.О-ы Б.Г- руу шилжүүлсэн 3,500,000 төгрөг 2021 оны 11 сарын 29-ний өдөр шилжсэн байгаа. 2020 онд үйл ажиллагаа явуулахаас өмнө Б.Г- Г.О-оос 2,000,000 төгрөг зээлсэн байдаг. 800,000 төгрөгөөр 2 удаа, 400,000 төгрөгөөр 1 удаа 2020 оны 03 сарын 23-ны өдөр мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Г.О- бол Б.Г-ын хашаанд нарийн боовны үйлдвэрлэл явуулаад, контейнерыг олон жил хэрэглэсэн. Байрыг нь түрээсэлдэг учраас контейнерт эд зүйлээ үнэ төлбөргүй хадгалахыг зөвшөөрсөн. Ийм үйлдэл 10 жил үргэлжилсэн. Тухайн үед орлого гайгүй ордог байсан болохоор мөнгө зээлж аваад буцааж өгдөг байсан болохоор 2020 оны 3 сард Г.О-оос 2 сая төгрөгийг зээлсэн. Ковидын улмаас хөл хорио тогтоогоод үйлдвэрлэл үйлчилгээ зогссон байсан болохоор зээлсэн мөнгөө төлж чадахгүй удсан. Г.О- 2021 онд зээлүүлсэн мөнгөө нэхсэн. Тухайн үед нь өгөх боломжгүй байна гэхэд контейнероо надад өгчих гэсэн. Контейнерын үнэ одоо үнэтэй болсон гэж Б.Г- хэлсэн. Гэтэл Г.О- надад байгаа боломж нь гээд өөрийг нь  зөвшөөрөөгүй байхад сайн дураараа Б.Г-ын данс руу 8 сарын 31-нд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн үед зах зээлийн ханш нь 7 сая төгрөгтэй байгаа талаар хэлэхэд Г.О- сайн дураараа 1,500,000 төгрөг өгчхөөд өөрийнхөө хөрөнгө гэж тооцоод байна. Ингээд байж байтал Д.Д- юмаа авъя гээд хүрээд ирсэн. Б.Г- мэдээж өөрийнхөө юмыг өгөхгүй гэхэд эдгээр хүмүүс цагдаад хандсан. Цагдаа иргэний маргаан байна гээд явуулсан байдаг. Д.Д- нь Г.О-оос зарын дагуу контейнер авахаар болсон, би мөнгийг нь шилжүүлсэн гэдэг ч тэрээр биш бөгөөд н.Т- гэдэг  хүнээс мөнгө шилжүүлсэн байгаа харагддаг. Иймд Д.Д- нэхэмжлэл гаргах эрхтэй хүн биш гэдэг нь харагдана. Уг контейнер Г.О-ы эд хөрөнгө биш. Г.О- захиран зарцуулах эрхгүй байж хүний хөрөнгийг Д.Д-ид худалдсан байсан. Энэ хоёр хүний хэнийх нь өмч вэ гэдгийг шийдсэн ямар нэгэн хууль эрх зүйн акт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Б.Г-ын найзынх нь контейнер гэж яригддаг. Б.Г-ын өмчид хэрхэн ирсэн нь нэхэмжлэгчид огт хамаагүй. Хүний өмч гэдэг үнэтэй байж болно, үнэгүй байж болно гэхдээ хүний өмчид халдаж болохгүй. Цагдаад бол өөрийн өмч гэдгээ Б.Г- хэлсэн байдаг. Худалдах худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой юм. Эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг Г.О- бусдад худалдах ёстой. Худалдагч нь худалдан авагчид тохирсон үнийг төлөх ёстой. Б.Г- бол зах зээлийн ханш нь 7 сая төгрөгтэй байгааг хэлсээр байтал Г.О- сайн дураараа 1,500,000 төгрөг өгчхөөд байдаг. Энэ бол бусдын өмч хөрөнгийн мөнгийг бүрэн шилжүүлээгүй байж өөрийн мэт яриад өөр хүнд зарсан байдаг. Иймд зээлийн гэрээний үүрэг Г.О-ы хувьд дуусаагүй байхад өөрөө үнээ зохиогоод 1,500,000 төгрөгийг Б.Г-т шилжүүлээд өөр хүнд 5,700,000 төгрөгөөр зарж байгаа нь Г.О-ы хувьд бол цэвэр луйвар явж байна. Өмчлөгч өөрийн хөрөнгөө аливаа халдлагаас хамгаалах эрхтэй учраас өөрийн үзэмжээр тулгаж мөнгө шилжүүлээд байхаар нь буцаагаад тэр мөнгийг нь шилжүүлсэн байгаа. Тэр мөнгийг нь Б.Г- захиран зарцуулаагүй, хэрэглээгүй гэсэн үг юм. Д.Д- болон Б.Г- нарын хооронд ямар нэг харилцаа, худалдах, худалдан авах үүрэг үүсээгүй. Тийм харилцаа үүсээгүй байгаа учраас Б.Г- хууль бусаар эзэмшээгүй. Г.О-ы өмчлөлд бүрэн шилжсэн бол энэ хоёр хүмүүс хоорондоо яаж өгч авалцах нь өөрсдийнх нь асуудал юм. Г.О- болон Б.Г- нарын хоорондын асуудлыг шийдвэрлээгүй байхад Д.Д-ийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Д.Д-ид өмчлөл үүсэж байж Б.Г-ын хууль бус эзэмшил яригдах ёстой. Гэтэл Г.О-д ч өмчлөл үүсээгүй байхад Д.Д-ид өмчлөл үүсэх боломжгүй юм. Б.Г- өөрийнхөө хөрөнгийг өнөөг хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа. Тиймээс Б.Г- хууль бусаар эзэмшсэн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.О-ы 2020.03.23-2020.03.25-ны өдрийн дансны хуулга, Б.Т-ийн 2021.04.01-2021.05.01-ний хоорондох дансны хуулга,  Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 09 сарын 22-ны 3671 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Х.Х-гийн 2021.04.01-2021.05.01-ний өдрийн дансны хуулга, хариуцагч Б.Г-аас 2021.08.31-2021.12.07-ны өдрийн дансны хуулга зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Б.Г-т холбогду- хариуцагчийн эзэмшлээс контейнер чөлөөлүүлэх, тээврийн зардал 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.О-г хамтран хариуцагчаар татсан байна.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Г.О-д холбогдох шаардлага, Б.Г-аас тээврийн зардал 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, Б.Г-ын эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлагаа дэмжив.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.О-оос 5,700,000 төгрөгөөр контейнер худалдан авснаар өмчлөгч болсон ба Б.Г- хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа тул чөлөөлүүлнэ...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч Г.О- “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө, Б.Г-аас контейнерыг 3,500,000 төгрөгөөр худалдаж аваад Д.Д-ид 5,700,000 төгрөгөөр зарсан” гэж тайлбарлав.

 

Хариуцагч Б.Г- “...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.Д- болон Б.Г- нарын хооронд ямар нэг харилцаа болон худалдах, худалдан авах эрх болон үүрэг үүсээгүй. Г.О-ы өмчлөлд бүрэн шилжээгүй хөрөнгийг Г.О- бусдад шилжүүлсэн. Г.О-той контейнерын үнийг ч тохироогүй байсан. Өөрийн хөрөнгө бөгөөд хууль бусаар эзэмшээгүй...” хэмээн маргав.

 

Д.Д- нь 2021 оны 04 сарын 04-ны өдөр Г.О-оос контейнер худалдан авахаар тохиролцож 5,700,000 төгрөгийг Б.Т- /нэхэмжлэгчийн дагавар хүү гэх/-ийн Хаан банк дахь - тоот данснаас н.Н- /Г.О-ы нөхөр гэх/-ын 5564002578 тоот данс руу шилжүүлжээ. Г.О- тухайн мөнгийг хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч Г.О- нь хөрөнгө худалдах, худалдан авагч Д.Д- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

Хуулийн дээрх заалтаар худалдагч Г.О- нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн атал худалдан авагчид худалдсан хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Г.О- нь 2011 оноос Б.Г-ын ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба Б.Г-ын хашаанд байрлах контейнерыг мөн түрээслэн тоног төхөөрөмж хадгалдаг байсан, мөн тус контейнерыг Б.Г-аас 3,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 23-ны өдөр төлсөн, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Д.Д-оос авсан мөнгөнөөс төлсөн хэмээн тайлбарладаг.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 3671 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд “...2020 онд иргэн Г.О- нь н.Г- гэх хүнээс 40 тонны контейнер худалдаж аваад одоог хүртэл контейнероо авч чадахгүй байна” гэх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар тусгажээ.

 

Мөн талуудын тайлбар, Н.Х- /Г.О-ы охин гэх/-ийн Хаан банк дахь 5022550442 тоот данснаас Б.Г-ын Хаан банк дахь 5094288616 тоот дансанд 2021 оны 04 сарын 05-ны өдөр “orkhon” гэх утгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, прокурорын 3671 тоот тогтоол зэргээс үзэхэд Г.О- нь Б.Г-аас худалдан авсан хөрөнгийн үнийг бүрэн гүйцэт төлөөгүй, өөрийн өмчлөлд шилжүүлээгүй байхдаа тус хөрөнгийг  Д.Д-ид худалдсан болох нь нотлогдов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр контейнерт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд хариуцагч Б.Г-ын оршин суух Ула- хот, -тоот хаягт байрлах хашаанд 40 тонны ногоон өнгийн чингэлгийн дотор талд дээврийн хэсэгт 4 хэсэг газарт төмрийн замаск хийсэн, зэвтэй хэсгүүдэд будгаар шүршсэн байдалтай байсныг хөндлөнгийн гэрч нарыг байлцу- үзэж, үзлэгийн тэмдэглэл, фото зургааг баталгаажуулсан болно.

 

Дээрх засварыг Д.Д- хийсэн талаар хариуцагч Б.Г- маргаагүй бөгөөд “...контейнерыг түрээслэгч Г.О-ы заавраар уг засварыг хийсэн гэж ойлгосон” хэмээн тайлбарладаг.

 

Хариуцагч Б.Г-ын дээрх тайлбарыг үгүйсгэх боломжгүйн дээр Б.Г- нь Г.О-д контейнерын үнэ гэх 3,500,000 төгрөгийг хэдэн хэдэн удаа харилцан шилжүүлж, хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 11 сарын 19-нд Г.О-д шилжүүлсэн талаар тайлбарлаж, Г.О- энэхүү тайлбарыг зөвшөөрдөг.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” ба энэ тохиолдолд хариуцагч Б.Г- нь контейнерыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдоогүй, Д.Д-ид худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх үүсээгүй, мөн түүнчлэн Б.Г- нь Д.Д-той ямар нэгэн хэлцэл байгуулж, үүрэг хүлээсэн эрхзүйн харилцаа бий болгоогүй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Тиймээс Д.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ.  

 

Шүүх Г.О- Б.Г- нарын хоорондох худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн харилцааг хянан шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Д.Д- нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Д- Г.О-д холбогдох шаардлага, Б.Г-аас тээврийн зардал 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Г-т холбогдох хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Д- нь 500,000 төгрөг гаргуулах болон хариуцагч Г.О-д холбогдох хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцу- сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 
 
      

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ