Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э Б П Д ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай Э Б П Д ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан Хангай нэртэй XV-018330 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын Баавгай нэртэй XV-ё тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, XV-018330, XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С танхимаар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, иргэдийн төлөөлөгч Ц.Н нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани Увс аймгийн өндөрхангай суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. 3 жил тутамд сунгалт хийдэг. Сунгалт хийлгэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тогтоосон байх ёстой. Тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухайн орон нутгийн байцаагч, Засаг дарга нь баталж өгөхгүй. Айл мал бэлчээр гээд шалтагласаар байгаад хугацаа болсон. Тэгээд тухайн үед манай төлөвлөгөөг судалж үзээгүй. Бид 2-3 очиж уулзаж гэтэл нэг л удаа уулзсан. Уулзахдаа танайх мал бэлчээрийн тусгай зөвшөөрөлтэй юм байна. Босоо хөх монгол төлөвлөгөөг баталбал ална гээд сүрдүүлсэн гэж байсан. Дахиад очиход уулзахгүй байсаар байтал хугацаа нь болоод цуцлагдсан. Тухайн үедээ Засаг дарга болон байцаагч нар нь шүүхээр батлаагүй нь хууль бус гэдгийг нь тогтоолгосон. Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлуулаад хариуцагчид хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Иймд бид гомдол гаргасан байгаа.

Хариуцагч талын хэлж байгаагаар төлөвлөгөөгөө батлуулах үүрэгтэй байсан гэж байна. Бид нар үүргээ биелүүлэх гээд хичээгээд олон удаа очиж уулзах гэтэл хүлээж аваагүй. Бидний буруугаас болоогүй. Засаг дарга болон байцаагчийн буруу гээд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгаа. Бид ийм учиртай байна гээд хариуцагчид албан бичгээр хандаж байсан.

Бидний буруутай үйлдлээс болоогүй, Засаг дарга болон байцаагчийн үйлдлээс болоод бид нар хохироод байгаа. Өчнөөн зардал мөнгө гаргаад хайгуулын лиценз авах гэж зардал гардаг. Дээрээс нь тухайн төлөвлөгөөг батлах гэж удаа дараа уулзаж байсан. Бидний буруугаас болоогүй. Дээд шатын байгууллагуудын буруутай үйлдлээс болоод бид дунд нь хохироод байна. Иймд үүнийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу тухайн төлөвлөгөөгөө Засаг даргаар батлуулах үүрэг нь нэхэмжлэгчид байна. Дээрх үүргээ биелүүлж байж хайгуулын тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө. Бүх материалуудаа иж бүрэн гаргаж өгсний үндсэнд манай зүгээс 3 жилээр сунгаж өгнө гээд хуульчилсан байгаа. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө дуусахаас өмнө шинэчлэн батлуулаагүй. Тэгэхээр бид дутуу учир шийдвэрлэх боломжгүй байсан. Хуульд заасан хугацаанд өргөдлөө ирүүлээгүй тул хугацаа сунгах өргөдлийг шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь холбогдох хуульд заасан үүргээ биелүүлж ажиллах ёстой. Тэгэхээр 2018 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж байгаа. 2018 онд буюу хуульд заасан хугацаандаа Засаг даргаар батлуулж ирүүлэх ёстой. Ингэж хүсэлтээ гаргахдаа материал дутуу гаргасан. Засаг даргаар батлуулж гарын үсэг хугацаандаа зуруулаагүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага нь зөв гэсэн итгэл үнэмшил төрж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх Э Б П Д ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан Хангай нэртэй XV-018330, Увс аймгийн Өндөрхангай сумын Баавгай нэртэй XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, XV-018330, XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн магадлалд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг хүсэхэд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай Э Б П Д ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан Хангай нэртэй XV-018330 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэр, мөн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын Баавгай нэртэй XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, XV-018330, XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж тодруулан нэмэгдүүлсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 521 дүгээр шийдвэрээр Э Б П ДХХК-д Увс аймгийн Өндөрхангай сумын Байвгай нэртэй газарт 2284.47 гектар талбайд XV-018799 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.

Мөн Э Б П Д ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутаг Хангай нэртэй газарт 1742.65 гектар талбайд XV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Юубитрийд констракшн ХХК-аас шилжүүлэн авч байжээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр XV-018330 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгуулахаар хариуцагчид хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 361 дүгээр, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаар шийдвэрүүдээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт бичиг байхгүй гэсэн үндэслэлээр дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар хуульд заасан хугацааны дотор сумын удирдлагуудад хандсан, Засаг дарга болон байцаагчийн буруу нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж, хариуцагчаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах үүргээ биелүүлээгүй, баримт бичгийн бүрдэл дутуу тул сунгахаас татгалзсан шийдвэр хуульд нийцсэн гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-д Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаар Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт хандсан бөгөөд батлахаас татгалзсан тул Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 10 сарын 08 өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0648 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 сарын 06 өдрийн 140 дүгээр тогтоолоор дээрх магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Э Б П ДХХК-ийн XV-018330, XV-018799 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын шийдвэр, нэхэмжлэгч Э Б П ДХХК-ийн XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай гэж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл болсон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт бичиг байхгүй гэх үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нар нь нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус байсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 361, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 488 дүгээр шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин тус шүүхээс захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох, эрхлэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс зааварчлах боломжгүй бөгөөд 2018 оноос өнөөдрийг хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг урьдчилан тааварлах боломжгүй тул нэхэмжлэгчийн XV-0ё, XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, хугацааг 4 дэх жилээс эхлэн тооцож өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нар даалгах гэж ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухай өргөдлийг хүлээн авч хуульд заасан процесс ажиллагааг хийх ёстой бөгөөд шүүхээс тухайн процесс ажиллагааг алгасуулах, хуулиар хүлээгээгүй үүргийг биелүүлэхийг шаардах эрхгүй тул дээрх байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага нь зөв гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э Б П Д ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай Э Б П Д ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумдыг дамнасан Хангай нэртэй XV-018330 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 488 дугаартай Увс аймгийн Өндөрхангай сумын Баавгай нэртэй XV-018799 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА