Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Иргэдийн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Ж.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь согтуурлын байдалд байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 23 цаг 45 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 7-17 тоот хаягаар байрлах хамтран амьдрагч *******ийн гэрт түүнийг халуун савтай цай унагалаа хэмээн үл ялих зүйлээр шалтаглан гурилын элдүүр ганжин модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч *******ийн баруун гар орчим нь цохиж шуу ясыг хугалан хүндэвтэр гэмтэл учруулан, улмаар биеийн толгой, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, зүүн хонго, баруун шилбэ, баруун хөх, нуруу, баруун зүүн гуя, өвдөг зэрэгт гараараа цохиж зодон хөнгөн зэргийн гэмтэл учруулан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Хэрэг явдал 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цаг 45 минтутын үед болсон, тухайн өдөр *******ын төрсөн өдөр болоод бид хоёр дэлгүүрээс архи худалдаж авсан юм. Архийг ******* бид хоёр хувааж уусан, өөр хүн байгаагүй. Би ширээн дээр байсан халуун савыг санамсаргүй байдлаар тохойгоороо дэлсээд унагчихсан юм, тэгтэл чи над руу юм шидлээ энэ тэр гээд согтуурхаад эргүүлгийн сугалаанаас ганжин мод аваад баруун талын гарын шууны орчимд хоёр цохиод, тэгснийхээ дараа мөн гараараа хоёр талын хонго болон бусад биеийн хэсгүүд рүү цохьсон. Дээрх үйл явдал болж дуусаад тэр унтаж амарсан. Бид хоёрын аль аль нь тэгж их согтсон зүйл байгаагүй, болсон үйл явдлыг тодорхой санаж байна. Дэлгүүр явахдаа явганаас унаж бэртсэн зүйл байхгүй. Миний хувьд *******ыг гүжирдэж гүтгэж байгаа асуудал байхгүй. Би *******той хамтран амьдраад 05 cap л болж байгаа. Бид хоёрын хувьд гэрлэсэн зүйлгүй. Би тухайн үед халуун савнаас цай уух гэж ширээний хажууд очоод санамсаргүй байдлаар баруун талын тохойгоороо дэлсээд унагчихсан юм. Газарт өнхөрч унасан цайтай халуун савны шингэн цай дээрээ хальтарч унасан. Тэгэхэд баруун гарт болон биед өвдөлт мэдрэгдээгүй. Намайг газарт уначихсаны дараа ******* орон дээр сууж байснаа гэнэт босч ирээд ганжин аваад баруун гарын шууны орчимд 2 удаа цохьсон юм ... Би хальтарч унахдаа хулдаасан дээрээ унасан. Газар дэвссэн хулдаасны орчимд овоож товойсон зүйл байгаагүй. Биеийнхээ баруун талаараа хажуулдаж унасан. Тухайн үедээ мэдрэгдээгүй, шөнө унтаж байхад л янгинаж өвдөөд байсан. Өглөө босоод ирэхэд хавдчихсан байсан. Би санамсаргүй байдлаар халуун савтай цайгаа унагчихсан, тэгтэл ******* чи албаар унагалаа, эсхүл над руу авч шидсэн үү гэхээр нь би юу яриад байгаа юм санамсаргүй унагаачихлаа гэдгийг хэлсэн. ******* түүнээс хойш удаагүй босч ирээд чи удаан бослоо гээд эргүүлгээс ганжин мод аваад баруун гарын шуу руу хоёр удаа цохьсон. *******ын мэдүүлж тайлбарласан худлаа, би дэлгүүр лүү алхаж байгаад замдаа унасан зүйлгүй. Ж.******* намайг цохиж зодсон нь үнэн юм. Би гэмтэл авч зодуулсан талаараа Батчимэг, Цэцэгмаа эмч нарт хэлсэн. ******* хамтран амьдарсанаасаа хойш 3 удаа зодоод, эрүүлжүүлэгдэж байсан. Энэ явдал 4 дэх нь юм. Миний хувьд *******ын зодож цохьсон үйлдэлд өс хонзон санасан болон бусад сэдэлтээр түүнийг гүжирдэж гүтгэж байгаа зүйл байхгүй. Хөхөрсөн, зулгарсан шархууд ерөнхийдөө эдгэсэн. Баруун гар сойлттой, гэхдээ гипсээ авахуулсан, чиг тавиатай байгаа. Миний толгой л байнга өвдөөд байгаа. Би гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эм, тариаг дотроосоо эмнэлгээс гаргаж эмчилгээг хийсэн. Гаднаас биранакт гэх нэртэй эмийг 20 ширхэгийг 45.000 төгрөгөөр эмийн сангаас худалдаж авсан. Цериксон гэх тариаг хоёр ампулыг 36.000 төгрөгөөр авсан. Гаднаас дээрх хоёр эм, тариаг л авсан. Бусад эмчилгээг эмнэлгээс хийсэн. Баримт нь надад байгаа. Ж.******* хохирол, төлбөрийг төлсөн зүйлгүй. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга. Нэхэмжлэх зүйл гэвэл эмнэлэгт гэмтлийн учир хэвтэн эмчлүүлсний 300.000, эм тарианы 81.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйлгүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 41-43/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай эмнэлгийн ахлах сувилагч Батчимэг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр надад ярихдаа Цэрэндэжид эгчийн гар нь хугарчихсан гээд гараа боолгоод сойлгочихсон ирлээ гэдгийг хэлсэн. Би тэгэхээр нь Цэрэндэжидтэй уулзаж юу болсон талаар асууж тодруулсан. Тэр надад ярихдаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шөнө ******* намайг зодсон гэж ярьсан. Цэрэндэжид баруун гарын шуугаа гипсдүүлчихсэн, эрүүний доод, баруун, зүүн хэсэгт бага зэрэг хөхөрсөн, толгойн хуйх нь бамбалзсан, хоёр гарын бугалганд энд тэндээ хөхрөлттэй, хоёр тохой нь зурагдсан, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөг хэсэгтээ хөхрөлт зулгаралттай байсан. Дээрхийг үзчихээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах нь зүйтэй гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгсөн юм. Цэрэндэжид хамт олныхоо дунд нэр хүндтэй, элдэв муу зангүй, хэнтэй ч эвтэйхэн харьцчихдаг ажилтан юм. Тэр Нэгдсэн эмнэлэгт бариа заслын сувилагч хийдэг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Цэрэндэжид нь манай амбулаторит бариа заслын сувилагч хийдэг. Тэр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө ажилдаа ирэхдээ баруун гараа сойчихсон ирсэн. Тэгэхэд нь түүнээс яасан талаар асуухад хальтарч унаад гараа гэмтээчихлээ гэж хэлсэн. Түүнийг ажаад ойчсон гэж үнэн юм уу гэхэд тийм гэсэн. Чиний эрүүний доод хэсэгт хөхөрчихсөн байна, чи бусдад зодуулчихсан юм биш үү гэж асуухад би хамтран амьдрагч *******доо зодуулсан. Түүний төрсөн өдөр болоод архи уучихсан, тэгээд зодсон гэсэн. Яг ямар шалтгааны улмаас зодсон учрыг хэлээгүй. Цэрэндэжид эхлээд үнэнээ хэлэхгүй нуугаад байсан. Цэрэндэжид ярихдаа ******* хүмүүст хэлж болохгүй шүү гэсэн гэж ярьсан. Цэрэндэжид нь зан харьцаа сайтай, ажилдаа сайн, элдэв муу зангүй л эмэгтэй. Цэрэндэжид ярихдаа миний баруун гарлуу ******* гурлын ганжингаар зодсон гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/

Шинжээчын мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үйлдэж ирүүлсний дагуу үзүүлэгч *******ийг өөрийг нь болон өвчний картыг үзэж дүгнэлтийг гаргасан. Цэрэндэжидийн биеийн баруун шуу ясны далд хугарал, тархи доргилт, баруун зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуя, зүүн хонго. баруун шилбэд цус хуралт гэмтэл, баруун, зүүн хөх, нуруу, баруун, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтлүүд тус тус тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шуу ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Хальтарч унах болон гурилын элдүүр модоор цохих/ Дээрх хоёр тохиолдлын аль алинд нь шуу яс хугарах боломжтой. Шуу ясны хугарал хальтарч унасны улмаас 2 хугарал нэг зэрэг үүсэх магадлал бага юм. Гурлын элдүүр модоор цохигдох үед хугарах магадлал өндөр байна. Учир нь хальтарч гар тулж унах үед шуу ясны урд 3/1 хэсэг болон бугуй хэсгээр хугарах магадлал их. Рентген зургаас харахад хохирогч Э.Цэрэлдэжидийн баруун гарын шуу ясны хугарал дунд 3/1 хэсэгт харагдаж байгаа нь хальтарч унах үед хугарах магадлал бага юм. Э Цэрэндэжид гэх эмэгтэйг үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шөнө зодуулсан гэж байсан ба тухайн цаг хугацаанд түүний биед үүссэн гэмтэл, шарх нь үүссэн байх боломжтой. Дээрх гэмтүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Цэрэндэжид бид хоёр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний төрсөн өдрийг багахан хэмжээнд тэмдэглэж, дэлгүүрээс архи авч ууцгаасан. Би тэр үед нилээн халамцсан байсан ба тэгэхэд Цэрэндэжид ширээн дээрээс халуун сав унагаад түүнээс болж маргасан, тэр халуун савыг унагчихаад түүн дээрээ хальтирч унасан. Цэрэндэжидийн буруун хонго, зүүн хонгоруу гараараа 2- оос 3 удаа цохьсон. ... Хэрэг явдал болох үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Цэрэндэжидтэй нэг гэрт ороод 5-аас 6 cap болж байгаа. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн ... Цэрэндэжид бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хоорондоо халуун сав татаж унаглаа, унагаагүй гэж маргалдаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн. Түүнээс би согтуурхаж халуун савтай цай албаар татаж унаглаа гэж түүнийг зодоогүй, хэрүүл маргаанаас үүдэлтэй юм. Миний хувьд танхайн гэмт хэрэг үйлдээгүй, харин бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж үзэж байна. Иймээс миний энэ байдлыг харгалзаж үзэж ял шийтгэл оногдуулах байх гэж найдаж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67, 70-71/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 71 дүгээр шинжээчийн ... *******ийн биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуя, зүүн хонго, баруун шилбэнд цус хуралт, баруун зүүн хөх, нуруу, баруун зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин тархи доргилт, баруун зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуя, зүүн хонго, баруун шилбэний цус хуралт, баруун зүүн хөх, нуруу, баруун зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-8/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 36-37/,

Хохирогч *******ийн 897 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 78-93/,

Хохирлын баримт /хх-ийн 43/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 29-30/,

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/,

Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдалтай холбооотой баримтууд /хх-ийн 18-28/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч Ж.******* нь согтуурсан үедээ буюу 2017 оны 01 сарын 20-ны шөнийн 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 7-17 тоотод хамтран амьдрагч *******ийг халуун савтай цай ширээн дээрээс унагаснаас үүдэн гурилын элдүүр ганжин модоор *******ийн баруун гар орчим нь цохиж шуу ясыг хугалан түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж улмаар биеийн толгой, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, зүүн хонго, баруун шилбэ, баруун хөх, нуруу, баруун зүүн гуя, өвдөг зэрэгт гараараа цохиж зодон бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч *******ийн ... Би ширээн дээр байсан халуун савыг санамсаргүй байдлаар тохойгоороо дэлсээд унагчихсан юм, тэгтэл чи над руу юм шидлээ энэ тэр гээд согтуурхаад эргүүлгийн сугалаанаас ганжин мод аваад баруун талын гарын шууны орчимд хоёр цохиод, тэгснийхээ дараа мөн гараараа хоёр талын хонго болон бусад биеийн хэсгүүд рүү цохьсон … Би санамсаргүй байдлаар халуун савтай цайгаа унагчихсан, тэгтэл ******* чи албаар унагалаа, эсхүл над руу авч шидсэн үү гэхээр нь би юу яриад байгаа юм санамсаргүй унагаачихлаа гэдгийг хэлсэн. … *******ын мэдүүлж тайлбарласан худлаа, би дэлгүүр лүү алхаж байгаад замдаа унасан зүйлгүй. Ж.******* намайг цохиж зодсон нь үнэн юм. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 41-43/, гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэр надад ярихдаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шөнө ******* намайг зодсон гэж ярьсан. Цэрэндэжид баруун гарын шуугаа гипсдүүлчихсэн, эрүүний доод, баруун, зүүн хэсэгт бага зэрэг хөхөрсөн, толгойн хуйх нь бамбалзсан, хоёр гарын бугалганд энд тэндээ хөхрөлттэй, хоёр тохой нь зурагдсан, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөг хэсэгтээ хөхрөлт зулгаралттай байсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч ийн ... би хамтран амьдрагч *******доо зодуулсан. Түүний төрсөн өдөр болоод архи уучихсан, тэгээд зодсон гэсэн … Яг ямар шалтгааны улмаас зодсон учрыг хэлээгүй. … Цэрэндэжид ярихдаа миний баруун гарлуу ******* гурлын ганжингаар зодсон гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, шинжээчын ... Цэрэндэжидийн биеийн баруун шуу ясны далд хугарал, тархи доргилт, баруун зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуя, зүүн хонго. баруун шилбэд цус хуралт гэмтэл, баруун, зүүн хөх, нуруу, баруун, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтлүүд тус тус тогтоогдсон. ... Шуу ясны хугарал хальтарч унасны улмаас 2 хугарал нэг зэрэг үүсэх магадлал бага юм. Гурлын элдүүр модоор цохигдох үед хугарах магадлал өндөр байна. Учир нь хальтарч гар тулж унах үед шуу ясны урд 3/1 хэсэг болон бугуй хэсгээр хугарах магадлал их. Рентген зургаас харахад хохирогч *******ийн баруун гарын шуу ясны хугарал дунд 3/1 хэсэгт харагдаж байгаа нь хальтарч унах үед хугарах магадлал бага юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/, *******ийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсаныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 71 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт болох *******ийн биеийн баруун шуу ясны далд хугарлыг харуулсан рентген зураг, гурилын элдүүр ганжин мод, хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт /хх-ийн 79-93/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-8/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин прокуророос Ж.*******ын дээрх үйлдэл холбогдолийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодгоороо ялгаатай байдаг бөгөөд Ж.*******ын дээрх үйлдэл нь *******ийг халуун савтай цай ширээн дээрээс унагаснаас үүдэн цайг албаар унагалаа, эсхүл над руу авч шидсэн үү гэх зэргээр болон гэр бүлийн таарамжгүй харьцаа зэрэг хувийн сэдэлт, харилцаанаас үүдэлтэйгээр хохирогчийг гурилын элдүүр ганжин модоор цохиж биед нь гэмтэл учруулсан байх тул үүнийг танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ж.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилж, шүүгдэгчийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас 381.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба хохирлын мөнгийг шүүгдэгчээс хүлээн авсанаа мэдүүлж, цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлын мөнгийг сайн дураар төлснийг ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 2 ширхэгийг хохирогчид буцаан олгож, гурилын элдүүр ганжин модыг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Ж.*******од оногдуулсан 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.*******ын 5 ханатай монгол гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 2 ширхэгийг хохирогч *******эд буцаан олгож, гурилын элдүүр ганжин модыг устгасугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.*******од авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                      ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                                        Д.БАТЦЭНГЭЛ