| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0089/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 28
Б.Э, Ч.Я, С.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Ж.Айжуу,
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч: Т.Урангоо
Шүүгдэгч: Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Э, Ч.Я, С.Б нарт холбогдох, эрүүгийн 2019000020012 дугаартай, 2 хавтас, 312 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,
2. Монгол Улсын иргэн, С.Б,
3. Монгол Улсын иргэн, Ч.Я нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Ө.Мөнхнавчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.Э 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн Дөрвөлж гэх газраас хохирогч Г.Батболдын 36 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан,
шүүгдэгч Ч.Я, С.Б нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 хорооны нутагт Б.Эын гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Я, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Ч.Я, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Яыг ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, С.Бийг ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн 7 жил 3 сар 3 хоногоор тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 7 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Я, С.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр,
шүүгдэгч Ч.Я, С.Б нар тэнссэн хугацаанд санаатай гэм хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эоос 10 250 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батболдод олгохоор,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч шүүгдэгч Ч.Я, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Я, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 181.3 дугаар зүйл, 261.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээд 2017 онд суллагдсан. Эрүүгийн хуулийн 261.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байхад надад тулгаж ял хүлээлгэсэн. 2015 оны Өршөөлийн хуульд энэ 2 зүйл анги хоёулаа хамрагдсан. Онцгой дэглэмтэй хорих ангид хоригдож байсан. Тэр хорих ангийг хариуцсан прокурор нь “Чиний зүйл анги өршөөлийн хуульд хамрагдсан байна. Гэхдээ чи энэ талаараа дахин өргөдөл бичээд өгөөрэй. Шалгуулъя” гэж хэлсэн. Тухайн үед 2 хүүхэд минь жил дарааллаад нас барчихсан учраас ар гэрийн гачигдлаар өршөөлд хамрагдах хүсэлтээ бичиж чадаагүй. Гэтэл 2017 онд Эрүүгийн хууль өөрчлөгдчихсөн. Үлдсэн ялыг тэнсээгүй, харин ялаас чөлөөлсөн. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн ялаас чөлөөлсөн байхад уг шийтгэх тогтоолоор уг ялыг нэмж нэгтгэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Б.Эод Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан уг тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 4 жил 3 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэснийг хасаж, ялд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Эыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн хорих ялаас чөлөөлж, Б.Эыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, Б.Эыг онц аюултай гэмт этгээдэд тооцогдсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Эод холбогдох Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Б.Э 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн Дөрвөлж гэх газраас хохирогч Г.Батболдын 36 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 26 950 000 төгрөгийн хохирол учруулснаар 24 адууг буцаан өгсөн, шүүгдэгч Ч.Я, С.Б нар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 хорооны нутагт Б.Эын гэмт хэрэг үйлдэж олсон 24 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан үйл баримт тогтоогджээ.
Дээр дурдсан үйл баримт буюу шүүгдэгч Б.Эын бусдын 36 тооны адууг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн шинжид, шүүгдэгч Ч.Я, С.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан” гэмт хэргийн шинжид бүрэн хамаарч байна.
Шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, гэрч нараас шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөгчөөс хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч Б.Эыг “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил хорих ял, шүүгдэгч Ч.Я, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж борлуулахыг завдсан мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэсэн нь тус тус тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу оногдуулсан 3 жил хорих ял дээр эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлсөн 4 жил 3 сар 3 хоногийг нэмж, нийт эдлэх ялыг 7 жил 3 сар 3 хоногоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Тодруулбал хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.
Хэрвээ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоодог.
Харин шүүгдэгч Б.Эын тухайд дээр дурдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүйн гадна Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 147 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг “...2014 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 9 жил хорих ялаас” эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн хорих ялаас чөлөөлжээ. /1хх-120-122/
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн 2014 онд ял шийтгүүлсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон учир түүнийг эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн ялаас чөлөөлснийг анхан шатны шүүх анхаараагүй ялыг нэмж нэгтгэсэн нь буруу байх тул түүнд оногдуулсан нийт 7 жил 3 сар 3 хоногийн хорих ялын хугацаанаас дээрх 4 жил 3 сар 3 хоногийг хасч тооцох үндэслэлтэй.
Тиймээс энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн 7 жил 3 сар 3 хоногоор тогтоосугай.” гэснийг хүчингүй болгож,
4 дүгээр заалтыг 3 гэж дугаарлан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 7 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилж, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар заалтыг 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарын давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 29 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА