Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2026/00056

 

Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О,

Э.Ц нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06198 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/02024 дүгээр магадлалтай,

Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарын нэхэмжлэлтэй,

Б-т холбогдох

10,962,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарын нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, Ж.К, Ч.М, Х.О, Э.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Цнар нь хариуцагч Б-т холбогдуулан цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 10,962,000 төгрөг /1 хүний 1,566,000 төгрөг/-ийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06198 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг баримтлан хариуцагч Б-с 10,962,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарт тус бүр 1,566,000 төгрөгийг олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/02024 дүгээр магадлалаар: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдох, 10,962,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Магадлалын 3-т нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаатай биш байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1.3-т “хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах” гэж заасны дагуу тухайн хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, харин ердийн журмаар хянан шийдвэрлэх маргаан гэж хэргийн харьяаллын талаар дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл нь 2024 оны эхний хагас жилийн ажлын ачааллыг тооцож, нэмэгдэл урамшуулал олгохдоо Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д заасны дагуу Ш-өөс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 5.1-д заасны дагуу тухайн үед мөрдөж байсан буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдсэн албан тушаалын цалингаас тооцож олгосон. Гэтэл 2024 оны сүүлийн хагас жилийн ажлын ачааллын нэмэгдэл урамшууллыг олгохдоо эхний хагас жилийн нэмэгдлийг буруу тооцсон гэж танилцуулаагүй, зөвшөөрөөгүй, хууль бусаар, үндэслэлгүйгээр суутгасан гэсэн агуулгаар буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэл байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан захиргааны байгууллагад холбогдох маргаан байхад хэргийн харьяаллын талаар зөв дүгнэж чадаагүй, харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

Түүнчлэн, шүүхээс нотлох баримтыг хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн. Учир нь тухайн хэрэгт шүүгчийн албан тушаалын цалинг 1 дүгээр улиралд УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор, 2 дугаар улирлын цалинг УИХ-ын 2023 оны 117 дугаар тогтоолоор тооцож олгох талаар Н газраас зөвлөмж, төлбөрийн акт тавиагүй, Ш-ийн даргын зөвлөмж гэсэн баримт байхгүй байхад эдгээр баримтыг үндэслэж суутгасан нь зөв гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын “хянавал" хэсгийн 8 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд тус хэрэг маргааныг ердийн журмаар хянан шийдвэрлэж байгаа тул” гэж дүгнэжээ.

Анхан шатны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан журмаар явагдсан байхад Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнээс гаргасан шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт заасан хязгаарлалт хамаарах учиртай.

Харин “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах” гэсэн агуулгад зохигчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зарим нотлох баримтыг зөрүүтэй үнэлэх, үнэлэхгүй орхигдуулах, буруу үнэлж дүгнэх, түүнчлэн хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргах, зөрчлийг шийдвэрлэлгүй орхисон зэрэг асуудлыг давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэх явцдаа зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах агуулгыг хамруулан авч үздэг байтал анхан шатны шүүх "Тусгайлсан журмаар" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг давж заалдах шатны шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн гэдэг нь угаас шүүхийн процесст байхгүй, хуулиар зохицуулагдаагүй үзэгдэл юм.

Иймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “...гагцхүү хуульд захирагдах” зарчим алдагдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.2-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.1-д заасан “хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр, мөн хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт заасан хууль зүйн зохицуулалтын хүрээнд хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: Талуудын хооронд үүссэн маргаан субьектын, ашиг сонирхлын, гэрээний зүйлийн хувьд нийтийн эрх зүйн шинжтэй байгааг хоёр шатны шүүх зөв тогтоож чадаагүй буюу хэргийн харьяаллын талаар гаргасан Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлаж, харьяалан шийдвэрлэсэн. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” тайлбарын 5.1.1-д “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор заасан. Энэхүү зохицуулалтын дагуу иргэний хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй бусад байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдол буюу маргааныг шийдвэрлэдэг...” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллын талаарх дүгнэлтийг дутуу, буруу хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэг шийдвэрлэсэн. Иймд, Улсын дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар хянаж, хэргийн харьяаллын талаарх алдааг залруулах шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү.

4.2.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: Хэрэгт авагдсан баримтаар Б-д 2024 оны эхний хагас жил ажиллаж, ачааллын нэмэгдэл авсан гучин хэдэн шүүгчдээс 2024 оны сүүлийн хагас жилд ачааллын нэмэгдлийг олгохдоо 1,566,000 хүртэл төгрөг суутгасан болох нь тогтоогдох бөгөөд энэ талаар хариуцагч маргадаггүй. Гэтэл зөвхөн энэ тамгын газар л ачааллын нэмэгдлийг буруу тооцож олгосон асуудал байхгүй болох нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн асуултад хариулсан хариултаас харж болно. Бусад Тамгын газар ч гэсэн эхний хагас жилийн ачааллын нэмэгдлийг тооцож олгохдоо 2024.04.01-ний өдрөөс нэмэгдсэн цалингаас бодож олгосон бөгөөд зарим шүүхийн тамгын газарт орсон аудитын шалгалтаар сүүлд нэмэгдсэн цалингаас тооцсоныг зөрчил гэж үзээгүй, “зөвлөмж” гэх Ш-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын явуулсан албан бичиг нь бүх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газарт илгээгдсэн байхад зөвхөн хариуцагч тамгын газар л албан бичгийн дагуу тухайн шүүхэд ажиллаж байсан гучин хэдэн шүүгчийн цалингаас суутгасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрууд нэмэгдэл урамшуулал олгохдоо тухайн үед мөрдөж байгаа албан тушаалын цалингаас тооцож бүгд олгосон атлаа хариуцагч нь буруу байсан гэж суутгасан энэ асуудал нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой болж байна.

4.3.Хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын “хянавал” хэсгийн 7 дахь заалтад “... хэдийгээр нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй биш боловч уг мөнгийг тэдгээрт үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэртэй хууль хэрэглээний хувьд зөрүүтэйн зэрэгцээ, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг няцаах, эсхүл буруу гэсэн дүгнэлт огт хийгдээгүй нь алдаатай болжээ.

Шүүгч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.3-д заасан “төрийн тусгай албан хаагч” тул мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар төсвөөс хуваарилсан санхүүжилтээс хуулиар өөрт ноогдох цалин болон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгохоор тусгасан урамшуулалт цалинг авах эрхтэй.

Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дүгээрт зааснаар “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэсэн хууль зүйн зохицуулалтын хүрээнд Төрийн албан хаагчдад тухайн төрийн байгууллагын нягтлан бодогчдын бодож, тооцоолж, олгосон үндсэн цалин, нэмэгдэл цалин, урамшуулалт цалинг хүртэх, нягтлан бодогчдын гаргасан тооцооны алдаанаас үүдэлтэй илүү цалин, урамшууллыг суутгуулахыг зөвшөөрөх, эсхүл зөвшөөрөхгүй байх ч эрхтэй юм.

Гэтэл Шүүхийн захиргааны байгууллага нь Н байгууллагаас аливаа шийдвэр (эрх зүйн акт) гаргаагүй байхад, хөдөлмөрийн энгийн харилцаанд оролцогч цалин авагч талын гүйцэтгэсэн хөдөлмөрт олгохоор нягтлан бодогчийн тооцоолсон урамшуулалт цалинг, нягтлан бодох бүртгэлийн тооцооны алдаа, эсхүл шүүхийн захиргааны байгууллагын алдаатай шийдвэрийг зөвтгөх замаар суутгал хийхдээ ажиллагсдад (төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч) огтхон мэдэгдээгүй, мөн аливаа шийдвэргүйгээр нэг талын санаачилгаар суутгасныг давж заалдах шатны шүүх зөв хэмээн дүгнэснийг хууль хэрэглээний зөрүүтэй байдал гэж үзэж байна.

Мөн магадлалд нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул суутгаж авсан нь зөв гэсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нар цалингаас хийсэн суутгал нь хууль бус гэж шаардлага гаргаж байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул суутгасан нь зөв гэсэн дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх суутгал нь хуульд нийцээгүй гэж зөрүүтэй дүгнэхээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, тамгын газар нэхэмжлэл гаргаагүй болно.

Бусад шүүхийн тамгын газраас олгосон нэмэгдэл урамшууллыг яагаад үндэслэлтэй хөрөнгөжсөн, нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч нартай хамт ажиллаж байсан гучин хэдэн хүн үнэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоох нь нэмэгдэл урамшуулал олгох журмыг нэг мөр ойлгож хэрэглэхэд ач холбогдолтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-172.2.4-т заасан үндэслэлээр гаргаж байгаа нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү.

4.4.Суутгалын тооцооллын тухайд: Эхний хагас жилийн ачааллын нэмэгдлийг олгохдоо нэхэмжлэгч тус бүрээс суутгасан 1,566,000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 156,600 төгрөгийг суутган авч, гарт олгохдоо татвараа хасаж 1,409,400 төгрөг олгосон. Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч нарт олгоогүй 156,600 төгрөгийг суутгаад байгаа нь үндэслэлгүй. Ш-өөс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-д албан тушаалын цалингаас нэмэгдэл урамшуулал тооцох, ачааллын нэмэгдлийг хагас жилээр тооцож олгохоор заасан. Энэ нь албан тушаалын цалингийн дундажаас тооцох тухай биш бөгөөд урамшуулал тооцох “суурь үнэ” бол албан тушаалын цалин гэж тодорхой заасан. Гэтэл Ш-ийн тогтоолоор баталсан дээрх журмыг гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тамгын дарга нар тайлбарлах эрхгүй байж, өөрсдөө буруу тайлбарлаж, нэхэмжлэгч нарыг хохироож байна.

5.Нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.20-ны өдрийн 001/ШХТ2026/00097 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нар нь хариуцагч Б-т холбогдуулан цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 10,962,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...2024 оны эхний хагас жилд шүүгчийн ачааллын урамшууллыг Монгол Улсын Их Хурлын 2023.12.28-ны өдрийн 117 дугаартай тогтоолын 5-р хавсралтаар тогтоосон анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингаас тооцож олгосон. Гэвч шүүхийн Тамгын газрын санхүүгийн тайланд  хийсэн аудитаар урамшууллыг олгохдоо Ш-ийн зөвлөмжийг баримтлаагүй гэж илүү тооцсоныг буцаан төлүүлэхээр акт гарахаар болсныг танилцуулсан боловч ямар нэг акт, аливаа байгууллагаас шийдвэр  гараагүй, тооцоолол нь буруу байхад 2024 оны сүүлийн хагас жилийн цалингаас тус бүр 1,566,000 төгрөгийг суутгал хийсэн нь үндэслэлгүй” гэжээ.

7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Н газрын санхүүгийн тайланд завсрын аудит хийсэн дүгнэлт, Ш-өөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу илүү бодож олгосон зөрүүг цалин олгохдоо суутгасан. Энэ нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүх шууд харьяалан шийдвэрлэх маргаан биш, урьдчилан шийдвэрлүүлэх журамтай тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

8.Анхан шатны шүүх “...аудитаар илрүүлсэн алдаа зөрчлийн бүртгэлийн 3-т “шүүгч нарт 2024 оны эхний хагас жилийн зохист ачааллаас хэтэрсэн ачаалалд холбогдох нэмэгдэл урамшуулал олгохдоо Ш-ийн 2024 оны 172 дугаар тогтоолыг мөрдөөгүй тул  шүүгч нарын эхний хагас жилийн албан тушаалын цалингийн дунджийг дахин тооцоолж, зөрүүг арилгах” гэж заасан байна. Гэтэл Н газар нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэх ажиллагаа болох сонсох ажиллагааг шалгагдагч этгээд болох Тамгын газрын дарга, ахлах нягтлан бодогч нарыг оролцуулсан боловч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй шүүгч нарыг оролцуулаагүй, санал, гомдол гаргах боломжийг олгоогүй хууль, журмыг зөрчсөн байна. Хуульд заасны дагуу ажилтны цалин хөлснөөс суутгал хийх тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэх боловч нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэжээ.

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Уг нэхэмжлэл нь хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, зохигчийн хооронд захирах захирагдах шинжийг агуулсан ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа үүсээгүй ердийн иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан атал анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Гэвч процессын хэмнэлттэй байдал, зохигч хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй тул дээрх алдааг дурдаж маргааны талаар дүгнэлт өгөх боломжтой. Хариуцагч нь эрх бүхий байгууллагаас баталсан цалин хөлс, урамшууллыг олгох өөрийн чиг үүргийн хүрээнд илүү олгосон 10,962,000 төгрөгийн суутгал хийснийг буруутгахгүй. Учир нь, нэхэмжлэгч нарын цалин хөлсөнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны 1 ба 2 дугаар улирлын урамшууллыг тухайн үед авч байсан цалин хөлсөөс тооцох агуулгатай Ш-ийн 2024.12.24-ний өдрийн 03/2232 тоот албан бичигт үндэслэн нэхэмжлэгч нарын нэмэгдэл урамшууллаас суутгал хийсэн нь үндэслэлтэй байна. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгч нарт илүү олгосон мөнгийг буцаан авах талаар мэдэгдэлгүй суутгал хийсэн нь буруу боловч энэ нь тус мөнгийг үлдээх үндэслэл болохгүй, Н газар нь нэхэмжлэгч нарыг сонсох ажиллагаанд оролцуулаагүй журам зөрчсөн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

10.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн харьяаллын талаарх дүгнэлт зөрүүтэйгээс гадна зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хууль хэрэглэж өөр өөр шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаарх нэхэмжлэгч нарын гомдлоор хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.

11.Нэхэмжлэгч Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Цнар Б-т холбогдуулан олгогдсон урамшууллыг буцаан суутгахдаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр, мэдэгдэлгүйгээр суутгаж  хууль зөрчсөн гэх үндэслэл зааж тус бүр 1,566,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна.

Тус шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт заасан Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, мөн хуулийн  751 дүгээр зүйлд заасан тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн харьяаллыг тогтоосон нэхэмжлэлийн аль ч үндэслэлд хамаарахгүй байна.

12.Нөгөө талаар, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлээс уг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ердийн иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан  байх бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6-д заасныг зөрчөөгүй.

13.Хэргийн харьяалал зөрчиж шүүхэд нэхэмжлэл гарсан бол нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ба хэргийн харьяалал зөрчигдсөн байдал хэргийг хэлэлцэх үед илэрвэл шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хуульд заасан байна.

14.Харин давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай байх, процесс хэмнэлттэй байх зарчмыг үндэслэн хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаар хянаж шийдвэрлэсэн байх боловч энэ хэргийн хувьд зохигч хангалттай мэтгэлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байгааг анхаараагүй байна.

15.Иймд хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарын нэхэмжлэлтэй Б-т холбогдох энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримталж  хэрэгсэхгүй болгох  нь зөв гэж дүгнэв.

16.Хэргийн харьяалал зөрчигдсөн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэл, хэрэглэвэл зохих материаллаг хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх үндэслэлгүйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/06198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/02024 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.А, З.Д, Ж.К, Ж.Л, Ч.М, Х.О, Э.Ц нарын нэхэмжлэлтэй, Б-т холбогдох 10,962,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.А-ийн 2025.12.12-ны өдөр төлсөн 190,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                                Н.БАЯРМАА

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД