Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг “Бумбаны ар” гэх газарт иргэн *******тай малын бэлчээрээс болж маргалдан хувийн сэдэлтээр хохирогч *******ын зүүн гаран тус газарт нь шилбүүр модоор цохиж бие махбодид нь хүндэвтэр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор аймгийн Галуут сумын "Үнэгт" 3 дугаар багт мал маллаж амьдардаг. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би тус сумын 3 дугаар баг "Бумбаны ам" гэх газарт хонио хариулаад ганцаараа явж байтал 11 цагийн орчимд манай багийн малчин ******* морьтой ирсэн. Л ******* ирээд "та энэ манай хаваржааны орчмоор хонио битгий хариулаад бай" гэхээр нь би "хаана ч хариулсан яадаг юм, чиний газарт хариулж байгаа юм уу" гэхэд тэгээд бид хоёр энэ бэлчээр чинийх, минийх энэ тэр гэж хоорондоо хэрэлдсэн. Бид хоёр хоёулаа морин дээрээсээ хэрэлдэж байсан ба ******* гартаа шилбүүр мод барьчихсан байснаа над руу цохихоор нь би зүүн гараараа хаатал миний зүүн гарын шууг онож гэмтээсэн. Тэгээд бид хоёр салсан. Тэр өдөр гар хавдаад, өвдөөд байсан ба дараа нь эмнэлэгт ирээд үзүүлтэл миний зүүн гарын шууны яс хэсэг хугарсан байсан. Бид хоёр нэг дорын хүмүүс ба нэг голд, нэг дор өсч торнисон эцэг эхчүүд айл саахалт явсан хүмүүс байгаа юм. Өөр хэн нэгэн хүн хараагүй хөдөө хээр хонины бэлчээр дээр болсон. Намайг ганц л удаа шилбүүр модоор цохисон. Өөрөөр би түүнийг цохиогүй, тэр намайг цохиогүй. Тухайн үед шилбүүр модоор *******од цохиулснаас болж миний зүүн гарын шууны яс хугарсан. Хонинд барьж явдаг урдаа суртай, бургас модоор хийсэн шилбуүр байсан. ... Тухайн үед бэлчээрээс болоод л маргалдаж тэр намайг цохиод гэмтээчихсэн. Бумбаны ар гэх газарт *******ын хаваржаа байдаг. Хаваржаа, өвөлжөөг хувьчилсан ба бэлчээрийг бол хувьчлаагүй. Тэр бэлчээр бол малчид биднийх гэсэн үгээ. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... Тухайн үед би малаа *******ын хаваржааны бэлчээр дээр хариулж байсан. Анх маргаан бол тэр бэлчээрээс болсон. ... ******* тухайн үед над дээр морьтой ирсэн ба шилбүүр модоор миний гарын шуу хэсэг рүү цохьсон. ... Би зүүн гарын шууны ясыг хадуулсан байгаа. Хадаасыг нь хоёр жилийн дараа авна гэсэн. Хааяаа хааяаа өвддөг боловч одоо бол зүгээрээ. Би эмчилгээ энэ тэр хийлгэх, цаашид эмчилгээ хийлгэх гээд *******оос 2.700.000 төгрөг авсан. Бид хоёрт ярьсан зүйл байгаа. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19, 20-21/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр өглөө сумын төв рүү явсан. Тэгэж яваад замдаа *******ы хонь манай хаваржааны бэлчээр дээр байхад очоод түүнтэй маргалдаад нэг цохичихсон юм шиг байгаа юм. Би бол яг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Өөрөө их дуугүй хүн чинь надад тэглээ ингэлээ гээд бүгдийг яриад байдаггүй. Миний сэтгэлийг зовчих байх гэж боддог юм шиг байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би сумын төв орчихоод буцаж явтал Баянгонгор аймгийн Галуут сумын 3 дугаар баг "Бумбаны ар" гэх газарт байх манай хаваржаан дээр хонь явж байхаар нь би морьтойгоо давхиад очтол тэнд *******ы хонь байхаар нь би хаваржаанаас цааш болгох гээд тууж байтал цаанаас ******* давхиад ирсэн. Тэгэхээр нь би "чи яагаад хүний хаваржааны бэлчээрт малаараа идүүлээд байгаа юм" гэхэд ******* "хаана ч хариулсан яадаг юм, чиний газарт хариулж байгаа юм уу, чи яагаад хонь наанаасаа туугаад байгаа юм" гээд бид хоёр маргалдсан. Тухайн үед би гартаа шилбүүр мод барьчихсан байсан ба түүгээр *******ыг цохиход ******* зүүн гараараа хааж цохиулсан. Тэгээд би яваад өгсөн. Тухайн үед ******* "ахынх нь гар нэг л эвгүй болчихлоо" гэж хэлж байсан. ... Намайг цохиж зодоогүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би нэг удаа модоор *******ыг цохисон. Бид хоёр хоёулаа морин дээрээ байсан ба би баруун гартаа шилбүүр мод барьчихсан байсан ба модоороо цохитол ******* зүүн гараараа хаагаад түүний гарын шууны ясыг нь оносон. Шинжээчийн дүгнэлтийг би уншиж танилцлаа. Надад гаргах санал хүсэлт байхгүй” ... Урд өмний өш хозон хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Бид хоёр ах дүү шиг л байдаг хүмүүс. Тухайн үед манай хаваржааны бэлчээр дээр малаа хариулж байхаар нь би уурлаад хэлтэл миний өмнөөс "хаан ч хариулсан яадаг юм, чиний газар хариулж байгаа юм уу" гээд надтай хэрэлдсэн. Би тухайн үед морьтой явсан ба гартаа барьж явсан шилбүүр модоор цохитол Баярсайхан гараараа хаагаад зүүн гарын шууг нь онож гэмтээсэн. ... Би хохирогч *******ы эмчилгээнд 2.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Түүнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа. Хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хуулийн байгууллагаас хүс ч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43, 46-47/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн ... *******ы биед зүүн богтос ясны хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/,

Баримт бичигт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 67/,      

Хохирогч *******ы 9072 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 68-84/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8, 12/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13/,

*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг “Бумбаны ар” гэх газарт иргэн *******тай малын бэлчээрээс болж маргалдан зүүн гаран тус газарт нь шилбүүр модоор цохиж бие махбодид нь хүндэвтэр санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд 2.700.000 төгрөгийг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 тооны адууг түүнд буцаан олгож 2017 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, 160 см урттай шилбүүр модыг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй .

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3 тооны адууг түүнд буцаан олгож 2017 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, 160 см урттай шилбүүр модыг устгасугай.

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА